- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ -ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны
450 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ -ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1."Боловсролын тухай" Монгол улсын хуулийн 28 дугаар зүйлийн 1.8-д заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалт, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа, түүний чанар, үр дүнгийн талаар төрөөс баталсан стандартыг хэрхэн хангаж байгааг үнэлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг 5 жил тутамд нэг удаа аттестатчилна.
1.3.Аттестатчилалд тухайн аймаг, нийслэл, орон нутаг дахь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв хамрагдана.
1.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг аттестатчилахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 321 дүгээр тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон болон чанарын шалгуур үзүүлэлт"-ийг ашиглана.
1.5.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг аттестатчилахад энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан тоон болон чанарын үзүүлэлтийг баримтална.
1.6.Аттестатчилагдсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
1.7.Аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөх, сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим анги, бүлгийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
Хоёр. Аттестатчилах ажлын зохион байгуулалт
2.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон аттестатчиллын комисс (цаашид "комисс" гэх) гүйцэтгэнэ.
2.2.Комисс нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод, эцэг эхийн төлөөллөөс бүрдэнэ.
2.3.Комисс нь үйл ажиллагаандаа " Боловсролын тухай" "Бага, дунд боловсролын тухай", "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай" хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг удирдлага болгоно.
2.4.Үнэлгээ
0-59.9 оноо авсан бол "Хангалтгүй"
60.0-69.9 оноо авсан бол "Дундаж түвшин"
70.0-79.9 оноо авсан бол "Дунджаас дээгүүр түвшин"
80.0-89.9 оноо авсан бол "Сайн түвшин"
90.0-100.0 оноо авсан бол "Маш сайн" гэж тус тус үнэлнэ.
] ] ]
Текст томруулах
A
A
A