- Нүүр
- Сайдын тушаал
- МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2003 оны 110 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
1.1. "Дээд боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 8.8. дахь хэсгийг хэрэгжүүлэх, Монгол Улсад магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
Хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл
байгуулах, татан буулгах
2.1. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ)-ийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "яам" гэнэ)-ын зөвшөөрлөөр магистрын зэрэг олгох сургалт явуулах эрх бүхий сургууль (цаашид "сургууль" гэнэ)-ийн захирлын тушаалаар 3 жилийн хугацаагаар байгуулна.
2.2. Зөвлөлийн тухайн салбарын докторын зэрэгтэй 9-өөс цөөнгүй хүн (цаашид "гишүүд" гэнэ)-ий бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд нийт гуравны нэг нь өөр байгууллагын төлөөлөл байна.
2.3. Магистрантын хамгаалах сэдэв, мэргэжлийн онцлогоос хамааран тухайн чиглэлээр мэргэшсэн докторын зэрэгтэй 3 хүртэл хүн (цаашид "түр гишүүн" гэнэ)-ийг зөвлөлийн хуралдаанд гишүүний эрх, үүрэгтэйгээр томилон ажиллуулж болно. Түр гишүүнийг сургуулийн захирлын тушаалаар томилно.
2.4. Салбарын онцлогоос шалтгаалан магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг оролцуулж болно.
2.5. Зөвлөл нь дарга, оролцогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй байна.
2.6. Хэрэв зөвлөл нь үүргээ биелүүлж чадаагүй, энэ журмын нийтлэг шаардлагыг зөрчсөн буюу шинжлэх ухааны зохих түвшинд хүрээгүй магистрын ажил (цаашид "ажил" гэнэ) хэлэлцэж хамгаалуулсан бол тус зөвлөлийг захирлын тушаалаар татан буулгана.
3.1. Зөвлөл дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон бүрэн хэрэгжүүлэх, шударга ажиллах;
б/ Сургуулийн магистрын сургалт хариуцсан нэгж (цаашид "нэгж" гэнэ)-ээс холбогдох материалыг ирснээс хойш 14 хоногийн дотор урьдчилсан хамгаалалт хийх хуралдааныг зохион байгуулах;
в/ Ажлын албан ёсны шүүмжлэгчийг томилж, жинхэнэ хамгаалалт болох товыг тогтоох;
г/ Хамгаалалт болсноос хойш 7 хоногийн дотор ажлын талаар гарсан санал, шүүмжлэл, дүгнэлт, санал хураалтын дүн бүхий хурлын дэлгэрэнгүй протокол (цаашид "протокол" гэнэ), зөвлөлийн тогтоол, бусад холбогдох материалыг нэгжид ирүүлэх.
3.2. Зөвлөл дор дурдсан эрх эдэлнэ:
а/ Тухайн ажил нь магистрантын суралцсан мэргэжлийн чиглэлд тохирохгүй, зохих шаардлага хангаагүй бөгөөд магистрант нь зохих кредит цагаас бүрэн цуглуулаагүй байвал ирүүлсэн материалыг нэгжид буцаах;
б/ Энэ дүрмийн 4-т заасан шаардлагуудыг биелүүлээгүй бөгөөд бусдын бүтээлд дэвшүүлсэн санаа, дүгнэлт, хүснэгт, тоон үзүүлэлт, томъёо, хэлсэн үг гэх мэтийг ишлэлгүйгээр шууд авч ашигласан, үнэн бодитой нь тогтоогдоогүй тоон үзүүлэлт зэргийг оруулсан бол уг ажлыг нэр дэвшүүлсэн нэгжид буцаах.
3.3. Зөвлөл нь өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудастай байх бөгөөд түшиглэсэн сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
Дөрөв. Магистрант болон магистрын ажилд
тавигдах шаардлага
4.1. Магистрант нь албан ёсоор батлагдаж, зөвшөөрөгдсөн сургалтын төлөвлөгөөний дагуу магистрын төвшний зохих кредит цагийн агуулга бүхий хичээлүүдийг судлан шалгалтуудаа зохих үнэлгээтэй өгсөн, голч дүнгийн босгын болон гадаад хэлний мэдлэгт тавигдаж буй шаардлагыг бүрэн хангасан байна.
4.2. Ажил нь дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байна:
а/ Ажлын сэдэв нь шинжлэх ухааны үндэстэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх;
б/ Ажил нь шинжлэх ухаан, технологид тодорхой хувь нэмэр оруулж, онол практикийн асуудлыг шийдвэрлэсэн, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн, сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх асуудлыг тусгасан байх;
в/ Дэвшүүлсэн шинэ санал, шийдлийг онол, туршилтаар нотолсон, урьд өмнө мэдэгдэж байсан шийдлүүдтэй бүх талаар харьцуулж шинэлэг болон давуу талыг нь нээн харуулсан байх;
г/ Ажлын гол агуулга, үр дүн, дүгнэлт, санаа нь эрдэм шинжилгээний хэвлэлд нийтлэгдсэн байх;
4.3. Ажил 50-100 хуудастай байна. Ажлыг компьютерээр 12-ын хэмжээтэй үсгийн шрифтээр, 1,5 мөр хоорондын зайтай, хэвлэмэл хуудас (А4)-ын хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3,5 см, баруун талаас 1,5 см, дээрээс 2,5 см, доороос 3 см-ийн зай авч бичнэ. Ажлын хураангуй (цаашид "хураангуй" гэнэ) нь хэвлэмэл хуудас (А4)-ны 1/2-ийн хэмжээтэй 10-15 хуудастай байна.
4.4. Ажлыг монгол хэлээр, хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичнэ. Сэдвийн онцлогоос шалтгаалан хураангуйг өөр гадаад хэлээр бичиж болно.
4.5. Магистрант нь судалгааны ажлаа гадаадад гүйцэтгэсэн бол ажлыг англи, орос хэлний аль нэгээр, хураангуйг монгол хэлээр бичиж болно.
4.6. Хураангуйд уг ажлын үндсэн агуулга, нээсэн, тогтоосон үр дүн, дэвшүүлсэн санаа, дүгнэлтээ товч дурдаж, зохиогчоос онол, практикт оруулсан хувь нэмэр, судалгааны шинэлэг тал, зохиогчийн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ашигласан ном, хэвлэлийн жагсаалтыг тусгасан байвал зохино.
5.1. Нэгж нь бүх болзол шаардлагыг хангасан магистрантын доор дурдсан материал (цаашид "материал" гэнэ)-ыг ажлын нь хамт хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Үүнд:
*Хамгаалалтад нэр дэвшүүлж буй магистрантын тухай нэгжийн тодорхойлолт;
*Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, үнэлгээ;
· Магистрантын голч дүн;
· Магистрантын гадаад хэлний төвшинг тогтоосон баримт;
· Ажлын гол агуулга, үр дүн, дүгнэлт, санааг эрдэм шинжилгээний хэвлэлд нийтлүүлсэн тухай баримт;
· Магистрантын бүтээлийн жагсаалт;
· Хамгаалалтад шаардлагатай бусад материал.
5.2. Хамгаалалтыг урьдчилсан ба жинхэнэ гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.
5.3. Урьдчилсан хамгаалалтыг амжилттай гүйцэтгэсний дараа зөвлөл нь албан ёсны дүгнэлт гаргах шүүмжлэгчийг томилж, магистрантад ажлынхаа хураангуйг хэвлүүлэх зөвшөөрөл олгож, жинхэнэ хамгаалалт хийх өдөр, цаг, байрыг тогтооно.
5.4. Магистрант нь урьдчилсан хамгаалалтын үед санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засвар хийсний дараа зөвлөлийн даргад танилцуулан, зөвшөөрөл авч жинхэнэ хамгаалалтад орно.
5.5. Жинхэнэ хамгаалалтыг урьдчилан хамгаалалт хийснээс 30-аас доошгүй хоногийн дараа хийнэ.
5.6. Жинхэнэ хамгаалалтын зарыг хамгаалалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
5.7. Жинхэнэ хамгаалалтын зар нийтлэгдсэн өдрөөс хойш ажил болон хураангуйн хувийг сургуулийн номын санд албан ёсоор өгч, олны хүртээл болгоно.
5.8. Урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтыг хуралдааны дэгийг баримтлан нээлттэй зохион байгуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад дотоодод патентлах, улсын нууц хадгалахтай холбоотой онцгой тохиолдолд бүтээлийг хаалттай хэлэлцэж болно.
5.9. Хуралдааны протокол, зөвлөлийн тогтоол, магистрантын материал зэргийг тухайн нэгжид 1 жил хадгалсаны дараа сургуулийн архивт шилжүүлнэ.
6.1. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
6.2. Хурлыг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана. Зөвлөлийн дарга, орлогч дарга өөрийн удирдсан ажлыг хэлэлцэх үед хуралдааныг даргалахгүй.
6.3. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилж болно.
6.4. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.
6.5. Шүүмжлэгч нь жинхэнэ хамгаалалт хийх хуралдаанд биечлэн оролцоно.
6.6. Зөвлөлийн нэг удаагийн хуралдаанаар таваас илүүгүй ажлыг хэлэлцэнэ.
6.7. Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:
а. Магистрантын талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулна;
б. Магистрантын илтгэл (20-30 минут);
в. Шүүмжлэгчийн санал, дүгнэлт (урьдчилсан хамгаалалтад хамаарахгүй);
г. Зөвлөлийн гишүүдийн асуулт, санал, дүгнэлт;
д. Нээллтэй хуралдаанд оролцогчдын санал, дүгнэлтийн талаар үг хэлнэ;
е. Магистрант асуултад хариулж, санал, дүгнэлтийн талаар үг хэлнэ.
ё. Удирдагчийн тодорхойлолт;
ж. Тооллогын комиссыг сонгон батлана;
з. Гишүүдийн санал хураалт;
и. Тооллогын комиссын санал хураалтын дүнг гаргаж, зөвлөлийн дарга сонгоно;
к. Тооллогын дүнг үндэслэн зөвлөлийн тогтоол гарна.
6.8. Зөвлөлийн гишүүд магистрантын ажилд 100 хүртэл оноо өгнө. Үүнд магистрантын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрт 35 хүртэл оноо, ажлын онол практикийн ач холбогдолд 30 хүртэл оноо, магистрантын судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн байдалд 15 хүртэл оноо, ажлын бичилт, магистрантын илтгэх чадвар, асуултад хариулсан байдалд 20 хүртэл оноог тус тус өгнө. Гишүүний өгсөн нийлбэр оноо 75 ба түүнээс дээш байх нөхцөлд эерэг, 75-аас доош байгаа нөхцөлд эсрэг санал гэж тооцно.
6.9. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 ба түүнээс дээш нь эерэг санал өгсөн тохиолдолд тухайн магистрантыг амжилттай хамгаалсанд тооцно.
6.10. Саналыг нууц санал хураалтаар авна.
6.11. Зөвлөлийн хуралдаанаар сөрөг шийдвэр гарсан тохиолдолд магистрантын материалыг зөвлөлийн хурлын тогтоол, протоколын хамт нэр дэвшүүлсэн нэгжид буцаана. Тухайн магистрант нь өөрийн ажлыг зөвлөлийн гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу шаардлагын төвшинд хүртэл сайжруулж, зөвлөлийн даргын зөвшөөрснөөр шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор дахиан нэг удаа хамгаалж болно.
Долоо. Ажилд шүүмж өгөх
7.1. Ажлын шүүмжлэгчээр тухайн салбараар докторын зэрэг хамгаалсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай хүн ажиллана.
7.2. Зөвлөлийн дарга, орлогч даргын аль нэг нь тухайн ажлын шүүмжлэгчээр томилогдвол зөвлөлийн хуралдаанд зөвхөн гишүүний эрхтэйгээр оролцоно. Магистрантын удирдагч, бүтээлийн хамтран зохиогч, магистрантын суралцсан тэнхимийн багш, ажилтан нарыг шүүмжлэгчээр томилохгүй.
7.3. Магистрант нь өөрийн ажлыг жинхэнэ хамгаалалтаас 30-аас цөөнгүй хоногийн өмнө шүүмжлэгчид өгөх ба шүүмжлэгч нь дүгнэлтээ жинхэнэ хамгаалалтаас 10-аас цөөнгүй хоногийн өмнө зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлэээлгэж өгнө.
7.4. Шүүмжлэгч нь дүгнэлтээ үнэн зөв гаргах үүрэг хүлээнэ.
8.1. Хамгаалуулах зөвлөлийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор сургуулийн захиргааны тушаалаар магистрын зэрэг олгох шийдвэр гарч диплом олгоно.
8.2. Диплом олгох үйл ажиллагааг сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу зохицуулна.
9.1. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг тухайн магистрантын суралцаж буй их сургууль түүний сургалтын төлбөрөөс санхүүжүүлнэ.
---o0o---
Текст томруулах
A
A
A