- Нүүр
- Сайдын тушаал
- Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих Зөвшөөрөл олгох, сунгах журам
Эрүүл мэндийн сайдын
2003 оны 48
дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих Зөвшөөрөл олгох, сунгах журам
1.1. Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох, түүнийг сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж, энэхүү журам болон бусад холбогдох хууль эрхийн актаар зохицуулна.
1.2. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
1.3. Эмнэлгийн мэргэжилтэнд ерөнхий мэргэжлийн үндсэн нарийн мэргэшлийн ба төрөлжсөн нарийн мэргэшлийн зөвшөөрөл олгоно.
1.4. Анагаах ухааны болон эмзүйн, сувилахуйн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийг төгссөн эмнэлгийн мэргэжилтэнд ерөнхий мэргэжлийн зөвшөөрөл олгоно.
1.5. Эмнэл зүйн чиглэлээр резиденсийн сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч, урт хугацааны дамжаагаар мэргэшсэний дараа тухайн мэргэшлээрээ цааш нь төрөлжсөн нарийн мэргэшлийн зөвшөөрөл олгоно.
2. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
2.1. Зөвшөөрлийг эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтэнд шалгалт авсны үндсэн дээр Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага олгоно.
2.2. Төрөлжсөн нарийн мэргэжлээр зөвшөөрөл авахыг хүссэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшсэн байдал, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн зөвшөөрлийг шалтгалтгүйгээр олгоно.
2.3. Эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрөл авахаар хүсэлт гарахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
а/ өргөдөл
б/ иргэний үнэмлэхний хуулбар
в/ боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн батлагдсан хуулбар;
г/ биеийн байцаалт’;
д/ажил олгогчийн тодорхойлолт;
е/ 4х6 хэмжээтэй зураг 2 хувь;
2.4. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шаардлагатай материалаа бүрдүүлэн, шалгалт авах өдрөөс 2 сарын өмнө аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлнэ.
2.5. Мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалт явуулсан байгууллага нь сургалт дуусахаас 2 сарын өмнө төгсөгчдийн материал, сургалтын хөтөлбөрийг эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлнэ.
2.6. Шалгалтыг нийслэлд улирал тутам зохион байгуулна. Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Аймаг, орон нутагт тухайн аймгийн Эрүүл мэндийн газартай зөвшилцөн шалгалт авах хугацааг товлоно.
2.7. Шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авсан эмнэлгийн мэргэжилтэнд шалгалт авснаас хойш ажлын 10 хоногийн дотор зөвшөөрлийг олгоно.
2.8. Шалгалт авах журмыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар батална.
3. Төрөлжсөн нарийн мэргэшлийн зөвлөлөөр
олгоход тавих шаардлага
3.1. Төрөлжсөн нарийн мэргэшлийн зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь шаардлагыг хангасан байна:
а/ анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн төрөлжсөн нарийн мэргэшлийг эзэмшсэн байх;
б/ үндсэн нарийн мэргэшлээр ажиллаж байсан дадлага, туршлагатай байх;
в/ тухайн төрөлжсөн нарийн мэргэшлээрээ бусдад зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх;
4. Төрөлжсөн нарийн мэргэжлийн зөвшөөрөл авах
мэргэжилтэнд гаргах мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлт
4.1. Төрөлжсөн нарийн мэргэшлээр зөвшөөрөл авах хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтний талаарх санал, дүгнэлтийг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл /цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх/ гаргана.
4.2. Зөвшөөрөл авах хүсэлт гаргаж ирүүлсэн эмнэлгийн мэргэжилтний материалыг Эмнэлгийн тусламжийг удирдах газраас мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ.
4.3. Мэргэжлийн зөвлөлийн 3-аас доошгүй гишүүн энэ журмын 3-ийн 1-д заасан шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх санал, дүгнэлтээ дараах шалгуурыг баримтлан гаргаж, Эмнэлгийн тусламжийг удирдах газарт ирүүлнэ.
· мэдлэг
· ур чадвар
· дадлага туршлага
· хандлага
· ёс зүй
· мэргэшлийн байдал
5. Зөвшөөрөл сунгах
5.1. Зөвшөөрөл сунгуулах эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө дараах материалыг бүрдүүлж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан Эмнэлгийн удирдах газарт ирүүлнэ:
а/ зөвшөөрлийн гэрчилгээ
б/ ажил олгогчийн тодорхойлолт;
в/ тухайн орон аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн тодорхойлолт;
г/ кредит үнэлгээний гүйцэтгэлийн баталгаажуулсан баримт, кредит бүртгэлийн дэвтэр.
5.2. Зөвшөөрлийг тасралтгүй сургалтын кредитийн гүйцэтгэлийг үндэслэн 5 жил тутам сунгана.
5.3. Зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтыг кредит биелүүлэх, бүртгэх журмыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар батална.
6. Зөвшөөрлийг хүчингүй болгох
6.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан дараахь тохиолдолд хүчингүй болгоно:
6.1.1. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооноос тухайн эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж дүгнэлт гаргасан;
6.1.2. хуулийн эсвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн эмнэлгийн мэргэжилтэнг мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосныг хянаж тогтоосон;
6.1.3. зөвшөөрөл авахаар хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогдсон;
6.1.4. зөвшөөрлийг үрэгдүүлсэн ;
6.1.5. зөвшөөрлийн хугацаа дууссан.
6.2. Зөвшөөрлийг энэхүү журмын 6-ийн 1-ийн 1 эсхүл 2-т заасан нөхцлөөр хүчингүй болгосон бол хүчингүй болгосон хугацаа дууссаны дараа, 6-ийн 1-ийн 4-д заасан нөхцлөөр хүчингүй болгосон бол уг зөвшөөрлийг үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр нийтэд зарласнаас хойш сарын дараа, 6-ийн 1-ийн 5-д заасан нөхцлөөр хүчингүй болгосон бол уг хугацааг харгалзахгүйгээр уг мэргэжилтэн шинээр зөвшөөрөл авах хүсэлтэй Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно.
6.3. Хуурамч материал бүрдүүлэн зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтний талаарх асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлэнэ.
6.4. Зөвшөөрөл олгох үйл ажилагаатай холбогдон гарах гомдол саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад тавьж болно.
7. Зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтний бүртгэл, мэдээлэл
7.1. Зөвшөөрөл авсан, сунгуулсан зөвшөөрөл нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтнийг тухай мэдээллийг Эмнэлгийн тусламжийг удирдах газрын мэдээллийг санд бүртгэж, нийтэд тухай бүр мэдээлнэ.
Текст томруулах
A
A
A