- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2003 оны 223 дугаар тушаалын хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Урлагийн үнэт бүтээл, угсаатан зүйн хэрэглэгдэхүүн, эрдэс, үнэт чулуу, археологийн олдвор, сөнөсөн амьтан, ургамал, бичил биетний чулуужсан олдвор, эртний бичээс, гар бичмэл, ном судар, зоос, тамга тэмдэг, түүхийн болон шашны холбогдолтой эд өлгийн зүйл (цаашид "түүх, соёлын дурсгалт зүйл" гэнэ)-ийг үзэсгэлэнд оролцуулах, судалгаа шинжилгээ хийх, сэргээн засварлах болон бусад зориулалтаар гадаадад гаргах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд зориулан лиценз олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход "Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" олон улсын конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай Монгол Улсын хууль, "Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам"-ыг мөрдлөг болгоно.
1.3. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, олон улсын болон гадаадын байгууллага, Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс энэхүү журмыг нэгэн адил мөрдөнө.
Хоёр. Түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаад улсад гаргах
2.1. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз олгох баримт бичигт (MNS 5022:2001 стандартын D, E хавсралт) Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гарын үсэг зурна.
2.2. Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр улсын хилээр гаргах лиценз олгох баримт бичигт (MNS 5022:2001 стандартын D, E хавсралт) Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга, эзгүйд нь тус газрын орлогч дарга гарын үсэг зурна.
2.3. Түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийн зэрэглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөл тогтоож, гэрчилгээ олгоно. Гэрчилгээтэй түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз авах шаардлагагүй.
2.4. Гэрчилгээ олгохтой холбогдох зардлыг энэ журмын 2.5-д заасан хураамжаас гаргана.
2.5. Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр гаргах, лиценз олгох үйлчилгээтэй холбогдсон төлбөрт Тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 12500 төгрөгний хураамж ногдуулна. Хураамжийг соёл, урлагийн санд төвлөрүүлнэ.
Гурав. Лиценз олгох өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх
3.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх өргөдлийг лиценз хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан MNS 5022:2001 стандартын тусгай маягтын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд гаргана. Өргөдөлд дурдсан мэдээллийн үнэн зөвийг өргөдөл гаргагч хариуцна.
3.2. Лиценз авах өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргасан байна:
-аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-гадаад улстай байгуулсан гэрээ, хэлэлцээ, төслийн хуулбар;
-гадаадад гаргах түүх, соёлын дурсгалт зүйлийн 9х12 хэмжээний өнгөт гэрэл зураг хоёр хувь буюу дүрс бичлэг;
-өмнө нь авсан лицензийн гүйцэтгэл;
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
3.3. Лиценз олгогч нь өргөдөл, баримт бичгийг хүлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан хянан шийдвэрлэх бөгөөд шууд лицензийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
3.4. Лицензийг 1 жил хүртэл хугацаатай олгоно. Лиценз эзэмшигчийн байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх хугацаа, шаардлагатай уялдуулан лицензийг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Лиценз эзэмшигч түүх, соёлын дурсгалт зүйлийг эргүүлж улсын хилээр бүрэн бүтэн, хугацаандаа оруулж ирсэн эсэхэд соёлын хяналтын асуудал эрхэлсэн байгууллага, улсын байцаагч хяналт тавина.
4.2. Лицензийг "Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх барааны экспорт, импортын лиценз олгох журам"-ын 3.2-т заасны дагуу хүчингүй болгоно.
4.3. Лиценз хүсэгч лиценз олгох, хүчингүй болгохтой холбогдсон гомдлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад гаргана. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A