- Нүүр
- Сайдын тушаал
- Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003
оны 139 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Их сургууль, дээд сургууль, коллеж /цаашид сургууль гэнэ/-ийн багшийг тухайн албан тушаалын орон тоон дээр шалгаруулан ажиллуулах, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, чадваржуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү нийтлэг шаардлагыг мөрдлөгө болгоно.
2. Энэхүү нийтлэг шаардлагыг үндэслэн сургууль бүр өөрийн онцлогт тохирсон багш, түүний албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлагаа боловсруулан мөрдөж ажиллана.
3. Сургууль нь багшийг профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн шатлалтай албан тушаалын орон тоон дээр ажиллана.
4. Сургуулийн захиргаа багш бүрийн нийтлэг болон тусгай шаардлагын биелэлтийг тогтмол хянан шинжилж, үнэлгээ дүгнэлт өгч, албан тушаалын орон тоог шинэчлэн жил бүр хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар цаашид багш нарыг чадваржуулах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5. Багш нь энэхүү нийтлэг болон тусгай шаардлагыг мөрдөж ажиллахын зэрэгцээ түүнийг хэрхэн биелүүлж байгаа байдалдаа тогтмол өөрийн үнэлгээ хийж албан тушаалын орон тоо ахих саналаа удирдлагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ.
Хоёр. Ерөнхий шаардлага
а/ ерөнхий соёл ба харилцааны чадвар
1. Багш нь Үндсэн хууль, Боловсролын тухай болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бүх шатны аливаа шийдвэр, дүрэм, журам, стандартыг мөрддөг, сурталчилдаг, хэрэгжүүлдэг байх;
2. Суралцагчийн хөгжил төлөвшлийн тасралтгүй өсөлтийг буюу сургалтын ажлын үр дүнг оновчтой, бодитой тодорхойлон тухайн нөхцөл, орчин, нөөцөд тулгуурлан тодорхой үр дүнд хүргэх, сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй бодитой төлөвлөдөг, үр ашигтай зохион байгуулдаг, манлайлан удирддаг, тогтмол хянан сайжруулдаг зэрэг сургалтын менежерүүдийн үндсэн чадваруудыг эзэмшсэн байх;
3. Боловсролын харилцаанд оролцогсдыг дэмжин тэднийг хүндэтгэж, эрхийг нь дээдэлдэг байх;
4. Хүмүүстэй харилцан зөвшилцөж чаддаг тэдний зан үйлд нөлөөлөх сурган хүмүүжүүлэх эв дүйг эзэмшсэн байх;
5. Хамт олны дунд нөхөрсөг зан байдлыг эрхэмлэн бусад багш нартай хамтран ажиллаж тэднээс байнга суралцдаг байх.
б/ бүтээлч чадвар
1. Сургалтанд шинэ арга технологийг нэвтрүүлэн өөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж бүтээлч шинэ санаа, санаачлга дэвшүүлэн ажил үүргийг шуурай гүйцэтгэж, үйл ажиллагаандаа бодитой хандах ажил хэрэгч чанарыг эзэмшиж байх;
2. Шинэ мэдээлэл, технологийг эрэлхийлэн, тэдгээрийг дамжуулах биш суралцагчдын хэрэгцээнд тохируулан боловсруулж, практикт хэрэгжүүлэх талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх;
3. Сургуулийн ерөнхий зорилго, зорилтод нийцүүлэн сургалтын лаборатори, кабинет тоноглох, тохижуулах болон өөр бусад хэлбэрээр сургууль хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулдаг байх.
в/ мэргэжлийн чадвар Онолын талаар:
1. Дээд боловсролын сургалтын багш нь багшлах эрх (сертификат) авсан байхын зэрэгцээ үндсэн мэргэжлийн хичээл заахын тулд магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх;
2. Боловсрол судлал, сэтгэл судлалын ухааны арга зүйг эзэмшиж, судалгааны үндсэн дээр сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, заах арга зүй, сургалтын арга зүйг боловсронгуй болгож тодорхой чиглэлээр бусад багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг бие даан бусадтай хамтран зохион байгуулдаг сургалтын технологич байх.
Бусад:
1. Суралцагч хүний хүчин зүйл, нөөц бололцоог бүрэн дүүрэн илрүүлж, хөгжүүлэн тэдний үйл ажиллагааг, харилцаа, хамтын ажиллагааг зөв зохицуулдаг, багш өөрөө биечлэн бүх талын үлгэр дууриалал үзүүлдэг байх;
2. Сургалтын зорилгоо хүрсэн үр дүнтэй нь олон талас нь харьцулудаг, жишдэг, цаашид сургалтын чанарыг сайжруулах арга замыг тодорхойлдог байх;
3. Багш өөрөө тасралтгүй суралцаж өөрийн мэдлэг боловсрол, сургалтын удирдах арга барилыг байнга дээшлүүлж, сургах үйл ажиллагааны технологийг шинэчлэн ур чадварын өндөр түвшинд ажилладаг байх;
4. Суралцагчийг хайрлан хүндэтгэж, тэдэнд өөрийн нь давуу талыг нь мэдрүүлж, суралцах, өөрийгөө удирдах, хөгжүүлэх талаархи аргыг заан сургадаг байх;
5. Компьтерийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж интернетийн мэдээллийг авч мэдлэг, туршлагаа баяжуулдаг чадвартай байх.
г/ судалгаа шинжилгээний чадвар:
1. Шинжлэх ухааны арга судлал, шинжилгээ судалгааны арга зүйг эзэмшисэн байх;
2. Өөрийн эзэмшисэн мэргэжлийн болон боловсрол судлалын чиглэлээр судалгааны арга зүй эзэмшиж, тодорхой чиглэлээр судалгааны ажил, төсөл боловсруулж ажилладаг байх;
3. Сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг цогцолбороор явуулах ажлын арга барилд суралцсан байх;
4. Дотоод, гадаадын төсөл, судалгааны ажилд оролцсон байх.
Гурав. Албан тушаалын орон тоонд тавих шаардлага
Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш нь доорхи албан тушаалын зэрэглэлтэй байна:
а/ профессор
1. Эрдэм шинжилгээний бүтээл туурвихын сацуу төсөлт ажил, эрдэм шинжилгээний хурал, семинар, удирдах зэргээр судалгааны ажлын менежментийг эзэмшисэн байх;
2. Багш нарыг шинэ мэдээллээр хангах, залуу багш, докторант, магистрантыг дагуулах буюу удирдах замаар тэднийг багшлах ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх;
3. Олон жилийн туршлагатай, магистр болон докторын зэрэгтэй байх;
4. Багшид тавих нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг байх;
5. Тэнхим, нэгж, хамт олныг удирдан зохион байгуулагч байх.
б/ дэд профессор
1. Эрдэм шинжилгээний бүтээл туурвихын сацуу төсөлт ажилд оролцдог, эрдэм шинжилгээний хурал семинар удирддаг байх;
2. Залуу багш, докторант, магистрантыг дагуулах буюу удирдах замаар тэднийг багшлах ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх;
3. Олон жилийн туршлагатай, магистр болон докторын зэрэгтэй байх;
4. Багшид тавих нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн дагуулдаг байх;
5. Тэнхим, нэгж, хамт олныг удирдан зохион байгуулагч байх.
в/ ахлах багш
1.Тодорхой чиглэлээр судалгаа хийдэг, эрдэм шинжилгээний төсөлт ажил, хурал, семинарт биечлэн оролцдог байх;
2. Салбар нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулдаг байх;
3. Магистраас доошгүй зэрэгтэй байх;
4. Багшид тавих нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн дагуулдаг байх.
г/ багш
1.Тодорхой чиглэлээр судалгаа хийдэг, эрдэм шинжилгээний хурал, семинарт биечлэн оролцдог байх;
2. Үндсэн нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулсан байх;
3. Оюутныг удирдан ажлын дадлага туршлага, ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх.
д/ дагалдан багш
1. Тодорхой чиглэлээр судалгаа хийх бэлтгэлтэй байх;
2. Оюутаны суурь буюу дадлага хичээлийг албан ёсны удирдагчийн зөвлөмжийн дагуу чанарын өндөр түвшинд заадаг байх;
3. Үндсэн нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг цаашид чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулдаг байх;
4. Мэргэжлээрээ болон боловсрол судлалын чиглэлээр бакалавраас доошгүй дээд боловсролын зэрэгтэй, баклаврын зэргийн дипломын мэргэжлийн хичээлийн дүн сайнаас дээш буюу "В"-ээс доошгүй үнэлгээтэй байх.
Текст томруулах
A
A
A