- Нүүр
- Сайдын тушаал
- АЖ АХУЙН, НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН НЭГТГЭЛ ХИЙХ ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны
55 дугаар тушаалын хавсралт
АЖ АХУЙН, НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН НЭГТГЭЛ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, Төрийн сангийн хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн нэгтгэл хийх, дээд шатны байгууллагад тушаахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Нэгтгэлд нийт 21 аймаг, нийслэл, дүүргүүд, улсын төсөвтэй харьцдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулна.
3. Санхүүгийн тайлангийн нэгтгэлийг Санхүү, эдийн засгийн яамнаас өгсөн нэгтгэлийн программаар хийнэ.
Хоёр. Тайлан хүлээж авах
1. Аймаг, нийслэл, дүүргийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, Төрийн сангийн хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд харьяа татварын хэлтэс, төрийн сангийн хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран шалгаж, хүлээн авна.
2. Санхүү, эдийн засгийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газар улсын төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын тайланг төсвийн бодлого, зохицуулалтын газар, төрийн сангийн газар, санхүү зах зээл, салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газар, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтын газар шалгаж, тойрох хуудсаар хүлээн авна.
3. Санхүүгийн тайланг тодруулгын хамт авна.
Гурав. Нэгтгэлийн хугацаа
1. Аймаг, нийслэл, дүүргийн эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, төрийн сангийн хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн нэгтгэлийг Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн хууль"-д заасан хугацаанд хийнэ.
2. Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газар нь улсын төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын тайлангийн нэгтгэл, аймаг, нийслэлийн нэгтгэлийг бусад салбарын тайлантай нэгтгэн улсын хэмжээний нэгдсэн нэгтгэлийг шинжилгээ, дүгнэлт, танилцуулгын хамт дараа оны 5 дугаар сарын 15-ны дотор хийнэ.
Дөрөв. Нэгтгэл тушаах, тайлагнах
1. Аймаг, нийслэл, дүүргийн эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, төрийн сангийн хэлтэс нь энэ журмын дагуу санхүүгийн тайлангийн нэгтгэлээ программаар хийж хуулинд заасан хугацаанд Санхүү эдийн засгийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газарт тушаана.
2. Тайлангийн нэгтгэлийг хэвлэж, дискээр илтгэх хуудасны хамт Эдийн засгийн үйлдвэрлэлийн хэлтэс, Төрийн сангийн бүртгэлийн мэргэжилтэн өөрийн биеэр Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газарт авчирч тушаана.
3. Аймаг, нийслэл, дүүргийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, Төрийн сангийн хэлтэс нь хэвлэсэн нэгтгэлийг зориулалтын хавтсаар хавтаслаж, тайланг нэгтгэсэн мэргэжилтэн, хянасан хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Мөн нэгдсэн тайланг хянаж хүлээн авсан хүний албан тушаал, гарын үсэг, он, сар, өдөр, байхаар хавтсыг хийнэ.
4. Аймаг, нийслэл, дүүргийн эдийн засгийн, үйлдвэрлэлийн хэлтэс, Төрийн сангийн хэлтэс нь улирлын санхүүгийн тайлангийн хүлээн авалт, тайлан тушаалтын ирцийн мэдээг улирлын дараа сарын 30-ны дотор Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газарт ирүүлнэ.
5. Тайлангийн нэгдсэн нэгтгэлийг танилцуулгын хамт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн газар, Үндэсний татварын ерөнхий газар, Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлд болон бусад холбогдох газар, албан тушаалтанд танилцуулна.
6. Улсын хэмжээний тайлангийн нэгдсэн нэгтгэлийг, шинжилгээний хамт хийж, Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлийн хуралд оруулж шийдвэр гаргуулж, зохих арга хэмжээг авч ажиллана.
---о0о---
Текст томруулах
A
A
A