- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайд, Санхүү, эдийн засгийн сайд,Үйлдвэр, худалдааны сайдын 2003 оны 79/185/156/92дугаар
хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, түүнийг баталгаажуулж хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Хөнгөн аж үйлдвэрийн мэргэжилтний хүрээнд арьс, шир, үслэг, ноос ноолуур, мод боловсруулах, хэвлэл, оёдлын болон бусад дэд салбарт ажиллаж байгаа дээрх чиглэлийн мэргэжлийн инженер, техникийн болон эдийн засгийн ажилтнууд, салбарын төрийн захиргааны байгууллага, чиглэлийн их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн ажилтан, багш, мэргэжилтнүүд хамаарагдана.
1.3. Хөнгөн үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтнүүдийн онолын мэдлэг, мэргэшлийн ур чадварын түвшин, ажлын туршлага, зохион байгуулах чадвар, ажлын үр дүн, бүтээл зэрэг тэдний оюуны өмчийг нь үнэлж баталгаажуулах, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэхэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны зорилго оршино.
1.4. Мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгож баталгаажуулах, хяналт, тавих, ажлыг Үйлдвэр, худалдааны яамны дэргэдэх "Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох" зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/ эрхэлнэ. Зөвлөл нь орон тооны бус байх ба Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар баталсан журмын дагуу ажиллана.
1.5. Дээд боловсролтой мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь мэргэшсэн ба зөвлөх гэсэн хоёр шатлалтай байна.
1.6. Мэргэшлийн зэргийн чанар, нэр хүндийг бууруулахгүй байх болон хавтгайруулан олгох асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт мэргэжилтний 10 хувь нь зөвлөх зэрэгтэй, 20 хувь нь мэргэшсэн зэрэгтэй байхаар хяналтыг тавьж ажиллана.
1.7. Зэрэг олгох шалгаруулалтын ажиллагааг Зөвлөлийн удирдлага, хяналтын дор Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэн хариуцан зохион байгуулна.
Хоёр. Мэргэшлийн зэрэг горилогчид тавих шаардлага
2.1. Горилогч нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:
-дотоод, гадаадын их, дээд сургууль коллеж төгсөж дээд (бакалавр, магистр, боловсролын доктор) боловсрол эзэмшсэн байна;
-Үндсэн мэргэжлийн чиглэлээр онолын өндөр мэдлэг эзэмшсэн, ажлын дадлага туршлагатай, зах зээлийн эдийн засгийн онолын зохих мэдлэгтэй, үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, техник технологийг боловсронгуй болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадвартай, судалгаа туршилтын ажил явуулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэрэглэх чадамжтай, компьютер болон сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байна;
-Мэргэшсэн зэрэг горилогч нь 10, зөвлөх зэрэг горилогч нь 15 ба түүнээс дээш жил тус тус мэргэжлээрээ тасралтгүй ажилласан байна;
-Зэрэг горилогч нь мэргэжлийн болон ёс зүйн зохих шаардлагыг хангасан байна.
2.2. Горилогч нь тогтоосон хэмжээний төлбөрийг өөрөө эсвэл холбогдох байгууллагаас төлсөн байна.
3.1. Горилогч нь зэрэг олгох сургалтад хамрагдах хүсэлтээ Зөвлөлд бичгээр тавина.
3.2. Зэрэг горилогч нь дараах баримт, бичиг бүрдүүлж зарласан хугацаанд багтаан Хөнгөн үйлдвэрлэлийн Судалгаа, хөгжлийн хүрээлэнд ирүүлнэ. Үүнд:
-Зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл;
-Хариуцлагатай ажилтны анкет /биеийн байцаалт/
-Ажил байдлын тодорхойлолт
-2 хувь зураг (3х4 хэмжээтэй)
-Боловсролын үнэмлэх, диплом, эрдмийн зэргийн болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
-Бүтээлийн тайлан, жагсаалт;
-Төлбөрийн баримт;
3.3. Горилогч нь ажил байдлын тодорхойлолтыг ажиллаж байгаа байгууллагаасаа авсан байна. Шаардлагатай бол харьяалах дээд байгууллага нь тодорхойлолт гаргаж болно.
3.4. Мэргэжлээрээ гүйцэтгэсэн бүтээлч ажлын тайлан, жагсаалтыг эрдмийн болон зөвлөх зэрэгтэй 2-оос доошгүй мэргэжилтэн эсвэл ажиллаж буй байгууллага хянаж баталгаажуулсан байна.
3.5. Бүтээлийг хянан магадлах явцад бүтээлээ худал мэдүүлэх эсвэл бусдын бүтээлийг авч баталгаажуулсан байвал буруутай этгээдэд зэрэг олгохоос түдгэлзэх, урьд авсан зэргийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
3.6. Энэ журмын 2.1-д заасан мэргэжлээрээ ажилласан байх хугацааг дараах тохиолдолд горилогчийн бичгээр тавьсан хүсэлтийг үндэслэн Зөвлөл хэлэлцэн багасаж болно. Үүнд:
-Их, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээл заадаг;
-Эрдэм шинжилгээний туршилт, үйлдвэрлэлийн үр дүнтэй ажил хийсэн.
3.7. Дараах тохиолдлуудад горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн Зөвлөл хэлэлцэж мэргэжлийн сургалт, шалгалтаас чөлөөлж болно.
Үүнд:
-Мэргэжлийн дагуу дагнаж 25 жилээс дээш хугацаагаар тасралтгүй үр бүтээлтэй ажилласан;
-Салбарын хэмжээнд мөрдөх хөгжлийн хөтөлбөр, төсөл, хууль эрх зүйн акт, норм, нормативыг бие дааж эсвэл, удирдан боловсруулж хэрэгжүүлсэн;
-Мэргэжлийн чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалсан.
Дөрөв. Зэрэг олгох сургалт, шалгалт
4.1. Мэргэжил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг олгох сургалтыг Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэн батлагдсан төлөвлөгөөний дагуу эрхлэн явуулна.
4.2. Сургалт явуулах хөтөлбөр, хичээлийн хуваарийг Хүрээлэнгийн захирал батлана.
4.3. Мэргэшлийн зэрэг горилогчид нь мэргэжлийн дагуу сэдвээр реферат бичиж тухайн мэргэжлээр эрдмийн болон зөвлөх зэрэг авсан мэргэжилтнээр шүүмж бичүүлнэ. Рефератын сэдэв, шүүмжлэгчийг томилсон шийдвэрийг Хүрээлэнгийн захирал гаргана.
4.4. Мэргэшлийн зэрэг горилогчдоос шалгалт авах журмыг ХөҮСХХ-гийн захирлын тушаалаар батална.
4.5. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдээс Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлын тушаалаар томилогдсон комисс сургалтын хөтөлбөрийн дагуу "Мэргэшлийн зэрэг горилогчдоос шалгалт авах журам"-ыг баримтлан шалгалт авч, үнэлгээ өгсөн тухай протокол үйлдэнэ. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд салбарын тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэд, их дээд сургуулийн профессор багш нараас оруулах буюу түүний 80-аас доошгүй хувь нь эрдмийн болон мэргэжлийн зөвлөх зэрэгтэй хүмүүс байна.
4.6. Шалгалтын комисс нь шалгалтын дүн, бүтээлийн үнэлгээ, рефератын хамгаалалтын дүнг үндэслэн мэргэжлийн зэрэг олгох саналыг нэгтгэнэ. Уг нэгдсэн дүнгийн тухай протоколыг "Мэргэшлийн зэрэг олгох зөвлөл"-ийн хуралд хүн нэг бүрийн танилцуулгын хамтаар хүрээлэнгийн сургалтын албанаас оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
4.7. Шалгалтын комиссын үйл ажиллагаанд "Зөвлөл"-өөс тавих хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор түүний бүрэлдэхүүнд "Мэргэжлийн зэрэг олгох зөвлөл"-өөс хүн оролцуулна.
4.8. Шалгалтын комисс болон Мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн гишүүдийн энэ ажилд оролцсон хөлс, шүүмж бичигчдэд олгох хөлс, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, зөвлөх мэргэжлийн хувийн тэмдэг хийлгэх зардал зэргийг Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэн хариуцна.
5.1. Зөвлөл нь зэрэг олгох шалгаруулалтыг хийхдээ мэргэжилтний мэдлэг, боловсролын түвшин, мэргэшлийн ур чадвар ажилласан хугацааны ажлын үр дүн зэргийг шалгалтын дүн, рефератын агуулга, тухайн хүний ажил байдлын тодорхойлолт, бүтээлийг магадлан үнэлэх замаар гүйцэтгэнэ. Зөвлөл нь зэрэг олгох асуудлыг шалгалтын комиссын гаргасан санал, дүгнэлт, бүтээлийн болон мэдлэгийн түвшний үнэлгээ зэргийг магадлан үнэлэх замаар хянаж шийдвэрлэнэ.
5.2.Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөл нь гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр хуралдаж, нууц санал хураалтаар хуралд оролцсон гишүүдийн 70-аас дээш хувийн санал авсан мэргэжилтэнд зохих мэргэшлийн зэрэг олгохоор протокол гарган түүнийг яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулна. Шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
5.3. Энэ журмын 3.7-д заасан сургалт, шалгалтаас чөлөөлөгдсөн мэргэжилтнээр реферат бичүүлж, хамгаалуулснаар зэрэг олгох асуудлыг шийдвэрлэнэ.
5.4. Зэрэг олгох болон зэргээ сунгуулах шалгаруулалтад хүндэтгэх шалтгааны улмаас орж чадаагүй бол уг шалтгааныг нотолсон баримт бичиг бүрдүүлж Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
5.5. Горилогч нь шалгаруулалтын талаарх гомдол, саналаа Зөвлөлд бичгээр тавьж шийдвэрлүүлнэ.
5.6. Шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтэнд Зөвлөлөөс баталсан загвар бүхий мэргэшлийн зэргийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгоно.
5.7. Шалгаруулалтын үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн ба төрийн бус болон олон нийтийн байгууллагуудаас хяналт тавих, Зөвлөлд санал дүгнэлт оруулах зэргээр оролцож болно.
5.8. Үйл ажиллагааны явцад шинээр гарсан асуудлыг Зөвлөлд хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.1. Зэрэгтэй мэргэжилтэн нь тогтоосон хугацаанд (5.6-д заасан) зэргээ сунгуулж баталгаажуулна. Зэрэг сунгуулах хүсэлтийг зохих хугацаанд хийсэн ажлын тайлан, тодорхойлолтын хамт Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэнд бичгээр тавина.
6.2. Зөвлөлд нь зохих хугацаанд зэргээ сунгуулаагүй эсвэл цуцлуулах хүсэлтийг бичгээр тавьсан мэргэжилтний зэргийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
6.3. Зэрэг бүхий мэргэжилтэн нь Монгол Улсын хууль тогтоомж болон бусад эрх зүйн актыг зөрчсөн, мэргэжлийн ноцтой алдаа дутагдал гаргасан, удаа дараа ёс суртахууны доголдол гаргасан, мэргэжлээ урвуулж ашиглах хэрэг үйлдсэн бол Зөвлөл хэлэлцэж хугацаанаас өмнө зэргийг нь хүчингүй болгож болно.
6.4. Зэргийг сунгасан цуцалсан шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Цуцалсан тохиолдолд хувийн тэмдэг, гэрчилгээг нь хүчингүй болсон тухай зарлана.
Долоо. Зэрэгтэй мэргэжилтний эрх
7.1. Зөвлөх мэргэжилтэн нь Зөвлөлөөс баталсан загвар бүхий хувийн тэмдэгтэй байна. Тэмдэгт эзэмшигчийн овог, нэр, бүртгэлийн дугаарыг заасан байна. Тэмдгийн эх загварын дардсыг Хүрээлэнд хадгална.
7.2. Зөвлөх мэргэжилтэн нь өөрийн орны байгууллага болон гадаад орны байгууллага, мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөр, төсөл, эдийн засгийн болон техник, технологийн баримт бичигт шүүлт хийж, албан ёсны дүгнэлт гаргана.
7.3. Зөвлөх мэргэжилтэн гадаадын төсөлд ажиллах, шинжлэх ухаан-технологийн болон бизнес төсөл удирдаж болно.
7.4. Зөвлөх мэргэжилтэн нь зөвхөн өөрөө гүйцэтгэсэн болон эсвэл хянаж зөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлан, акт, баримт бичиг, төсөлд гарын үсэг зурж хувийн тэмдгээрээ баталгаажуулна.
7.5. Мэргэшсэн мэргэжилтэн өөрийн байгууллагад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, ажилчдад сургалт, семинар зохион байгуулах, зааварчилга өгөх, судалгаа шинжилгээний ажил хийх, санал, дүгнэлт гаргах, шинэ залуу мэргэжилтэнг дагалдуулан сургах, шинжлэх ухаан техник, технологийн ололтыг мэдээлэх, сургалтад хамрагдана.
7.6. Мэргэшлийн зэрэг авсан мэргэжилтэнд мэргэжлээрээ ажиллаж буй нөхцөлд тухайн байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр тохирч зөвлөх зэрэгтэй бол үндсэн цалингийн 20, мэргэшсэн зэрэгтэй бол үндсэн цалингийн 10 хүртэл хувийн нэмэгдлийг олгоно.
8.1. Зэрэгтэй мэргэжилтэн нь ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, норм, норматив, стандартын дагуу техник, технологийн зохих түвшинд, хариуцлагатай, чанартай гүйцэтгэнэ.
8.2. Зэрэгтэй мэргэжилтнүүд нь өөрийн бие дааж болон удирдаж хийлгэсэн, зөвлөж, хянаж баталгаажуулсан ажлын үр дүн, чанарыг бүрэн хариуцах ба өөрийн буруугаас учирсан хохирол, хариуцлагыг холбогдох хуулийн дагуу хүлээнэ.
8.3. Зэрэгтэй мэргэжилтнүүдийг ажлын ололт, алдаа дутагдлын талаарх мэдээллийг байгууллага, хүмүүсээс Зөвлөл бичгээр хүлээн авч байх ба энэ нь мэргэжилтний зэргийг сунгах ба цуцлахад нэгэн шалгуур үзүүлэлт болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A