- Нүүр
- Сайдын тушаал
- БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ТУХАЙ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2003 оны 239 дүгээр тушаалын хавсралт
БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ТУХАЙ ЖУРАМ
11."Бага дунд боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 21.2, 21.3 дахь хэсгийг үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх олгох, хасахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Энэхүү журмын зорилго нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэдлэг, боловсрол, мэргэшлийн ур чадварт тавих шаардлагыг өндөржүүлж, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, тэдний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.
1.3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхтэй багшийг ажиллуулна.
1.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх олгох, хасах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх "Багшлах эрхийн хороо" шийдвэрлэнэ.
1.5.Багшлах эрхийн хороо нь орон тооны бус байна. Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батлана.
1.6.Багшлах эрх авсан багшид үнэмлэх олгоно. Үнэмлэхийн загварыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Хоёр. Багшлах эрх олгох
2.1. Багш бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж /цаашид "багш бэлтгэдэг сургууль"гэх/ төгсөгчид нь эхлээд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нэг жил багшаар ажиллана.
2.2. Дадлагын багшийг тухайн цэцэрлэг, сургуулийн мэргэжлийн өндөр зэрэгтэй, заах аргыг ур чадвар сайтай багшид дагалдуулан ажиллуулна.
2.3. Дадлагын багшийн цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн жишгээр тогтооно.
2.4. Дадлагын багшид багшлах эрх олгоход дор дурдсан шаардлагыг үндэс болгоно:
2.4.1. цэцэрлэг, сургуульд нэг жил багшилсны дараа багш нь сургууль, цэцэрлэгийн зөвлөл, эцэг эхийн өмнө тайлан тавьж, "хангалттай" үнэлгээ авсан байх;
2.4.2. хичээлийн жилийн төгсгөлд цэцэрлэг, сургуулийнхаа багш нарын дунд хоёроос доошгүй үзүүлэх хичээл зааж, "хангалттай" үнэлгээ авсан байх;
2.4.3.багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, нэр төрийг эрхэмлэн явж чадахаа харуулсан байх;
2.5.Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газар нь тухайн багшийн талаарх сургуулиас гаргасан ажил байдлын тодорхойлолт, сургууль, цэцэрлэгийн зөвлөл, хамт олны хурлын протокол болон багшийн мэргэжлийн түвшинг шалгасан үйл ажиллагаанд үнэлгээ өгсөн дүгнэлт, материалыг үндэслэн багшид багшлах эрх олгох эсэх тухай Засаг даргын саналыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх "Багшлах эрхийн хороо"-нд ирүүлнэ.
2.6.Дадлагын багш нь дадлагажих хугацаандаа ажилдаа хариуцлагагүй хандаж, багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл багшлах эрх олгохгүй.
2.7.Багшийн дипломтой атлаа багшийн ажил хийгээгүй хүмүүст багшлах эрх шууд олгохгүй.
2.8.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захиргааны санаачилгаар буюу багш өөрийн сонирхлын дагуу багшийн өөр мэргэжил эзэмшихийг хүсвэл багш бэлтгэдэг сургуулийн мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдаж тухайн эзэмшсэн мэргэжлээр нэг жил ажилласны дараа багшлах эрх авна.
2.9.Багш бэлтгэдэг сургууль төгсөөгүй боловч дээд боловсролтой иргэн өөрийн мэргэжлийн чиглэлээр ерөнхий боловсролыг сургуульд
багшлах шаардлага гарвал заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна.
2.10. Заах арга зүйн сургалтын агуулга нь сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад шаардагдах сурган, сэтгэл судлал, мэргэжлийн заах аргын чиглэлээр мэдлэг, чадвар, судалгаа, туршилтын ажлын арга зүй олгоход чиглэнэ.
2.11. Заах арга зүйн сургалт нь өдөр, орой, эчнээ хэлбэртэй байна. Сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зохих зөвшөөрөл бүхий боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж зохион байгуулна.
2.12. Заах арга зүйн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага баталгаажуулна.
2.13. Сургалтад хамрагдагч зардлыг өөрөө хариуцна.
2.14. Энэ журам батлагдахаас өмнө багшийн ажил эрхэлж байсан хүмүүст сургууль, аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын тодорхойлолтыг үндэслэн багшлах эрхийн үнэмлэхийг шууд олгоно.
Гурав. Багшлах эрхийг хасах
3.1. Багшийн ажлыг шаардлагын хэмжээнд гүйцэтгэх чадваргүй, багшийн ёс зүйн хэм хэмжээ, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ биелүүлээгүй багшийн багшлах эрхийг дараахь үндэслэлээр хасна:
3.1.1. боловсролын дээд шатны байгууллага болон цэцэрлэг, сургуулийн захиргааны удаа дараа /2 удаа/-гийн шалгалтаар сургалтыг онол арга зүйн түвшинд явуулах чадваргүй нь нотлогдсон;
3.1.2. эрх бүхий байгууллагын томилолтоор гадаад оронд ажиллах явцдаа оргон зайлсан;
3.1.3. архинд донтсон, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, суралцагчдыг садар самуун, хүчирхийлэлд уруу татсан;
3.1.4. суралцагчдыг хэл амаар доромжлох, зодох зэргээр тэдний бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулсан нь хууль, эмнэлгийн байгууллагын магадлагаагаар тогтоогдсон;
3.1.5. хичээлийн үед багшийн хариуцлагагүйн улмаас хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны хэм хэмжээг зөрчиж суралцагчийн бие эрхтэнд ноцтой гэмтэл учруулсан;
3.1.6. хууль бус үйлдлийн төлөө суралцагч, тэдний эцэг ,эх, асран хамгаалагчаас бэлэг, авилга авахыг шууд болон шууд бусаар шаардсан зэрэг нь баримтаар нотлогдсон;
3.1.7. боловсролын албан баримт бичиг /ангийн журнал, суралцагчийн хувийн хэрэг, боловсролын үнэмлэх, гэрчилгээ/-ийг хуурамчаар үйлдэх, засварлах зэргээр хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдсон.
3.2. Иргэн нь багшлах эрхийг хасахаар гаргасан "Багшлах эрхийн хороо"-ны шийдвэрийн талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлоо гаргана.
3.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн иргэн гомдлоо шүүхэд гаргаж болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A