- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ БОЛОН ЭРХ СУНГАХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
298 дугаар тушаалын хавсралт
МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ БОЛОН ЭРХ СУНГАХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтын зорилго нь мэргэшсэн нягтлан бодлогчийн эрх горилж шалгалт өгч байгаа болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ сунгаж буй нягтлан бодогчдын мэргэжлийн онолын мэдлэг, дадлага чадварыг үнэлэхэд оршино.
2.Шалгалтад тэнцсэн мэргэжилтэн нарыг нягтлан бодох бүртгэл, аудит, мэдээллийн систем болон хууль эрх зүйн онол, практикийн мэдлэг чадварын хувьд мэргэшсэн мэргэжилтэн байх шаардлагыг хангасан гэж үзэж төрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулж өгөхөд шалгалтын ач холбогдол оршино.
Хоёр. Шалгуулагчид тавих шаардлага, бүрдүүлэх материал
1. Дараахь шаардлагыг хангасан нягтлан бодогчид мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орохыг хүсч өргөдөл гаргах эрхтэй. Үүнд:
1.1. Их, дээд сургууль, коллежийг Нягтлан бодогч мэргэжлээр бакалавар ба түүнээс дээш зэрэгтэй төгсөж нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байна. Тухайн мэргэжилтний төгссөн сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлөөс /цаашид НББМЗ гэнэ/ мэргэжлийн сургалт явуулах албан ёсны зөвшөөрөлтэй мэргэжлийн гол гол хичээлүүдийг судалсан кредит цагийн хэмжээ нь стандарт шаардлагын түвшинг хангасан байна;
1.2.Боловсролын бакалаврын зэрэг олгох журам мөрдөгдөхөөс өмнө их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгссөн нягтлан бодогчид НББМЗ-өөс баталсан хөтөлбөрийн агуулгаар зохион байгуулсан сургалтад хамрагдаж сертификат авсан байна;
1.3.Тусгай дунд мэргэжлээр 1985 он, түүнээс өмнө төгссөн нягтлан бодогчид мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллаж, НББММЗ-өөс баталсан хөтөлбөрийн агуулгаар зохион байгуулсан сургалтанд хамрагдаж, сертификат авсан байна;
1.4.Эдийн засгийн чиглэлээр төгссөн боловч нягтлан бодогчоор тасралтгүй 10-аас дээш жил ажилласан нягтлан бодогчид НББМЗ-өөс баталсан хөтөлбөрийн агуулгаар зохион байгуулсан сургалтанд хамрагдаж сертификат авсан байна;
1.5.Шалгалтад орох нягтлан бодогчид их, дээд сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн бакалавар зэрэглэлээр төгссөнөөс хойш аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлээрээ хоёр жилээс /24 сар/ доошгүй хугацаанд бүтэн /өвчтэй, чөлөөтэй байсан хугацаа энд орохгүй/ үр бүтээлтэй, ёс зүйн зөрчилгүй ажилласан байна. Ёс зүйн зөрчилгүй ажилласан эсэхийг ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын болон харьяалдаг аймаг, нийслэл, дүүргийн санхүү, татварын байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ;
1.6.Гадаад оронд нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн гадаадын иргэн Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болохыг хүсвэл Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
2.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох хүмүүсийг бүртгэх ажиллагааг шалгалт эхлэхээс 48 цагийн өмнө тасалбар болгоно;
3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөхийг хүсч өргөдөл гаргагчид бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Шалгалтад орохыг хүссэн өргөдөл
- Анкет
- Ажилладаг байгууллагын тодорхойлолт
- Харьяалах санхүү, татварын албаны тодорхойлолт
- Төгссөн сургуулийн диплом, нотариатаар батлуулсан хуулбарын хамт
- Шалгалтын төлбөр
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- 3 хувь зураг
- Нийгмийн даатгалын дэвтэр
Гурав. Шалгалтын зохион байгуулалт
1.Улаанбаатар хотод явагдах шалгалтын хугацааг НББМЗ-өөс шалгалт эхлэхээс нэг сарын өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтэд зарлана. Орон нутагт явагдах шалгалтыг тухайн аймаг, хотын Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн санал, захиалгыг үндэслэн НББМЗ-өөс тогтоосон хуваарийн дагуу явуулна.
2.Шалгалтад орох хүмүүсийн бүртгэлийг баталсан маягтын дагуу нийслэлд НББМЗ-ийн нарийн бичгийн дарга, орон нутагт аймаг, хотын Засаг даргын тамгын газрын санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн зохион байгуулан хийнэ.
3.Албан ёсоор бүсчилж зохион байгуулахаас бусад тохиолдолд байнга оршин сууж амьдардаг хот, аймаг, орон нутагтаа шалгалт өгнө.
4.Шалгалт өгснөөс хойш 6 сарын дараа дахин шалгалт өгөхийг зөвшөөрнө. 2.3-д заасан материал бүрдүүлсэн орон нутгийн хүмүүс, хүсвэл Улаанбаатар хот болон бусад аймагт шалгалт өгч болно.
5.Шалгалт дууссанаас хойш Улаанбаатарт 5, орон нутагт 14 хоногийн дотор шалгалтын дүнг нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Мэргэшсэн нягтлан бодогчийн
эрх сунгах, эрх хүчинтэйд тооцох
1. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг эхний удаад 2 жилээр олгож, дараагийн шатны зохих шалгалтуудад тэнцэж, ёс зүйн зөрчил гаргаагүй нөхцөлд 5 жилээр эрхийг сунгах ба эцэст нь зохих шалгуурыг хангасан бол хугацаагүй олгоно.
2.Мэргэшсэн нягтлан бодогч эрх сунгах шалгалтад орохдоо дараахь төрлийн хичээлүүдийг судалж, мэдлэг чадварыг эзэмшсэн байх ёстой. Үүнд:
А/ Мэргэшсэн нягтлан бодогчийн 2 жилийн эрх авсан хүмүүс доорхи хичээл судална:
Эхний жилд: - Санхүүгийн бүртгэл
- Зардал, удирдлагын бүртгэл
Хоёр дахь жилд: - Аудит
- Аудитын дадлага
Б/ Мэргэшсэн нягтлан бодогчийн 5 жилийн эрх авсан хүмүүс доорхи хичээлийг судална:
Хоёр дахь жилд: - Удирдлагын зөвлөгөө өгөх үйлчилгээ
- Бүртгэл мэдээллийн систем
Тав дахь жилд: - Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, аудитын олон улсын стандарт
- Хууль эрх зүй
3.Энэ журмын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ээлжит сургалт, шалгалтад тогтоосон хугацаанд орж тэнцсэн мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчинтэйд тооцно. Ээлжит сургалт, шалгалтанд хүндэтгэх шалтгаангүй ороогүй мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг дуусгавар болсонд тооцно.
4.Энэ журмын 4 дүгээр зүйлийн 2-т заасан сургалттай тэнцэх хэмжээний курс ба сургалтанд орсон мэргэшсэн нягтлан бодогч тус сургалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болох бөгөөд түүнийг НББМЗ-ийн гишүүд шийдвэрлэнэ. Сургалтаас чөлөөлөгдсөн хүмүүс шалгалтгаас чөлөөлөгдөхгүй.
5.Энэ журмын 4.2 дахь хэсэгт дурдсан хичээлийн хөтөлбөрийг хангаагүй буюу эрх сунгалтын шалгалтад 80-аас дээш оноо авч чадаагүй мэргэшсэн нягтлан бодогчийн суралцах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
6.Энэ журмын 4 дүгээр зүйлийн 5-д заасан суралцах хугацаа нь сунгагдсан мэргэшсэн нягтлан бодогч тухайн хичээлээр дахин шалгалт өгч амжилтгүй дүн үзүүлбэл эрхийг нь хүчингүй болгоно.
1. Тодорхой түвшний шалгалтын төрөл, үргэлжлэх хугацаа:
Шалгалтын төрлүүд
|
Үргэлжлэх хугацаа
|
А.Эрх олгох шалгалтад
|
|
1.НББ-ийн онол
|
3.5 цаг
|
2.НББ-ийн дадлага
|
7.0 цаг
|
3.Аудит
|
3.5 цаг
|
4.Хууль эрх зүй
|
3.5 цаг
|
Б. Эрх сунгах шалгалтад
|
|
1. Санхүү бүртгэл
|
3.5 цаг
|
2. Удирдлага, зардлын бүртгэл
|
3.5 цаг
|
3. Аудит
|
3.5 цаг
|
4. Аудитын дадлага
|
3.5 цаг
|
5. Удирдлагын зөвлөгөө өгөх үйлчилгээ
|
3.5 цаг
|
6. Бүртгэл мэдээллийн систем
|
3.5 цаг
|
7. НББОУС, АУОС
|
3.5 цаг
|
8. Хууль эрх зүй
|
3.5 цаг
|
2.Нийт шалгалтын нийлбэрээр дундаж оноо 80-аас дээш тохиолдолд тэнцэнэ, гэхдээ нэг шалгалтын хамгийн бага оноо 70-аас доошгүй байна.
3.5.2-д заасан шаардлагыг хангаагүй боловч 80-аас доошгүй оноо авсан шалгалт хөнгөлөлт эдлэх ба энэ нь нэг жилийн дотор хүчинтэй байна.
4.Шалгуулагчдын шалгалтын материал зургаан сарын турш хадгалагдана.
5.Шалгалтын дүн дээр маргаантай асуудал гарвал Мэргэжлийн зөвлөлөөс комисс томилж шийдвэрлүүлнэ. Энэ комиссын шийдвэр эцсийн шийдвэр байна.
Зургаа. Шалгуулагчдын мөрдөх зүйлс
1.Шалгуулагчид шалгалт эхлэхээс 20 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын тест задлаж, шалгалт эхэлснээс хойш шалгуулагчийг шалгалтын танхимд оруулахгүй.
2.Шалгуулагч нарт бүртгэлийн дугаар, зураг бүхий энгэрийн тэмдэг тараах ба уг тэмдгийн арын дугаараар суудалд сууна. Суудлын дугаарыг өдөр бүр өөрчилнө.
3.Хариултыг тусгайлан бэлдсэн хуудсанд бөглөх ба шалгуулагч өөрийн нэр, суудлын дугаар, бүртгэлийн дугаар зэрэг ямар нэгэн тэмдэглэлийг шалгалтын хуудас дээр бичихийг хориглоно.
4.Бүх хариултыг зөвхөн хар ба хөх нэг өнгийн бэхээр /тосон бал/ бичнэ.
5.Алдааг засварлахдаа дээгүүр нь дарж зурах буюу штрих хэрэглэнэ.
6.Шалгалтын хуудсыг бөглөж дууссаны дараа энгэрийн тэмдгийн хамт ширээн дээрээ орхих ба харин шалгалтын материалыг шалгагч багшид заавал хураалгаж шалгалтын өрөөнөөс гарна.
7.Дадлагын шалгалтнаас бусад шалгалтын явцад шалгуулагчдыг танхимаас гарахыг зөвшөөрөхгүй. Хэрэв аргагүй гарах шалтгаан гарвал шалгалтын танхимд буцаж орох эрхгүй. Дадлагын шалгалтын дундуур зайлшгүй гарах шаардлага гарсан гэж шалгагч багш үзвэл заавал шалгагч багшийн хамт гарна.
Долоо. Шалгалтад авч ирэхийг хориглох зүйлс
1.Шалгалтын танхимд дараахь зүйлийг авч орохыг хориглоно. Үүнд:
- Гар утас, чихэвч, пейжер зэрэг холбооны хэрэгсэл;
- Ноорог цаас, ном сурах бичиг лекц, дадлагын хичээлийн тэмдэглэл болон тусгайлан бэлтгэсэн материал;
- Гадуур хувцас, том цүнх;
- Жижиг компьютер, программчлагдсан тооны машин.
Найм. Шалгалтад хангалтгүй үнэлгээ авсанд тооцох нөхцөл
1.Энэ журмыг 7 дугаар зүйлд заасан шалгалтад авч ирэхийг хориглох зүйлсийг авчирч ашиглахыг оролдох.
2.Шалгалтын дундуур гар утсаар ярих, мессеж бичих, бусад шалгуулагчидтай харилцах оролдлого гаргах.
3.Лекц, тэмдэглэл аливаа материалыг нууж авч орох, ил гаргах, харахыг оролдох.
4.Шалгалтын материал, шалгалтын хуудсан дээр шалгуулагч өөрийн нэр, суудлын дугаар, бүртгэлийн дугаар зэрэг ямар нэгэн тэмдэглэлийг бичих.
5.Шалгалтын материал дээр зөвшөөрөгдсөнөөс өөр бэх, харандаа хэрэглэх, өнгө хольж бичих.
Ес. Шалгалтын комиссын мөрдөх зүйл
1. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах комиссын гишүүдийг шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө НББМЗ-өөс томилно.
2.Шалгалтын комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд СЭЗЯ-ны НБББАЗХ-ийн газрын ажилтнууд, НББМ Зөвлөлийн гишүүд, НББМЗ, ММНБИ-ын ажилтнууд, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх бүхий мэргэжлийн багш нараас томилно.
3.Шалгалтын комиссын гишүүдийн гүйцэтгэх ажил үүрэг болон шалгалтын материалыг шифрлэх, засах хуваарийг шалгалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга нар зохион байгуулна.
4.Шалгалт авах комиссын гишүүд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байранд ирж шалгалт авах бэлтгэлийг хангасан байх ёстой.
5. Шалгалт эхлэхэд комиссын гишүүд шалгалтын тестийн битүүмжлэлийг шалгуулагчдаар магадлуулж задлана.
6.Шалгалтын комиссын гишүүд нь шалгуулагчид хоорондоо харилцах, ямар нэгэн холбооны хэрэгсэл ашиглах, материал хуулах зэрэг зөрчил гаргуулахгүйгээр шалгалтыг хянана. Зөрчил гаргасан шалгуулагчийг протоколд тэмдэглэн шалгалтын танхимаас гаргах эрхтэй.
7.Шалгалтын комиссын гишүүд шалгалтын тесттэй холбогдох асуудлыг нийтийн өмнө тодруулахаас өөрөөр шалгуулагчидтай харилцахыг хориглоно.
8.Шалгалтын цаг дууссаны дараа шалгалтын материалыг кодлож, протокол хөтлөн шалгалтын тестээс тусад нь битүүмжилнэ. Шалгалтын тест дутаасан тохиолдолд тестийг шинээр боловсруулах зардлыг шалгалтын комиссын гишүүн хариуцна.
9.Битүүмжилсэн шалгалтын материалыг НББМ Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргад шалгалтын комиссын гишүүд өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
10.Шалгалтын нэгдсэн дүнг комиссын гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
Арав. Шалгалт, сургалтын төлбөр
1. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах сургалт, шалгалтын төлбөрийг НББМЗ тогтооно.
2. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт, шалгалтын төлбөрийг шалгуулагч өөрөө буюу эсвэл ажилладаг байгууллага хариуцна.
3. Мэргэшсэн нягтлан бодогчийн давтан сургалтын төлбөрийг түүний ажилладаг байгууллага нь хариуцна.
---о0о---
Текст томруулах
A
A
A