A

A

A

Бүлэг: 1979
Үйлдвэр, худалдааны сайдын 2003 оны
144 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН ДҮРЭМ
 
                                            Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заалтын дагуу Маргаан шийдвэрлэх комисс нь итгэмжлэлд оролцогч талуудын хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Маргаан шийдвэрлэх комисс нь итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан болон итгэмжлэгдсэн байгууллагын эрх зөрчигдсөн тухай дараахь маргааныг хянан шийдвэрлэнэ:
а/ Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.1 дэх хэсэгт заасан итгэмжлэлийн гэрчилгээ олгохтой холбогдсон асуудлаар гарсан маргаан;
б/ мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5 дахь хэсэгт заасан итгэмжлэгдсэн байгууллагын итгэмжлэлээр тогтоосон хүрээг багасгах, итгэмжлэлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авахтай холбогдсон асуудлаар гарсан маргаан;
в/ мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт заасан итгэмжлэлийн шинжээчийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар гарсан маргаан;
г/ мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасан итгэмжлэлийн Техникийн хорооны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар гарсан маргаан;
д/ итгэмжлэлийн шинжээч, аудитор, Техникийн хорооны гишүүдийн ёс зүйн хэм хэмжээ, ажиллах нөхцөл, ажлын хөлс, шагнал, урамшуулал зэрэг асуудалтай холбогдож гаргасан маргаан;
е/ итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагаатай холбогдож хэрэглэгч, үйлчүүлэгчийн зүгээс гаргасан маргаан.
1.3. Дор дурдсан этгээдийн гомдлоор итгэмжлэлтэй холбогдсон маргааныг үүсгэж болно:
1/ итгэмжлэгдсэн байгууллага;
2/итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан байгууллага;
3/ итгэмжлэгдсэн байгууллагын үйлчилгээг хэрэглэгч
1.4. Маргаан шийдвэрлэх комиссын ажлын үндсэн хэлбэр нь хурал байх ба хэлэлцсэн асуудлаар гаргах шийдвэр нь мэргэжлийн дүгнэлт, хурлын тэмдэглэл байна.
 
Хоёр. Гомдлыг хүлээн авах, шалгах
 
2.1. Энэхүү журмын 3 дугаар зүйлд дурдсан этгээд нь итгэмжлэлтэй холбогдсон асуудлаар гаргасан гомдлоо Итгэмжлэлийн байгууллага (Маргаан шийдвэрлэх комисс)-ын нэр дээр бичгээр ирүүлнэ.
2.2. Гомдолд маргаан үүсэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой дурдаж өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох бичиг баримтын хуулбарыг хавсаргаж болно.
2.3. Гомдлыг хүлээн авсан Маргаан шийдвэрлэх комиссын дарга түүнийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж эсвэл гомдлыг хянан шалгах ажлын хэсгийг ажлын 3 өдрийн дотор тушаалаар байгуулна.
2.4. Маргаан шийдвэрлэх комиссын дарга нь тухайн маргааныг хянан шалгуулахаар Комиссын гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Гомдлыг хянан шалгах ажлыг ажлын хэсгийн ахлагч хариуцан зохион байгуулна.
2.5. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Итгэмжлэлийн байгууллагын ажилтнууд болон төрийн захиргааны бусад байгууллагаас төрийн албаны ажлын дадлага, туршлагатай мэргэшсэн албан хаагчийг оролцуулж болно. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гомдол гаргагчийн маргаанд холбогдох ажилтан болон гомдол гаргагчийн төрөл садангийн этгээдийг оруулахыг хориглоно.
2.6. Гомдол гаргагч нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай тодорхой үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргаж, Маргаан шийдвэрлэх комиссын даргад өгнө. Хүсэлттэй холбогдсон асуудлыг Комиссын дарга хянан үзэж шийдвэрлэнэ.
2.7. Ажлын хэсэг нь гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шалгалтыг явуулж дуусгах бөгөөд шаардлагатай бол холбогдох комиссын даргын тушаалаар хугацааг дахин 14 хүртэл хоногоор сунгаж болно.
2.8. Ажлын хэсэг нь маргаанд холбогдох материал, бичиг баримтыг шалгаж танилцах, шаардлагатай тохиолдолд гомдол гаргагч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзах, тэдний тайлбар, санал, дүгнэлтийг авах, улмаар зохих үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, маргаан шийдвэрлэх комиссын даргад танилцуулан хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
2.9. Ажлын хэсэг нь маргааныг хянан шалгахдаа дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
а/ маргааныг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан, түүнчлэн гомдол гаргагчаас гаргуулан авах, тэдний тайлбарыг сонсох;
б/ Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг үндэслэн маргааныг үнэн зөв,  шуурхай шалгах;
в/ маргааныг шалгасан тухай шүүн хэлэлцэж, дүгнэлтийг гишүүдийн олонхийн саналаар гаргах бөгөөд хэрэв өөр саналтай гишүүн хүсэлт гаргавал түүний саналын үндэслэлийг Маргаан шийдвэрлэх комиссын хуралдаанд танилцуулах;
г/ гаргасан дүгнэлтээ Маргаан шийдвэрлэх комиссын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх, комиссын шийдвэрийг гомдол гаргагчид мэдэгдэж, тайлбарлах.
 
Гурав. Маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа
 
3.1.Комиссын нарийн бичгийн дарга нь хурлаар хэлэлцэх асуудлыг холбогдох материалын хамт бүрдүүлэн, хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлсэн байна.
3.2. Маргаан шийдвэрлэх комисс нь итгэмжлэлд оролцогч талуудтай холбогдон гарсан маргааныг хянан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл Маргаан шийдвэрлэх комиссын даргын болон ажлын хэсгийн гишүүдийн санал болгосноор маргагч талуудыг хуралдаанд оролцуулж, тайлбар хийх, дүгнэлтийн талаар санал бодлоо илэрхийлэх бололцоог тэдэнд олгоно.
3.3 Маргаан шийдвэрлэх комиссын хурлыг гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийднэ. Харин санал тэнцсэн тохиолдолд комиссын даргын саналаар эцсийн шийдвэрийг гаргана.
3.4. Маргаан шийдвэрлэх комисс нь гомдол, маргааныг хуралдаанаараа хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр дахин шалгуулахаар ажлын хэсэгт буцааж болно:
а/эцсийн шийдвэр гаргах нотолгоо болох бичиг баримтын бүрдэл хангагдаагүй;
б/ маргаанд холбогдох чухал бичиг баримт, үйл явдлыг шалгаагүй.
3.5. Маргаан шийдвэрлэх комисс нь маргааны талаар гаргасан шийдвэрээ ажлын 3 өдөрт багтаан маргагч талуудад мэдэгдэх бөгөөд Комиссын гаргасан шийдвэрийг итгэмжлэлд оролцогч талууд биелүүлэх үүрэгтэй.
3.6. Итгэмжлэлийн асуудлаар итгэмжлэлд оролцогч талуудын хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх тухай Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг маргалдагч талууд үл зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
 
 
                                                               ---о0о---