A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ /2005 оны 94-р тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979
    Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2003 оны
А/130 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
               МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Эмийн үндэсний зөвлөлийн Малын эмийн салбар зөвлөл /цаашид "Малын эмийн зөвлөл" гэх/ -ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Малын эмийн зөвлөл нь Монгол Улсын мал эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэх эмийн нэр төрлийг сонгох, эм, эмийн түүхий эдийн стандарт, аргачлал боловсруулах, шинээр бүтээсэн болон импортын эмэнд дүгнэлт гаргах, зах зээлд хэрэглэгдэж байгаа эмийн зүйлд тандалт явуулж, эмийн үнэлэмж өгөх зорилго бүхий орон тооны бус, мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.
 
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
 
2.1. Малын эмийн зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Малын эмийн зөвлөлийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга тэргүүлж, орлогч дарга нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг—Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дарга байна.
2.2. Малын эмийн зөвлөлийн ажлын албан үүргийг Малын эмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
2.3. Малын эмийн зөвлөл нь эмнэл зүйн, эм судлал, эм зүй, биобэлдмэлийн асуудлаар мэргэжлийн зөвлөмж гаргах салбар комисстой байх бөгөөд комиссын ажиллах журмыг Малын эмийн зөвлөлийн дарга батална.
2.4. Малын эмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна. Хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдана.
2.5. Малын эмийн зөвлөл улиралд 1-2 удаа хуралдана. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн гишүүдийн ирц 66-аас дээш хувьтай бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.6. Малын эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэж, зөвлөмж, дүгнэлт гаргана.
2.7. Малын эмийн зөвлөл нь зохих журмын дагуу хийсэн албан хэргийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Малын эмийн зөвлөлийн салбар комисс нь албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж болно.
2.8. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.9. Малын эмийн зөвлөл нь үйл ажиллагаандаа "Эмийн тухай" хууль, "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого" болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг  болгоно.
 
Гурав. Малын эмийн зөвлөлийн үүрэг, эрх
 
     3.1.Зөвлөл нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
3.1.1.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого болон хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг жил бүр дүгнэн хэлэлцэх, санал дүгнэлт гаргаж  Эмийн үндэсний зөвлөлд хэлэлцүүлэх;
3.1.2.Мал эмнэлгийн хэрэгцээнд шаардагдах эмийг сонгох, эмчилгээ, оношлогоонд орчин үеийн эм хэрэглэх асуудлаар зөвлөмж  гаргах;
3.1.3.Эм, эмийн зүйлийн Үндэсний эмийн лавлах, Үндэсний фармакопей  боловсруулах ажлыг зохицуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
3.1.4.Эмийн стандартын боловсруулалтад үнэлэмж  өгөх;
3.1.5.Эмийн үйлдвэрлэлийн технологид үнэлэмж  өгөх;
3.1.6.Эм  бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;
3.1.7.Эмийн үйлдвэрлэл, импорт, экспорт, хэрэглээний одоогийн байдал, хэтийн төлөвийн талаар зөвлөмж гаргах;
3.1.8.Шинэ эмийн эм судлал, эм зүйн болон эмнэл зүйн туршилтын дүнг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
3.1.9.Малын эмийн салбар комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг уялдуулах, тайланг хэлэлцэх;
3.1.10.Эмийн зар сурталчилгааны асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах;
3.1.11.Мал, амьтны биед дасах болон гаж нөлөө ихтэй эмийг хориглох болон хязгаарлах асуудлаар зөвлөмж дүгнэлт гаргах;
3.1.12.Мал эмнэлгийн эмийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх.
3.2.Эмийн зөвлөл нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
3.2.1.Эмзүй,  эмнэлзүйн холбогдолтой судалгаа хийх, эмийн технологийн баримт бичиг боловсруулахтай холбогдсон материалыг байгууллага, зохиогчоос гаргуулан авах;
3.2.2.Эрх хэмжээний асуудлаар олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, олон улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, сургалт, семинар зохион байгуулах;
3.2.3.Малын эмийн чиглэлээр дүгнэлт гаргахад холбогдох мэргэжилтэн, шинжээчийг үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах, үнэлэлт дүгнэлтийг хүлээн авч хэлэлцэх;
3.2.4.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эмийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр нь холбогдох хууль, бодлого, хэтийн төлөвлөгөөтэй нийцэхгүй байна гэж үзвэл хүчингүй болгох саналаа зохих байгууллагад тавих.
 
Дөрөв. Зөвлөлийн дарга, орлогч даргын ажил
үүргийн чиглэл
 
4.1. Малын эмийн зөвлөлийн дарга нь зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон хуралдаанаас гарсан шийдвэрийг баталж, шаардлагатай гэж үзвэл зарим асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх чиглэл өгнө.
4.2. Малын эмийн зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
4.3.Эмийн зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж, хуралдааныг удирдана.
4.4. Эмийн зөвлөлийн дарга гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих ба явцын талаар гишүүдэд мэдэгдэж, зөвлөлийн хагас, бүтэн жилийн ажлын тайланг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлд дараа жилийн 1, 7 дугаар сард багтаан танилцуулна.
4.5. Салбар комиссын ажлын тайланг гаргуулан авч, Малын эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт, чиглэл өгнө.
4.6 Малын эмийн зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга түүнийг орлон ажиллана.
 
Тав. Эмийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үйл
ажиллагааны чиглэл
 
5.1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Эмийн зөвлөлийн дарга, орлогч даргатай зөвшилцөн боловсруулж, Эмийн зөвлөлийн даргаар батлуулан хуралдааны бэлтгэлийг хангана.
5.2. "Эмийн тухай хууль", "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж Эмийн зөвлөлийн даргаар батлуулах, түүний хэрэгжилтийг хангуулах дэмжлэг үзүүлнэ.
5.3. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого болон хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг жил бүр нэгтгэн дүгнэж, Эмийн үндэсний зөвлөл, Малын эмийн зөвлөлд хэлэлцүүлэх.
5.4.Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбогдсон бичиг баримтыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараах;
5.5. Хуралдааны тэмдэглэл хөтөлж, зөвлөмж, дүгнэлт, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгууллахад дэмжлэг үзүүлж, эмийн улсын бүртгэлийг хариуцах;
5.6. Малын эмийн зар сурталчилгааны асуудлыг зохицуулах;
5.7. Эмийн зөвлөлийн архив, бичиг хэргийг хөтлөн явуулж, эмийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх;
 
Зургаа. Хариуцлага, хяналт
 
6.1. Зөвлөл нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын өмнө үүрэг, хариуцлага хүлээж, үйл ажиллагаанд нь Төрийн нарийн бичгийн дарга хяналт тавина.