A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал,
                                            хөдөлмөрийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны
                            328/131/283 дугаар хамтарсан тушаалын хавсралт
 
БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид МСҮТ гэнэ)-ийн багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Багшид мэргэжлийн зэрэг олгох ажлын зорилго нь үр дүнг урамшуулахад оршино.
1.3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн багшийн бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн төвшин, заах арга, ур чадварын өсөлтийг үнэлж багшид "Заах аргач", "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэжлийн зэрэг олгоно.
1.4. "Заах аргач" мэргэжлийн зэрэгтэй багш нь сургалтын идэвхтэй аргуудыг бүтээлчээр ашиглаж, сургалтыг үр дүнтэй удирдан боловсролын стандартыг бүрэн хэрэгжүүлж, бусад багш нартаа арга зүйн зөвлөгөө өгөх чадвар эзэмшсэн, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, сургуулийн хэмжээнд тэргүүлэгч багш байна.
1.5. "Тэргүүлэх" мэргэжлийн зэрэгтэй багш нь сургалт, судалгааны ажлын арга зүй эзэмшсэн, мэргэжил боловсролоо тасралтгүй дээшлүүлдэг, боловсролын стандартыг бүрэн хэрэгжүүлж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, заах арга, ур чадвараар аймаг, нийслэлийн хэмжээнд тэргүүлэгч багш байна.
1.6. "Зөвлөх" мэргэжлийн  зэрэгтэй багш нь сургалт, судалгааны бүтээл нь тодорхой үр дүнд хүрсэн, боловсролын стандартыг бүрэн хэрэгжүүлж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, заах арга, ур чадвараар улсын хэмжээнд тэргүүлэгч зөвлөн туслагч багш байна.
 
Хоёр. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид мэргэжлийн зэрэг олгоход тавигдах шаардлага
 
2.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуур үзүүлэлтийг баримтална:
2.1.1. Багшлах эрхтэй;
2.1.2. Сурган хүмүүжүүлэх болон сэтгэл судлалын ухааны ололт, сургалтын технологийн дэвшилтэд арга барилыг сургалтад ашиглан сургалтын амжилтын хяналт-шинжилгээг тогтмол хийж, суралцагчдад цогц чадамж төлөвшүүлсэн;
2.1.3. Суралцагчдын сурлага, хөгжил, төлөвшлийн талаар судалгаа хийж, эцэг, эх, асран хамгаалагчдын хүчин чармайлтыг чиглүүлэн ажиллаж, үр дүнд хүрсэн байх;
2.1.4. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ёс зүйн хэм хэмжээг сахин ажилладаг эсэх талаар сургууль, цэцэрлэгийн эрхлэгч тодорхойлолт гаргана.
 
2.2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгоход дор дурдсан шалгуур үзүүлэлтийг баримтална:
2.2.1.Тухайн сургалтын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил тасралтгүй багшилсан;
2.2.2. Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын сурлагын амжилт нь 85-аас дээш хувьтай шалгагдсан;
2.2.3.Боловсрол судлал, заах арга зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж, 10-аас доошгүй багц цаг цуглуулсан байна.
2.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид "Тэргүүлэх" мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
2.3.1. "Заах аргач" зэрэг аваад 5-аас доошгүй жил тасралтгүй багшилсан;
2.3.2. Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын сурлагын амжилт нь 90-ээс дээш хувьтай шалгагдсан;
2.3.3. Боловсрол судлал, заах арга зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж, 15-аас доошгүй багц цаг цуглуулсан;
2.3.4. Гадаад хэл, компьютер, мэдээлэл, холбооны технологийн мэдлэгээ байнга дээшлүүлж, түүнийг сургалтад ашиглах чадвартай болсон;
2.3.5. Улс, аймгийн хэмжээнд зохиогдсон онол-практикийн болон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн, ном, сурах бичиг, гарын авлага, бичиж боловсруулсан байна.
2.4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид "Зөвлөх" мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
2.4.1. "Тэргүүлэх" зэрэг аваад 5-аас доошгүй жил тасралтгүй багшилсан;
2.4.2. Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын сурлагын амжилт нь 95-аас дээш хувьтай шалгагдсан;
2.4.3. Боловсрол судлал, заах арга зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж, 20-оос доошгүй багц цаг цуглуулсан;
2.4.4. Гадаад хэл, компьютер, мэдээлэл, холбооны технологийн мэдлэгээ байнга дээшлүүлж, түүнийг сургалтад үр дүнтэй ашигладаг.
2.4.5. Улсын хэмжээнд зохиогдсон онол-практикийн болон эрдэм шинжилгээний хуралд боловсролын тулгамдсан асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн, ном, сурах бичиг, гарын авлага бичиж боловсруулсан байна.
 
Гурав. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн багшид           багшийн мэргэжлийн зэрэг олгоход тавих шаардлага
 
3.1. МСҮТ-ийн багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуур үзүүлэлтийг баримтална.
3.1.1. Багшлах эрхтэй;
3.1.2. Суралцагчдын сурлага, мэргэжлийн төвшин, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой судалгаа хийж, үр дүнд хүрсэн;
3.1.3. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ёс зүйн хэм хэмжээг сахин ажилладаг эсэх талаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал тодорхойлолт гаргана.
3.2. МСҮТ-ийн багшид "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
3.2.1. Тухайн сургалтын байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж, сургуулийн үнэлгээгээр хангалттай үнэлэгдсэн;
3.2.2. Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын мэдлэг, чадварын түвшингийн өмнөхөөсөө 10-аас доошгүй хувиар ахисан;
3.2.3. Улсын болон бүсийн хэмжээний заах аргач багш шалгаруулах уралдаанд амжилттай оролцсон;
3.2.4. Улсын болон бүсийн ажил, мэргэжил, ур чадварын уралдаанд өөрөө болон шавь нар нь амжилттай оролцсон;
3.2.5. Мэргэжлийн хичээлүүдээр дидактик боловсруулалт хийж, тест, модулийн бүтээлийн сантай болсон;
3.2.6. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологийг судалж, мэдээллийн технологийг сургалтад ашигладаг байна.
3.3. МСҮТ-ийн багшид "Тэргүүлэх" мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
3.3.1. "Заах аргач" мэргэжлийн зэрэг аваад 5-аас доошгүй жил тасралтгүй багшилсан;
3.3.2. Хамт олондоо ажил, мэргэжлээрээ нөлөөлөх чадвартай болж, арга туршлага нь нийтэд сурталчлагдсан;
3.3.3. Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын мэдлэг, чадварын төвшин өмнөхөөсөө 15-аас доошгүй хувиар ахисан;
3.3.4. Багш, суралцагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулсан;
3.3.5. Улсын болон бүсийн ажил мэргэжил, ур чадварын уралдаанд өөрөө болон шавь нар нь оролцож шагналт ба тусгай байрт шалгарсан;
3.3.6. Үйлдвэрт нэвтэрч байгаа шинэ техник, технологийг судалж, сургалтад үр дүнтэй нэвтрүүлсэн;
3.3.7. Мэргэжлийн хичээлийн агуулга, арга зүйг боловсруулах, лаборатори, кабинет, дадлагын газар байгуулах, шинэчлэхэд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцсон;
3.3.8. Хариуцсан сургалт, дадлагын газар нь орчны стандартын шаардлагыг хангасан байна.
3.4. МСҮТ-ийн багшид "Зөвлөх" мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
3.4.1. "Тэргүүлэх" мэргэжлийн зэрэг аваад 5-аас доошгүй жил тасралтгүй багшилсан;
3.4.2. Судалгаа, шинжилгээний ажил хийж, багш, суралцагчдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг удирдсан;
3.4.3. Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын мэдлэг, чадварын түвшин өмнөхөөсөө 20-иос доошгүй хувиар ахисан;
3.4.4. Улсын болон бүсийн ажил мэргэжил, ур чадварын уралдаанд өөрөө болон шавь нар нь оролцож эхний 3 байрт шалгарсан;
3.4.5. Ном, сурах бичиг, гарын авлага бичиж, боловсруулж, нийтийн хүртээл болгосон;
3.4.6. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар улс, бүс, сургуулийн эрдэм шинжилгээ, онол, практикийн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн;
3.4.7. Гадаад хэл, компьютер, мэдээлэл, холбооны технологийн мэдлэгээ байнга дээшлүүлж, түүнийг сургалтад үр бүтээлтэй ашигладаг;
3.4.8. Хариуцсан сургалт, дадлагын газар нь орчны стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
 
Дөрөв. Мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах
ажлын зохион байгуулалт
 
4.1. "Заах аргач" мэргэжлийн зэргийг тухайн сургалтын байгууллага, "тэргүүлэх" мэргэжлийн зэргийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, "зөвлөх" мэргэжлийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.
4.1.1. "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийг сургууль, цэцэрлэгийн зөвлөл, МСҮТ-ийн удирдах зөвлөлтэй зөвшилцөн захирал томилно.
4.1.2. "Тэргүүлэх" мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, боловсролын харилцаанд оролцогч төрийн захиргаа, олон нийт, төрийн бус байгууллагын төлөөлөлтэйгээр Боловсрол, соёлын газрын даргын шийдвэрээр байгуулна.
4.1.3. "Зөвлөх" мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилно.
4.1.4. Мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах ажлын хэсгийн гишүүний буруутай үйл ажиллагаа нь нотлогдсон тохиолдолд түүнийг томилсон этгээд нь гишүүнээс чөлөөлж, зохих хариуцлагыг хүлээлгэнэ.
4.2. Багшид мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах ажлыг дараах байдлаар зохион байгуулна:
4.2.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн багш нь зэрэг шинээр авах, ахиулах буюу хамгаалах хүсэлтээр мэргэжлийн зэрэг хамгаалуулах ажлын хэсэгт хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан гаргана.
4.2.2. Мэргэжлийн зэрэг шинээр авах, ахиулах хугацаанд магистрын зэрэг хамгаалсан тохиолдолд цуглуулах багц цагийн 50 хувийг чөлөөлнө;
4.2.3. Мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах ажлын хэсэг нь энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын байранд нь шалгаж, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд мэргэжлийн шалгалтыг авч, дүнг цэцэрлэг, сургууль, МСҮТ-ийн сурган хүмүүжүүлэх хамт олны хуралд танилцуулж, тэмдэглэл хөтлөн дүгнэлт гаргана.
4.2.4. Мэргэжлийн зэрэгтэй багш нь ямар зэрэгтэйгээсээ үл хамааран 5 жил тутам мэргэжлийн зэргээ хамгаалах буюу ахиулах шалгалтад заавал орно.
 
 
 
 
Тав. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
 
5.1. "Заах аргач", "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэжлийн зэрэгтэй багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.
5.2. Сургуулийн ажлын хэсгийн шалгалтын дүн, хурлын шийдвэрийг үндэслэн "Заах аргач" мэргэжлийн зэрэг олгож, зэргийн нэмэгдлийн хувийг тухайн сургалтын байгууллагын ерөнхий менежерийн тушаалаар тогтооно.
5.3. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэдэх ажлын хэсгийн шалгалтын дүн, хурлын шийдвэрийг үндэслэн "Тэргүүлэх" мэргэжлийн зэрэг олгож, зэргийн нэмэгдлийн хувь хэмжээг Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар тогтооно.
5.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр "Зөвлөх" мэргэжлийн зэрэг олгож, түүний нэмэгдлийн хувийг тогтооно.
5.5. "Заах аргач", "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэжлийн зэргийн нэмэгдлийн доод хэмжээг багшийн сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар олгоно:
5.5.1. "Заах аргач" мэргэжлийн зэргийн нэмэгдэл 5 хувь;
5.5.2. "Тэргүүлэх" мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10 хувь;
5.5.3."Зөвлөх" мэргэжлийн зэргийн нэмэгдэл 15 хувь.
5.6. Мэргэжлийн зэрэг олгох шийдвэр гарсан өдрөөс тооцож мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоно.
 
Зургаа. Мэргэжлийн зэргийн хугацаа, түүнийг
бууруулах, хүчингүй болгох
 
6.1. Багшид мэргэжлийн зэргийг 5 жилийн хугацаагаар олгоно.
6.2. "Заах аргач", "Тэргүүлэх", "Зөвлөх" мэргэжлийн зэрэг нь улсын хэмжээнд нэгэн адил хүчинтэй байна.
6.3. Багшийн мэргэжлийн зэргийг дараах тохиолдолд мэргэжлийн зэрэг олгох, хамгаалуулах ажлын хэсгийн саналыг үндэслэн олгосон албан тушаалтан нь хүчингүй болгоно.
6.3.1. Мэргэжлийн зэргээ хамгаалж чадаагүй;
6.3.2. Багшийн ёс зүй, нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон;
6.3.3. Суралцагчид болон эцэг эхийг хэл амаар доромжлох, гүтгэх, ямар нэг байдлаар дарамтлах зэрэг багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар суралцагч, эцэг, эх, багш нараас санал, гомдол удаа дараа гарсан;
6.3.4. Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд заасан багшийн үүргийг зөрчиж, мэргэжлийн алдаа гаргасан;
6.3.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэргэжлийн зэргийн шалгалтад хугацаандаа ороогүй.
6.4. Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалт өгөх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаан (магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр өвчтэй байсан нь нотлогдсон, эсвэл өөрийн болон эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх ба өөрийн төрсөн ах, эгч, дүү, төрсөн болон үрчлэн авсан хүүхэд, мөн эхнэр (нөхөр) нь нас барсан)-аар ороогүй тохиолдолд мэргэжлийн зэрэг, түүний нэмэгдлийг дараа жилийн шалгалтад орох хүртэлх хугацаанд хэвээр үлдээнэ.
6.5. Мэргэжлийн зэрэг хамгаалах хугацаа хэтэрсэн болон зэрэг авснаас хойш мэргэжлээрээ ажиллаагүй тохиолдолд зэргийг хүчингүйд тооцно.
 
Долоо. Мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар
 
7.1. "Заах аргач", "Тэргүүлэх", "Зөвлөх" зэрэгтэй багшид мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно.
7.2. Мэргэжлийн зэргийн үнэмлэх нь доорх загвартай байна.
7.2.1. Үнэмлэхийн загвар:
uА4 цаасны 4/1 дээр хийх бөгөөд дотор талын зүүн талын дээд өнцөгт цээж зураг, үнэмлэхийн дугаар байна.
uДугаарын доод талд овог нэр, сургууль, аймаг, нийслэлийн комиссын шийдвэр, зэрэг олгосон хүний албан тушаал, гарын үсэг байна. Түүний доор олгосон он, сар, өдрийг бичнэ.
uХуудасны баруун талд хугацааг сунгасан шийдвэр, он, сар, өдөр, олгосон хүний гарын үсэг, албан тушаалыг бичнэ.
uҮнэмлэх нь хавтастай байх бөгөөд "МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ" гэсэн бичиглэлтэй байна.
 
 
 
---о0о---