- Нүүр
- Сайдын тушаал
- ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2003 оны 110 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
1.1. "Дээд боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 8.8 дахь хэсэг, "Магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхэд баримтлах журам" –ыг хэрэгжүүлэх, Монгол Улсад докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийг зорилго оршино.
2.1. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ)-ийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад (цаашид "яам" гэнэ)-ын шийдвэрээр 3 жилийн хугацаагаар аль нэг их сургууль (цаашид "түшиглэсэн сургууль" гэнэ)-ийг түшиглэн байгуулна.
2.2. Зөвлөлийг 12-оос цөөнгүй хүн (цаашид "байнгын гишүүд" гэнэ)-ий бүрэлдэхүүнтэй байгуулна. Гишүүн бүр нь тухайн салбараар докторын зэрэг хамгаалсан байна.
2.3. Докторантын хамгаалах сэдэв, мэргэжлийн онцлогоос хамааран тухайн чиглэлээр мэргэшсэн докторын зэрэгтэй 5 хүртэл хүн (цаашид "түр гишүүн" гэнэ)-ийг зөвлөлийн хуралдаанд гишүүний эрх, үүрэгтэйгээр томилон ажиллуулж болно.
2.4. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй байна.
2.5. Түр гишүүдийг зөвлөлийн дарга томилно.
2.6. Хэрэв зөвлөл нь үүргээ биелүүлж чадаагүй, энэ журмын нийтлэг шаардлагыг зөрчсөн буюу шинжлэх ухааны зохих төвшинд хүрээгүй докторын ажил (цаашид "ажил" гэнэ) хэлэлцэж хамгаалуулсан бол тус зөвлөлийг яамны шийдвэрээр татан буулгана.
Гурав. Зөвлөлийн эрх, үүрэг
3.1. Зөвлөл дор дурдсан үүрэг хүлээнэ:
а. Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон бүрэн хэрэгжүүлэх, шударга ажиллах;
б. Докторын суралцаж буй сургууль (цаашид "сургууль" гэнэ)-ийн докторын сургалт хариуцсан нэгж (цаашид "нэгж" гэнэ)-ээс холбогдох материал ирснээс хойш 21 хоногийн дотор урьдчилсан хамгаалалт хийх хуралдааныг зохион байгуулах;
в. Ажлын албан ёсны шүүмжлэгчийг томилж, жинхэнэ хамгаалалт болох товыг тогтоох;
г. Хамгаалалт болсоноос хойш 14 хоногийн дотор ажлын талаар гарсан санал, шүүмжлэл, дүгнэлт, санал хураалтын дүн бүхий хурлын дэлгэрэнгүй протокол (цаашид "протокол" гэнэ), зөвлөлийн тогтоол, бусад холбогдох материалыг нэгжид ирүүлэх.
3.2. Зөвлөл дор дурдсан эрх эдлэнэ:
а. Тухайн ажил нь докторантын суралцсан мэргэжлийн чиглэлд тохироогүй, зохих шаардлага хангаагүй бөгөөд докторант нь кредит цагаа бүрэн цуглуулаагүй, зохих тооны нийтлэл хэлүүлээгүй байвал ирүүлсэн мтериалыг нэр дэвшүүлсэн нэгжид буцаах;
б. Энэ дүрмийн 4-т заасан шаардлагуудыг биелүүлээгүй бөгөөд бусад бүтээлд дэвшүүлсэн санаа, дүгнэлт, хүснэгт, тоон үзүүлэлт, томъёо, хэлсэн үг гэх мэтийг ишлэлгүйгээр шууд авч ашигласан, үнэн бодитой нь тогтоогдоогүй тоон үзүүлэлт зэргийг оруулсан бол уг ажлыг нэр дэвшүүлсэн нэгжид буцаах;
1.3. Зөвлөл нь өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудастай байх бөгөөд түшиглэсэн сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
Дөрөв. Докторант болон ажилд тавигдах шаардлага
4.1. Докторант нь албан ёсоор батлагдаж, зөвшөөрөгдсөн сургалтын төлөвлөгөөний дагуу докторын төвшний зохих кредит цагийн агуулга бүхий хичээлүүдийг судлан шалгалтуудаа зохих үнэлгээтэй өгсөн, голч дүнгийн босгын болон гадаад хэлний мэдлэгт тавигдаж буй шаардлагыг бүрэн хангасан, гадаад дотоодын хэвлэлд зохих тооны бүтээл хэвлүүлсэн байна.
4.2. Ажил нь дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байна:
а. Сэдэв нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх;
б. Шинжлэх ухаан, технологид тодорхой хувь нэмэр оруулж, онол практикийн асуудлыг шийдвэрлэсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн, сургал үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх асуудлыг тусгасан байх;
в. Дэвшүүлсэн шинэ санал, шийдлийг онол, туршилтаар нотолсон, урьд өмнө мэдэгдэж байсан шийдлүүдтэй бүх талаар харьцуулж шинэлэг болгон давуу талыг нь нээн харуулсан байх;
г. Ажлын гол агуулга, үр дүн, дүгнэлт, санаа нь судалгааны ном, хэвлэл, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний бусад бүтээлд бүрэн нийтлэгдсэн байх.
4.3. Ажил 100-150 хуудастай байна. Ажлыг компьютерээр 12-ын хэмжээтэй үсгийн шрифтээр, 1,5 мөр хоорондын зайтай, хэвлэмэл хуудас (А4)-ын хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3,5 см, баруун талаас 1,5 см, дээрээс 2,5 см, доороос 3 см-ийн зай авч бичнэ. Ажлын хураангуй (цаашид "хураангуй" гэнэ) нь хэвлэмэл хуудас (А4)-ны 1/2-ийн хэмжээтэй 12-20 хуудастай байна.
4.4. Ажлыг монгол хэлээр, хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичнэ. Сэдвийн онцлогоос шалтгаалан хураангуйг өөр гадаад хэлээр бичиж болно.
4.5. Докторант нь судалгааны ажлаа гадаадад гүйцэтгэсэн бол ажлыг англи, орос хэлний аль нэгээр, хураангуйг монгол хэлээр бичиж болно.
4.6. Хураангуйд уг ажлын үндсэн агуулга, нээсэн, тогтоосон үр дүн, дэвшүүлсэн санаа, дүгнэлтээ товч дурдаж, зохиогчоос онол, практикт оруулсан хувь нэмэр, судалгааны шинэлэг тал, зохиогчийн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ашигласан ном, хэвлэлийн жагсаалтыг тусгасан байвал зохино.
5.1. Ажлын эхний хувилбарыг сургуулийн эрдмийн зөвлөл хүлээн авч, хуралдаанаар хэлэлцүүлэн үндсэн шаардлагыг хангасан эсэх тухай дүгнэлт гаргана.
5.2. Нэгж нь бүх болзол шаардлагыг хангасан докторантын доор дурдсан материал (цаашид "материал" гэнэ)-ыг сургуулийн эрдмийн зөвлөлөөс сайшаагдсан ажлын нь хамт хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Үүнд:
*Хамгаалалтад нэр дэвшүүлж буй докторантын тухай нэгжийн тодорхойлолт ;
*Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, үнэлгээ;
· Докторантын голч дүн;
· Докторантын гадаад хэлний төвшинг тогтоосон баримт;
· Ажлын гол агуулга, үр дүн, дүгнэлт, санааг эрдэм шинжилгээний хэвлэлд нийтлүүлсэн тухай баримт;
· Докторантын бүтээлийн жагсаалт;
· Хамгаалалтад шаардлагатай бусад материал.
5.3. Хамгаалалтыг урьдчилсан ба жинхэнэ гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.
5.4. Урьдчилсан хамгаалалтыг амжилттай гүйцэтгэсний дараа зөвлөл нь албан ёсны дүгнэлт гаргах хоёр эрдэмтэн, нэг байгууллагыг (цаашид "шүүмжлэгч" гэнэ) томилж, докторантад ажлынхаа хураангуйг хэвлүүлэх зөвшөөрөл олгож, жинхэнэ хамгаалалт хийх өдөр, цаг, байрыг тогтооно.
5.5. Докторант нь урьдчилсан хамгаалалтын үед гарсан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засвар хийсний дараа зөвлөлийн даргад танилцуулан, зөвшөөрөл авч жинхэнэ хамгаалалтад орно.
5.6. Жинхэнэ хамгаалалтыг урьдчилан хамгаалалт хийснээс 30-аас доошгүй хоногийн дараа хийнэ.
5.7. Жинхэнэ хамгаалалтын зарыг хамгаалалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын сонин хэвлэлээр зарлана.
5.8. Жинхэнэ хамгаалалтын зар нийтлэгдсэн өдрөөс хойш ажил болон хураангуйн хувийг Улсын төв номын сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, сургуулийн номын санд албан ёсоор өгч, олны хүртээл болгоно.
5.9. Урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтыг хуралдааны дэгийг баримтлан нээлттэй зохион байгуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад дотоодод патентлах, улсын нууц хадгалахтай холбоотой онцгой тохиолдолд бүтээлийг хаалттай хэлэлцэж болно.
5.10. Хуралдааны протокол, зөвлөлийн тогтоол, докторантын материал зэргийг тухайн нэгжид 1 жил хадгалсаны дараа сургуулийн архивт шилжүүлнэ.
6.1. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
6.2. Хурлыг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана. Зөвлөлийн дарга, орлогч дарга өөрийн удирдсан ажлыг хэлэлцэх үед хуралдааныг даргалахгүй.
6.3. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилж болно.
6.4. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.
6.5. Шүүмжлэгчид болон шүүмжлэгч байгууллагын төлөөлөл нь жинхэнэ хамгаалалт хийх хуралдаанд биечлэн оролцоно.
6.6. Зөвлөлийн нэг удаагийн хуралдаанаар гурваас илүүгүй ажлыг хэлэлцэнэ.
6.7. Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:
а. Докторантын талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулна;
б. Докторантын илтгэл (20-30 минут);
в. Шүүмжлэгчийн санал, дүгнэлт (урьдчилсан хамгаалалтад хамаарахгүй);
г. Зөвлөлийн гишүүдийн асуулт, санал, дүгнэлт;
д. Нээлттэй хуралдаанд оролцогчдын санал, дүгнэлт;
е. Докторант асуултад хариулж, санал, дүгнэлтийн талаар үг хэлнэ.
ё. Удирдагчийн тодорхойлолт;
ж. Тооллогын комиссыг сонгон батлана;
з. Гишүүдийн санал хураалт;
и. Тооллогын комиссын санал хураалтын дүнг гаргаж, зөвлөлийн дарга сонгоно;
к. Тооллогын дүнг үндэслэн зөвлөлийн тогтоол гарна.
6.8. Зөвлөлийн гишүүд докторантын ажилд 100 хүртэл оноо өгнө. Үүнд докторантын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрт 35 хүртэл оноо, ажлын онол практикийн ач холбогдолд 30 хүртэл оноо, докторантын судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн байдалд 15 хүртэл оноо, ажлын бичилт, докторантын илтгэх чадвар, асуултад хариулсан байдалд 20 хүртэл оноог тус тус өгнө. Гишүүний өгсөн нийлбэр оноо 75 ба түүнээс дээш байх нөхцөлд эерэг, 75-аас доош байгаа нөхцөлд эсрэг санал гэж тооцно.
6.9. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 ба түүнээс дээш нь эерэг санал өгсөн тохиолдолд тухайн докторантыг амжилттай хамгаалсанд тооцно.
6.10. Саналыг нууц санал хураалтаар авна.
6.11. Зөвлөлийн хуралдаанаар сөрөг шийдвэр гарсан тохиолдолд докторантын материалыг зөвлөлийн хурлын тогтоол, протоколын хамт нэр дэвшүүлсэн нэгжид буцаана. Тухайн докторант нь өөрийн ажлыг зөвлөлийн гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу шаардлагын төвшинд хүртэл сайжруулж, зөвлөлийн даргын зөвшөөрснөөр шийдвэр гарснаас хойш 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалж болно.
7.1. Ажлын шүүмжлэгчээр тухайн салбараар сургалт, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байгууллага буюу тухайн салбараар докторын зэрэг хамгаалсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай хүн ажиллана.
7.2. Хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч даргын аль нэг нь докторантын шүүмжлэгчээр томилогдвол зөвлөлийн хуралдаанд зөвхөн гишүүний эрхтэйгээр оролцоно. Докторантын удирдагч, бүтээлийн хамтран зохиогч, суралцсан тэнхимийн багш, ажилтан нарыг шүүмжлэгээр томилохгүй.
7.3. Докторант нь өөрийн ажлыг шүүмжлэгчдэд жинхэнэ хамгаалалтаас 30-аас цөөнгүй хоногийн өмнө өгөх ба шүүмжлэгчид нь дүгнэлтээ жинхэнэ хамгаалалтаас 10-аас цөөнгүй хоногийн өмнө зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэж өгнө.
7.4. Шүүмжлэгч нь дүгнэлтээ үнэн зөв гаргах үүрэг хүлээнэ.
8.1. Хамгаалуулах зөвлөлийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор сургуулийн захиргааны тушаалаар магистрын зэрэг олгох шийдвэр гарч диплом олгоно.
8.2. Диплом олгох үйл ажиллагааг сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу зохицуулна.
9.1. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг тухайн магистрантын суралцаж буй их сургууль түүний сургалтын төлбөрөөс санхүүжүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A