A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААД ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД МЭРГЭЖИЛТЭН, БАГШ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
                                                                               2003 оны 261 дүгээр тушаалын хавсралт
 
ГАДААД ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД МЭРГЭЖИЛТЭН, БАГШ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
 
Нэг.Ерөнхий зүйл
 
1.1. Гадаад улсын Засгийн газар, яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, гэрээнд заасны дагуу тухайн орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш шалгаруулан ажиллуулахад энэ журмыг баримтлана.
1.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага нь гадаад улсын ижил төстэй байгууллагатай байгуулсан гэрээний дагуу мэргэжилтэн, багш ажиллуулахад энэ журам хамаарахгүй.
 
 Хоёр. Мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага, шалгаруулалт
 
2.1. Мэргэжилтэн багш нь гадаад оронтой боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахад баримтлаж буй бодлого, энэ талаар хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн агуулгыг сайтар судалсан, олон улсын харилцааны асуудлаар зохих мэдлэгтэй байна.
2.2. Мэргэжилтэн, багш нь Монгол Улсын улс, төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээн дэх өөрчлөн байгуулалтын талаар төр засгийн бодлого, үзэл санааг баримтлах, томилолтоор ажиллах, улсын түүх, соёл, зан заншил, улс орны амьдралын талаар сайтар судалсан байна.
2.3.  Гадаадад ажиллах мэргэжилтэн, багш нь дараахь болзлыг хангасан байна. Үүнд:
2.3.1. Багшаар ажиллах хүн нь монгол бичиг, утга зохиол, ярианы хэл, нутгийн аялгууны өвөрмөц ялгаа, онцлогийг бүрэн төгс эзэмшсэн, бичгийн чадвар, үгийн баялаг сайтай, орчин цагийн монгол бичиг, утга зохиолын хэлний суурь болон төв халхын аялгууны дуудлагыг эзэмшсэн, гадаадын болон монгол оюутнуудад зориулсан монгол хэлний холбогдолтой ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг зохиосон, зохиоход оролцсон болон өөрийн гэсэн бүтээлтэй байх;
2.3.2. Гадаад оронд ажиллахад шаардагдах англи, орос хэлний зохих мэдлэгтэй байх;
2.3.3. Багшлах ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгэсэн, тодорхой бүтээл туурвисан ба эрдмийн зэрэг, цолтой байх;
2.3.4. Хувийн зан чанар, ёс суртахууны хувьд аливаа доголдолгүй байх;
2.3.5. Олон улсын жишигт заагдсан эрүүл мэндийн шаардлагыг бүрэн хангасан байх;
2.3.6.Мэргэжилтэн нь мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, 60 хүртэлх настай, үндсэн мэргэжлээрээ эрдэм шинжилгээний байгууллага их, дээд сургууль, салбарын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын арга барил, заах арга зүйг сайтар эзэмшсэн, багшлах болон эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байна.
2.4. Гадаадад мэргэжилтэн, багш ажиллуулах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад мэдэгдэнэ.
2.5. Сургууль, байгууллага нь мэргэжилтэн, багшийг дотооддоо энэ журамд тавигдсан шаардлагын дагуу өрсөлдүүлэн шалгаруулж, материалыг яаманд ирүүлнэ.
2.6. Мэргэжилтэн, багшийг гадаадад ажиллуулах талаар боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлөөр хэлэлцэн дүгнэлт гаргана. Дүгнэлтийг үндэслэн сайдын тушаал гарна.
 
Гурав. Мэргэжилтэн, багшийн хүлээх үүрэг
 
3.1. Гадаадад ажиллах мэргэжилтэн, багш нь дараахь үүрэг хүлээнэ:
3.1.1. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас даалгасан олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа дайчлан ажиллах;
 
 
3.1.2. гадаад оронд монгол судлал, монгол хэл шинжлэл, ёс заншил, соёлыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах;
3.1.3. зааж буй хичээлээ мэргэжлийн өндөр ур чадварын түвшинд явуулах;
3.1.4. гадаад оронд Монгол Улсыг сурталчлах;
3.1.5.тухайн орны монгол судлалын байдал, түвшинтэй танилцан судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх, энэ талаар өөрийн орны холбогдох байгууллагад мэдээ, материал ирүүлэх;
3.1.6.гадаадад ажиллах хугацаандаа мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэн, эрдэм шинжилгээний ажил хийх;
3.1.7.гадаадын оюутанд зориулсан сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, толь бичиг зохиох буюу хамтын бүтээл туурвихад биечлэн оролцох;
3.1.8.гадаад орны шинжлэх ухаан, боловсрол, соёлын байгууллагын тогтолцоо, сургалтын агуулга, арга технологитой танилцаж, энэ талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэл өгч байх;
3.1.9.Монгол Улсын иргэний болон гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар ханган ажиллах.
 
Дөрөв. Гадаадад ажиллах хугацаа
 
4.1. Энэ журмын 1.1-д заасан гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад мэргэжилтэн, багшийг 2 хүртэл жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулна. Шаардлагатай гэж үзвэл хугацааг нэг жилээр сунгаж болно.
4.2. Гадаадад үр бүтээлтэй ажиллаж ирээд мэргэжлийнхээ дагуу улсдаа 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний тодорхой бүтээлтэй, өөрийн мэргэжлээр 1-3 залуу ажилтныг дагалдуулан сургасан мэргэжилтэн, багшийг хамт олны саналыг үндэслэн гадаадад дахин ажиллуулж болно. 
 
Тав. Мэргэжилтэн, багшийн ажлыг дүгнэх
 
5.1. Гадаадад ажилласан мэргэжилтэн, багш нь монгол судлал, монгол хэл шинжлэл болон ажилласан чиглэлийн дагуу хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайланг дэвшүүлсэн саналын хамт өөрийн ажиллаж байсан үндсэн байгууллагад өгнө.
5.2. Байгууллага нь гадаадад ажилласан мэргэжилтэн, багшийн ажлын үнэлэлт, дүгнэлт өгч материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ. 
5.3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь үндсэн байгууллагын үнэлэлт, мэргэжил, багшийн тайлан, дэвшүүлсэн саналыг үндэслэн гэрээг дүгнэнэ. 
 
Зургаа. Мэргэжилтэн, багшийн ажиллах нөхцөл, баталгаа
 
6.1. Мэргэжилтэн, багшийн гадаадад ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, зардлын асуудлыг гадаад улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу зохицуулна. Байгуулсан гэрээнд энэ чиглэлээр асуудал тусгагдаагүй бол нэмэлт гэрээ хийнэ.
6.2. Гэрээнд тухайн мэргэжилтэн, багшийн ажлын хөлс, нэмэгдэл, эрүүл мэндийн болон бусад даатгал, орон байрны хангамж, замын зардал зэргийг тодорхой тусгана.
6.3. Мэргэжилтэн, багш нь тухайн орны амьжиргааны өртөг, олгогдож буй цалингийн хэмжээнээс шалтгаалан гэр бүл, үр хүүхдээ авч явах асуудлыг тухайн орны хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө шийдвэрлэнэ.  Хэрэв гэр бүл, хүүхдийн хамт явбал тэдэнтэй холбогдсон зардлыг өөрөө хариуцна.
 
 
                                                    ---о0о---