A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2004 оны
                                                                        107 дугаар тушаалын  хавсралт
 
Резидентурын сургалтын журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэжил эзэмшүүлэх резидентурын сургалтын явцад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Анагаах ухааны боловсрол эзэмшсэн хүний их эмч нарт эмнэлзүйн чиглэлээр үндсэн мэргэжил олгох урт хугацааны сургалтыг резидентурын сургалт гэнэ.
1.3.Анагаах ухааны баклаварын боловсрол эзэмшсэний дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний I, II шатны байгууллагад ажиллах чадвартай эмнэлгийн мэргэжилтнийг резидентурын сургалтаар бэлтгэнэ.
1.4.Резидентурын сургалтыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (цаашид ЭТУГ гэх)-аас эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх эрх бүхий сургууль, мэргэжлийн нийгэмлэг эрхэлж болно.
1.5.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараа жил резидентурын сургалтаар мэргэжил эзэмшүүлэх мэргэжилтэн, мэргэжлийнхээ захиалгыг тухайн жилийн дөрөвдүгээр улиралд багтаан ЭТУГ-т ирүүлнэ.
1.6.Эрүүл мэндийн яамны бодлого, эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн резидентурын сургалтаар бэлтгэх мэргэжилтний хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 
Хоёр. Элсэлт
 
2.1.Резидентурын сургалтанд элсэгч нь анагаах ухааны баклаварын боловсролтой, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн байна.
2.2.Батлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу суралцах мэргэжилтнүүд жил бүрийн 9 дүгээр сарын 15-20-ны дотор Эмнэлгийн тусламжийг удирдах газар (ЭТУГ)-ын Төгсөлтийн дараах сургалтын албанд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
-дипломын хуулбар (нотариатын баталгаатай);
-эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (нотариатын баталгаатай);
-байгууллагын зөвшөөрөл;
-төрийн санхүүжилтээр болон байгууллагын зардлаар сурах бол үндсэн байгууллагатай хийсэн гэрээ (батлагдсан загвараар);
-өргөдөл;
-зураг 2 хувь;
-шалгалтын төлбөр төлсөн баримт.
2.3.ЭТУГ—ын төгсөлтийн дараах сургалтын алба элсэлтийн шалгалтыг сорилоор авна. Шалгалтын оноо, ажлын байрны захиалга, резидентийн санал, сургалт эрхлэгч байгууллагын ачааллыг харгалзан сургалт эрхлэгч байгууллагуудад хуваарилна.
2.4.Сургалт эрхлэгч байгууллагууд резидент, удирдагч багш нартай гэрээ хийж, жил бүрийн 10 дугаар сарын 1-нд сургалт эхэлнэ. Резидент элсүүлж, багш нарыг томилсон тухай тушаалаа 11 дүгээр сарын 01-ний дотор ЭТУГ-т ирүүлнэ.
 
Гурав. Сургалтын удирдлага, зохион байгуулалт
 
3.1. Резидентурын сургалтыг Анагаах ухааны боловсролын зөвлөлийн баталсан сургалтын төлөвлөгөө, стандартын дагуу явуулна.
3.2. Резидентурын сургалт нь мэргэжлээс хамаарч 44-66 багц цагийн багтаамж, 1-1.5 жилийн хугацаатай байна. 1 жилд 11 сар хичээллэж, 1 сар амарна. Нэг хичээлийн жилийг 44 долоо хоногоор бодож  багц цагийг тооцно.
3.3. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын багц цаг:
Нэг багц цаг нь резидентийн 7 хоногийн бүрэн ачаалал буюу хичээлийн 48 цагтай тэнцүү байна. Нэг 7 хоногт хичээлийн 5 өдөртэй байна.
Цагийн оноолт:
10 цагийн онол / 38 цагийн бие даалттай             - 1 багц цаг
20 цагийн дадлага / 28 цагийн бие даалттай        - 1 багц цаг
48 цагийн бие даалт                                             -1 багц цаг байна.
3.4. Онолын хичээлийн бие даалтын цаг нь резидентурын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан онолын хичээлийг батжуулах, заавал унших ном, сурах бичиг, мэдээллийг судлан реферат курсын ажил бичих, эмнэл зүй, эмгэг судлалын бага хуралд оролцоход, дадлагын хичээлийн бие даалт нь гардан үйлдлийг хийж сурахад зарцуулагдана.
 
Дөрөв. Сургалт эрхлэгч байгууллагын эрх үүрэг
 
4.1. Эрх
4.1.1. Резидентийг байгууллагын дотоод журам  баримтлахыг шаардах
4.1.2. Сургалтын журам зөрчсөн, багц цагаа цуглуулж чадаагүй резидентийг зохих шийдвэрийн дагуу сургалтаас хасах.
4.2. Үүрэг
4.2.1. Сургалт эрхлэгч байгууллага нь резидентийг өрөө, ширээ, сандал, номын сан, интернет, лаборатори, клиникийн тасаг, кабинет, багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн бичиг баримт, судалгааны материал зэрэг суралцах бүхий л нөхцөл бололцоогоор хангах.
4.2.2. Резидентүүдийн тавьсан санал, хүсэлтийг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэх.
4.2.3. Байгууллагын захиргааны хурлаар жилд 2-оос доошгүй удаа сургалтын асуудлыг хэлэлцэн, зохих шийдвэр гаргах, ажлын тайлангаа резидентүүдэд танилцуулах.
4.2.4. Удирдагч багш нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, цалинг багц цагаар нь тооцон тогтмол олгох.
4.2.5. Төгсөлтийн шалгалтыг комисс томилон авч, эмчлэх зөвшөөрөл олгох шалгалтын материалыг бүрдүүлэх.
 
Тав. Резидентийн удирдагчийн эрх, үүрэг
 
5.1. Эрх.
5.1.1. Резидентийг амжилттай дагалдуулан сургасан ажлын хөлсийг байгууллагаас нэхэмжлэн авах.
5.1.2. Мэдлэг, мэргэжлийн болон сахилгын хангалтгүй үнэлгээтэй суралцагчийг тухай бүрд нь шаардан сануулж, шаардлагатай бол суралцуулахаас татгалзах хүртэл саналыг байгууллагын захиргаанд тавих.
5.2. Үүрэг
5.2.1. Резидентурын сургалтын удирдагч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар бүхий сурган заах арга зүйн арга барил эзэмшсэн, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолтой, сургалтын үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарласан байх.
5.2.2. Сургалтын агуулга, стандартыг чанд мөрдөж резидентүүдэд мэдлэг, дадлага, хандалгыг бүрэн эзэмшүүлэх, хөтөлбөрийн агуулга, мэдлэг шалгах сорилын санг байнга шинэчлэн баяжуулж байх.
5.2.3. Дадлагын хугацаанд резидентийн сургалтын бүхий л үйл ажиллаагаг хянаж, удирдан зохион байгуулах.
5.2.4. Байгууллагын захиргаа, сургалтын албанаас өгсөн үүрэг даалгаврыг хүлээн авч ажилдаа хэрэгжүүлэх.
5.2.5. Удирдагч багш өөрийн резидентээ өөр багшид шилжүүлэх бол байгууллагын сургалтын албанд мэдэгдэж шийдвэрлүүлэх.
5.2.6. Сургалтыг гардан удирдаж, резиденттэй өдөр дутам биечлэн ажиллах.
Зургаа. Резидентийн эрх, үүрэг хариуцлага
6.1.Эрх
6.1.1.Сургалтын талаарх санал хүсэлтээ удирдагч, сурч буй байгууллагын сургалтын алба, ЭТУГ-ын төгсөлтийн дараах сургалтын албанд тавьж шийдвэрлүүлэх.
6.1.2.Өвчтөний оношлогоо, эмчилгээний талаар эмчлэгч эмчийн хэмжээнд шийдвэр гаргах.
6.1.3.Эмнэл зүйн дадлагын үед тулгарсан аливаа бэрхшээлтэй асуудал дээр Удирдагч багшаас зөвлөгөө авах.
6.2.Үүрэг.
6.2.1.Сургалтын журмыг чанд баримтлан эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах.
6.2.2.Удирдагч багшийн хяналтан дор өвчтөн үзэж, оношлогоо, эмчилгээ гардан хийх үйлдлийн арга барилд суралцан, түүнийгээ бие даан баталгаажуулах, тухайн эмнэлэг дээр зохиогдох эмнэл зүйн болон эмгэг судлалын хурал, өглөөний яриа, эмч  нарын зөвлөгөөн, зөвлөх эмчийн үзлэг зэрэгт оролцох.
6.2.3.Эмнэлгийн бичиг баримт, өвчтөний түүхийг удирдагч багшийн хяналтанд хөтлөх.
6.2.4.Үйлчлүүлэгсдэд мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох арга барилд суралцах.
6.2.5.Удирдагч багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлэх.
6.2.6.Сургалтын төлөвлөгөөний дагуу бие даан уншиж, судлах материал гардан хийж сурах үйлдлийн тоог цаг хугацаанд нь биелүүлэх.
6.2.7.Эмнэлгийн өдрийн ажил эхлэх цагаас өмнө ирж, 8-аас доошгүй цаг ажиллана.
 
Долоо. Явцын хяналт
 
7.1.Сургалтын явцын хяналтыг сургалт эрхлэгч байгууллагын захиргаа, сургалтын алба болон ЭТУГ-ын төгсөлтийн дараах сургалтын албанаас хийнэ.
7.2.Сургалт эрхлэгч байгууллага сургалтын явцад өдөр тутмын болон графикт хяналт хийнэ.
7.3.ЭТУГ-ын төгсөлтийн дараах сургалтын алба жилд 2-оос доошгүй удаа сургалтын явцыг шалгаж, сургалт эрхэлж байгаа байгууллагуудад  удирдамж чиглэл өгнө.
7.4.ЭТУГ-ын Төгсөлтийн дараах сургалтын албаны шалгалтаар резидентурын сургалтын стандарт, журмыг зөрчсөн, зохих багц цагийг биелүүлэх боломж олгоогүй нь тогтоогдвол сургалтын эрхийг цуцлах хүртэл шийдвэр гаргаж болно.
7.5.Резидентурын сургалтыг А,В,С,D,F гэсэн дүнгээр үнэлж, С-ээс дээш дүн үзүүлвэл амжилттай шалгагдсанд тооцно.
 
Найм. Резидентийн шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах.
 
8.1.Резидент нь багц цагийг биелүүлж чадаагүй, гардан хийх ёстой үйлдлийн тоог гүйцээгээгүй тохиолдолд сургалтаас чөлөөлж, дараагийн хичээлийн жилийн сургалтанд дахин суралцуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
8.2.Сургалтаас чөлөөлөгдсөн тохиолдолд төлбөрийг нөхөн олгох асуудлыг сургалт эрхлэгч байгууллага, суралцагчтай хийсэн гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.
 
Ес. Резидентийн мэргэжлийг баталгаажуулах
 
9.1.Төгсөлтийн шалгалтанд С болон түүнээс дээш үнэлгээ авсан эмч нарт шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн сургалт эрхлэгч байгууллагын захирлын тушаалаар мэргэжил эзэмшсэн үнэмлэх олгоно.
9.2.Төгсөлтийн шалгалтыг амжилтгүй өгсөн резидент нь 1 удаа давтан шалгалт өгөх эрхтэй.
9.3.Мэргэжил эзэмшсэн үнэмлэх авсан эмч нар тухайн мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч ажиллана.
9.4.Төрийн болон байгууллагын санхүүжилтээр мэргэжил эзэмшсэн эмчийн мэргэжлийн үнэмлэх, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээг захиалагч байгууллага нь сургалт эрхэлгч байгууллага болон ЭТУГ-аас авна.
 
 
 
          ббб