- Нүүр
- Сайдын тушаал
- Хандивлагчолон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаах авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг зохицуулах журам
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
205 дугаар тушаалын хавсралт
Хандивлагчолон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаах авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг зохицуулах журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Монгол Улсын Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авч буй зээлийн хөрөнгөөр санхүүжих төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг өндөр үр ашиг, үр дүнтэй хэрэгжүүлэх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, оролцогч этгээдүүдийн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах, төслийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Төслийн "Төсөл удирдах хороо" /цаашид "ТУХ" гэх/ ба "Төсөл хэрэгжүүлэх нэгж" /цаашид "ТХН" гэх/, холбогдох яам, агентлагууд үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Энэхүү журмыг дагаж мөрдөхөд дотоодод хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан бусад актуудыг мөрдлөг болгоно.
1.4. Зээлийн гэрээ болон холбогдох бусад баримт бичигт Монголын талын авч хэрэгжүүлэхээр тусгагдсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавих, Зээлийн хөрөнгийг зөвхөн тухайн төслийн зорилгоор ашрглаж байгаа эсэхэд хяналт тавих, ТХН-ийн ажиллах ерөнхий болон жилийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг дүгнэх, макро түвшинд болон яам, салбар хоорондын үйл ажиллагаатай холбоотой уялдааг зохицуулах, бодлогын асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус хороог "Төсөл Удирдах Хороо" гэнэ.
1.5.Төслийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, Зээлийн гэрээ болон түүнтэй холбогдох бусад баримт бичигт заасан төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх ажлыг хангах зорилгоор байгуулагдсан орон тооны нэгжийг "Төсөл Хэрэгжүүлэх Нэгж " гэнэ.
Хоёр. Төслийн удирдлага, зохион байгуулалт
Төсөл Хэрэгжүүлэх нэгж
2.1. Гэрээ, хэлэлцээрт ТХН-ийг байгуулах тухай тусгагдсан тохиолдолд түүний бүтэц, орон тоо, санхүүжилт зэргийг тухайн төслийг харьяалах салбарын яамны санал, үндэслэлийг Санхүү, эдийн засгийн яамны гадаад зээлийн ашиглалт хариуцсан газар хэлтэс хянан баталгаажуулсны үндсэн дээр Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар батална.
2.2. Санхүү, эдийн засгийн сайдын тушаалыг үндэслэн тухайн ТХН-ийн удирдагч, ажилтнуудыг /нягтлан бодогчоос бусад/ төслийг хэрэгжүүлэгч тухайн яамны сайдын тушаалаар томилно.
2.3. Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол дээрх 2.2-т заасны дагуу ТХН-ийн орон тоо, бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтан, ажилтны талаарх товч танилцуулга, судалгааг төслийг санхүүжүүлэгч хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ.
2.4. ТХН-ийг тухайн төслийн удирдагч ахлана. Төслийн удирдагч нь мэргэжил, боловсрол, туршлагатай байх төдийгүй тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан байна. Төслийн удирдагчийн түр эзгүйд түүнийг төслийн нягтлан бодогч орлоно. Төслийн нягтлан бодогчийг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гарган томилж, өөрчилнө. ТХН-ийн нягтлан бодогчийн цалинг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тогтооно.
2.5. ТХН-ийн үйл ажиллагааны нийт зардлыг Зээлийн хэлэлцээ хийх явцад тоймлон тодорхойлох бөгөөд ТХН-ийн төслийг хэрэгжүүлэхэд гарах үйл ажиллагааны зардлыг санхүүгийн хувьд хамгийн сайн үзүүлэлттэй аль нэг арилжааны банкинд нээсэн Зээлийн тусгай дансаас санхүүжүүлнэ. Санхүү, эдийн засгийн яам нь санхүүгийн хувьд хамгийн сайн үзүүлэлттэй банкийг сонгохдоо тухайн үед Монголбанкнаас ирүүлсэн арилжааны банкуудын санхүүгийн тайлан, мэдээг үндэслэнэ.
2.6. Дээрх 2.5-т заасны дагуу ТХН-ийн удирдагч, ажилтнуудын /нягтлан бодогчоос бусад/ цалингийн хэмжээг Санхүү, эдийн засгийн яамнаас тогтоосон жишиг цалинг үндэслэн төслийг хэрэгжүүлэгч холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга тогтооно.
2.7. Төслийг хэрэгжүүлэгч байгууллага болон ТХН нь төслийг үр дүн, үр ашигтай хэрэгжүүлэх үүднээс мэргэжлийн ур чадвар бүхий дотоодын ба олон улсын компани түүнчлэн хувь хүний зөвлөхийн үйлчилгээг /цаашид "Төслийн Зөвлөх компани" гэх/ ашиглана. Төслийн Зөвлөх компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ТХН-тэй холбоотой ажиллана. Төслийн Зөвлөх компани ТХН-ийн ажил үүргийн хуваарьт заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд ажлыг давхардуулан санхүүжүүлэхгүй.
2.8. Хэрвээ төслийн Зөвлөх компаний ажлын хариуцлагагүйн улмаас Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнийн дүнд тусгагдаагүй нэмэгдэл зардал гарвал тухайн ажил үйлчилгээг санхүүжүүлэхгүй буюу Зөвлөх компанитай байгуулсан гэрээний үнийн дүнд суутган тооцно.
Төв Удирдах Хороо
2.9. ТУХ-ны бүрэлдэхүүнийг тухайн төслийн чиглэл онцлогоос хамааруулан холбогдох чиглэлийн яамны сайдын тушаалаар томилон ажиллуулна.
2.10. ТУХ-ны даргыг Санхүү, эдийн засгийн сайдын саналыг авсны үндсэн дээр тухайн төслийг харьяалах яамны Сайд томилно. ТУХ-ны нарийн бичгийн дарга нь тухайн салбарын яамны уг төслийг хариуцсан мэргэжилтэн байх ба ТУХ-ны бүрэлдэхүүнд Санхүү, эдийн загсийн яамны тухайн зээл хариуцсан мэргэжилтэнг оруулна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл зарим зөвлөх мэргэжлийн шинжээчийг оруулж болно.
2.11. Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа ТХН-ийн удирдагч болон ТУХ-ны бүрэлдэхүүн гишүүд, төслийг хэрэгжүүлэгч чиглэлийн яамдын холбогдох удирдлага мэргэжилтэн, Санхүү, эдийн засгийн яамны холбогдох удирдлага, мэргэжилтнүүд нэгдэн хуралдаж төслийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарвал зохих асуудлуудыг авч хэлэлцэнэ.
Гурав. Төсөл удирдах хорооны эрх, үүрэг
3.1.ТУХ холбогдох асуудлыг Хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдааныг гишүүдийн 3/4 /дөрөвний гурав/-аас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөрт тооцно.
3.2. Жилд 2-оос доошгүй удаа хуралдаж төслийн хэрэгжилтийн явцыг авч хэлэлцэнэ.
3.3. Төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг ТУХ-ны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.4.ТУХ-ны нарийн бичиг дарга хуралдаанд хэлэлцэж буй асуудлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаанд байлцсан гишүүд түүнд гарын үсэг зурж баталгаажуулна.
3.5. ТУХ нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
3.5.1. ТХН-д төслийг хэрэгжүүлэх талаар үнэлэт, дүгнэлт өгнө.
3.5.2. Төслийн хэрэгжилтийн явцад гарч буй аливаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ.
3.6. ТУХ нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
3.6.1. Тухайн төслийн хэрэгжилтийн явц байдлыг ТУХ нь Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлийн хурлаар 1-ээс доошгүй удаа хэлэлцүүлэх эсвэл жилд 2-оос доошгүй удаа дэлгэрэнгүй танилцуулгыг бичгээр Санхүү, эдийн засгийн сайдад хүргүүлж байна;
3.6.2. Төслийн хэрэгжилтийн талаар ТХН-аас тайлан мэдээ гаргуулна;
3.6.3.Төсөл хэрэгжилтийн явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг холбогдох яамдуудтай зөвшилцөн шийдвэрлэнэ;
3.6.4. ТХН-д төслийг хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөгөө өгнө;
3.6.5. Төслийн нууцлалтай холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахгүй байна;
Дөрөв. Төслийг хэрэгжүүлэх нэгжийн эрх, үүрэг
4.1. ТХН нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1.Төслийн гэрээнд заасан төлөвлөгөөт ажлыг цаг хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах хүртэл үйл ажиллагаагаа явуулж үр ашигтай, хариуцлагатай ажиллана.
4.1.2. Төслийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, удирдах, төслийн тендерийн урилга гаргах, зарлан мэдээлэх, төслийг хэрэгжүүлж буй газарт нь зохих шийдвэрийг гаргах, санхүүжүүлэгч байгууллагуудтай харилцан, төлбөрийн баримт бичгийг бэлтгэн гүйцэтгэх, шуурхай удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргана.
4.1.3. Төслийн хэрэгжилтийн талаар ТУХ-д жилд 2-оос доошгүй удаа тайлагнаж, Санхүү, эдийн засгийн яаманд энэ тухай танилцуулж шаардлагатай үед зохих шийдвэрийг гаргуулж хэрэгжүүлнэ.
4.1.4. ТХН нь зээлийн ашиглалтын мэдээ, тайланг сар болон улирлаар гаргаж Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлж байна.
4.1.5. ТХН болон захиалагч байгууллага, агентлагаас гүйцэтгэгч сонгох ажиллагааны нөхцөл, болзлыг заан тендерт оролцогчид зориулан гаргасан тендерийн баримт бичгийг тэдгээрт худалдсанаас бий болох орлогыг Монголбанкин дахь "ДЗ тусгай данс" нэртэй 3332403 тоот дансанд төвлөрүүлнэ.
4.2. ТХН нь дараах эрхийг эдлэнэ. Үүнд:
4.2.1. ТХН нь тухайн төслийг бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд ажиллах бөгөөд цаашид ажиллуулах шаардлагатай гэж үзвэл холбогдох чиглэлийн яам Санхүү, эдийн засгийн яам болон шаардлагатай тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр хугацааг сунган ажиллуулж болно.
4.2.2. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч буй зардлын дүн холбогдох баримт бичиг, гэрээ хэлэлцээрт тусгагдсанаас таван мянга /5000 $/ хүртэл ам.долларын үнийн дүнгээр өөрчлөгдөх тохиолдолд уг асуудлыг төслийн удирдагч шийдвэрлэж байна.
4.2.3. ТХН нь төслийг хэрэгжүүлэх явцад төслийн гүйцэтгэгч компаниас ажил гүйцэтгэж буй хугацаанд сар бүр ажлын дэлгэрэнгүй тайлан гаргуулж байна.
4.3.ТХН нь энэхүү журмын 2 дугаар зүйлийн 5 дугаарт заасанчлан Тусгай данстай байна. ТХН-ийн дансны тоо хэрэгжиж буй тухайн төслийн цар хэмжээнээс хамаарна. Тусгай данс нээгдэхээс 7 хоногийн өмнө уг дансны гүйлгээний жилийн төлөвлөгөөг сар бүрээр гарган Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлж улмаар батлуулсан байх ёстой. ТХН нь тусгай дансны сар бүрийн зарцуулалтын тайланг дараа сарын 5-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд зарцуулалтын тайлан ирүүлээгүй нөхцөлд тухайн дансны гүйлгээг бүр болон түр хугацаагаар хаах арга хэмжээ авч болно.
4.4. ТХН нь төсөл хэрэгиж дуусмагц уг төсөлтэй холбоотой бүх баримт, бичгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад бичиг хэргийн зааврын дагуу албан ёсоор хүлээлгэн өгнө. Үүнд:
- Төлсийн баримт бичиг
- Тендерийн баримт бичиг, тендерийн үйл ажиллагааг дүгнэхтэй холбогдсон материалууд
- ТХН, ТУХ-ны хурлын протокол шийдвэрүүд
- Төсөлтэй холбоотой явуулсан болон ирсэн баримт бичгүүдг гэрээ хэлэлцээрүүд
- Санхүүгийн баримт бичгүүд
Тав. Санхүү, эдийн засгийн яамны эрх, үүрэг
5.1. Санхүү, эдийн засгийн яам дараах эрхийг эдлэнэ. Үүнд:
5.1.1. Санхүү, эдийн засгийн яам нь энэхүү журмын 2 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу томилох эрхтэй бөгөөд мөн зүйлийн 2 болон 9 дүгээр заалтуудын дагуу санал өгөх эрхтэй байна
5.1.2. Тендерийн хороогоор шалгарсаны дараа тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэгч дотоод болон гадаадын компанитай хэлэлцээр хийхдээ уг хэлэлцээнд төслийг захиалагч салбарын яам болон агентлаг, байгууллага нь зээлдэгчийн хувьд Санхүү, эдийн засгийн яамнаас холбогдох дарга, мэргэжилтэнг урьж оролцуулна.
5.1.3. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аливаа баримт бичиг, гэрээ хэлэлцээрт мөнгө, санхүүтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг хийхэд Санхүү, эдийн засгийн яамны албан ёсны зөвшөөрөл гарах бөгөөд энэ тухай Санхүү, эдийн засгийн яамнаас төслийг санхүүжүүлэгч хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад мэдэгдэж улмаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно.
5.1.4. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч буй зардлын дүн холбогдох баримт бичиг, гэрээ хэлэлцээрт тусгагдсанаас таван мянга нэг (50001$) ам.доллараас дээш үнийн дүнтэй аливаа өөрчлөлт орох тохиолдолд тухайн асуудлыг Санхүү, эдийн засгийн яамны зөвшөөрлөөр шийдвэрлэж байна.
5.2. Санхүү, эдийн засгийн яам нь дараахь үүргийг хүлээнэ.
5.2.1. Санхүү, эдийн засгийн яам нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж хэрэгжиж буй төслийн үр ашгийг хамгийн их байлгах, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газраас гарч буй зардлыг хамгийн бага байлгахад шаардагдах бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.
5.2.2. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрт тоймлон тодорхойлсон санхүүжилтийг ТУХ-ноос энэхүү журмын 3.81-д заасанчлан мэдэгдмэгц ТХН-ийн дотоод зардлыг тухайн жилийн тухайн төслийг хэрэгжүүлэгч байгууллагын төсвөөс болон ирэх жилийн тухайн төслийг хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн зардалд тусгуулна.
5.2.3.Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардагдах машин, тоног төхөөрөмж болон эд хогшлыг худалдан авах ажиллагаанд Санхүү, эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын хэлтэс мэргэжлийн удирдамж, чиглэлээр хангана.
5.2.4. Зээлийн данснаас мөнгө шилжүүлж авах гарын үсэг зурах эрхийг Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар олгож, уг эрх бүхий хүмүүсийн гарын үсгийн баталгааг төслийг санхүүжүүлэгч хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагууд руу тухай бүр явуулж мэдэгдэнэ.
Зургаа. Төслийн тендер зарлах, дүгнэх
6.1.Хандивлагч орон олон улсын байгууллагын зээлээр хэрэгжих төслийн тендерийг зарлаж дүгнэхдээ байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрт өөрөөр заагаагүй тохиолдолд аль болох нээлттэй тендерийн хэлбэрээр зарлан явуулах бөгөөд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль тогтоомжийг үндэслэл болгоно.
6.2. Дээрх хуулинд заасны дагуу тендерийн үнийн дүнгээс хамааруулж тухайн Тендерийн хороог зохион байгуулна. Хэрвээ тендерийн үнийн дүнгээс хамааруулж Тендерийн хороог зохион байгуулж тендер явуулаагүй тохиолдолд Санхүү, эдийн засгийн яам тухайн ажил үйлчилгээг санхүүжүүлэхгүй.
6.3.Тендерийг дүгнэхдээ тендерийн баримт бичигт тусгасан техникийн нөхцлүүд бүрэн хангагдсан эсэх, чанарын шаардлага, түүхий эд материал, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний үнэ, тухайн компанийн санхүү, эдийн засгийн чадавхи, ажлын туршлага, арга туршлагаа өвлүүлэх боломж, инженерийн хангамж, төслийн хэрэгжилтийн үе шат, хугацааг тендерт тусгасан байдал, хөрөнгө оруулалтын хэрэгцээг хэрхэн үр ашигтай шийдвэрлэсэн байдал, үүний дотор өөрийн хөрөнгийн эх үүсвэрийн боломж, мэргэжлийн ажиллах хүчний хангамж болон дотоодын ажил үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаа зэргийг анхаарч үзнэ.
Долоо. Хяналт, хариуцлага
7.1.ТХН-ийн болон Зөвлөх компанийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг Монгол улсын Төсвийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу зохицуулна.
7.2.Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын хөрөнгөөр санхүүжигдэж буй төслийн зээлийн хөрөнгийг авах, ашиглах, эргүүлэх төлөх үйл ажиллагаанаас үүсэх үр дагавар болон тухайн төслийг хэрэгжүүлсний эцэст бүтээн бий болгосон бүхий л объектын төслийг хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэж өгөхөөс өмнөх холбогдох хариуцлагыг тухайн төслийг хамаарах хэрэгжүүлэх яам хариуцна.
Текст томруулах
A
A
A