- Нүүр
- Сайдын тушаал
- ТАТВАРЫН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БАНКИН ДАХЬ ХӨРӨНГӨНӨӨС ҮЛ МАРГАХ ЖУРМААР ГАРГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
272 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ТАТВАРЫН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БАНКИН ДАХЬ ХӨРӨНГӨНӨӨС ҮЛ МАРГАХ ЖУРМААР ГАРГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1."Татварын ерөнхий хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль"-ийн 23 дугаар зүйл, "Банкны тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 100 тоот тогтоолоор батлагдсан тайлбарын 1.1.5-т заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг гүйцэтгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2."Төлөөгүй татвар болон нөхөн татвар, хүү, торгуулийг аж ахуйн нэгж, байгууллагаас үл маргах журмаар гаргуулна" гэдгийг Улсын дээд шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 100 тоот тогтоолоор батлагдсан тайлбарын 1.1.5-д заасны дагуу ойлгоно.
1.3.Татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөнөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг гүйцэтгэх урьдчилсан нөхцөл нь татварын албаны зүгээс татварын өрийг барагдуулах талаар "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль"-ийн дагуу шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар татвар төлөгч нь татварын өрийг сайн дураараа гүйцэтгэх боломжийг хангуулах явдал байна.
Хоёр. Үл маргах журмаар татварын төлбөрийг
барагдуулах үйл ажиллагааг гүйцэтгэх урьдчилсан
нөхцөлийг хангуулах үйл ажиллагаа
2.1.Татварын алба нь "Татварын өрийг "Мэдэгдэх хуудас"-аар хураан барагдуулах тухай журам"-ын дагуу татвар төлөгчид хуулийн хугацаанд төлөөгүй татвараа төлөх тухай "Мэдэгдэх хуудас" гардуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан татварын өрийг барагдуулахгүй бол үл маргах журмаар барагдуулах арга хэмжээ авах талаар танилцуулж, энэ тухай "Тодорхойлолт" үйлдэн, татвар төлөгчөөр гарын үсэг зуруулсан байна.
2.2."Тодорхойлолт" үйлдсэн өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд татварын алба "Мэдэгдэх хуудас" /Маягт ТА 20.2/ үйлдэн, татвар төлөгчийн гарын үсэг зурсан тодорхойлолтын хамт "Татварын өрийг үл маргах журмаар барагдуулах" ажиллагааг хэрэгжүүлэхээр татвар төлөгчийн харилцагч банкинд хүргүүлнэ.
2.3.Татварын албанаас банкинд хүргүүлэх "Мэдэгдэх хуудас"-нд Үндэсний татварын ерөнхий газарт Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газрын дарга, Улаанбаатар хотод Нийслэлийн татварын газрын дарга, аймаг, суманд Аймгийн татварын хэлтсийн дарга гарын үсэг зурж, албаны тэмдэг дарах ба энэ нь татвар төлөгчийн гарын үсэг зурсан "Тодорхойлолт"-ын хамт "Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах" үндэслэл болно.
2.4."Мэдэгдэх хуудас" /Маягт ТА 20.2/ нь дараахь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
· Танилцуулгын хэсэг;
· Татварын өрийн тооцоо.
Гурав. Үл маргах журмаар татварын
өрийг барагдуулах үйл ажиллагаа
3.1.Татварын албанаас ирүүлсэн "Мэдэгдэх хуудас", "Тодорхойлолт"-ыг үндэслэн банк нь харилцагчийн данснаас мэдэгдэх хуудсанд заасан татварын төлбөрийн тооцооны дарааллын дагуу татварын өрийг барагдуулах гүйлгээг түүний зөвшөөрлийг авахгүйгээр хийж гүйцэтгэнэ.
3.2. Банк нь энэ журмын 3.1-д дурдсан гүйлгээг хийж гүйцэтгэсэн баримт /инкасс, мемориал/-д тодорхойлолтын дугаар, төлбөр хийгдсэн татварын төрлийг заавал тусгаж, үл маргах журмаар төлбөр хийгдсэн болох тэмдэглэгээг үйлдэнэ.
3.3. Энэ журмын 3.1-д дурдсан гүйлгээг хийж гүйцэтгэхэд татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд банк нь "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих тухай хууль"-ийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар харилцагчийн дансны зарлагын гүйлгээг зогсоон, энэ тухай харилцагчид мэдэгдэнэ.
3.4. Энэ журмын 3.3-д зааснаар татвар төлөгчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох ажиллагаа хийгдсэн тохиолдолд татвар төлөгч нь харилцагч татварын албанд хандаж, асуудлаа шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Үл маргах журмаар татварын
өрийг барагдуулах үйл ажиллагааг цуцлах
4.1. Татвар төлөгч татварын өрийг барагдуулсан, тухайн татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, татвар төлөгч нас барсан зэргээр татвар төлөгчийн татварын өрийг барагдуулах үүрэг дуусгавар болсон тохиолдолд "Татварын төлбөрийг үл маргах журмаар барагдуулах тухай" шийдвэрийг "Мэдэгдэх хуудас"-ыг үйлдсэн татварын албаны дарга хүчингүй болгох бөгөөд мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон тухай албан тоот үйлдэн, банкинд хүргүүлнэ.
4.2. Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон тухай татварын албаны албан бичигт Үндэсний татварын ерөнхий газарт Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газрын дарга, Улаанбаатар хотод Нийслэлийн татварын газрын дарга, аймаг, суманд Аймгийн татварын хэлтсийн дарга гарын үсэг зурсан байх ба энэхүү албан бичгийг үндэслэн банк нь харилцагчийн данснаас татварын өрийг гаргуулах гүйлгээг зөвшөөрөлгүй хийх болон харилцагчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох ажиллагааг дуусгавар болгоно.
Тав. Үл маргах журмаар татварын өрийг барагдуулж
байгаа үйл ажиллагааны бүртгэл хөтлөх, хяналт тавих
5.1.Банкинд хүргүүлэх "Мэдэгдэх хуудас" маягтыг "Татвар төлөгчийн өрийн бүртгэлийн мэдээллийн сан"-д бүртгэсний үндсэн дээр олгох бөгөөд мэдэгдэх хуудасны дагуу хийгдсэн төлбөр нь банкнаас ирүүлэх төсвийн орлогын дансны баримтын дагуу "Татвар төлөлтийн бүртгэлийн мэдээллийн сан"-д бүртгэгдэнэ. Мөн мэдэгдэх хуудсыг цуцалсан тухай бүртгэлийг хөтөлнө.
5.2.Банкинд хүргүүлсэн "Мэдэгдэх хуудас"-ны дагуу татварын өр барагдаж байгаа эсэхэд татварын алба, холбогдох ажилтнууд байнгын хяналт тавьж ажиллах бөгөөд барагдахгүй байгаа тохиолдолд шалтгааныг тодруулан гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ Текст томруулах
A
A
A