A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ЭКСТЕРНАТ ХЭЛБЭРИЙН СУРГАЛТЫН ДҮРЭМ БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979
БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн                                               
       
   Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
                                                     2004 оны 12 дугаар тушаалын хавсралт
 
ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ЭКСТЕРНАТ ХЭЛБЭРИЙН СУРГАЛТЫН ДҮРЭМ
 
1. Энэхүү дүрмийг дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалт зохион байгуулахтай холбоотой нийтлэг харилцаануудыг зохицуулахад баримтална.
2. Сургалтын экстернат хэлбэр нь иргэн сонгосон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүдийг бие даан судалж, мэдлэг, чадвараа дүгнүүлэх замаар зохих шатны боловсрол эзэмших сургалтын хэлбэр мөн.
3. Бүрэн дундаас дээш боловсролтой иргэн экстернат хэлбэрээр дээд боловсрол эзэмшиж болно. Экстернат хэлбэрээр суралцахад насны хязгаар тавихгүй.
4. Экстернат хэлбэрээр суралцах хүмүүсийг сургалтын байгууллагын элсэлтийн журмын дагуу элсүүлнэ. Шалгуулагчийг бүртгэх, шалгалт авах, сургалтын тодорхой үе шатны багц цагийг экстернат хэлбэрээр суралцан цуглуулах журмыг сургалтын байгууллага боловсруулан баталж мөрдөнө. Экстернат хэлбэрээр суралцагчийг захирлын тушаалаар баталгаажуулна.
5. Экстернат хэлбэрээр суралцагч (цаашид "суралцагч" гэх)-д сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, ангийн ажил (төсөл) болон рефератын даалгавар, хяналтын ажил, үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, заавал гүйцэтгэх лабораторийн ажлын жагсаалт, сургалт арга зүйн бусад баримт бичгийг олгоно.
6. Экстернат хэлбэрээр сурах сургалтын норматив хугацаа өдрийн хэлбэрээр сурах норматив хугацаанаас багагүй байна.
7. Суралцагчийн урьд нь эзэмшсэн  боловсролын төвшинг харгалзан сургалтын төлөвлөгөө дэх тодорхой хичээлүүдийг дүйцүүлэн тооцож болно. Ийнхүү дүйцүүлэн тооцох асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
8. Тухайн чиглэлээр экстернат хэлбэрийн сургалт явуулах шийдвэрийг сургалтын байгууллагын эрдмийн (сургалт арга зүйн) зөвлөл гаргана.
9. Суралцагчаас сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүд, тэдгээрийн тодорхой хэсгээр шүүлэг, шалгалт авна.  Түүнчлэн заавал гүйцэтгэх хяналтын болон лабораторийн ажил, ангийн ажил (төсөл) реферат, үйлдвэрлэлийн болон дипломын өмнөх дадлагын тайланг сургалтын байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэнэ.
10. Суралцагчийн нэг жилд цуглуулж болох багц цагийн дээд хэмжээг тухай сургалтын байгууллага тогтооно.
11. Явцын шалгалт, шүүлгийг бодитой авах нөхцөлийг сургалтын байгууллага бүрдүүлнэ.
12. Суралцагч сургалтын явцын шалгалтад орох зөвшөөрлийг сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон тушаалтан олгоно.
13. Суралцагчийг сурлагаар тэнцэхгүй гэж үзэх нөхцөлийг тухайн сургалтын байгууллага тогтоож болно.
14. Төгсөлтийн шалгалтыг тухайн сургалтын байгууллагын төгсөлт хийдэг хугацаанд зохих журмын дагуу явуулна.
15. Сургалтын төлөвлөгөө ёсоор авбал зохих багц цагийг цуглуулсан, бие даан гүйцэтгэх ажлуудыг биелүүлсэн, хуримтлуулсан голч дүн нь зохих шаардлагыг хангасан суралцагчийг төгсөлтийн шалгалтад оруулна.
16. Суралцагч төгсөлтийн шалгалтад орох хүсэлтээ сургалтын байгууллагаас тогтоосон хугацаанд тавина. Суралцагч төгсөлтийн шалгалт өгөх зөвшөөрлийг захирлын тушаалаар олгоно.
17. Сургалтын байгууллага нь дээд боловсрол эзэмшихтэй холбогдуулан суралцагчид түүний мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэхээс өөр ямар ч үйлчилгээ (лекц унших, лабораторийн ажил, дадлагын хичээл, семинар явуулах, зөвлөгөө өгөх г.м) үзүүлж болно. Нэмэлт үйлчилгээ авах эсэх, авах бол аль хичээлээр ямар үйлчилгээ авахыг зөвхөн суралцагч санал болгоно.
18. Экстернат хэлбэрээр суралцагч болон сургалтын байгууллага хоорондын харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх ажлын зохион байгуулалт (ямар шүүлэг, шалгалтыг хэзээ, хаана өгөх, лабораторийн болон хяналтын ажил, ангийн ажил, дадлагын тайлан зэргийг хэрхэн үнэлж дүгнэх г.м), сургалтын байгууллагаас суралцагчийн авах үйлчилгээ (тодорхой хичээлийн лекцэнд суух, лабораторийн ажил, дадлагын хичээл хийх, зөвлөгөө авах г.м), суралцагчаас сургалтын байгууллагад төлөх төлбөр ба түүнийг хэрхэн төлөх зэргийг гэрээнд заавал тусгана.
19. Суралцагчид холбогдох бичиг хэрэг (хувийн хэрэг) хөтлөх журмыг сургалтын байгууллага бие даан тогтооно.
20. Сургалтын экстернат хэлбэрээр эзэмших болохгүй сургалтын чиглэлийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
21. Сургалтын байгууллага тухайн хичээлийн жилд экстернат хэлбэрээр төгсөгчдийн тоог статистикийн мэдээнд тусгана.
---о0о---