- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖИЛТЭД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр,худалдааны сайдын 2001 оны
187/76 дугаар тушаалын хавсралт
187/76 дугаар тушаалын хавсралт
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖИЛТЭД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Геологийн судалгааны ажлын төлөвлөгөөний төсөл зохиох, хянах, батлах түүнд зориулан төсвөөс олгох хөрөнгийг хуваарилах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийн хяналт тавих, тайлан мэдээ гаргах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Геологийн судалгааны ажилд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн захиалгат тойм судалгаа болон нөөцөд авч гүйцэтгэх хайгуулын ажил хамаарна.
1.3. Геологийн судалгааны ажилд төсвөөс олгох хөрөнгийн төвлөрүүлэн захирагч нь Үйлдвэр, худалдааны яам байна.
Хоёр. Геологийн судалгааны ажлыг төлөвлөх
2.1.Төлөвлөгөөт онд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны чиглэл, талбай, ажлын даалгавар, төсвөөс олгох хөрөнгийн талаарх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон бусад яам, агентлагийн саналыг Үйлдвэр, худалдааны яам өмнөх жилийн 7 дугаар сарын 15-ны дотор хүлээн авна.
2.2.Үйлдвэр, худалдааны яамнаас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох байгууллагуудын санал, захиалгыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төлөвлөгөөний төслийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу зохиож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн төсөлд тусгуулахаар төлөвлөгөөт оны өмнөх жилийн 8 дугаар сарын 25-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
2.3.Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа явуулахаар төлөвлөсөн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уг судалгааны ажлыг 3 хүртэл жилийн хугацаатайгаар Үйлдвэр, худалдааны сайдын шийдвэрээр нөөцөд авна.
2.4.Төлөвлөгөөт оны төсөв болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл Монгол Улсын Их Хурлаар батлагдсаны дараа Үйлдвэр, худалдааны яамнаас төлөвлөгөөт онд шинээр эхлэх судалганы объект нэг бүрийн геологийн даалгавар, түүнд төсвөөс зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг хуваарилан баталж, "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын тухай хууль" тогтоомжийн дагуу гүйцэтгэгчдийг шалгаруулах тендер зарлан явуулна.
2.5.Геологийн судалгааны ажлын төсөл төсөв зохиоход хэрэглэгдэх "Геологи, хайгуулын ажлын төсвийн нормын лавлах"-ын цаг зарцуулалт, "Геологи хайгуулын ажилд хэрэглэгдэх гол нэр төрлийн материалын зарцуулалт, бага үнэтэй түргэн элэгдэх зүйл, ээлжийн тоноглол, багаж хэрэгслийн элэгдлийн нэгдсэн норм"-д өөрчлөлт оруулах асуудлыг төсвийн төсөл боловсруулахаас өмнө Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь Санхүү, эдийн засгийн яамтай тохиролцож, АМХЭГ-ын Эрдэс баялагийн зөвлөлөөр хэлэлцэн протоколыг үндэслэн АМХЭГ-ын даргын тушаалаар баталж мөрдүүлнэ.
2.6.Үйлдвэр худалдааны сайдын томилсон тендерийн хороо нь геологийн судалгаа гүйцэтгэх талаар мөрдөж буй заавар журам, батлагдсан геологийн даалгаварыг үндэслэн, баримталж буй норм үнэлгээг ашиглан зохиосон геологийн судалгааны төслийн гүйцэтгэгчийг шалгаруулан, шалгарсан гүйцэтгэгчтэй тухайн судалгааны ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулах эрхийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт олгоно.
2.7.Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь Санхүү, эдийн засгийн яамнаас гаргасан үлгэрчилсэн гэрээний маягтын дагуу "Бараа ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам"-ын 83, 84, 85, 86 дугаар зүйлийг баримтлан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
2.8.АМХЭГ нь гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, объектийн геологийн даалгаварын биелэлт, ажлын үр дүнд, хяналт тавьж цаашдын судалгааны чиглэлийн талаар мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, гэрээний биелэлтийг зохион байгуулна.
Гурав. Геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх
3.1.Геологийн судалгааны ажлын төлөвлөгөөт жилд санхүүжих сар, улирлын хуваарийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар боловсруулж, Үйлдвэр, худалданы яаманд танилцуулан төлөвлөгөөт оны 1 дүгээр улиралд Санхүү, эдийн засгийн яаманд оруулж батлуулна.
3.2.Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь геологийн судалгааны ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хуваарийг энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу хийж гүйцэтгэгчдэд хүргүүлнэ.
3.3.Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь гэрээний үүргийн дагуу гүйцэтгэгчийн гаргасан сар бүрийн ажлын гүйцэтгэлийг дараа сарын 1-ны дотор энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу объект бүрээр гаргуулж, хянан нэгтгэж Үйлдвэр, худалдааны яаманд танилцуулан, Санхүү, эдийн засгийн яаманд оруулж гүйцэтгэлийн санхүүжилтийг хийлгэнэ.
3.4.АМХЭГ нь Санхүү, эдийн засгийн яамны баталсан төлөвлөгөөт жилд геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх сар улирлын хуваарийн дагуу төсвөөс олгосон хөрөнгийг объект тус бүрээр хуваарилаж, Үйлдвэр, худалдааны яамаар хянуулан гүйцэтгэгч аж ахуйн нэгж бүрийн зөвхөн өөрийн нь харилцах дансанд шилжүүлнэ.
3.5.Геологийн судалгааны ажил эхэлж явуулахад зориулан тухайн жилд олгож болох урьдчилгаа, тухайн объектийн геологийн судалгааны ажлын чанар, үр дүн, ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний торгууль төлбөр, үр дүнгийн шагналтай холбогдсон хөрөнгийн хэмжээг гүйцэтгэгчтэй байгуулсан геологийн судалгаа явуулах гэрээний дагуу зохицуулна.
3.6.Геологийн судалгааны ажлын гүйцэтгэлд шалгалт хийх, төслийн хэрэгжилт, ажлын аргачилалд хяналт тавих, геологийн судалгааны ажлын арга, аргачлалыг сайжруулах, ажлын норм, нормчиллыг шинэчлэн тогтоох, үндсэн заавар, зөвлөмжийг боловсруулах, хяналтын лабораторийн шинжилгээ хийлгэх, төрөлжсөн мэргэжлийн экспертийн болон хөндлөнгийн дүгнэлт гаргуулах, геологийн судалгааны үр дүнгийн тайланд дүн шинжилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхэд зориулж объект бүрийн тухайн жил өөрийн хүчээр гүйцэтгэх ажлын төсөвт өртгийн 1,5 хувьтай тэнцэх хөрөнгийг геологийн судалгааны ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар тусгай дансанд төвлөрүүлнэ. Энэ хөрөнгийн зарцуулалтын төсвийг Үйлдвэр, худалдааны яам жил бүр баталж гүйцэтгэлийн хяналт тавина.
3.7.АМХЭГ нь геологийн судалгааны ажлын даалгаварын биелэлт, санхүүжилтийн тайланг хагас, бүтэн жилээр энэ журмын 5 дугаар маягтаар гаргаж Үйлдвэр, худалдааны ба Санхүү, эдийн засгийн яаманд тушаана.
3.8.Аж ахуйн нэгжүүд төвлөрсөн төсвөөс геологийн судалгаанд зориулан олгосон санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
Дөрөв. Геологийн судалгааны ажлын шуурхай хяналт
хийх, мэдээ тайланг хүлээн авах
4.1. АМХЭГ нь энэхүү журмын 2.7-д заасны дагуу гэрээний биелэлтэд хяналт тавьж зохион байгуулахдаа гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан ажлын гүйцэтгэлийн баримт бичгүүд, ирүүлсэн мэдээ тайланг баталгаажуулах зорилгоор Үйлдвэр, худалдааны яамны Геологи, эрдэс баялагийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хээрийн болон суурин боловсруулалтын явцад хяналт тавина.
Хяналт, шалгалтын үед тухайн объектод хэргжүүлсэн ажлын баримтжуулалт, биет гүйцэтгэсэн ажлын тоон үзүүлэлт, чанар, үр дүн, зэргийг үзэж шаардлагад нийцээгүй буюу дутуу хийгдсэн, аргачлалын зөрчил гаргасан тохиолдол илэрвэл тухайн сарын гүйцэтгэлээс хасах, нөхөн гүйцэтгүүлэх, шаардлагатай бол ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
4.2. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар геологийн хээрийн судалгааны ажлын үр дүнгийн материалыг хүлээн авах хугацааг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон тогтоож хугацаанд нь Үйлдвэр, худалдааны яамны Геологи, эрдэс баялаг бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хүлээж авч акт үйлдэнэ.
4.3. Тухайн оны хээрийн судалгааны ажлын үр дүнгийн материалыг хүлээн авсан тухай актанд объектын тухайн жилийн геологийн үр дүн, геологийн даалгаврын биелэлт, төлөвлөсөн аргачлалтын мөрдөлт, гүйцэтгэсэн ажлын төрөл, тоо хэмжээ, баримт материалын бүрдэлт нь мөрдөж буй заавар журмын шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хийгдсэн ажлыг бүрэн санхүүжүүлэх талаар дүгнэлт өгөн, геологийн зарим үндэслэлээр төсөл төсөвт тусгагдсанаас илүү хийгдсэн ажлын төрлүүдийг санхүүжүүлэх, нэмэлт санхүүжилтийн тухай акт үйлдэнэ. Энэ актыг үндэслэн АМХЭГ нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.
4.4. Тухайн объектын геологийн судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайлан зохиох ажлыг АМХЭГ зохион байгуулан гүйцэтгүүлж, мэргэжлийн шүүмж, дүгнэлт гаргуулан Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн дүгнэлтийг Үйлдвэр, худалдааны яаманд ирүүлнэ.
Үйлдвэр, худалдааны яам нь Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн тайланг хүлээн авч, тухайн объектын геологийн судалгааны ажилд зарцуулсан хөрөнгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн балансаас хасах тухай шийдвэр гаргана.
4.5. Геологийн үр дүнгийн тайланг Геологийн мэдээллийн төвд тушаасан тухай мэдэгдлийг 6 дугаар хавсралтын дагуу бүрдүүлж Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A