- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2003 оны
100 тоот тушаалын хавсралт 1
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1.1. Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн үйл ажилллагааг зохицуулах зөвлөл (цаашид "зөвлөл" гэх) нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Зөвлөл нь эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрлийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулахад туслах үндсэн чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлтэй байна.
1.3. Зөвлөл нь 9-13, салбар зөвлөл нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1.4. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга батлах бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар эрхэлнэ.
1.5. Эмнэлгийн тусламжийг удирдах газар нь зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
Хоёр. Зөвлөлийн эрх, үүрэг
2.1. Зөвлөлийн эрх
2.1.1. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгох талаар гарсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх,
2.1.2. Мэргэжлийн зөвшөөрөл олгох шалгалтын комисс, магадлан шалгах шинжээчдийн хэсэг томилох, чөлөөлөх,
2.1.3. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны төсөв санхүүгийн байдалд шалгалт хийлгэж үнэлэлт дүгнэлт гаргуулах, саналыг холбогдох дээд байгууллагад тавих,
2.1.3. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллага, хүмүүст тодорхой асуудлаар зөвлөгөө, үүрэг өгөх, шаардлага тавих,
2.1.4. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгохоор ажлын албанаас оруулсан саналыг хэлэлцэх, хэлэлцэхийг татгалзах, буцаах,
2.1.5. Ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах,
2.2. Салбар зөвлөлийн эрх
2.2.1. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөлтэй холбогдох асуудлаар шаардлагатай мэдээ, судалгааг гаргуулан авах,
2.2.2. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллага, албан тушаалтанд тодорхой асуудлаар зөвлөгөө, үүрэг өгөх, шаардлага тавих,
2.2.3. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл авахаар ирүүлсэн байгууллага, мэргэжилтний материалыг буцаах,
2.2.4. Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад эрх.
2.3. Зөвлөлийн үүрэг
2.3.1. Магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
2.3.2. Магадлан итгэмжлэл, эмчлэх, сувилах, эм барих ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоор ажлын албанаас ирүүлсэн материалыг хэлэлцэж , Эрүүл мэндийн сайдад санал оруулах,
2.3.3. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны талаар тайлан, мэдээлэл, санал дүгнэлтийг хэлэлцэн үнэлгээ өгөх, холбогдох байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх,
2.3.4. Магадлан итгэмжлэл, зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх,
2.3.5. Магадлан итгэмжлэл, зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдол бүхий хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
2.4. Салбар зөвлөлийн үүрэг
2.4.1. Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох ажлыг орон нутагт эмнэлгийн тусламжийг удирдах газартай хамтран зохион байгуулах,
2.4.2. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан материалыг бүрдүүлэн хүлээн авч, санал дүгнэлт гаргаж холбогдох баримт бичгийн хамт Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлэх,
2.4.3. Магадлан итгэмжлэн, зөвшөөрөл олгохтой холбогдсон асуудлаар гарсан гомдол, санал, хүсэлтийг эрхлэх асуудлынхаа хүрээнд шийдвэрлэж, шаардлагатай гэж үзвэл зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх,
2.4.4. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, уг зөвшөөрлийг сунгуулах, сургалтын кредит биелүүлэхэд хяналт тавьж, эмнэлгийн мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх,
2.4.5. Салбар зөвлөлийн жилийн ажлын тайланг улирал тутам Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлэх,
2.4.6. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага, зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтний бүртгэл мэдээллийн сангийн баяжилт хөдөлгөөнийг сар бүрийн 25-ны дотор Эмнэлгийн тусламжийг удирдах газарт мэдээлэх,
2.4.7. Тухайн орон нутгийн магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллагын хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
2.4.8. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
2.4.9. Магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгох болон бусад үйл ажиллагаа, үйлчилгээний хөлсийг төрийн дансанд хугацаанд нь оруулж байх.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1.1. Зөвлөл нь Эмнэлгийн тусламжийг удирдах газар, орон нутгийн салбар зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
3.1.2. Зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.
3.1.3. Ээлжит хурал нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
3.1.4. Зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн оролцоотойгоор хүчин төгөлдөр байх бөгөөд шийдвэрийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гаргана.
3.1.5. Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл /нарийн бичгийн дарга/ хөтөлж, хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.1.6. Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох хүмүүсийг санал хэлэх эрхтэйгээр урин оролцуулж болно.
3.1.7. Зөвлөлийн шийдвэр, санал, дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийн явцад зөвлөлийн ажлын алба хяналт тавьж зөвлөлд илтгэж байна.
3.2. Салбар зөвлөлийн үйл ажиллагаа
3.2.1. Салбар зөвлөл нь аймаг, нийслэлд байнгын ажиллагаатай байж үүрэгт ажлаа гүйцэтгэнэ.
3.2.2. Салбар зөвлөл нь ээлжит хурлыг улиралд нэг удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
3.2.3. Хуралд олонхи гишүүд оролцсноор хурал хүчин төгөлдөр болно.
3.2.4. Салбар зөвлөл нь үндсэн чиг үүрэгт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа хурлаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.2.5. Салбар зөвлөлийн хуралд шаардлагатай бусад хүмүүсийг оролцуулан саналыг нь сонсож болно.
3.2.6. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэл хөтлөх ба тэмдэглэлийг салбар зөвлөлийн дарга баталгаажуулна.
3.2.7. Зөвлөлийн болон салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Эмнэлгийн тусламжийг удирдах газрын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A