- Нүүр
- Сайдын тушаал
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ ОЛГОХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2002 оны 355 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Их сургууль, дээд сургууль, коллеж /цаашид "сургууль" гэх/-ийг төгсөгчдөд дээд боловсролын тодорхой шатны агуулга эзэмшсэнийг гэрчилсэн дипломын, бакалаврын, магистрын, докторын зэргийн диплом олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны агуулгыг эзэмшсэн болохыг нотлох баримт бичиг мөн.
1.3. Докторын дипломоос бусад дээд боловсролын дипломын үлгэрчилсэн загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
1.4. Докторын дипломын загвар, хэмжээг сургуулиуд өөрсдөө тогтоож, үнэт цаасан дээр нууцлалтай хэвлэнэ.
1.5. Энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын улсын хяналтын алба хяналт тавина.
2.1. Дээд боловсролын диплом нь дор дурдсан зэрэглэлтэй байна:
- Дипломын С
- Бакалаврын D
- Магистрын E
- Докторын F
Дээд боловсролын дипломын дугаарын өмнө түүний зэрэглэл тодорхойлсон / C, D, E, F / үсгийг бичнэ.
2.2. Дипломын болон бакалаврын диплом нь боловсролын шатлал тус бүрээр улсын болон бүртгэлийн дугаартай байна. Улсын дугаар нь есөн оронтой тоо байх ба эхний дөрвөн орон нь оныг, сүүлчийн таван орон нь тухайн жилийн төгсөгчдөд олгох дипломын дугаарыг илэрхийлнэ.
2.3. Докторын болон магистрын дипломд улсын дугаарын он заасан дөрвөн орны дараа дөрвөн оронтой тоо байна. Дипломын дугаар нь 2.2-д заасны адил утга илэрхийлнэ.
2.4. Дипломын бүртгэлийн дугаар нь тухайн сургуулиас олгосон дипломын нийт тоог илэрхийлнэ.
2.5. Дипломын, бакалаврын, магистрын зэргийн дипломд улсын нэр, сургуулийн нэр, дипломын зэрэглэл, улсын дугаар, иргэний харъяалал, овог, нэр, тухайн сургуульд элссэн, төгссөн он, бүртгэлийн дугаар, суралцаж төгссөн мэргэжлийн нэр, индекс, диплом олгосон тухай үндэслэл, огноо бичиж сургуулийн захирал, түүний эрх олгосон этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна /загвар-1/.
2.6. Дипломын, бакалаврын, магистрын зэргийн дипломын хавсралтад сургуулийн нэр, төгсөгчдийн овог, нэр, регистрийн дугаар, сургуульд элссэн, түүнийг төгссөн он, мэргэжил, түүний индекс, дипломын зэрэглэл, судалсан хичээлийн нэр, улсын болон бүртгэлийн дугаар, сурлагын тоон /100-60 оноо/ ба үсгэн /А, В, С, D/ дүн, төгсөлтийн шалгалтын дүн, огноо, диплом, бакалавр, магистрын ажлын сэдэв, цуглуулсан багц цаг, голч дүн зэргийг бичнэ. Үнэлгээний систем хоорондоо хэрхэн дүйцэхийг бичнэ.
"Энэхүү хавсралт нь ....................…. дугаартай дипломын хамт хүчинтэй" гэсэн санамжийн үг бичнэ. Хавралтад тухайн сургуулийн захирал, түүний эрх олгосон этгээд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна /загвар-2/.
2.7. Докторын дипломд улсын нэр, сургуулийн нэр, дипломын зэрэглэл, иргэний харъяалал, овог нэр, улсын болон бүртгэлийн дугаар, шинжлэх ухааны салбар, хамгаалсан сэдэв, огноо, хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг бичиж, сургуулийн захирал, түүний эрх олгосон этгээд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.
2.8. Докторын дипломын хавсралтад дипломын зэрэглэл, сургуулийн нэр, иргэний харъяалал, овог, нэр, улсын болон бүртгэлийн дугаар, мэргэжлийн индекс, хичээлийн нэр, дүн, голч дүн, хамгаалсан сэдэв, огноо зэргийг бичиж сургуулийн захирал, түүний эрх олгосон этгээд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.
2.9. Диплом, түүний хавсралт дээр тухайн сургуулийн бэлэгдэл /эмблем/ байж болно.
2.10. Сургууль нь төгсөгчдөд олгох дипломын загвараа энэ журамд заасан загварт нийцүүлэн гаргана.
3.1. Сургууль нь тухайн хичээлийн жилийн төгсөгчдөд олгох дипломын захиалгыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /маягт-1/-д албан бичгээр ирүүлнэ.
3.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгсөн статистик мэдээтэй захиалах дипломын тоо зөрөхгүй байна. Тодорхой шалтгаанаар шилжилт хөдөлгөөн гарсан, хугацаандаа сургуулиа төгсөж чадаагүй тохиолдолд тайлбар хийж, захиалгын бичигт хавсаргана.
3.3. Өмнөх хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтанд F үнэлгээ авсан болон бусад шалтгаанаар дараагийн хичээлийн жилд шалгалт өгөх оюутны дипломын захиалгыг дээрх захиалгын хамт ирүүлнэ.
3.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн хичээлийн жилд төгсөх оюутны тоо, захиалгыг харгалзан дээд боловсролын дипломын дугаарыг сургууль бүрээр албан бичгээр тогтоож /маягт-2/ өгнө.
3.5. Дипломын, бакалаврын, магистрын зэргийн дипломыг А4 хэмжээтэй, үнэт цаасан дээр нууцлалтай хэвлэнэ.
3.6. Дипломын хавсралтыг сайн чанарын нууцлалтай цаасан дээр хэвлэнэ.
3.7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон дипломын дугаарыг үндэслэн хэвлэлийн үйлдвэр тухайн сургуультай гэрээ байгуулж, дипломыг хэвлэж хүлээлгэн өгнө.
3.8. Гэрээнд дипломын загвар, дугаар, хэвлэх тоо, нууцлал, хугацаа, төлбөр хийх нөхцөл, чанар, үнэ, талуудын хүлээх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой тусгана.
3.9. Талууд жил бүр гэрээгээ дүгнэж, диплом хүлээлцсэн акт үйлдэж, хэвлэсэн тоо, дипломын дардас бэлтгэсэн, хэвлүүлсэн, хэвлэлийн дардас устгасан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлж, түүнд оролцогч талуудын төлөөлөгчид гарын үсэг зурж, холбогдох материалуудын хамт сургуулийн архивт шилжүүлж 10 жил хадгална.
3.10. Диплом түүний хавсралтыг төрийн албан ёсны бичиг болох кирилл монгол бичгээр хэвлэнэ. Шаардлагатай бол англи хэл, уйгаржин монгол бичгээр бичиж хавсаргаж болно.
4.1. Диплом, түүний хавсралтыг бичихдээ дор дурдсан баримт бичгийг үндэслэнэ:
- диплом олгох тухай захирлын тушаал,
- сургалтын албанаас шалгаж баталгаажуулсан багц цаг, сурлагын дүнгийн жагсаалт, хичээлийн нэр, голч дүн,
- төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тэмдэглэл,
- иргэний үнэмлэх,
- сурлагын дэвтэр.
4.2. Дипломд үгийг товчлохгүй цэвэр бичнэ.
4.3. Сургуулийн нэр, мэргэжлийн нэр, индексийг улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасны дагуу дипломд бичнэ.
4.4. Дипломд бичигдсэн үнэлгээний үнэн зөвийг тухайн сургуулийн захирал хариуцна.
4.5. Дипломыг буруу бичсэн, хүчингүй болгосон буруутай этгээдээр үнийг нь гурав нугалж төлүүлнэ.
4.6. Диплом дахин олгох асуудлыг сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Буруу бичсэн, засвар хийсэн, гал, усанд гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд дипломыг хүчингүйд тооцно.
4.7. Хүчингүй болгосон диплом, түүний хавсралтын хуучин эх хувийг акт үйлдэж, тухайн сургууль хураан авч архивт хадгална.
4.8. Диплом, түүний хавсралтыг дахин авахыг хүссэн хүн төгссөн сургуульдаа дор дурдсан материалыг бүрдүүлэн өгнө:
- диплом, түүний хавсралтыг дахин авахыг хүссэн тухай хувийн өргөдөл,
- үрэгдүүлсэн шалтгааныг цагдаагийн байгууллагаас тогтоосон тухай албан бичиг,
- гадны нөлөөллөөр /гал, усны гамшгийн үеэр/ устгагдсан бол холбогдох газрын тодорхойлолт,
- өдөр тутам тогтмол гардаг сонинд зарлуулсан тухай баримт,
- хуучин диплом, түүний хавсралтын хуулбар,
- иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,
- тухайн сургуулиас диплом олгосон захирлын тушаал, диплом, түүний хавсралтын хуулбар,
- магистр, докторын диплом түүний хавсралтыг дахин олгоход өмнөх шатны диплом, хавсралтын эх хувь,
- сургалтын төрийн сантай дипломын тооцоотой эсэх талаар тодорхойлсон албан бичиг,
- дипломын үнийг гурав нугалж төлсөн баримт.
4.9. Сургууль нь диплом үрэгдүүлсэн шалтгаан, бүрдүүлсэн материал нь үнэн зөв эсэхийг холбогдох байгууллагаас лавлан хянаж, дипломыг дахин олгосон тухай бүртгэл /маягт-4/ хөтөлнө.
4.10. Сургууль нь энэхүү журмын 4.8-д заасны дагуу бичиг баримтыг хянаж үзээд, дипломын дугаар шинээр авах шаардлагатай бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ албан бичгээр тавина.
4.11. Өргөдөл ирүүлснээс хойш хуульд заасан хугацаанд дипломыг дахин олгоно.
4.12. Дахин олгох дипломын нүүрэн талын баруун дээд хэсэгт компьютерын үсгийн 16-ын хэмжээгээр улаан өнгөөр "ДАХИН ОЛГОВ" гэж бичиж сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.
4.13. Дахин олгож буй диплом, түүний хавсралтын хуулбарыг тушаалын хамт архивт хадгална.
5.1. Төгсөгчдөд диплом олгосон тухай сургуулийн захирлын тушаал гаргана /маягт-3/. Төгсөгч бүрийн баталгаажуулсан диплом болон хавсралтын хуулбар, диплом олгосон тухай захирлын тушаал, сурлагын нэгдсэн дүнг цаас, хуурцган дээр 2 хувь үйлдэж сургуулийн архивт 20-оос доошгүй жил хадгална.
5.2. Их сургууль, дээд сургууль, коллеж нь "Их сургууль, коллеж төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай нэгдсэн бүртгэл" /маягт ДБ8/-ийг жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр болон хуурцгаар ирүүлж дипломын тооцоо хийнэ.
5.3. Сургуулиудаас ирүүлсэн мэдээллийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 11-р сарын 1-ний дотор нэгтгэн улсын нэгдсэн дүнг гаргана.
5.4. Тухайн жилд бичигдээгүй үлдсэн дипломыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тооцоо хийж /маягт 5/, баталгаажуулсны дараа энэ тухай акт үйлдэж, данс бүртгэлээс хасаж, устгаж захирлын тушаал гаргана.
Өмнөх жилийн дипломыг дараагийн жил хэрэглэхгүй.
Энэхүү журмыг зөрчсөн боловсролын байгууллага, албан тушаалтан, иргэнд Боловсролын тухай хуулийн 48.2, Дээд боловсролын тухай хуулийн 20.1 дэх заалт болон холбогдох хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A