A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛБӨР ТООЦООГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ /СС, ХНХС-ын хамтарсан 2018 оны 126/А/130-р тушаалар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/СС, ХНХС-ын хамтарсан 2018 оны 126/А/130-р тушаалар хүчингүй болгосон/

                                            
  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны
45/21 дүгээр тушаалын хавсралт
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛБӨР ТООЦООГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэхүү журмын зорилт нь "Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 101, 272 дугаар тогтоолуудыг үндэслэн Нийгмийн даатгалын сан болон нийгмийн даатгалын байгууллагуудыг Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг олгох үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Нийгмийн даатгалын сангуудын төлбөр тооцоог Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэхдээ Нийгмийн даатгалын тухай хууль, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдлөгө болгоно.
1.3. Нийгмийн даатгалын байгууллага, Төрийн сан энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
1.3.1. Төвийн төрийн сан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүгийн удирдлага болон нийгмийн даатгалын үйлчилгээг харилцан уялдаатайгаар сайжруулах;
1.3.2. Нийгмийн даатгалын санг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлж, мөнгөн хөрөнгийн үр ашигтай удирдлагаар хангах;
1.3.3. Нийгмийн даатгалын байгууллага нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд санхүүгийн сахилга батыг чанд баримтлах;
1.3.4. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаарх үнэн зөв, бодит, дэлгэрэнгүй тайланг цаг хугацаанд нь гаргах;
1.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг Монгол Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Төв төрийн сантай гэрээ байгуулан төлбөрийн чадвар сайтай арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Арилжааны банкыг сонгон шалгаруулна.
1.5. Энэ журамд хэрэглэгдсэн нэр томъёог дараах утгаар ойлгоно:
 1.5.1. "Нийгмийн даатгалын байгууллага" гэж нийгмийн даатгалын сангаас санхүүждэг, нийгмийн даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлдэг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харьяа байгууллагыг;
1.5.2. "Төрийн сан" гэж төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газар, /цаашид төв төрийн сан гэх/ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтцэд байгуулагдсан төрийн сангийн хэлтэс, төлөөлөгчийг;
1.5.3. "Төрийн сангийн нэгдсэн данс" гэж төсвийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах Монгол банк дахь Засгийн газрын харилцах дансыг;
1.5.4. "Агентлаг банк" гэж Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар болон Төв төрийн сантай гэрээ байгуулан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг иргэдэд хүргэх үйлчилгээ үзүүлэх арилжааны банкыг;
1.5.5.Тэтгэвэр тэтгэмжийн данс" гэж гэрээний дагуу агентлаг банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд хүргэх үйлчилгээ бүхий төрийн сангийн дансыг.
 
Хоёр. Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн
даатгалын байгууллагын данс
 
2.1. Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны данс нь Төрийн санд байршина.
2.2. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харьяа байгууллага бүр нь үйл ажиллагааны зөвхөн нэг данстай байна.
2.3.Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын орлого, зарлагын гүйлгээг зөвхөн төрийн сангийн дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
2.4. Нийгмийн даатгалын байгууллага нь данс нээлгэх хүсэлтийг холбогдох төрийн санд албан ёсоор ирүүлнэ. Уг хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
-нийгмийн даатгалын байгууллагыг байгуулсан албан ёсны шийдвэр буюу гэрчилгээ
-Харьяалах яам болон дээд шатны төсөв захирагч байгууллагын бүтэн нэр
-Дансны төрөл, түүний зориулалт.
2.5. Төрийн сан нь нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн данс нээлгэх хүсэлтийг үндэслэн тухайн зориулалтаар дансыг нээж, нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэнэ.
2.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Төрийн санд тухайн аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны данснаас гадна нийгмийн даатгалын сангийн дансыг сан тус бүрээр нээнэ. Тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ үзүүлдэг арилжааны банкны салбаруудад болон суманд зөвхөн нийгмийн даатгалын сангийн зарлагын гүйлгээ гаргах зориулалт бүхий дансыг нээнэ.
2.7. Төв төрийн сан нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын саналыг харгалзан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламжийн дансанд байршуулна.
2.8. Нийгмийн даатгалын байгууллага нь Санхүү, эдийн засгийн сайдын тусгай зөвшөөрөлгүйгээр төрийн сангаас гадуур банк болон санхүүгийн байгууллагад данс нээхийг хориглоно.
 

Гурав. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага

 
3.1. Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл болон алдангийн орлого төвлөрүүлэх дансыг төрийн санд нээсэн тухай албан ёсоор мэдэгдэнэ. Сумдын нийгмийн даатгалын тасаг, байцаагч, ажилтан нь ажил олгогч болон даатгуулагчаас төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн төрийн сан дахь Нийгмийн даатгалын сангийн дансанд төлүүлнэ.
 
Дөрөв. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны
санхүүжилт, түүний төлбөр тооцоо
 
4.1. Нийгмийн даатгалын байгууллага нь эрх бүхий байгууллагатай зөвшилцөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан үйл ажиллгааны зардлын төсвийн хүрээнд үйл ажиллгааагаа санхүүжүүлнэ.
4.2. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан үйл ажиллагааны төсвийн сар, улирлын хуваарийг нийгмийн даатгалын байгууллага нэг бүрээр гаргаж Төв төрийн санд ирүүлнэ.
4.3. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар төсвийн жилийн эхэнд Нийгмийн даатгалын сангийн данснаас үйл ажиллагааны санхүүжилтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан хэмжээгээр татан төвлөрүүлэх ба нийгмийн даатгалын хэлтсүүдийн үйл ажиллагааны санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлнэ.
4.4. Орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас батлагдсан төсөв, хуваарийн дагуу үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ.
 

Тав. Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн хөрөнгө оруулалт

 
5.1. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь мөнгөн хөрөнгийн төлөвлөлтөндөө 1.5-2 сарын зарлага санхүүжилттэй тэнцэх хөрөнгийг харилцах дансандаа үлдээж бусад хөрөнгийг төрийн санд гэрээгээр хадгалуулна. Энэ харилцааг 1.3.1-д заасны дагуу байгуулах хамтарсан гэрээнд тодорхой тусгана.
5.2. Төрийн сан нь санхүүгийн хөрөнгө оруулалтын хүүг тогтоохдоо санхүүгийн зах зээлийн хүүгийн жишигт үндэслэнэ.
5.3. Төрийн сан нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын найдвартай байдал, аливаа хөрөнгө оруулалт хүүгийн хамт бүрэн хэмжээгээр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт буцаан төлөгдөхийг бүрэн хариуцна.
 

Зургаа. Санхүүгийн тайлан болон дансдын зохицуулалт

 
6.1. Төрийн сан нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрыг нийгмийн даатгалын байгууллагын төрийн сангийн дансаар дамжуулан хийгдсэн гүйлгээний мэдээллээр дараах байдлаар хангана:
6.1.1. Нийгмийн даатгалын байгууллагын төрийн сангийн дансаар дамжуулан хийгдсэн гүйлгээний өдөр бүрийн хуулгыг данс нэг бүрээр гаргаж холбогдох нийгмийн даатгалын байгууллагад дараагийн ажлын өдөрт өгнө.
6.1.2. Төв төрийн сан нь нийгмийн даатгалын байгууллагуудын дансаар хийгдсэн гүйлгээнүүдийн нэгдсэн тайлан ТСБ-41 маягтын дагуу 14 хоног тутам гаргаж Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.
6.2. Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн сангаас ирүүлсэн дансны хуулгыг шалгаж, зөрүүтэй тохиолдолд Төрийн сантай хамтран шуурхай шийдвэрлэнэ.
6.3. Нийгмийн даатгалын байгууллагууд дансны гүйлгээг тулган шалгах зорилгоор сард хоёр удаа буюу тухайн сарын 25-нд, дараа сарын 2-ны дотор өмнөх сарын хаалтын гүйлгээг төрийн сантай шалгаж баталгаажуулна.
6.4. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангуудын болон үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайланг холбогдох журмын дагуу хугацаанд нь иж бүрэн, үнэн зөв гаргаж төрийн санд ирүүлнэ.
 

Долоо. Төрийн сангийн эрх, үүрэг

 
 7.1. Төрийн сан нь нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны дансыг нээнэ.
7.2.Нийгмийн даатгалын сан болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны данснаас зарлагын гүйлгээг гүйцэтгэхдээ нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэгтэй төлбөр тооцооны баримт бичигт үндэслэнэ.
7.3. Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагын төлбөрийн шилжүүлгийг үндэслэн тэтгэвэр, тэтгэмжийн дансанд шилжүүлнэ.
7.4. Төрийн сан нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зөвхөн өөртөө байршуулан хуримтлуулах үүрэг гүйцэтгэх бөгөөд хяналт тогтоох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийгмийн даатгалын байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх, барьцаа, дэнчин тавих, бусдад зээлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
7.5. Нийгмийн даатгалын сангийн дансны тогтвортой үлдэгдэлд хүү төлнө.
7.6. Нийгмийн даатгалын сан болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны данснаас орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн тухай бүр хуулга дагалдах баримт бичгийг нийгмийн даатгалын байгууллагад өгнө.
7.7. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар нийгмийн даатгалын тодорхой төрлийн санд олгохоор баталсан санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-т заасан хугацаанд олгоно.
7.8. Нийгмийн даатгалын санд чөлөөт үлдэгдэл байх нь төсвөөс тэтгэврийн санд татаас олгохгүй байх үндэслэл болохгүй.
 

Найм. Нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүрэг

 
8.1. Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны дансыг Төрийн санд байршуулна.
8.2. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сан болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын орлого, зарлагын гүйлгээг төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ.
8.3. Энэхүү журмыг зөрчиж батлагдсан төсвөө хэтрүүлэх, өр авлага үүсгэсэн орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар Төв төрийн сантай хамтран хяналт тавина.
8.4. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын санд ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэл, алдангийн орлого, аливаа төлбөрийг зөвхөн төрийн сан дахь нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлнэ.
8.5. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр, тэтгэмжийн дансны үлдэглийг харгалзан нийгмийн даатгалын сангаас санхүүжилтээ авна.
 

Ес. Журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 
9.1.Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтан, мэргэжилтний тооцооллын алдаанаас шалтгаалж тэтгэвэр, тэтгэмж олгоход хүндрэл гарсан тохиолдолд хариуцлагыг холбогдох журмын дагуу нийгмийн даатгалын байгууллага хүлээнэ.
9.2. Төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагаанаас шалтгаалж  нийгмийн даатгалын байгууллага, даатгуулагчдад учирсан хохирол, хүндрэл бэрхшээлийн улмаас үүсэх хариуцлагыг Төрийн сан хүлээнэ.
 9.3. Төрийн сангийн нэгдсэн дансны  тогтолцооноос гадна аливаа арилжааны банкинд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны болон нийгмийн даатгалын сангийн данс нээсэн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.4. Энэхүү журмыг зөрчсөн аливаа хуулийн этгээд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
 
 
 
 
                                                        ---о0о---