- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын
2003 оны 25 тоот тушаалын хавсралт 1
МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ
1.1. Сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн мэргэжлийн түр сургалт эрхлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг энэхүү журмаар тогтооно.
1.2. Энэхүү журам нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу ажиллабарыг гүйцэтгэх арга барил, техник технологийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх, дээшлүүлэх, түр (албан бус) сургалт, үндсэн ур чадвар эзэмшүүлэх (хэл, компьютер, жолооны гэх мэт) түр сургалтыг зохион байгуулахад хамаарна.
1.3. Мэргэжлийн түр сургалт зохион байгуулах үйл ажиллагаа төрөөс тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах үүргийг Хөдөлмөр эрхлэлтийн төв болон орон нутгийн албад хариуцна.
Хоёр. Мэргэжлийн түр сургалтын үйл
ажиллагаанд тавигдах шаардлага
2.1. Мэргэжлийн түр сургалт эрхлэх байгууллага нь доорхи шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. мэргэжлийн сургалтын онолын багш нь бакалавр, түүнээс дээш, дадлагын багш нь дипломын боловсролоос доошгүй болон үйлдвэрлэлийн зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй байх;
2. сургалт явуулахад шаардагдах байр, суралцагчдыг нэг ээлжинд зэрэг ажиллуулах машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд материалтай байх;
3. өөрийн байранд дадлага хийлгэх боломжгүй тохиолдолд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх байгууллага аж ахуйн нэгж, үйлдвэрийн газартай гэрээ байгуулсан байх;
4. тухайн мэргэжлийн гарын авлага, үзүүлэн, сургалтын бусад материал, хэрэглэгдэхүүнээр суралцагчдыг бүрэн хангах бололцоотой байх;
5. сургалт явуулах анги танхим, дадлагын өрөө, тэнд байрлуулсан тоног төхөөрөмжийн үзүүлэлт нь тухайн мэргэжлийн хэрэгцээ шаардлага, хөдөлмөрийн нөхцлийн аюулгүй байдлыг хангасан байх;
2.2. Мэргэжлийн түр сургалтын хөтөлбөр нь доорхи шаардлагыг хангасан байна.Үүнд:
1. сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар бүхий ажилтныг бэлтгэхэд чиглэх
2. сургалтын хөтөлбөр нь нэгж буюу бүлэг ажиллабарт хуваагдсан хэлбэртэй, суралцагчдаас сонголт хийх боломжийг бүрдүүлсэн байх.
Гурав. Мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагын хянаж үнэлэх, гэрчлэх
3.1. Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан байдалд тухайн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба дүгнэлт гаргана. Хөдөлмөр эрхлэлтийн алба дүгнэлт гаргахдаа сургалт зохион байгуулах тухайн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, ажил олгогч байгууллага, дээд тусгай мэргэжлийн сургалтын байгууллагын тэргүүлэх мэргэжилтэн, судлаачдыг оролцуулан мэргэжлийн үнэлэлт гаргуулна.
3.2. Хөдөлмөр эрхлэлтийн алба сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан байдалд гаргасан дүгнэлтээ хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагад ирүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага дүгнэлтийг үндэслэн сургалтын үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасныг гэрчилсэн тухай гэрчилгээ сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд олгож нийтэд мэдээлнэ.
3.3. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагаас олгох гэрчилгээ нь улсын хэмжээнд нэгдсэн загвар, бүртгэлийг дугаар, хүчинтэй хугацаатай байна. Гэрчилгээний хугацаа нэг жил хүртэл байна. Гэрчилгээний хугацааг сунгах бүрд дүгнэлт гаргана.
3.4. Мэргэжлийн түр сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
---о0о---
Текст томруулах
A
A
A