A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БЭЛТГЭЛД БОЛОН ЧӨЛӨӨНД БАЙГАА ГЕНЕРАЛ, ОФИЦЕР, АХЛАГЧИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ТҮР АЖИЛЛУУЛАХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЖУРАМ БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Батлан хамгаалахын сайдын 2003
оны 40 дүгээр тушаалын хавсралт
 
БЭЛТГЭЛД БОЛОН ЧӨЛӨӨНД БАЙГАА ГЕНЕРАЛ, ОФИЦЕР, АХЛАГЧИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ТҮР АЖИЛЛУУЛАХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарыг батлан хамгаалах салбарт түр ажиллуулах, үүрэг гүйцэтгүүлэх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудад дагаж мөрдөнө.
1.3. Энэ журамд заасан шаардлагыг хангасан бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарыг батлан хамгаалах салбарт тэдэнтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр түр ажиллуулж, үүрэг гүйцэтгүүлж болно.
 
 
1.4. Төрийн албаны тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарыг дараах ажил, арга хэмжээнд түр хугацаагаар авч ажиллуулах буюу үүрэг гүйцэтгүүлж болно:
-Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангахад туслах албан тушаал;
-Гадаад, дотоодын цэргийн албан хаагчидтай явуулах цугларалт, сургууль, дадлагын төлөвлөлтийг баримт бичиг боловсруулах, тэдгээрийг зохион байгуулахад оролцуулах;
-Улсын болон салбарын хэмжээний томоохон хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
-Эмнэлгийн ажил үйлчилгээ, сургалт, судалгааны ажилд оролцуулах;
-Гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах, хамтарсан хурал, семинар зохион байгуулах;
-Төрийн болон цэргийн ёслолын ажиллагаа, салбарын соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээнд оролцох;
-Батлан хамгаалах салбарын ахмадын зөвлөл, хорооны шугамаар зохион байгуулагдах арга хэмжээ, ажлын бэлтгэлийг хангахад оролцуулах;
-Цаг үеийн бусад ажил, арга хэмжээг зохион байгуулах.
1.5. "Түр ажиллуулах" гэж бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын хэвийн ажиллагааг хангахад туслах албан тушаалд авч ажиллуулахыг хэлнэ.
1.6. "Түр үүрэг гүйцэтгүүлэх" гэж бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр тэдний мэдлэг чадвар, дадлага туршлагыг ашиглан цаг үеийн холбогдолтой тулгамдсан ажил, арга хэмжээг богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор тэднийг 3 сар хүртэл хугацаагаар авч, тодорхой үүрэгт ажил хариуцуулан гүйцэтгүүлэхийг хэлнэ.
1.7. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагчийг түр ажиллуулж, үүрэг гүйцэтгүүлэхдээ удирдах албан тушаалд томилохгүй.
         
Хоёр. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер,
ахлагчийг түр ажиллуулахаар авах
 
2.1. Албан тушаалд түр ажиллуулахаар авахад тавигдах шаардлага:
-Мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох ажлын шаардлагыг хангасан байх;
-Төрийн албан хаагчийн ёс зүйн ерөнхий шаардлагыг хангасан байх;
-Цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр эрүүл болох нь тогтоогдсон байх;
-Ял шийтгэлгүй байх;
2.2. Бэлтгэл болон чөлөнд байгаа генерал, офицер, ахлагчийн түр ажиллуулах тухай шийдвэрийг дээд шатны дарга /захирагч/-ын албан ёсны зөвшөөрөл /бичгээр/-ийн үндсэн дээр тухайн анги, байгууллагын захирагч /дарга/ нар гаргана.
Гурав. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа офицер,
ахлагчийг түр үүрэг гүйцэтгүүлэхээр авах
 
3.1. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нарыг түр үүрэг гйүцэтгүүлэхэд тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй.
3.2. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагчаар түр үүрэг гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг дээд шатны дарга /захирагч/-ын албан ёсны зөвшөөрөл /бичгээр/-ийн үндсэн дээр тухайн анги, байгууллагын захирагч /дарга/ нар гаргана.
3.3. Түр хугацаагаар үүрэг гүйцэтгүүлсний цалин хөлсийг тухайн албан тушаалын цалингийн шатлалын жишгийг баримтлан харилцан тохиролцсоны үндсэн дээр олгоно.
3.4. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн хангалт, хөнгөлөлт эдлэхгүй.
 
Дөрөв. Түр ажиллуулах гэрээ байгуулах
 
4.1. Хүний нөөцийн байгууллага нь хүн нэг бүртэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн хуульд заасны дагуу "түр ажиллуулах тухай" гэрээ байгуулна.
4.2. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагчийг түр ажиллуулах анги, байгууллагын удирдлага өөрийн анги байгууллагын онцлог, нөхцөл байдалтай холбоотой асуудлаар гэрээнд нэмэгдэл заалт тусгаж болно.
4.3. Гэрээг талууд хөдөлмөрийн хуульд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгана.
 
Тав. Бусад зүйл
 
5.1. Батлан хамгаалах салбарт түр ажилласан болон 3 сар хүртэл хугацаагаар түр үүрэг гүйцэтгэсэн бэлтгэлд байгаа генерал, офицер, ахлагчийг дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад хамрагдсанд тооцож болно.
5.2. Түр ажиллаж буй бэлтгэлд байгаа генерал, офицер, ахлагчийн цолыг сэргээхгүй бөгөөд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д зааснаар зөвхөн албан үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн дүрэмт хувцас хэрэглэж, цэргийн дүрэмд заасан эрх, үүргийг эдэлж, хэрэгжүүлнэ.
 
5.3. Энэхүү журамтай холбогдон гарсан маргаантай асуудлыг хөдөлмөрийн болон иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
                                                        ---о0о---