A

A

A

Бүлэг: 1979
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2002
   оны 26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
АЖЛЫН БАЙРЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шинэчилсэн стандартын шаардлагын хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах хэвийн үйл ажиллагааг хангуулахад энэхүү ажлын байрны аттестатчиллын зорилго оршино.
1.2. Ажлын байрыг аттестатчилахдаа хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны талаар мөрдөгдөж байгаа хууль, стандарт, дүрэм, журам, норм, нормативыг удирдамж болгоно.
1.3. Аттестатчиллын бэлтгэл ажлыг аж ахуйн нэгж, байгууллага хангана.
1.4. Аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс аттестатчиллыг явуулж дүгнэнэ.
УБТЗ, БХЯ, ЗХЕШ, ШШГЕГ, ХХЕГ аттестатчиллыг бие даан явуулна.
1.5. Хөдөлмөр нийгмийн хамгааллын улсын хяналтын алба, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын алба нь ажлын байрыг аттестатчилах ажлыг арга зүйн удирдлагаар хангах, аймаг, дүүргийн аттестатчиллын комиссын ажилд туслалцаа үзүүлэх, тэдний хүсэлтээр ажлын байрны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээг хийх ба аттестатчилал явуулж буй байдалд хяналт тавина.
1.6. Ажлын байрны аттестатчиллыг 5 жил тутамд нэг удаа явуулна.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоноглосон, технологийн процесс болон хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрыг хугацаанаас өмнө аттестатчилах ажлыг аймаг, дүүргийн хөдөлмөрийн хяналтын албаны энэ асуудал хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.
1.7. Ажлын байрны аттестатчилалд эрчим хүч, уул уурхай, барилга, хөнгөн, хүнс, зам, тээвэр холбооны зэрэг бусад үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулна.
 
Хоёр. Ажлын байрыг аттестатчилах бэлтгэлийг хангах
 
2.1. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, тусгай газрын газрын даргын тушаалаар байгуулагдсан комисс аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрыг аттестатчилах тухай семинарыг зохион байгуулж, аттестатчилах ажлыг зохион байгуулах журмыг аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох ажилтнуудад танилцуулан бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна.
2.2.Комиссоос аттестатчилал явуулах хугацаа, хуваарийг гаргаж аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэнэ.
2.3. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан аттестатчилах ажлын бэлтгэлийг хангах комисс дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
2.3.1. тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага (хаалт, хамгаалалт, газардуулга гэх мэт)-ыг хангуулж паспортыг бүхэн хөтөлсөн байх;
2.3.2. тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагааны дүрэм, заавартай болгосон байх;
2.3.3. тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зөвшөөрөл, гэрчилгээг авсан байх;
2.3.4. даралтат сав, шугам хоолой, өргөх, тээвэрлэх механизмын баталгаажуулалтыг хийлгэсэн байх;
2.3.5. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг олгох жагсаалт гарган батлуулж түүнийхээ дагуу ажиллагчдад олгосон байх;
2.3.6. хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд мэргэжлийн байгууллагаар хэмжилт судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;
2.3.7. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалгаалан өвчин, хөдөлмөрийн чадвар түр алдалт (ХЧТА)-ын судалгаа сүүлийн 5 жил (1998-2002)-ээр гаргаж бууруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллах;
2.3.8. үйлвэрлэлд хэрэглэж буй химийн бодисын судалгааг гаргаж, шошгожуулсан байх;
2.3.9. ажиллагчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байх;
2.3.10. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан олгож буй хөнгөлөлт, хангамжийн бүртгэл, судалгаатай байх;
2.3.11. ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг авч, дүгнэлт гаргуулан гэрчилгээ авсан байх;
2.3.12. ажлын байрыг аттестатчилах бэлтгэлийг хангасан тухай товч танилцуулгыг бэлтгэх;
2.3.13. ажлын байр бүрээр хөтлөх аттестатчиллын картыг олшруулж бэлэн болгох (загварыг хавсаргав).
 
Гурав. Ажлын байрыг аттестатчилах
 
3.1. Аймаг, дүүргийн аттестатчиллын комисс аж ахуйн нэгж, байгууллага бүр дээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны байдалтай газар дээр нь биечлэн танилцаж хангалттай сайн, хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгнө.
3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилд үнэлгээ өгөх асуудлууд:
3.2.1. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа (алба, ажилтан, орон тооны бус зөвлөл);
3.2.2. хөдөлмөр хамгааллын булан, танхимын ажиллагаа, сургалт;
3.2.3. үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ ҮО, МШӨ, Хурц хордлогыг судлан тогтоох комиссын ажил. Сүүлийн 5 жилд гарсан ҮО, ХХ;
3.2.4. тоног, төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зөвшөөрөл-гэрчилгээ;
3.2.5. хэвийн бус ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаа;
3.2.6. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 3 шатны хяналт;
3.2.7. ажиллагчдын аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, ажлын байрны нөхцөлийг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зарцуулсан хөрөнгө;
3.2.8. эрүүл мэндийн үзлэгт ажиллагчдыг оруулсан байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүн хэд, үүнээс сүүлийн 5 жил хэд. Эмчилгээ, сувилгаа, эрүүлжүүлэх арга хэмжээ;
3.2.9. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хөнгөлөлт, хангамж;
3.2.10. ажлын байрны эрүүл ахуйн дүгнэлт, гэрчилгээ.
3.3. Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд өгөх үнэлгээ:
3.3.1. тоног төхөөрөмжийн байршуулалт, эргономикийн шаардлага, нэг хүнд ногдох талбай;
3.3.2. тоног төхөөрөмжийн хаалт, хамгаалалт;
3.3.3. тоног төхөөрөмжийн газардуулга;
3.3.4. тоног төхөөрөмжийн паспорт, засвар үйлчилгээг хугацаанд нь хийсэн байдал;
3.3.5. тоног төхөөрөмжийн заавар, дүрэм;
3.3.6. ажлын байран дахь анхааруулга, дохио, санамж;
3.3.7. даралтат сав, шугам хоолойн баталгаажуулалт;
3.3.8. өргөх тээвэрлэх механизмын туршилт, баталгаажуулалт;
3.3.9. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн олголт, хэрэглээ;
3.3.10. ажлын байранд хэрэглэж буй химийн бодисын аюулгүй ажиллагааны заавар, дүрэм;
3.3.11. химийн бодисын шошгожуулалт;
3.3.12. ажлын байрны гэрэлтүүлэг;
3.3.13. ажлын байрны агааржуулалт;
3.3.14. ажлын байрны дуу, шуугиан, доргио;
3.3.15. ажлын байрны тоос, химийн бодисын ууршилт;
3.3.16. ахуйн байрны хүрэлцээ, хангамж;
3.3.17. ажлын байрны ариун цэвэр, хог хаягдал;
3.3.18. ажлын байрны 3 шатны зааварчилга;
3.3.19. галын аюулгүй байдал.
 
Дөрөв. Аттестатчиллын дүн гаргах, тайлагнах
 
4.1. Ажлын байрны үзүүлэлтийг 50-аас дээш хувийг биелүүлсэн (+) бол тухайн ажлын байрыг аттестатчилагдсан гэж үзэх боловч 3.3.3, 3.3.7, 3.3.8, 3.3.11, 3.3.12, 3.3.19 дүгээр үзүүлэлтийг биелүүлээгүй бол аттестатчилагдсан гэж тооцохгүй.
4.2. Хүнд, хортой, аюултай хүчин зүйлийн хэмжээ нь стандарт заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн буюу аюулгүй ажиллагааны шаардлага бүрэн хангахгүй байгаа ажлын байранд илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай шаардлага өгч, арилгах боломжтой зөрчлийг бүрэн арилгасан тохиолдолд аттестатчиллын үзүүлэлтийг биелүүлсэн гэж үзнэ.
4.3. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг зүйл нь ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай гэж үзсэн тохиолдолд уг ажлын байрыг аттестатчилалд тэнцээгүй гэж үзэх ба хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах яаралтай арга хэмжээ авахыг шаардах ба шаардлагатай гэж үзвэл цаашид ажиллуулахыг хориглож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.
 4.4. Аж ахуйн нэгж, байгууллагын болон ажлын байрны үзүүлэлтийг (тухайн байгууллага, ажлын байранд дүгнэгдэх) 80 хувиас дээш биелүүлсэн бол хангалттай сайн, 50-80 хувь биелүүлсэн бол хангалттай, 50 хүртэл хувь биелүүлсэн бол хангалтгүй гэж үнэлнэ.
4.5. Байгууллагын үнэлгээ өгөх үзүүлэлтийн 50-аас дээш хувийг биелүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг "Аттестатчилагдсан" гэж үзэх боловч 3.2.4, 3.2.10 дугаар үзүүлэлтийг биелүүлээгүй бол аттестатчилагдсан гэж үнэлэгдэхгүй.
4.6. Байгууллагын хэмжээний үзүүлэлт (тухайн аж ахуйн нэгжид дүгнэгдэх)-ийн хувь, ажлын байрны үзүүлэлтийн хувь 2-ын дундаж үзүүлэлтээр байгууллагын ерөнхий дүнг гаргана.
4.7. Аж ахуйн нэгж, байгууллага, аттестатчилалд тэнцсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг ажлын байрны аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилалд тэнцсэн гэж үзэж, ажлын байрны эрүүл ахуйн зөвшөөрөл авсан гэрчилгээнд "Аттестатчилалд тэнцсэн" гэсэн тэмдэглэгээ хийж, улсын байцаагчийн тэмдэг дарж, баталгаажуулна.
4.8. Аж ахуйн нэгж, байгууллага ажлын байрны аттестатчиллын дүнгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллана.
4.9. "Ажлын байрны аттестатчиллын карт", "Аж ахуйн нэгж, байгууллагын аттестатчиллын үнэлгээний хуудас"-ыг товч илтгэх хуудасны хамт материал болгон хадгална.
4.10. Аттестатчиллын дүнг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нэгтгэн гаргаж, Засаг даргын зөвлөлийн хэмжээнд танилцуулж дүгнэнэ.
4.11. Улсын хэмжээний дүнг ХНХУХА-нд нэгтгэж, холбогдох санал, дүгнэлтийн хамт НХХЯ, Засгийн газарт хүргүүлнэ.
4.12. Аттестатчиллын дүнг тухайн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ба улсын хэмжээний дүнг радио, телевиз, хэвлэлээр өргөн сурталчлах ажлыг зохион байгуулна.
 
                                                        ---о0о---