A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОРИХ ЯЛ НЬ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛООР ХОЙШЛОГДСОН ЯЛТНЫ ЗАСРАЛ ХҮМҮҮЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018 оны А/130 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018 оны А/130 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2003 оны дугаар 2 тушаалын хавсралт

 

ХОРИХ ЯЛ НЬ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛООР ХОЙШЛОГДСОН

ЯЛТНЫ ЗАСРАЛ ХҮМҮҮЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан /цаашид "тогтоолын биелэлтийг хойшлуулах" гэх/ бол ялтанд Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журамд заасан дагуу хяналт тавина.

1.2.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан ялтны тоо бүртгэлийг орон нутагт аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, улсын хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дүн шинжилгээ мэдээллийн төв хариуцан хөтөлнө.

Хоёр. Ялтныг хяналтад авах

2.1.Аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс /цаашид "цагдаагийн байгууллага" гэх/ тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүлээн авмагц хуулбарыг ажлын гурав хоногт багтаан ялтныг оршин суугаа сум, хорооны хүүхдийн болон хэсгийн төлөөлөгч /цаашид "төлөөлөгч" гэх/-д хүргүүлнэ.

2.2.Төлөөлөгч нь шийдвэрийг хүлээн авмагц Шүүхийн шийвэр гүйцэтгэх тухай хуулийн 102.2, 104.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.ялтанд хяналтын хувийн хэрэг нээж түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, гарын үсэг зуруулах;

2.2.2.ялтны иргэний үнэмлэх, регистрийн дугаар, оршин суугаа болон ажлын газрын хаяг, түүнчлэн орж болох газрын хаяг, шаардлага хангасан цээж зураг, хурууны хээ, биеийн төрх байдал, сорви, шивээс гэх мэт онцлог содон тэмдэг зэргийг хувийн хэрэгт тэмдэглэж ял эдлэлтийн байдалтай холбоотой бусад баримт бичгийг хавсаргах.

Гурав. Ялтны засрал хүмүүжлийн байдалд тавих хяналт

3.1.Тогтоол биелэлтийг хойшлуулсан ялтны засрал хүмүүжлийн байдалд цагдаагийн байгуулага дараахь байдлаар хяналт тавина:

3.1.1.гадаадад зорчих, цагаачлахыг хориглож, оршин суугаа засаг захиргааны нэгжээс гурав хоногоос дээш хугацаагаар явах бол зөвшөөрөл авах, сард нэг удаа биечлэн ирж бүртгүүлэхийг даалгах;

3.1.2.оршин суух газар болон эрхлэх ажил, тушаал өөрчлөгдсөн бол тухай бүр мэдэгдэж байх баталгаа гаргуулж авах;

3.1.3.ялтныг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн этгээд болон сум, дүүргийн Засаг даргаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

3.1.4.ялтны эцэх, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтандаа байлгах хүсэлт гаргасан буюу хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн хамт олны төлөөлөгч болон иргэний хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;

3.1.5.ялтан шүүхээс тогтоосон хязгаарлалт, үүргийг биелүүлээгүй, эсхүл хяналтаас зайлсхийсэн тохиолдолд албандан ирүүлэх, эрэн сурвалжлах ажил зохион байгуулах;

3.1.6.ялтны санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх буюу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;

3.1.7.гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар ялтанд санамж, зөвлөгөө өгөх. ярилцлага зохион байгуулах;

3.1.8.ялтан хүндэтгэх шалгаанаар оршин суух газраа өөрчлөх бол түүний ял эдлэлтийн тооцоог хийн, хяналтын хувийн хэргийг шинээр оршин суух газрын цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

Дөрөв. Тогтоол биелэлтийг хойшлуулсныг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай санал гаргах

4.1.Цагдаагийн байгууллага Шүүхийн шйдвэр гүйцэтгэх тухай хуулийн 104-т заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх тухай саналаа гаргана.

4.2.Шүүхийн тогтоолд заасан хугацаа дууссан боловч дараагийн шийдвэр гараагүй буюу ирээгүй бол цагдаагийн байгууллага энэ тухай холбогдох шүүхэд мэдэгдэж шийдвэрлүүлэн, хяналтын хувийн хэргийг хаана.

4.3.Цагдаагийн байгууллага нь ялтныг хяналтын хувийн хэрэг нээсэн, шилжүүлсэн, хаасан, ялыг өөрчилсөн тухай мэдээг улирал тутам Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст ирүүлнэ.

4.4.Ялтныг хянан харгалзан цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч хяналт тавина.