A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЮУЛТАЙ, ХОРТОЙ ХИМИЙН БОДИС АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХ, ТЭЭВЭРЛЭХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ /3-р хавсралтыг 2009 оны 152/176-р хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
Байгаль орчнысайд, Эрүүл мэндийнсайдын 2003 оны
126/171 дүгээр хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт
 
 
АЮУЛТАЙ, ХОРТОЙ ХИМИЙН БОДИС АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХ, ТЭЭВЭРЛЭХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1. Аюултай, хортой, химийн бодис агуулсан бүтээгдэхүүн /цаашид "бүтээгдэхүүн" гэж нэрлэнэ/-ийг  импортлох, тээвэрлэх, ашиглах /хадгалах, хэрэглэх, устгах/ үеийн аюулгүй байдлыг хангаж аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхэд энэхүү журмын зорилго оршино.
2. Найрлагадаа аюул, хор учруулах чадавхи бүхий химийн бодисыг агуулж, байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүүлэх шинж чанартай ямар ч төрлийн бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт, ашиглалтыг энэхүү журмаар зохицуулна.
3. Олон улсын гэрээнд өөрөөр тусгагдаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад энэ журам нэгэн адил үйлчилнэ.
4. Бүтээгдэхүүнийг импортлох, тээвэрлэх, ашиглах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй химийн хортой аюултай бодисын үндэсний ангилалын дагуу холбогдох зөвшөөрлийг зохих хууль тогтоомжийн дагуу авсан байна.
 
Хоёр. Бүтээгдэхүүний ангилал
 
5. Энэхүү журмаар зохицуулах үйл ажиллагаанд дараахь бүтээгдэхүүн хамаарна. Үүнд:
а/ аюултай, хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүний үндэсний ангилалд орсон бүтээгдэхүүнүүд;
б/ "Зарим аюултай химийн бодис, петицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц"-ийн хяналтад орсон химийн бодисуудыг агуулсан бүтээгдэхүүнүүд;
в/ Озоны үе давхаргыг задалсан бодисын тухай Монреалын протоколын хяналтад орсон химийн бодисыг агуулсан бүтээгдэхүүнүүд;
г/ "Удаан задардаг органик бохирдуулагч бодисын тухай Стокгольмын конвенц"-ийн хяналтад орсон химийн бодисуудыг агуулсан бүтээгдэхүүнүүд;
д/ үндэсний ангилалын онцгой тэсрэмтгий, тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, исэлдүүлэгч, онцгой шатамхай, шатамхай, онцгой идэмхий, идэмхий, онцгой цочироомтгой, цочироомтгой, онцгой хортой, хортой, химийн бодисыг өөртөө агуулсан бүтээгдэхүүнүүд.
е/ дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын байгаль орчны байгууллагаас сөрөг нөлөөг нь тогтоож хэрэглээг нь хязгаарласан химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд.
з/ хэрэглээ, үйлдвэрлэлийг хязгаалах, улмаар хориглохоор олон улсын хэмжээнд тохиролцон шинээр нэмэгдэх хортой, аюултай бодис агуулсан бүтээгдэхүүнүүд
Гурав. Импортлох
 
6. Бүтэгдэхүүнийг импортлогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс түүний хор, аюулын тухай лавлах мэдээллийг олон улсад мөрдөж буй дүрэм, журмын дагуу бүрэн авсан байна.
7. Хор, аюулын тухай лавлах мэдээлэл, чанар, эрүүл ахуйн баталгаажуулалт, экспортлогч  орны гарал үүслийн гэрчилгээгүй, эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын анхан шатны үзлэгт тэнцээгүй, тээвэрлэлтийн явцад гэмтсэн буюу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл аваагүй бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахгүй.
8. Бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг гаалийн байгууллага, улсын мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлэх бөгөөд тухайн жилд импортлосон бүтээгдэхүүний тухай мэдээллийг нэр, төрөл, тоо хэмжээгээр нь гарган жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.
9. Бүтээгдэхүүний импортын явцад гарсан хохиролыг болон хор аюулын тухай мэдээлэл, дагалдах бичиггүйгээс шалтгаалан зарим нэмэлт шинжилгээ хийхэд зарцуулсан зардлыг импортлогч аж ахуйн нэгж,  байгууллага, иргэн өөрөө хариуцан барагдуулна.
10. Онцгой аюултай, онцгой хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлох тухай мэдээллийг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын эрүүл мэндийн албанд импортлогч бүр мэдэгдэж байна.
Дөрөв. Тээвэрлэх
 
11. Хот хооронд болон улсын замд бүтээгдэхүүнийг аюул, осолгүй тээвэрлэх шаардлага, нөхцлийг импортлогч эзэн бүрдүүлж, ачаа тээвэр хариуцсан байгууллагын холбогдох албан тушаалтан хяналт тавин ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.
12.Бүтээгдхүүний үйлвэрлэл, үйлчилгээний доторхи дамжлагад аюул осолгүй тээвэрлэх шаардлага, нөхцлийг ашиглагч бүр бүрдүүлж, үйлдвэр, үйлчилгээний дотоод тээвэрлэлт, зөөлтийн аюулгүй ажиллагааг хангана. Аюул осолгүй тээвэрлэх шаардлага, нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагаанд дараахь арга хэмжээнүүд хамрагдана.
Үүнд: Тухайн бүтээгдэхүүнийг аюул, осолгүйгээр тээвэрлэх дүрэм, журмыг мөрдөх:
а/ Бүтээгдэхүүнийг ажлын байрнаас юмуу ажлын байр луу хоолой, туузан дамжуулга, эсвэл автокран, ачааны тэрэг, тэргэнцэрээр тээвэрлэхдээ доорхи шаардлагыг баримтлана:
-     бүтээгдэхүүн хоолойгоор тээврлэгдэж байвал түүний хаалт, тохируулгууд нь ямар нэг гэмтэлгүй, гоожиж дусахгүй бах;
-     туузан дамжуурга ашиглаж байвал аюултай тоосонцор дэгдэхээс сэргийлж туузан дамжуурга тээвэрлэлтийн цэгүүд битүү хаалттай байх;
-     хэрэв бүтээгдэхүүн нь өндөр хурд, даралтын дор коллектороор тээвэрлэгдэж байвал гал гарах, дэлбэрэлт үүсэхээс болгоомжилж температурын өсөлтийг багасган хязгаарлах;
-     галын аюултай шингэний савууд нь шүршигдэж цацагдахаас хамгаалах цамхаг, дөл хамгаалагчаар тусгайлан тоноглогдсон байх;
-     галын аюултай шингэнг тээвэрлэхэд сайтар агааржуулагдсан бүсэд сайтар бэхлэгдсэн хөдөлгөөнгүй байх;
-     асгарч, гэмтэхээс сайтар хамгаалагдсан байх ба бусадтай шүргэлцэх, доргих, унах, онхолдохоос сэрэмжлэх.
13. Онцгой хортой, онцгой аюултай химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг хот хооронд, үйлдвэр аж ахуйн хооронд тээвэрлэхдээ тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын эрүүгийн албанд заавал мэдэгдэж байна.
 
Тав. Ашиглах
 
   14. Ашиглалтын үед дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
а/ бүтээгдэхүүнийг хүлээн авмагц Үндэсний статистикийн газрын даргын 2000 оны 41 дүгээр тушаалаар зөвшөөрч, Байгаль орчны сайдын 2000 оны 45 дугаар тушаалаар батлагдсан химийн бодисны анхан шатны бүртгэл хөтлөх маягтын дагуу бүртгэл хөтөлж, агуулахаас гаргахаас эхлэн саармагжуулж, устгах хүртэл хугацаанд оролт, гаралт, алдагдлын бүртгэл хөтөлнө.
б/ ажлын байранд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүн бүрийн хувьд хаяг, шошго нь сав, баглаа боодол дээр тодорхой бичигдсэн, хор, аюулынх нь тухай лавлах мэдээлэл, танилцуулга, осол, аюулаас урьдчилан сэргийлэх арга, анхны тусламж үзүүлэх аргууд  тусгайлан бичигдэж, нийтэд уншигдахаар ил байрлалд байна.
Хор аюулынх нь тухай лавлах мэдээлэл, танилцуулгад тухайн бүтээгдэхүүнд ямар хор аюултай бодис агуулагдаж байгааг мэдэж, эдгээр химийн бодисууд хүний биетэй яаж харьцаж, ямар гэмтэл согог үүсгэдэг, тэдгээр нь ажлын байранд яаж гал түймэр, хордлого үүсгэдэг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тухай, тэр бодис нь хүний бие ямар байдлаар хүрвэл түүний эсрэг ямар арга хэмжээ авах тухай гол анхаарах асуудлыг хамруулна.
Химийн бодисын хор, аюулын тухай лавлагаа нь дараах мэдээллийг өөртөө агуулсан байна:
-химийн бодисын нэр, худалдааны болон ерөнхий нэрийг тусгасан таних тэмдэг, томъёо;
-үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчийн нэр хаяг;
-физик болон химийн шинж чанар;
-хүний эрүүл мэндэд үзүүлэх хор, аюулын талаархи мэдээлэл;
-хордлогын хяналт-шинжилгээний болон хамгаалах хэрэгслийн тухай мэдээлэл;
-хордлого, аюулд өртөгсөддөд үзүүлэх тусламж, аргачлал;
-байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн мэдээлэл;
хадгалах, тээвэрлэх тухай мэдээлэл;
-галын болон тэсэрч дэлбэрэх аюулын талаархи мэдээлэл;
-урьдчилан сэргийлэх аргууд;
-устгах, зайлуулах аргын тухай мэдээлэл.
 
 
Хэрвээ хор, аюулын тухай мэдээлэл тухайн бүтээгдэхүүнийг дагадаж ирээгүй бол даруй түүнийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчээс шаардаж авна.
в/ бүтээгдэхүүнийг ашиглаж буй ажлын байрны байдлыг хангах арга хэмжээг төлөвлөн, түүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
г/ бүтээгдэхүүний ашиглах бүх дамжлага гал түймрийн болон тэсэрч дэлбэрэхээс хамгаалагдсан байна.
д/ болзошгүй аюул осолтой үйл ажиллагааг зайлуулж зогсоох эсвэл бага түвшинд байхаар үйлдвэрлэл, үйлчилгээний байршил зохион байгуулагдан ажилчид болон хүрээлэн байгаа орчинд аюул их хэмжээгээр тархахгүй нөхцөл бүрдүүлнэ.
15. Аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэхэд дараахи шаардлагууд хангагдсан байна: Үүнд:
-халсан үедээ хүчилтөрөгч ялгаруулдаг нитрат, нитрит, устөрөгч хэт исэл, пермангантууд зэрэг химийн бодисыг агуулсан бүтээгдэхүүнийг шатамхай бодисуудын ойролцоо хадгалахгүй байх;
-химийн аюулыг ялган таньж түүнийг зогсоох тухай мэдлэгийг бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажиллагсдад эзэмшүүлсэн байх;
-гал түймэр гаргаж, дэлбэрч болзошгүй химийн бодисыг агууулсан бүтээгдэхүүнийг ашиглахаас аль болох зайласхийх нь хамгийн сайн арга хэмжээ гэдгийг бүх түвшинд ойлгуулах;
-галын аюултай бүтээгдэхүүн, ажилчин хоёрын хоорондын зай буюу хамгаалалтын ил задгай гал, түлшний эх үүсвэрээс тусгаарлах;
-тэсэрч дэлбэрэх бүтээгдэхүүн ашигладаг үйлдвэрлэл, үйлчилгээний машин, механизм, хэрэгсэл, дамжуулагчийн ажилчидтай харьцдаг хэсэгт нь хаалт хамгаалалтай байх;
-аюултай бодис агуулсан бүтээгдэхүүнтэй харьцах ажиллагааг тусгаарлалт буюу аюултай ажиллагааг үйлдвэрлэлийн доторхи алслагдсан байранд шилжүүлэн байрлуулах, эсвэл бусад ажиллагаанаас тусгаарлан хаалт хийх;
-агааржуулалт хийх, сорох шүүгээнд шүүрэгдэж авсан химийн хортой хорьцуудыг гадаад орчинд шилжихээс өмнө тусгай цуглуулагчид /циклон, шүүлтүүр, цахилгаан статик хураагуур/ хурааж цуглуулсан байна. Энэ нь тусгай сорох хоолойгоор тоноглогдсон агааржуулалтыг нэмэх зориулалт бүхий системийн тусламжтайгаар хийгдэнэ;
-хувийн хамгаалах хэрэгсэлүүдээр ажиллагсадыг хангах, тухайлбал агаар цэвэрлэгч болон хангагч респиратор ба тухайн ажлын байрны онцлог аюулын зэрэглэлд тохирсон химийн бодисын дусал, уур, тоос, аэрозоль, утаанаас хүний нүд, арьсыг хамгаалах хэрэгслүүд /нүдний шил, хаалт шил, бээлий, хормогч, комбинзон, гутал, хамгаалах тос, шингэнүүд/-ээр хангагдсан байх;
-ажиллагсад хувийн ариун цэврийн үндсэн үүргийг биелүүлэх. Үүнд:
а/ ажлын дараа уух, идэх, тамхи татахын өмнө биеийн бохирдсон хэсгүүдийг заавал угааж цэвэрлэх;
б/ арьс болон бусад хэсгүүдийг цэвэр байгаа эсэхэд байнга анхаарал тавих;
в/ шалбарч, эсгэгдсэн хэсгүүдэд хамгаалалт хийх;
 г/ бохир алчуур болон багаж хэрэгслийг хамгаалах хувцсны халаасанд хийж явахаас зайлсхийх;
д/ хамгаалах хувцсны бохирдсон хэсгүүдийг байнга цэвэр байлгах;
16. Бүтээгдэхүүнийг хэрэглэх үед дараахь үйл ажиллагаанууд хийгдсэн байх шаардлагатай. Үүнд:
-хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний найрлага дахь бүх химийн бодис илрүүлэгдэн тодорхой болсон байна;
-хаяглагдаж, шошго хадагдсан байна;
хортой, аюултай талаархи танилцуулгын хуудас ил тод бичигдэн нийтэд хүртээмжтэй байрлалд хадагдан түүнтэй харьцагсдад сурталчилагдсан байна.
17. Бүтээгдэхүүнийг аюулгүйгээр хадгалахад тавих хяналтад дараахь үйл ажиллагаа хамрагдана. Үүнд:
-бүтээгдэхүүнийг хамт хадгалж болдоггүй шинж чанараар нь ангилан төрөлжсөн агуулахад хадгална;
-зориулалтын шил сав, баглаа боодол, битүүмжлэлийг шалгаж зохих шаардлагын дагуу тодорхой хаяг, шошготой хадгална.
Хаяг, шошгод дараахь мэдээллийг оруулж өгсөн байх шаардлагатай:
-Худалдаа, техникий болон нийтлэг нэр;
-Химийн нэр томъёо, олон улсын болон үндэсний уялдуулсан системийн код;
-үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн нэр, хаяг, утасны дугаар;
-хор аюулын тэмдэглээ, таних тэмдэг;
-хор, аюулын ангилал, зэрэглэл;
-физик, химийн гол шинж, агуулга.
18. Аюултай химийн бодисууд агуулсан бүтээгдэхүүнийг анх савласан савнаас өөр саванд шилжүүлсэн тохиолдолд хоёр дахь хадгалалтын сав нь зохих анхааруулга, тэмдэглээ, тавигдсан байх шаардлагатай.
Ажлын байранд байгаа бүтээгдэхүүн агуулж байгаа сав нь түүний том, жижгээс үл хамааран заавал тэмдэглээ хийгдсэн байх;
19. Бүтээгдэхүүн хадгалж байгаа байрлалын ойролцоо түүнд тохиромжгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;
Бүтээгдэхүүн хадгалалтын сав нь зэврэлтгүй, гоожиж дусаагүй, эмх цэгтэй байрлалтай байна.
20. Ялгарсан хий нь бүрэн хэмжээгээр зайлуулагдаж, саармагжуулагдахаар хэмжээний шаардлагатай агааржуулалттай байх ёстой.
21. Гал түймрийн болон дэлбэрэх эгзэг ихтэй бүтээгдэхүүний хувьд дараахь нэмэлт дүрмийг баримтлана. Үүнд:
Галын эх үүсвэрээс алслагдсан, сайтар агааржуулагдсан байрлалд бодисуудыг хадгална.
Хадгалалтын байр нь үйлдвэр, орон сууц, ундны усны эх булгаас тусгаарлагдсан байвал зохино.
Шүршигч, бороожуулагч мэтийн гал түмрээс хамгаалах автомат систем /хэрвээ устай урвалд ордог химийн бодис байхгүй бол/-ээр хангаж өгнө.
Үйлдвэр, үйлчилгээний газрууд нь гал унтраах хаалт, дохиоллын систем болон түймрийн нүүдлийг хаах хаалтыг хийж тохижуулсан байна.
 
Гал унтраах хэрэгсэлүүд нэвтрэх зам хангалттай байх ёстой.
Цахилгаан схем нь дэлбэрэлтийн аюулгүй, боломжийн хэмжээгээр холбогдсон их ачаалалгүй байна.
-Монтаж, унтраалгын щитүүд болон бэхлэлүүд нь автокран, ачиж буулгах механизмын хөдөлгөөний үед гарах тохиолдлын гэмтлээс хамгаалагдсан байна.
-Болзошгүй статик цахилгаан гүйдлээс болон асах боломжийг арилгахын тулд хадгалагдах савнууд хөдөлгөөнгүй сайтар бэхлэгдсэн байвал зохино.
-Ямар нэг өндөр хэмийн дулаан гаргагч эх үүсвэр байх ёсгүй ба ил задгай гал гаргах, тамхи татахын хориглоно.
Автокран, ачааны тэрэг зэрэг дотоод шаталтын хөдөлгүүрийн гал гаргах бүхий л боломжийг таслан зогсооно.
22. Бодисын аюулгүйгээр ашиглахад урьдчилан сэргийлэх дараахь арга хэмжээг хийж байх шаардлагатай Үүнд:
Химийн бодис ашиглагдах тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн шаардлага хангахуйц мэдээлэл бүхий химийн аюултай байдлын талаархи танилцуулга хуудсыг уншиж мэдээлэл авсан байна.
Химийн бодис ашиглагч нь ашиглалтын болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар сургагдсан байх шаардлагатай.
Ашиглалтын явцад аюул учруулж болохуйц эгзэгтэй цэгүүдэд зохион байгуулалт хийх/ил задгай гал, түлшний эх үүсвэр зэргийг шатамхай хий шингэнээс хол байлгах.
Хэсгийн агааржуулалт, хамгаалалт, үйл ажиллагааг зөв зохион байгуулсан байна.
Респиратор мэтийн хамгаалах хэрэгслүүдийн завсар үйлчилгээ, бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангах. Аюулаас хамгаалах тоног төхөөрөмж нь хүрэлцэхүйц бөгөөд ашиглахад бэлэн байлгах нөхцлийг хангах.
23. Зайлуулах, устгах
Бүтээгдэхүүний үлдэгдэл, хаягдалыг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 135 дугаар тогтоолоор баталсан "Аюултай хог хаягдлыг ангилах,
цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах, устгах журам" болон түүнд нийцүүлэн гаргасан бусад технологийн зааврыг баримтлан хоргүйжүүлэн устган зайлуулна.
24. Хордлогын хяналт шинжилгээ
Ажлын байранд агаарт байх аюултай бодисын агууламжийг зориулалтын багаж хэрэгслээр шинжлэн тодорхойлж, дотоодын хяналтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх.
25.Эрүүл мэндийн үйлчилгээ
Урьдчилан сэргийлэх болон үе шатны эрүүл мэндийн үзлэгт ажиллагсадыг хамруулж, мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийг илрүүлж, эрүүлжүүлэх, тухайн бүтээгдэхүүний аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх.
26.Хор, аюултай нөлөөний тухай тэмдэглэл хөтлөх
Химийн бүтээгдэхүүний байгаль орчин болон хүн амд үзүүлэх нөлөөлөл, зарим сөрөг үр дагавар нь удаан хугацааны дараа илэрч гарах тухайн бодисын эрүүл мэндэд нөлөөлөх алсын уршгийг ойлгох, мэдээллийн тодорхой эх сурвалжтай болохын тулд хор, аюулын нөлөө илэрсэн тухай мэдээ тайланг тусгайлсан загварын дагуу тогтмол, үнэн зөв хөтөлж, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авч байх.
27. Сургалт, боловсрол эзэмшүүлэлт
Химийн аюулгүй байдлын тухай сургалт, дадлагыг ажилчдад байнга хийнэ. Үүнд:
-бүтээгдэхүүний болзошгүй аюул, аюулгүй үйл ажиллагаа, эмчилгээ болон хамгаалах хэрэгслийн ашиглалт, яаралтай болон анхны тусламжийн арга хэмжээний талаар сургагдаж зааварчлага авсан байна;
-ажилчин тухайн бодисын аюулын талаар бүхий л мэдээллийг авч, хяналтын арга хэмжээнүүдийг ялган чаддаг, түүнд сургагдсан байна.
-шинэ ажилчдад зориулсан сургалтыг үе шаттайгаар өндөр түвшинд явуулна.
28. Яаралтай тусламжийн үйл ажиллагаа
-аюултай химийн бодистой харьцаж байгаа хүн бүрт тэдгээрийн аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн тухай мэдлэг олгох, аюулыг арилгах шаардлагатай арга хэмжээг авч чадвал том аюулыг эхний хэдэн секундэд ч зогсоож болохыг таниулан ойлгуулах;
-аюултай химийн бодис агуулсан бүтээгдэхүүн ашиглаж буй ажлын байр бүр яаралтай тусламжийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх. Уг төлөвлөгөөнд дараах арга хэмжээнүүд тусгагдсан байх шаардлагатай. Үүнд: Нүүлгэн шилжүүлэлт:
-шаардлагатай тохиолдолд хүрээлэн байгаа орчин, мэргэжилтэн, эмнэлэг, галын ажилтанд дохио өгөх арга;
-янз бүрийн аюултай нөхцөл байдлын үед үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн удирдлагын гүйцэтгэх үүрэг;
-тусгайлан бэлтгэгдсэн ажилчдын үүрэг
-үйлдвэр, үйлчилгээний байранд дахь аваарын тоног төхөөрөмжийн байрлал, түүний ажиллах журам;
-үйлдвэр, үйлчилгээний бүх ажиллагсад, албан хаагчдад яаралтай тусламжийн төлөвлөгөө танилцагдаж, бүгдэд ойлгогдсон байна.
Төлөвлөгөө нь цэвэр болон чөлөөтэй гарах хаалга, тогтмол шалгагдаж байх дохиоллын систем, ажилчдыг нүүлгэн шилжүүлэлтэд   сургах асуудлыг өөртөө тусгасан байна. Яаралтай тусламжийн төлөвлөгөөнд мөн анхны тусламж үзүүлэх үйл ажиллагааны талаар тусгагдсан байна.
29. Анхны тусламж
Ажлын байр болгонд анхны тусламж үзүүлэх үйлчилгээг бүрдүүлсэн байх. Үүнд:
-ажлын байранд байгаа бүтээгдэхүүнд агуулагдах бодисуудын мөн чанар, тоо, хэмжээ, хор аюул;
-анхны тусламж үзүүлэх мэргэжсэн эмнэлгийн ажилтны тодорхойлолт;
-хамгийн ойрхон эмнэлгийн байршил, хоорондын зайг тодорхойлсон байх;
-хамгийн ойрхон эмнэлэгт хүргэх тээврийн хэрэгслийн жагсаалт;
-холбоо барих утасны дугаар, өрөөний дугаар;
 -шүршүүрт яаралтай орох буюу нүд угаах зэрэг түргэн тусламжийн хэрэгсэл бэлэн байх;
-яаралтай тусламжийн үндсэн аргуудыг ажилчдад сургасан байх.
30. Бүртгэл
Ашиглалтын үеийн химийн аюулгүй байдлыг хангахдаа юуны өмнө хэрэглэж буй бүтээгдэхүүнийг нарийн бүртгэж оролт гаралтын хөдөлгөөнийг хөтөлбөл зохино.
 
 
---о0о---