- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС ДАВСАН ХЭСГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС ДАВСАН ХЭСГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
1.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилт нь Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.1.3, 6.1.8, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн төсөвт байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг Засгийн газрын захиалгат нэмэлт бүтээгдэхүүнийг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчаар зөвшөөрүүлсний үндсэн дээр тухайн байгууллагын төсвийн хуваарьт өөрчлөлт хийх замаар зарцуулах эрхийг олгох, төсвийн гүйцэтгэлийг бүрэн тайлагнах харилцааг зохицуулахад оршино.
2.ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС ДАВСАН ОРЛОГЫГ
ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ОЛГОХ
2.1. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад бий болсон өөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг зарцуулах хүсэлтийг нэмэлт орлого бий болсон үндэслэл, шалтгаан, нэмэлт бүтээгдэхүүний талаарх танилцуулга, үр дүнгийн гэрээнд орох өөрчлөлт, батлагдсан төсвийн хуваарьт хийх өөрчлөлтийн санал, төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, өр төлбөрийн тайлан болон бусад холбогдох материалын хамт төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ.
2.2. Төсвийн байгууллагын ерөнхий захирагч нь ерөнхий менежерийн саналын дагуу төлөвлөгөөнөөс давсан орлогыг зарцуулахтай холбогдон батлагдсан төсвийн хуваарьт өөрчлөлтийг хийхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд:
2.2.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, үндсэн үзүүлэлтийн биелэлттэй уялдуулан улирал бүрийн санхүүжилтийн гүйцэтгэлийн тооцоог нарийвчлан хийсэн байх;
2.2.2. Өөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгийг аливаа нэмэлт бүтээгдэхүүн, зардлыг санхүүжүүлэхээс өмнө тухайн төсвийн байгууллага болон нийт төсвийнхөө багцын хүрээнд хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахад анхаарах;
2.2.3. Төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн орлого нь Засгийн газрын зайлшгүй захиалгат нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг гүйцэтгэхээс бусад зориулалтаар нэмж ажилтан хөлслөн авах удирдлагын зардлыг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй байх;
2.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагаас ирүүлсэн батлагдсан төсвийн хуваарьт өөрчлөлт хийх тухай хүсэлтийг дараах тохиолдолд буцааж болно. Үүнд:
2.3.1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13.3 болон 13.4 дэх заалтад нийцэхгүй байвал;
2.3.2. Төсвийн байгууллагын өр төлбөр нэмэгдүүлэхээр байвал;
2.3.3. Засгийн газрын захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гэх зэргээр өөр зориулалтаар ашиглагдахаар байвал;
2.3.4. Төлбөртэй ажил үйлчилгээний үнэ, тарифыг өсгөх, үйлчилгээний чанар, хүртээмжийг муутгах, үндэслэлгүйгээр төлбөр хураамж бий болгох зэрэг аргаар нэмэгдэл орлого олсон байвал;
2.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын төлөвлөгөөнөөс давсан орлогыг зарцуулах хүсэлтийг хянаад, тухайн төсвийн байгууллагын батлагдсан төсвийн хуваарьт өөрчлөлтийг хийх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.5. Төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн тухайн төсвийн байгууллагын төсвийн хуваарьт өөрчлөлт хийх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээн авсны дараа хянаж, төсвийн гүйцэтгэлд болон жил, хагас жил, улирлын төсвийн санхүүжилтэд сөрөг нөлөө гарахгүй гэж үзвэл тухайн байгууллагын төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг Санхүү, эдийн засгийн сайд гаргана.
2.6. Төрийн сан нь өөрчлөлт оруулсан шинэ хуваарийн дагуу тухайн байгууллагын сарын зарцуулалтын эрхийн баталгааг шинэчлэн баталж, тухайн төсвийн байгууллагын төлөвлөгөөнөөс давсан өөрийн орлогынх нь эх үүсвэрээс зарлага гаргах зөвшөөрөл олгоно.
2.7. Төсвийн байгууллагын төсвийн хуваарьт өөрчлөлт орж, шинээр батлагдтал давж биелсэн өөрийн орлогыг зарцуулахыг хориглоно. Төрийн сан энэ байдалд хяналт тавьж, төсвийн ерөнхийлөн захирагчийг мэдээллээр хангана.
2.8. Өөрийн орлого бүхий төсвийн байгууллагууд төсвийн орлогыг үндэслэлгүйгээр дутуу төлөвлөснөөс шалтгаалан төлөвлөгөөнөөс давсан орлого нь түүнийг зарцуулах үндэслэл болохгүй.
3. ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС ДАВАН БИЕЛСЭН ОРЛОГЫГ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНД ТУСГАХ
3.1.Төсвийн байгууллагын орлогын гүйцэтгэлийн ил тод байдлыг хангахын тулд төсвийн байгууллагын ерөнхий менежер болон ерөнхий (ахлах) нягтлан бодогч нь байгууллагын үндсэн болон үндсэн бус үйл ажиллагаанаас орсон орлогыг зөвхөн Төрийн сангийн харилцах дансандаа төвлөрүүлж, энэ журмын дагуу зарцуулна.
3.2. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь үйл ажиллагааны орлогын даван биелсэн гүйцэтгэл болон тус эх үүсвэрээс санхүүжүүлсэн зарлагыг санхүүгийн тайланд үнэн зөв, бүрэн тусгана.
3.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хагас болон жилийн эцсийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг гаргахдаа төсвийн байгууллагын өөрийн орлогын даван биелэлттэй холбогдон төсвийн хуваарьт оруулсан өөрчлөлтийн тухай тайлбарыг хавсаргана.
3.4. Төсвийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс давсан орлогыг Санхүү, эдийн засгийн яамны зөвшөөрөлгүйгээр Төрийн сангаас гадуур данс нээн төвлөрүүлж, зарцуулах, тайлан мэдээнд тусгахгүй байхыг хатуу хориглоно.
4. Хариуцлага
4.1. Энэ журмыг зөрчсөн холбогдох албан тушаалтанд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65.2, 65.3 дахь заалт болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
] ] ]
Текст томруулах
A
A
A