- Нүүр
- Сайдын тушаал
- “СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДЭГ ОЛГОХ ЖУРАМ
Үйлдвэр, худалдааны сайдын 2001 оны
37 дугаар тушаалын хавсралт
"СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ТЭМДЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Стандартчилал, хэмжилзүй, чанарын удирдлага, баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж идэвх зүтгэл гаргасан тэргүүний хүмүүст Монгол Улсын Засгийн газрын шагнал "Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" цол, тэмдэг олгоход энэхүү журмыг баримтална.
1.2."Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" /Цаашид "шагнал" гэх/ цол, тэмдгийг Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар олгоно.
Хоёр. Шагналд хамрагдах хүрээ
"Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" цол, тэмдгийг дараах хүмүүст олгоно:
2.1.Стандартчлал, хэмжилзүйн төв болон орон нутгийн байгууллагад 8-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүс;
2.2.Стандартчилал, хэмжилзүй, чанарын удирдлага, баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарыг хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж , шинэ санаачлага гарган дэлгэрүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, мөн эрдэм шинжилгээ, судалгааны болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс;
2.3.Стандартчилал, хэмжилзүй, чанарын удирдлага, баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарыг хөгжүүлэх, хойч үеэ бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд;
2.4.Стандартчилал, хэмжилзүй, чанарын удирдлага, баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан гадаадын иргэд.
Гурав. Шагналд бүрдүүлэх материал
Шагналд тодорхойлогдож байгаа хүний талаар дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
-Тухайн албан байгууллага болон аймаг, нийслэлийн ЗДТГ-ын албан тоот;
-Анкет;
-Ажил байдлын тодорхойлолт;
-Тухайн хүний талаар байгууллага, хамт олноос гаргасан шийдвэрийн санал, дүгнэлт.
Дөрөв. Шагналыг дагалдах мөнгөн шагнал
4.1. Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу "Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" цол, тэмдгийг 30000 төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
4.2. Шагналд олгох 30000 төгрөгийг тухайн хүнийг шагнуулах хүсэлт гаргасан үндсэн байгууллага гарган санхүүжүүлж болно.
Тав. Бусад зүйл
5.1. "Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" тэмдэг, хувийн дугаар бүхий үнэмлэх, мөнгөн шагналыг нэг удаа олгоно.
5.2. Шагналд тодорхойлсон материалыг энэхүү журмын 3 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлэн Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвд хүргүүлнэ.
5.3. Шагналд тодорхойлон ирүүлсэн материалыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авч танилцан зохих шаардлага хангасан материалыг хүлээн авна.
5.4. Зохих шаардлага хангасан материалыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Даргын зөвлөлийн хуралд ажлын 14 хоногийн дотор оруулж хэлэлцүүлнэ.
5.5. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн даргын зөвлөлийн хурлаас дэмжсэн хүний материалыг Үйлдвэр, худалдааны сайдад хүргүүлнэ.
5.6. Үйлдвэр, худалдааны сайдын тушаал гарснаар "Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, шагналыг эрх бүхий албан тушаалтан гардуулна.
---о0о---
Текст томруулах
A
A
A