A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛЫН ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2003 оны
А/130 дугаар тушаалын 6 дугаар хавсралт
 
МАЛЫН ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1.Журмын зорилго нь малын эмийн хангамжийн "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого", "Эмийн тухай"хууль"-ийн хүрээнд эрх бүхий малын эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эмчилгээний өндөр идэвхитэй, чанар, аюулгүйн баталгаатай эмээр мал эмнэлгийн байгууллага, эмийн санг бөөнөөр жигд хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
1.2.Мал эмнэлгийн байгууллага, эмийн санг малын эм, эмнэлгийн хэрэгслээр хангах эрх бүхий хуулийн этгээд /цаашид "малын эм ханган нийлүүлэх байгууллага" гэх/-ийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбогдон гарах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3. Журмыг малын эм ханган нийлүүлэх байгууллага, төв, орон нутгийн мал эмнэлгийн албад, үйлчилгээний нэгж, улсын байцаагч хамтран хэрэгжүүлнэ.
1.4. Малын эм ханган нийлүүлэх байгууллага нь "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого", "Эмийн тухай хууль" болон бусад хууль тогтоомж, стандарт, энэ журмыг дагаж мөрдөнө.
1.5. Малын эм ханган нийлүүлэх байгууллага нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
1.6. Малын эм ханган нийлүүлэх байгууллага нь олон улсын эмийн үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлага хангасан гадаадын эмийн үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагч байна.
 
Хоёр. Мал эмнэлгийн алба, үйлчилгээний нэгжүүдэд тавих шаардлага
 
2.1. Мал эмнэлгийн алба, үйлчилгээний нэгжүүд нь малын эм, эмнэлгийн хэрэгслийг эрх бүхий малын эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаар дамжуулан авч ажил, үйлчилгээ явуулна.
2.2. Мал эмнэлгийн алба, үйлчилгээний нэгжүүд нь зохих стандартын дагуу шаардагдах эмийн хангамжийг эрх бүхий малын эм ханган нийлүүлэх байгууллагад урьдчилан захиалга өгөх замаар хэрэгжүүлнэ.
 

Гурав. Малын эм ханган нийлүүлэх байгууллагад тавих шаардлага

 
3.1. Эм ханган нийлүүлэх байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг Эмийн хуулийн 12.3-д заасан эрх бүхий малын эмч, малын эмнэлгийн эм зүйч эрхэлнэ.
3.2. Эм ханган нийлүүлэх байгууллага нь мал эмнэлгийн байгууллага, эмийн сан, малын эмчид эм олгохдоо тэдгээрийн албан ёсны захиалгыг үндэслэн шаардлагатай баримтыг бүрдүүлсэн байна.
3.3. Малын эмийн үйлдвэр нь үйлдвэрлэлдээ шаардагдах эмийн түүхий эдээс бусад эм импортлохгүй бөгөөд өөрийн бүтээгдэхүүнийг бөөнөөр борлуулах үйл ажиллагаа явуулж болно.
3.4. Малын эм ханган нийлүүлэх байгууллагын байр нь малын эм, эмнэлгийн хэрэгслийг тэдгээрийн физик, химийн шинж чанараас шалтгаалан тусгайлан хадгалах зориулалтын тавиур, шүүгээ, тоног төхөөрөмжөөр тоноглосон өрөө, агуулахтай байна:
3.4.1. эм олгох танхим /20-иос доошгүй м2 талбай бүхий/;
3.4.2. эмийг ангилал, шаардлагдах нөхцөлийн дагуу хадгалахад хүрэлцэхүйц хэмжээний агуулах, өрөө;
3.4.3. эмийг захиалгын дагуу хуваарилан хадгалах өрөө;
3.4.4. мансууруулах үйлчилгээтэй эм болон цус, цусан бүтээгдэхүүн, шатамхай шингэн, хий, дэгдэмхий, ууршдаг бодисыг тусгайлан хадгалах агуулах, хөргөгч;
3.4.5. төрөл бүрийн биобэлдмэлийг тусгайлан хадгалах агуулах, хөргөгч;
3.4.6. хаймран эдлэл хадгалах өрөө;
3.5. Сав, баглаа боодол нь гэмтсэн, хэрэглээний явцад мал, амьтанд хордлого үзүүлсэн, эмчилгээний идэвхи нь ижил төрлийн эмээс доогуур болох нь тогтоогдсон, дууриамал, хуурамч эм болон хадгалах хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглээнд гаргахыг хориглоно.
3.6. Эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах агуулах, өрөө нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байна.
3.7. Мал эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтэн, эмийн санд түгээж буй эм, эмнэлгийн хэрэгсэл нь шаардлагын дагуу хаяглагдсан, тээвэрлэлтийн явцад тохиолдох гадны нөлөөнөөс хамгаалагдахуйцаар савлагдсан байна.
3.8. Эм, эмнэлгийн хэрэгслийн гарал үүсэл (origin), хүчинтэй байх, хугацаа, цувралын дугаар, хүлээн авсан, түгээсэн огноо, чанарын сертификат, улсын бүртгэлийн дугаар зэргийг тэмдэглэх үзүүүлэлт бүхий анхан шатны бүртгэл заавал хөтлөнө.
 

Дөрөв. Хариуцлага, хяналт

 
4.1. Хувь хүн, мэргэжлийн бус байгууллагад эм түгээх тохиолдолд энэ журмыг зөрчсөнд тооцно.
4.2. Малын эм ханган нийлүүлэх байгууллага нь өөрийн импортын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
4.3. Малын эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон бусад холбогдох байгууллага хяналт тавина.
4.4. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол "Эмийн тухай хууль", "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль" болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.
] ] ]