- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ДААТГУУЛАГЧИД ХИЙМЭЛ ЭРХТЭН, ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ (ПРОТЕЗ, ОРТОПЕД)-НИЙ ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
Эрүүл мэндийнсайдын
74/116 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ДААТГУУЛАГЧИД ХИЙМЭЛ ЭРХТЭН, ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ (ПРОТЕЗ, ОРТОПЕД)-НИЙ ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ
1.1. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчид Монгол Улсад болон гадаад оронд хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ /цаашид "протез, ортопед" гэнэ/-ний төлбөрийг олгоход энэхүү журмыг баримтлана.
1.2. Даатгуулагчид протез, ортопедийн төлбөрийг олгохдоо уг протез, ортопедийг хийлгэснийх нь дараа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан жишиг үнийг нөхөн олгоно. Нэхэмжилсэн үнэ, их бол жишиг үнийг баримтлана.
1.3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид зөвхөн протез, ортопедийн төлбөрийг олгох ба түүнийг хийхтэй холбогдсон эмчилгээ, үйлчилгээний зардлаас бусад өөр төрлийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг олгохгүй.
1.4. Нийгмийн даатгалын байгууллага нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид протез, ортопедийн төлбөр олгосон тухай зардлын тайланг хавсралт хүснэгтээр гаргаж, дараагийн улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирүүлнэ.
1.5. Энэхүү журмын хэрэгжилт болон сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж багаа байдаллд яамдын Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар хяналт тавина.
2.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчийн Монгол Улсад хийлгэх протез, ортопедийн эхний удаагийн үнийг 100 хувь, хоёр дахь удаагийн үнийн 50 хувийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгоно.
2.2. Төлбөр авах даатгуулагч дараахь бичиг баримтыг бүрдүүлж оршин суугаа газрын харьяа нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Үүнд:
2.2.1. Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон тухай акт;
2.2.2.Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт;
2.2.3. Даатгуулагчид протез, ортопед хийх талаар мэргэжлийн эмнэлгийн /гэмтэл согог, сэргээн засалтын клиникийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөн/-ийн гаргасан дүгнэлт;
2.2.4. Протез, ортопед хийх эмнэлгийн байгууллага болон протезийн үйлдвэрээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэл (банк, дансны дугаар, нэхэмжилсэн төлбөрийн дүн төгрөгөөр);
2.3.Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн материалыг хүлээн авч үндэслэл, бүрдлийг шалгасны дараа тухайн эмнэлгийн байгууллагын нэхэмжлэлийн дагуу протез, ортопедийн төлбөрийг үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас бэлэн бусаар шилжүүлнэ.
Гурав. Гадаад оронд хийлгэх протез, ортопедийн төлбөрийг олгох
3.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан, зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эмнэлэг (Гэмтэл согог, сэргээн засалтын клиникийн эмнэлэг)-ийн байгууллагын дүгнэлтээр гадаад оронд хийлгэх протез, ортопедийн төлбөрийг даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас нэг удаа олгоно.
3.2. Гэмтэл согог, сэргээн засалтын клиникийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөн нь даатгуулагчид, протез, ортопедийг зайлшгүй гадаад оронд хийлгэх шаардлага, үндэслэлийг тогтоож дүгнэлт гаргах бөгөөд комиссын хурлын протокол, дүгнэлтийг өвчтөний өргөдлийн хамт Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх агентлаг Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлнэ.
3.3. Эмнэлгийн тусламжийн удирдах газар нь мэргэжлийн комиссын дүгнэлт болон холбогдох материалыг судлан танилцаад тухайн даатгуулагчийн протез, ортопедийг хийх гадаад улсын эмнэлгийн байгууллагад уг асуудлыг уламжилж шийдвэрлүүлнэ.
3.4. Эмнэлгийн тусламжийг удирдах газар нь өвчний үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний акт болон тухайн өвчтөнг хүлэн авч протез, ортопед хийх гадаад улсын эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн протез, ортопедийн төлбөрийн нэхэмжлэх (банк, дансны дугаар)-ийг бүрдүүлж Нийгмийн даатгалын төв байгууллагад илгээнэ.
3.5. Гадаад оронд хийлгэх протез, ортопедийн төлбөрийг энэхүү журмын 3, 4 дахь хэсэгт заасан баримт, материалыг бүрдүүлсэний дараа Нийгмийн даатгалын төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн даатгуулагчийн оршин суугаа газрын харьяа нийгмийн даатгалын байгууллага үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тухайн эмнэлгийн байгууллагад нэхэмжлэлийн дагуу жишиг үнийн жагсаалтыг баримтлан бэлэн бусаар шилжүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A