- Нүүр
- Сайдын тушаал
- ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БОЛОН КОНСУЛЫН ГАЗРААС ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ ЗААВАР
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын
хамтарсан 2001 оны 121/36 дугаар тушаалын хавсралт
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН
БОЛОН КОНСУЛЫН ГАЗРААС ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН
БАЙДЛЫН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар /цаашид “дипломат төлөөлөгчийн газар” гэх/ гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн иргэний гэр бүлийн байдлыг бүртгэнэ.
2.Дипломат төлөөлөгчийн газар иргэний гэр бүлийн байдлыг бүртгэхдээ Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль болон энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
3.Дипломат төлөөлөгчийн газар хилийн чанад дахь Монгол Улсын иргэний төрсний, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, сэргээсний, үрчлэлтийн, эцэг, эх тогтоосон тухай, нас барсны бүртгэлийн ажлыг эрхэлнэ.
4.Дипломат төлөөлөгчийн газар нь хүсэлт гаргагчийн иргэний баримт бичиг /Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тухайн улсад оршин суугч гадаадын иргэний хувьд хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, байнга оршин суугч, цагаач иргэний хувьд үндэсний паспорт, оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүний хувьд оршин суух үнэмлэх/ болон Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан бусад бичиг баримтыг үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлнө.
5.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөхдөө холбогдох бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягтад шаардлагатай бичилт хийж, түүний үндсэн дээр зохих гэрчилгээг бичиж олгоно.
6.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөхдөө “бүртгэв”, “хүчингүй”, “нас барсан”, “хуулбар” гэсэн тэмдэг хэрэглэнэ.
7.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягт, гэрчилгээг буруу буюу зөрүүтэй бичих, товчлох, үг, үсэг, тоо баллах, засварлахыг хориглоно. Бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягт, гэрчилгээг хар буюу хөх өнгийн бэхээр гаргацтай, цэвэр үзэмжтэй бичнэ.
8.Гэрчилгээ, бүртгэх маягт, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн дугаар ижил байна.
9.Баримт бичиг нь бүрдэл болсон бол бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягтад шаардагдах бичилтийг хийж, бүртгүүлж байгаа хүнд танилцуулан гарын үсэг зуруулж, дипломат төлөөлөгчийн газрын зохих албан тушаалтан холбогдох гэрчилгээнд гарын үсэг зурж гардуулан өгнө.
10.Иргэний гэр бүлийн байдлыг бүртгүүлэгч нь шаардлагатай баримт бичгийг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй буюу иргэний баримт бичиг нь хүчин төгөлдөр бус бол бүртгэх байгууллага бүртгэхгүй байж болно.
11.Иргэнд төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг олгохдоо цагаан хуудсаар орлуулахгүй.
12.Гадаад хэргийн яам нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн дэвтэр, бүртгэлийн маягт, гэрчилгээг зөвхөн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс татан авч Хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлнэ.
13.Бүртгэлийн маягт болон гэрчилгээнд дипломат төлөөлөгчийн газрын тамгыг дарна.
14.Бүртгэлийн дугаарыг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хааж, 26-ны өдрөөс дараа жилийн дугаарыг олгоно.
Хоёр. Төрсний бүртгэл хөтлөх
15.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн дипломат төлөөлөгчийн газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ.
16.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас хилийн чанадад төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн энэ зүйлд заасан зааврын дагуу бүртгэнэ.
17.Дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтан дараах баримт бичгийг үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэнэ:
1/хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;
2/Монгол Улсын иргэний хувьд эцэг, эхийн үндэсний гадаад паспорт, гадаадын иргэний хувьд үндэсний паспорт, иргэний үнэмлэх;
3/эцэг, эхийн гэрлэсний гэрчилгээ.
18.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд 17.3-д заасан гэрчилгээг шаардахгүй.
19.Хүүхдийн эцэг, эх нь өвчтэй байгаа буюу нас барсан зэрэг хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд түүний төрснийг бүртгүүлээгүй бол эцэг, эхийн нь хүсэлтээр тэднийг төлөөлж ирсэн хүмүүс буюу хүүхдийг асран хамгаалж байгаа байгууллагын эрх бүхий ажилтны бичиг баримтыг үндэслэн бүртгэж, төрсний гэрчилгээ олгож болно.
20.Хүүхдийн төрснийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс лавлагаа авсны үндсэн дээр төрсний бүртгэлийг хөтлөнө. Энэ тохиолдолд бүртгэлийн дэвтрийн тусгай тэмдэглэл болон бүртгэх маягтын дээд талд хугацаа хожимдуулан бүртгүүлсэн тухай тэмдэглэнэ.
21.Гадаад улсад оршин суугаа гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийн эцгийн талаар эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл байхгүй буюу шүүхийн шийдвэргүй бол төрснийг бүртгэхдээ хүүхдийн төрсний бүртгэлийн дэвтэр, маягт, гэрчилгээний овог, эцэг /эх/-ийн нэр тухай хэсэгт эхийн овог, нэрийг бичнэ.
22.Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцгийн нь нас барсны гэрчилгээг үндэслэн нас барагчийн овог, эцгийн нэр, нэрээр бүртгэж болно.
23.Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг бүртгэхдээ эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.
24.Ихэр хүүхдийг тус тусад нь бүртгэж, дараалсан дугаартай гэрчилгээ олгоно.
25.Төрсний гэрчилгээний зүүн дээд талд “бүртгэв” тэмдэг дарж бүртгэсэн он, сар, өдрийг бичнэ.
26.Төрсний бүртгэлийг хөтлөхдөө төрсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, төрснийг бүртгэх анкет /ХААТР-11/-ыг бөглөн төрсний гэрчилгээг бичиж олгоно.
Гурав. Гэрлэлтийн бүртгэл хөтлөх
27.Дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтан Гэр бүлийн тухай хуулийн 7, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өргөдөл, баримт бичгийг үндэслэн гэрлэлтийн бүртгэлийг хөтөлнө.
28.Гэрлэхийг хүсэгчид өргөдлөө хамтран гаргаж гарын үсэг зурсан байна. Өргөдөлд дараах зүйлийг дурдсан байна:
1/гэрлэхээ сайн дураар харилцан зөвшөөрөлцсөн тухай;
2/Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай;
3/гэрлэгсэд дагавар хүүхэдтэй бол түүнийг төрсөн хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлэхийг зөвшөөрсөн тухай.
29.Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо эсхүл гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат иргэн гэрлэсэн бол хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газар 30 хоногийн дотор бүртгэнэ.
30.Гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолт, хэн нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагааг хавсаргана.
31.Дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтан нь гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна. Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно.
32.Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалзана.
33.Гэрлэснийг бүртгэхэд нэмэлт баримт шаардагдвал дипломат төлөөлөгчийн газар нь тэдгээрийг өөрийн орны болон гадаад улсын холбогдох байгууллагаас шаардан авах арга хэмжээ авна.
34.Гэрлэлтийн гэрчилгээний дээд талд “бүртгэв” тэмдэг дарж, гэрлэлтийг бүртгэсэн он, сар, өдрийг бичнэ.
35.Гэрлэлтийн бүртгэлийг хөтлөхдөө гэрлэсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрлэснийг бүртгэх анкет /ХААТР-15/-ыг бөглөн гэрлэсний гэрчилгээг бичиж олгоно.
Дөрөв. Гэрлэлт цуцалсны бүртгэл хөтлөх
36.Захиргааны буюу шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцалсныг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-5 дахь хэсэгт заасан өргөдөл, бичиг баримтыг үндэслэнэ. Хэрэв гэрлэснийг нь өөр улсад цуцалсан бол тухайн улсын шүүхийн тогтоолыг үндэслэл болгоно.
37.Гэрлэлт цуцалсныг бүртгэх үед гэрлэсний гэрчилгээг хураан авч “Хүчингүй” тэмдэг дарж Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд явуулна.
38.Гэрлэлт цуцалсны бүртгэлийг хөтлөхдөө гэрлэлт цуцалсны бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрлэлт цуцалсныг мэдэгдэх хуудас /ХААТР-16/-ыг бөглөн гэрлэлт цуцалсны гэрчилгээг олгоно.
Тав. Гэрлэлт сэргээсний бүртгэл хөтлөх
39.Гэрлэлт цуцлуулсан хүмүүс өөр хүнтэй гэрлээгүй бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлт сэргээснийг бүртгэнэ.
40.Эхнэр, нөхрийн хамтран гаргасан өргөдөл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан бичиг баримтыг үндэслэн гэрлэлт сэргээснийг бүртгэхдээ гэрлэгсдийг заавал байлцуулна.
41.Гэрлэсний гэрчилгээний зүүн дээд талд “Хуулбар” тэмдэг, баруун доод талд “Бүртгэв” тэмдэг дарж, бүртгэсэн он, сар, өдрийг тус тус бичнэ.
42.Гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэснийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрлэснийг бүртгэх маягт /ХААТР-15/-ыг бөглөн маягтын тусгай тэмдэглэлийн хэсэгт гэрлэлт сэргээсэн тухай тэмдэглэж, гэрлэсний гэрчилгээг бичиж олгоно.
Зургаа. Эцэг, эх тогтоосон тухай бүртгэл хөтлөх
43.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан баримт бичгийг хүлээн авч хүүхдийн эцэг, эхийг тогтоосныг бүртгэнэ. Хэрэв эцэг, эх тогтоож гадаад улсын шүүхээс тогтоол гаргасан бол түүнийг үндэслэл болгоно.
44.Эцэг, эхийг тогтоосныг бүртгэхдээ эцэг, эхийг байлцуулна. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгэлийн ажиллагаанд оролцож чадахгүй бол эцэг, эх тогтоолгох өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
45.Хүүхэд 16 нас хүрээгүй байхад эцэг, эх нь гэрлэснээ нөхөн бүртгүүлээд эцгийн нэрээр өөрчлөн бүртгүүлэхийг хүсвэл төрсний бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, хүүхдийг эцгийн нэрээр нь бүртгэж, өмнөх төрсний гэрчилгээг хүчингүй болгон, шинэ гэрчилгээ олгоно.
46.Эцэг, эх тогтоосон тухай бүртгэлийг төрснийг бүртгэснээс өөр газарт хийсэн бол төрснийг бүртгэсэн байгууллагад уг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл /ХААТР-14-ийн Б хэсэг/-ийг явуулна.
47.Эцэг, эхийг тогтоосныг бүртгэж төрсний гэрчилгээ олгохдоо төрсний гэрчилгээний зүүн дээд талд “Хуулбар” тэмдэг дарж бүртгэл хийсэн он, сар, өдрийг бичнэ.
48.Эцэг, эх тогтоосон тухай бүртгэлийг хөтлөхдөө эцэг тогтоосон тухай бүртгэлийн дэвтэрт бүртгэж, мэдэгдэх хуудас /ХААТР-14/-ыг бөглөн төрсний гэрчилгээг дахин бичиж олгоно.
Долоо. Нас барсныг бүртгэх
49.Монгол Улсын харьяат иргэн гадаад улсын нутаг дэвсгэр дээр нас барсан бол хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэнэ:
1/нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;
2/тухайн иргэнийг нас барсан тухай шүүх, цагдаагийн байгууллагын тодорхойлолт буюу түүний хуулбар;
3/нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
50.Шүүхийн шийдвэрээр иргэнийг нас барсан гэж зарласан бол түүний төрөл садан, ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж байсан байгууллагын захиргаа нь дипломат төлөөлөгчийн газарт иргэний нас барсныг бүртгүүлнэ.
51.Нас барсныг бүртгэхэд уг хүн нас барсан тухай албан ёсны бичиг баримтыг үндэслэн дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтан нас барсан хүний үндэсний гадаад паспортыг цоолох буюу өнцгийг нь хайчлах замаар хүчингүй болгон төрөл төрөгсөд нь хүсэлт гаргавал тэдгээрт хадгалуулахаар өгч болно.
52.Хэрэв гадаад улсад төрөл садан нь байхгүй байвал нас барсны гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн иргэний баримтын төв архивт ирүүлнэ.
Нас барсан хүүхдийн төрсний гэрчилгээг хураан авч, төрсний гэрчилгээнд “нас барсныг бүртгэв” тэмдэг дарж, нас барсныг бүртгэсэн он, сар, өдрийг бичнэ.
53.Нас барсны бүртгэлийг хөтлөхдөө нас барсны бүртгэлийн дэвтэрт бүртгэж, нас барсныг бүртгэх анкет /ХААТР-18/-ыг бөглөн нас барсны гэрчилгээг бичиж олгоно.
Найм. Үрчлэлтийн бүртгэл хөтлөх
54.Дипломат төлөөлөгчийн газар нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно.
55.Хүүхэд үрчлэн авсныг бүртгэхэд үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл хэн нэгнийг нь шаардлагатай тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг байлцуулна.
56.Үрчлэлтийн бүртгэлийг хөтлөхдөө хүүхэд үрчилсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас /ХААТР-12/-ыг бөглөн хүүхэд үрчилсний гэрчилгээг үрчлэн авсан болон үрчлүүлсэн эцэг эхэд тус тус олгоно.
Ес. Гэрчилгээг дахин олгох
57.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн гэрчилгээг иргэдийн гаргасан өргөдлийн дагуу дипломат төлөөлөгчийн газарт бүртгэсэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэл дэх бичлэгийг баримталж дахин олгоно.
58.Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлт гаргасан иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь тус газарт байхгүй бол Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн иргэний баримтын архиваас лавлагааг авсны үндсэн дээр гэрчилгээг дахин олгоно.
59.Гэрчилгээг дахин олгохдоо анхны бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй.
60.Гэрчилгээг дахин олгохдоо гэрчилгээг дахин олгох бүртгэлийн дэвтэрт бүртгэж, дахин олгосон гэрчилгээний зүүн дээд талд “Хуулбар” тэмдэг дарж, хуулбар хийсэн он, сар, өдрийг бичиж олгоно.
Арав. Тайлан тооцоо хийх
61.Дипломат төлөөлөгчийн газар нь иргэний гэр бүлийн бүртгэлтэй холбогдох ХААТР маягтыг дагалдах хуудас /ХААТР-101/-ын хамт сар бүрийн 15-ны өдрийн дотор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлнэ.
62.Дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтан нь гэрчилгээ, маягтын үнэ болон үйлчилгээний хураамжийн тооцоог тухайн газрын санхүүгийн албатай хийнэ.
63.Дипломат төлөөлөгчийн газар нь тухайн оны гэрчилгээний зарцуулалт, хураамжийн тайланг зохих маягтаар гаргаж дараа оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A