- Нүүр
- Сайдын тушаал
- ИХ СУРГУУЛЬ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХАРЪЯА СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2003 оны 184 дүгээр тушаалын хавсралт
ИХ СУРГУУЛЬ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХАРЪЯА СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн болон төрийн бус өмчийн их сургууль, дээд сургуулийн харьяа сургууль /цаашид "харьяа сургууль" гэх/-ийн үйл ажиллагаа, удирдлага, профессор багш, ажилтан, суралцагчийн эрх үүрэг, хариуцлагын нийтлэг харилцааг энэхүү үлгэрчилсэн дүрмээр зохицуулагдана.
1.2. Харъяа сургууль нь дүрмээ энэхүү үлгэрчилсэн дүрэм, харьяалах их сургууль, дээд сургуулийн дүрэм, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдөнө.
1.3. Харьяа сургууль нь бие даасан хуулийн этгээд байна.
1.4. Харьяа сургууль нь гадаад дотоодын их сургууль, дээд сургууль, эрдэм шинжилгээ, аж ахуйн болон бусад байгууллага, Сургалтын төрийн сан, магадлан итгэмжлэлийн байгууллагатай бие дааж харилцана.
1.5.Харьяа сургууль нь дор дурьдсан үйл ажиллагаа явуулна:
- дээд боловсролын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх;
- ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалт явуулах;
- сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгох, чанаржуулах;
- судалгаа шинжилгээний ажил эрхлэн гүйцэтгэх;
- туршилт үйлдвэрлэл эрхлэх;
- зөвлөгөө өгөх, гэрээгээр ажил үйлчилгээ эрхлэх;
- сургууль хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
- гадаад дотоодын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулна.
1.6. Их сургууль, дээд сургууль нь удирдах зөвлөл дэх төлөөллөөрөө дамжуулан харьяа сургуулиа арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
1.7. Харьяа сургууль нь сургалт судалгааны ажлын арга технологи, зохион байгуулалт, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар их сургууль, дээд сургуулиас гаргасан бодлого, чиглэлийг удирдамж болгон сургалтын төлөвлөгөө стандартыг мөрдөнө.
1.8. Харьяа сургууль нь өөрийн үйл ажиллагаагаа их сургууль, дээд сургуулийнхаа захирлын зөвлөлд тогтмол танилцуулж үнэлэлт дүгнэлт гаргуулна.
1.9. Шинээр мэргэжил нээх, гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги, мэргэжлийн анхан шатны сургалт явуулах асуудлыг их сургууль, дээд сургуулийн захиргааанд танилцуулсны үндсэн дээр зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Хоёр. Харьяа сургуулийн удирдлага
2.1. Харьяа сургуулийн өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг Эрдмийн зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.
2.2. Удирдах зөвлөл нь "Боловсролын тухай" хуулийн 36 дугаар зүйл, "Их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм"-д заасны дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулна.
2.3. Харьяа сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, үүсгэн байгуулагчийн төлөөлөл, захирлыг томилох асуудлыг үүсгэн байгуулагчаас төлөөллийн итгэмжлэл олгосны үндсэн дээр тухайн их сургууль, дээд сургуулийн захирал шийдвэрлэж болно.
2.4. Харьяа сургуулийн Эрдмийн зөвлөл нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн талаархь бодлогыг тодорхойлж сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй байна. Эрдмийн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг харъяалах их сургууль, дээд сургуультайгаа тохиролцон захирлын тушаалаар батална.
2.5. Харьяа сургуулийн Эрдмийн зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- сургалтын бодлого, технологийн чанартай бичиг баримтыг батлах;
- бэлтгэн гаргах мэргэжлийн нэр, чиглэлийг тогтоох;
- судалгаа, шинжилгээний ажлын бодлого, чиглэл, үр дүнг хэлэлцэж батлах;
- профессор багш нарыг эрдмийн болон хүндэт цол олгуулахаар нэр дэвшүүлэх, тодорхойлох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Захирлын зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- сургуулийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар асуудал боловсруулж Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлд оруулж хэлэлцүүлэх;
- сургуулийн үйл ажиллагааны дотоод журмыг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах;
- сургуулийн нэгж хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
- сургуулийг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж, тушаал шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
- сургуулийн Удирдах болон Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
- сургуулийн төсөв санхүүг бүрдүүлж, түүнийг зарцуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
- сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох;
- багш ажилтныг төрийн одон медаль, цол, бусад шагнал урамшилд нэр дэвшүүлэх.
2.6. Захирал нь хуульд заасны дагуу сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон байгууллагын өмнө ажлаа тайлагнана.
2.7. Харъяа сургуулийн захирлын томилох, чөлөөлөх асуудлыг боловсролын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
2.8. Харьяа сургуулийн захирал нь Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөл, Сургалт арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална.
Гурав. Харьяа сургуулийн бүтэц, бүрэлдэхүүн
3.1. Харьяа сургуулийн бүтцийг холбогдох их сургууль, дээд сургуулийн захиргаатай тохиролцсоны дагуу Удирдах зөвлөл нь тогтооно.
3.2. Харьяа сургуулийг байгуулах, татан буулгах, харьяаллаас гаргах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох их сургууль, дээд сургуультай зөвшилцсөний дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
Дөрөв. Багш, суралцагч
4.1. Харьяа сургуулийн багш, суралцагч тэдний эрх үүрэг, хүлээх хариуцлагын тогтолцоог боловсролын багц хууль, холбогдох хууль, тогтоомж болон их сургууль, дээд сургуулийн дүрэм, журамд нийцүүлэн гаргасан эрхийн актаар зохицуулна.
Тав. Харьяа сургуулийн санхүү, аж ахуйн
үйл ажиллагаа
5.1. Харьяа сургууль нь сургуулиа хөгжүүлэх хэтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.
5.2. Харьяа сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа бие даасан байх бөгөөд төсвийн ерөнхий менежер нь сургуулийн захирал байна.
5.3. Харьяа сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэж, дүнг ил тод байлгана.
Зургаа. Бусад
6.1. Харьяа сургууль нь төгсөгчдөд дээд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дипломыг олгоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A