- Нүүр
- Сайдын тушаал
- ТАТВАРЫН ӨРИЙГ “МЭДЭГДЭХ ХУУДАС”-ААР ХУРААН БАРАГДУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
272 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ТАТВАРЫН ӨРИЙГ "МЭДЭГДЭХ ХУУДАС"-ААР ХУРААН БАРАГДУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Татвар төлөгчийн өөрөө тодорхойлон, ногдуулсан татвар болон татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан татвар, торгууль, шийдвэр /маргаантайн улмаас татвар төлөгч гомдол гаргасан актнаас бусад/-ийг хуулийн хугацаанд төлөөгүй татвар төлөгчид "Татвар ногдуулалт, төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай хууль"-ийн 18 дугаар зүйлд зааснаар "Мэдэгдэх хуудас" гардуулан, түүний дагуу татварыг хураан барагдуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журмыг төв, орон нутгийн татварын болон арилжааны банкны байгууллагууд, татвар төлөгчид дагаж мөрдөнө.
Хоёр. Мэдэгдэх хуудас гардуулах үйл ажиллагаа
2.1.Татварын алба нь хуулийн хугацаанд татвараа төлөөгүй татвар төлөгчдөд "мэдэгдэх хуудас" болон "татварын төлбөрийн даалгавар" гардуулна.
2.2.Татвар төлөгч нь "Татварын ерөнхий хууль"-ийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль" –ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ хуулийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас татвар төлөгчдөд татвар төлүүлэх тухай "Мэдэгдэх хуудас" гардуулж, тодорхойлолтын хэсэгт тэмдэглэнэ. Татвар төлөгч нь мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан татвараа төлнө.
2.3.Татварын алба, татварын улсын байцаагч "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар татварын ногдлыг тодорхойлсон тохиолдолд уг хуулийн 20.1.1-д заасны дагуу акт үйлдэж татвар төлөгчид гардуулна. Татвар төлөгч нь дээрх актыг гардаж авснаас хойш ажлын 15 хоногт багтаан татварыг төлнө.
2.4."Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль"-ийн 20.1.2-д заасны дагуу татварын алба, татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, хүү, торгуулийг татвар төлөгч ажлын 10 хоногт багтаан төлнө.
2.5.Татвар төлөгч нь энэхүү журмын 2.3 болон 2.4-т заасан хугацаанд актаар тогтоосон татвар, хүү, торгууль төлөх үүргээ биелүүлээгүй бол татварын алба, татварын улсын байцаагч "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар татвар төлөгчид "Мэдэгдэх хуудас" гардуулан тодорхойлолтын хэсэгт тэмдэглэх ба татвар төлөгч нь мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан татвараа төлнө.
2.6.Татварын алба, татварын улсын байцаагч энэ журмын 2.1 болон 2.4-д зааснаар "Мэдэгдэх хуудас"-ыг татвар төлөгчид гардуулан энэ тухай тодорхойлолтын хэсэгт тэмдэглэсэн өдрөөс эхлэн энэхүү журмын 2.1, 2.2, 2.3-д заасан хугацааг тоолж эхэлнэ. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчид актыг танилцуулахдаа хэрэв татварын алба, татварын улсын байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн шатны Татварын маргаан таслах зөвлөлд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэнэ.
2.7.Татвар төлөгч нь энэхүү журмын 2.1 болон 2.4-д заасан хугацаанд татвар, хүү, торгуулиа бодит шалтгааны улмаас төлж чадаагүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгана. Ингэхдээ татварын өрийг барагдуулах хуваарийг тохиролцож, тушаалаар батална.
2.8."Мэдэгдэх хуудас"-аар татварын өрийг барагдуулах үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэрийг татвар хураалтын хэлтэс, тасгийн дарга гаргах бөгөөд "Мэдэгдэх хуудас"-нд гарын үсэг зурж, тэмдэг дарагдсанаар хүчин төгөлдөр болно.
2.9.Татвар төлөгчид гардуулах "Мэдэгдэх хуудас" нь "татварын өрийн бүртгэлийн мэдээллийн сан"-аас хэвлэгдэн гарах бөгөөд "Мэдэгдэх хуудас" бүр нь дугаарлагдсан байна.
2.10. "Мэдэгдэх хуудас"-ыг татвар төлөгчид гардуулахдаа энэ хуудсанд заагдсан татвар, хүү, торгуулийг ажлын 10 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль"-ийн 23 дугаар зүйл, "Банкны тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, Монгол улсын Дээд шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 100 тоот тайлбар"-ын дагуу татварыг түүний банкин дахь мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх болно гэдгийг танилцуулж, танилцуулсан тухай тэмдэглэгээг "тодорхойлолт"-ын хэсэгт үйлдэж, татвар төлөгчөөр гарын үсэг зуруулна.
Гурав. Мэдэгдэх хуудасны дагуу татварын төлбөрийг
барагдуулах үйл ажиллагаа
3.1.Татвар төлөгч нь татварын албанаас хүлээн авсан "Мэдэгдэх хуудас"-ны дагуу татвараа төлөх бөгөөд арилжааны банкны зүгээс "Татварын төлбөрийн даалгавар"-аар холбогдох гүйлгээг хийж гүйцэтгэнэ.
3.2.Татвар төлөгчид гардуулах "Мэдэгдэх хуудас" /маягт ТА 20.1/ нь дараахь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
-Танилцуулах хэсэг
-Татварын төлбөрийн даалгавар
3.3. "Татварын төлбөрийн даалгавар" нь тухайн татвар төлөгчийн гүйлгээ хийх харилцагч банкны тоо болон татварын төлбөрийг хэсэгчлэн хийх боломжоос шалтгаалан бичигдэнэ.
3.4.Татвар төлөгч "Татварын төлбөрийн даалгавар"-аар төлөгдөх татварын ногдлыг хэсэгчлэн төлөх тохиолдолд тус төлбөрийн даалгаврын утга хэсэгт бичигдсэн татварын төрлүүдээс төлөх татварын төрлийг сонгож, өмнөх нүдэнд (x) тэмдэглэгээ үйлдэнэ.
3.5. Банкны байгууллага нь татвар төлөгчөөс ирүүлсэн "Татварын төлбөрийн даалгавар"–ыг банкны гүйлгээнд ашиглагддаг "Төлбөрийн даалгавар"-ын маягттай адилтган авч үзэн, түүний дагуу гүйлгээг хийнэ.
3.6. Татварын алба нь банкнаас ирүүлэх төсвийн орлогын дансны хуулга, татварын төлбөрийн даалгаврыг үндэслэн "Мэдэгдэх хуудас"-аар төлөгдсөн татвар төлөлтийн бүртгэлийг хөтлөх бөгөөд мөн мэдэгдэх хуудасны дугаарын дагуу түүний олголтын бүртгэлийг хааж хөтөлнө.
Текст томруулах
A
A
A