- Нүүр
- Сайдын тушаал
- ХИМИЙН БОДИСЫН ХАЯГДАЛЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛГҮЙГЭЭР ЦУГЛУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ ТЕХНОЛОГИЙН АРГАЧИЛСАН ЗААВАР
Байгаль орчнысайд, Эрүүл мэндийнсайдын 2003 оны
126/171 дүгээр хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
ХИМИЙН БОДИСЫН ХАЯГДАЛЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛГҮЙГЭЭР ЦУГЛУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ ТЕХНОЛОГИЙН АРГАЧИЛСАН ЗААВАР
1.1. "Химийн бодисын хаягдал /цаашид "хаягдал" гэнэ/-ыг байгаль орчинд халгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах технологийн аргачилсан заавар" нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан "Аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байрлуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам"-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тухайн төрлийн химийн бодисын хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны ерөнхий аргачлал болно.
1.2. Аргачилал зааврыг боловсруулахдаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталсан "Химийн бодисыг аюулгүй хэрэглэх талаархи 170 дугаар конивенц" болон "Химийн бодисыг аюулгүй хэрэглэх талаархи 177 дугаар зөвлөмж"-д заасан химийн бодисын хаягдлыг зайлуулах, устгах ерөнхий аргачлал, зөвлөмжийг үндэслэл болгоно.
1.3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үйлчилгээний явцад ялгарах хэрэгцээний шаардлага хангахгүй болсон химийн бодис, тэдгээрийн үлдэгдэл бүхий хоосон сав суулга зэрэг хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устган зайлуулахад энэ зааврыг удирдлага болгоно.
1.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хаягдлаа байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүйгээр төрөлжүүүлэн цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах цэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
2.1. Хаягдлыг тухайн байршил, ажлын байранд химийн бодис бүрийн хаягдлыг холихгүйгээр зориулалтын савтай нь тус тусад нь нэр, хаяг шошготойгоор тусгай байр, агуулахад цуглуулна.
2.2. Хамт хадгалж болдоггүй бодисуудын хаягдлыг нэг өрөөнд цуглуулан байрлуулж хэрхэвч болохгүй.
2.3. Хаягдлыг ил задгай, харуул хамгаалалтгүй газар цуглуулж үл болно.
2.4. Хаягдлыг зайлуулах, дахин боловсруулах, устгах нөхцөл бүрдээгүй тохиолдолд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор аюул учруулахгүйн тулд тодорхой хугацаагаар хадгалахдаа дараахь зааврыг баримталбал зохино. Үүнд:
-ямар бодисын хаягдал болох тухай шошго, хаяг, хэмжээг тодорхой бичих;
-хоорондоо урвалд орох, үл зохицолдож болзошгүй бодисуудын хаягдлыг хамт хадгалахыг цээрлэх;
-хаягдал хадгалж байгаа байрлалын ойролцоо түүнд тохиромжгүй үйл ажиллагаа явуулж болохгүй;
-хаягдлын сав нь зэвэрдэггүй, цоорхойгүй, бат бөх, тухайн бодисыг хадгалах зориулалтын материалаар хийгдсэн байх.
4.4. Бусад ангиллын бодисын хаягдлыг химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах тухайн шатны салбар зөвлөлийн дүгнэлт, нийслэл, аймгийн Засаг даргын зөвшөөрөлөөр устгана.
4.5. Хаягдал устгах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дор дурдсан материал бүрдүүлж химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зохих шатны зөвлөлд хүсэлт гаргана:
а/ устгал хийх тухай хүсэлт;
б/ устгалд орох бодисын жагсаалт;
в/ устгах бодисын овор хэмжээ, төлөв байдал.
4.6. Хаягдал зайлуулах, устгал хийхэд шаардагдах зардлыг хаягдал гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
4.7. Хаягдал хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчийн хяналтын дор зөвхөн зориулалтын цэг, талбайд устгана.
4.8. Химийн бодисыг сав баглаа боодолтой нь хамт устгал хийхийг хориглоно.
4.9. Зохих шаардлагын дагуу саармагжуулаагүй, хоргүйжүүлээгүй, хортой, аюултай бодисын хаягдлыг хөрс, ус, агаар, цэвэр, бохир усны системд хаяж, устгаж хэрхэвч болохгүй.
4.10. Хортой, аюултай бодисын сав баглаа боодлыг хоргүйжүүлэн устгана.
4.11. Хаягдал устгах ажилд оролцож байгаа бүрэлдэхүүн нь аюулгүй ажиллагааны заавар болон тухайн бодисыг устгах талаар зохих мэдлэгтэй, хамгаалах хэрэгслээр хангагдсан байна.
4.12. Хаягдлыг устгах үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага болон химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах тухайн шатны салбар зөвлөл хяналт тавьж ажиллана.
Тав. Хаягдал устгах цэг, талбайг байгуулах
5.1. Хаягдал устгах цэг, талбай байгуулах газрын байрлалыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу тогтооно.
5.2. Хаягдал устгах цэг нь бороо, цасны ус зайлуулах тусгай хамгаалалт бүхий суваг шуудуутай байна.
5.3. Хаягдал устгах цэг нь булах, шатах, ууршуулах, тэсрэмтгий хаягдал устгах зориулалтын байгууламж бүхий тусгай хэсгүүдээс бүрдэх бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангасан байна. Хэсэг бүр нь хаягтай байна.
5.3.1. Булж устгах хэсэг нь 1.5-2 метрээс багагүй гүнтэй, 2-3 ээлжийн нүх ухаж бэлтгэнэ.
Нүхний ам таглаатай байна. Шаардлагатай бол хаягдлыг булахын өмнө хоргүйжүүлэн саармагжуулах тусгай бодис бэлдмэл хэрэглэх буюу тусгаарлагч зориулалтын хальсан бүрхүүл, цементэн доторлогоо эсвэл эрүүл шороо, элс, ус баригч шавар зэргээр хаягдлын ул болон дээд хэсгийг нягтрулан өнгөлж нүхний амыг таглана.
5.3.2. Шатааж устгах цэг нь хаягдлыг шатаах цементэн болон ширэм хайлуулагч эсвэл өөр төрлийн зуух байна. Шатаах зуух нь гаднаас шаталтыг дэмжих хийг оруулах зохион байгуулалттай байх нь зохилтой .
5.3.3.Хаягдлыг ууршуулах хэсэг нь эргэн тойронд нь хаалт, хашлага бүхий зориулалтын ууршуулах байгууламжийг хаягдал бодисыг урсгахгүйн тулд газар ухаж суурилуулсан байна.
5.3.4. Тэсрэмтгий бодисын хаягдал устгах хэсэг нь бодисын овор, хаягдлын төрлөөс хамааран 1,5-2 метр ба түүнээс цааш гүнтэй ухаж, хамгаалах хаалт, далантай зориулалтын техник хэрэгсэл бүхий байгууламж байна.
5.4. Хаягдал устгах цэг талбайд газрын доорхи усны бохирдлыг хянах хяналтын худгуудтай байна.
5.5. Хаягдал устгах цэг талбайн ашиглаж дууссан хэсгийг хүн, мал, амьтан орохооргүй хашлага хаалт /тор татаж/ хийж, харуул хамгаалалттай байх ба тэмдэг , анхааруулга, санамж тавина.
Зургаа. Хаягдлыг устгах аргууд
6.1. Хаягдлыг устгахад "Аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байрлуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам"-д заасан нийтлэг аргуудаас тухайн бодисын шинж чанарт нь зохицуулан хэрэглэнэ.
6.2. Олон улсын хэмжээнд химийн бодисыг худалдаалахдаа түүний хор, аюулын тухай танилцуулах хуудсыг заавал дагалдуулдаг журамтай бөгөөд түүнд тухайн бодисын хаягдал, үлдэглийг хэрхэн хоргүйжүүлэн саармагжуулах, устгах заавар тусгагдсан байдаг тул зөвлөмж болгосон аргаар устгал хийнэ.
6.3. Хаягдлын онцлог шинж чанараас хамааран түүнийг зайлуулах олон арга байдаг. Үүнээс химийн хорт бодисын олон улсын бүртгэлд орсон зургаан үндсэн аргыг дор дурдав.
6.3.1 Булах арга
Химийн бодисын хаягдлыг төрөлжүүлэн ялгаж, экологийн шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангасан нөхцөлд булах аргаар устгаж болно.
Дараахь шинж чанартай бодисын хаягдлыг булах аргаар устгаж болохгүй:
-шатамхай шингэн ;
-исэлдүүлэгч бодис;
-цохилт доргилтод тэсрэх бодис;
-хурц үнэртэй бодис;
-ууршимтгай бодис;
-ус, хүчил, шүлттэй амархан урвалд орж хий болон аюултай уусмал үүсэх бодис
-концентрацтай хүчил, шүлтийн уусмал
6.3.2. Шатаах арга /дулаанаар задлах/
Хаягдлын шинж чанараас хамааруулан шатаагч зууханд шатаах, шатдаг хийгээр үлээлгэж өндөр хэмд болон бага хэмд шатаах, ил шатаах, шатамхай бодис ашиглан бойлорт шатаах зэрэг аргыг хэрэглэн устгаж болно.
Хаягдал бодисыг шатаахдаа дараахь хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
Зураг төслийн дагуу барьсан шатаах төхөөрмжид органик хаягдлыг шатаахдаа зуухны хэмийг 750-12000С байхаар тохируулга хийн, хүчилтөрөгчийг хангалттай өгөх шаардлагатай. Хот суурингийн хаягдлыг 750-8500С-ын хэмд 0,5 секунд орчим, үйлдвэрийн галд тэсвэргүй хаягдлыг 10000С-д 1 секунд, үйлдвэрийн галд тэсвэртэй хаягдлыг 12000С-д 2 секунд буюу түүнээс дээш хугацаанд шатаана. Гүйцэт болон дутуу шатсан органик бодис нь өмнөхөөсөө илүү хортой байж болно. Жишээлбэл Галоген агуулсан бодисыг органик бодистой хольж шатааснаас хлор, фторын галогент устөрөгчтэй нэгдэл, бромт органик болон бром, иодын чөлөөт комплекс галогент нэгдлийг үүсгэдэг учир шатааж буй хаягдлын найрлага, шинж чанарыг маш сайн мэдэж байж шатаах нь зүйтэй.
Ароматик хлорт нэгдлүүд нь дутуу шатаж онцгой хортой бодис болох полихлорт дибензо-диоксин, полихлорт дибензо фураныг үүсгэдэг бөгөөд эдгээр нэгдлийг үүсгэхээс дэлхий нийтээр татгалзаж олон улсын конвенцид нэгдэн тэмцэж эхэллээ. Иймд удаан задардаг органик бодис /полихлорбифенил гэх мэт/-уудын хаягдлыг шатаахдаа маш болгоомжтой хандаж, үүнтэй адил дутуу шаталт хэдиид ч тохиолдож болзошгүйг анхаарч олон улсад хэрэглэж буй хамгийн сайн арга, технологи, тэргүүний туршлагыг сонговол зохино.
Хүхэр болон фосфор органик нэгдлийг шатаахад хүхрийн давхар исэл, эсвэл хүхрийн болон фосфорын тавч ислийг үүсгэдэг. Эдгээр бодисууд нь бүгдээрээ маш аюултай найрлагатай бөгөөд үхэлд хүргэдгийг мартаж болохгүй.
Цементэн болон ширэм хайлуулагч эсвэл өөр төрлийн металл зууханд ямар ч органик бодисыг бага хэмжээгээр шатааж болно. Шаталтыг явуулахдаа зууханд үүссэн бодисыг агаарт аль болохоор ууршуулахгүй байх талаар анхаарах хэрэгтэй.
Зарим бага зэрэг хаягдлыг тохиромжтой газарт ил шатааж болно. Харин ингэж шатаахдаа хүн ам оршин суудаг газрын эсрэг чиглэсэн салхитай үеийг сонгоно. Энд анхаарах нэг зүйл бол ил задгай шаталтын үед хортой бодисууд ялгардаг тул хаягдлаас ямар хортой бодис үүсч болох шинж чанарыг урьдчилан сайн судалсан байх шаардлагатай.
Хаягдлыг хялбар авалцах шатахуунтай хольж шатаах тохиолдолд бензинтэй холино. Хэрэв хаягдал нь өөрөө шингэн бодис эсвэл амархан шатах бодисыг шингээсэн тохиолдолд шатаах зуух руу шууд хийж шатаана. Шатаагч бодис нь өөрөө хатуу бол шатаах хаягдал нь бас хатуу байх ёстой. Шатаагч бодисыг нүүрстөргч, устөрөгч, хүчилтөрөгч агуулсан хаягдалд хэрэглэхгүй. Шатамхай биш, хүнд металл, тэсрэх бодис болон шаталтын үр дүнд хортой, аюултай бодис ялгарах бодисыг шатаах аргаар устгаж болохгүй.
6.3.3.Хаягдлыг физик химийн аргаар боловсруулах
Хаягдлыг тундасжуулан саармагжуулах, химийн исэлдэх урвалд оруулах, хүчил, шүлтийн гидролизэд оруулах, адсорци /абсорбци, шингээх/-лох нягтруулах замаар хоргүйжүүлж болно.
Физик, химийн арга нь нийлтлэг биш бөгөөд энэ аргад дараахь хүчин зүйлийг анхаарна.
Химийн аргыг ашиглахдаа түүний талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Химийн аргыг хэрэглэх үед үлдэгдэл гарах талаар, ялангуяа их хэмжээний үлдэгдэл үүсэх эсэхэд анхаарах хэрэгтэй.
Химийн аргаар хортой шингэн хаягдлыг тундасжуулан хатуу буюу хагас хатуу болгон хоргүйжүүлсний дараа булж болно. Химийн аргаар боловсруулалт хийхдээ зайлшгүй устгалд орох аюултай урвалжуудыг өөр хооронд нь саармагжуулагч урвалжаар ашиглахыг эрэлхийлэх ёстой. Хэрэв тийм урвалжийг хэрэглэх боломжгүй бол уг ажлыг хийхгүй байх нь эдийн засгийн хувьд ашигтаг анхаарах шаардлагатай.
Концентрацитай хүчил, шүлтийг хэрэглэж хаягдлыг саармагжуулах эсвэл сулруулах үйл ажиллагааг явуулахад их хэмжээний дулаан, хортой хий болон шингэн ялгардаг учир онцгой анхаарах хэрэгтэй.
Хортой хаягдлыг гидролизоор задлан саармагжуулна. Хаягдлыг шохойтой хамт зайлуулахад шүлтийн гидролиз явагдаж хоргүйжүүлэх жишээтэй.
Абсорби /адсорбци (шингэн хаягдлыг шингээ авах арга) явуулах нь хаягдлыг зөөвөрлөхөд дөхөм болгодог.
Нягтруулалт нь хөдөлгөөнгүй, тогтвортой болгох эсвэл бүрэх зэрэг үйл ажиллагаа юм. Нягтруулах процесст цемент эсвэл хагас хатууруулах материал ашиглана. Уусдаг хортой органик бус болон металлын гидроксид шиг бодисыг усаар саармагжуулах нь илүү тохиромжтой.
Онцгой хортой, тэсрэмтгий бодис, дулаан ихээр ялгаруулдаг бодисуудыг устгахад физик, химийн аргыг хэрэглэхгүй байх нь зохилтой.
6.3.4. Ууршуулах арга
Хаягдлыг ууршуулан зайлуулахдаа дараахь хүчин зүйлийг анхаарвал зохино.
Бага хэмжээтэй, түргэн ууршдаг болон харьцангуй бага хортой хаягдлыг агаарт шууд ууршуулж болно Энэ аргыг их хортой хаягдалд хэрэглэж болохгүй бөгөөд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд хэрэглэж болно. Энэ аргаар устгал хийхдээ хүн ам оршин суудаг газраас хол зайтай, нилээд халуун, салхитай өдрийг сонгож авах нь тохиромжтой. Ууршимтай биш эсвэл бага зэрэг ууршимхай, амьсгалахад их хортой, хялбар болон өөрөө шатдаг, агаартай холилдоход тэсрэлт үүсгэдэг, муухай үнэртэй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй зэрэг шинж чанар бүхий бодисуудын хаягдлыг ууршуулах аргаар устгаж үл болно.
6.3.5. Бохир ус зайлуулах шугаманд хаях арга
Энэ аргыг хэрэгдэхдээ дараахь хүчин зүйлийг анхаарвал зохино.
Биологийн задралд хялбар орох, бага хэмжээний органик бодисуудын хаягдлыг бохирын шугамд хаяж болно. Ингэхдээ бодисыг урьдчилан усанд уусган саармагжуулан РН нь 5-9 болгоод аажмаар буюу хэсэгчлэн урсгаж хаяна.
Органик бус бодисын хаягдлыг энэ аргаар зайлуулж болох боловч урьдчилан хөөх аргаар бодисыг саармагжуулсан байх ёстой. Гэхдэ хүнд металл нэгдэлүүд нь бохирын шугамд тундас үүсгэдийг анхаарах хэрэгтэй.
Энэ аргыг хялбар шатамхай, усанд уусдаггүй, ундны усны чанарыг муутгадаг, биологийн задралд ордоггүй, бохир усны системд сөрөг нөлөөтэй, зэврэлт үүсгэдэг, байгаль орчин, эрүүл мэндэд хортой бодис болон устай холилдохоороо хортой хий ялгаруудлаг бодисын хаягдлыг зайлуулахад хэрэглэж болохгүй.
6.3.6. Удаан хугацаагаар хадгалах арга
Химийн хаягдлыг зайлуулах, боловсруулах экологи, эдийн засгийн хувьд тохиромжтой арга олоогүй тохиолдолд олон улсын бүртгэл, мэдээллийн сүлжээнээс тухайн бодисын хаягдлыг устган зайлуулах аргуудыг эрж хайх нь зүйтэй. Энэ нь нэлээд хугацаа шаардана. Иймд хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүйгээр устгах техник технологи, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хаягдлыг хадгалах аргачлалын дагуу тусгай зориулалтын агуулахад хадгалах нь тохиромжтой болно.
7.1. Байгаль орчинд сөрөг нөлөөлөхгүй хамгийн зөв сонголт хийхийн тулд хаягдлыг зайлуулах менежментэд олон хүчин зүйлийг анхаарах шаардлага гарна.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор уршиг учруулахгүйгээр хаягдлын асуудлыг шийдэх нь зайлуулах аргын үндсэн зорилго мөн. Энэ сонголтыг хийхэд дараахь хүчин зүйлүүдийг анхаарвал зохино. Үүнд:
-хаягдлыг зайлуулахад хамаарах бүх талын аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг тэргүүн зэрэгт анхаарах;
-зөвлөмж аргууд болон хууль, тогтоомжийг мөрдөх;
-байгаль орчинд үр ашигтай байх /цаг, хугацаа, газар нутгийн байршил зөв байх/;
-хаягдлын нэр, төрөл, хольц найрлага, тоо, овор хэмжээ тодорхой байх;
-хаягдлын хор, аюулын тухай үнэлгээ, мэдээлэл бүрэн байх;
-хаягдал зайлуулах, боловсруулах аргыг сонгох орон нутгийн бололцоо;
-хаягдал зайлуулах, боловсруулахаар сонгосон аргын мөн чанар, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй үр дагавар;
-Аюулгүй, хортой бодисын учруулах сөрөг нөлөөний хэм хэмжээг тодорхойлох магадлалын үнэмшил;
-тухайн хор уршиг, эрсдэл нь урт хугацаатай, богино хугацаатай, түр зуурын, дахин давтагдах, үл давтагдах, эсвэл байнгын байх тухай үнэлгээ;
-зарим хаягдлыг химийн аргаар зайлуулах нь хялбар дөхөм байж болох хувилбар;
-сонгосон аргын эрсдэл зардал зэргийг тооцон харьцуулалт хийсний үндсэн дэээр олон улсын хэмжээнд зөвлөмж болгосон аргуудаас аль ашигтайг нь сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хэрэв боломжтой бол пестицидийн хаягдлыг аль болох зориулалтын аргаар нь устгах хэрэгтэй.
---о0о---
Текст томруулах
A
A
A