A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТӨГСӨГЧДӨД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ /БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
               2003 оны 454 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТӨГСӨГЧДӨД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцан мэргэжил, боловсрол, эзэмшсэнийг нотолж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх/цаашид "гэрчилгээ, үнэмлэх" гэнэ/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцан мэргэжил боловсрол эзэмшигчдэд олгох гэрчилгээ, үнэмлэх нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан нэгдсэн загвартай байна.
 
Хоёр. Гэрчилгээ, үнэмлэхийн төрөл
 
2.1.Суурь боловсролын агуулгын стандарт хангасан суралцагчдад суурь боловсролын гэрчилгээ олгоно.
2.2.Бүрэн дунд боловсролын агуулгын стандарт хангасан суралцагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгоно.
2.3.Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэний дараа мэргэжлийн боловсролын байгууллагад 1-2 жил суралцаж зөвхөн мэргэжил эзэмшигчдэд мэргэжлийн үнэмлэх олгоно.
2.4.Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцан мэргэжил эзэмшихийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд мэргэжлийн боловсролын үнэмлэх олгоно.
 
Гурав. Гэрчилгээ, үнэмлэхийн захиалга авах, хэвлүүлэх
 
3.1.Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд нь төгсөлт болохоос З сарын өмнө гэрчилгээ, үнэмлэхийн захиалгыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.2.Гэрчилгээ, үнэмлэхийг баталсан загвар, улсын нэгдсэн дугаартайгаар, захиалсан тоогоор үнэт цаасны үйлдвэрт хэвлүүлнэ.
3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрчилгээ, үнэмлэхийг захиалгын дагуу сургуулиудад битүүмжлэн хүргэнэ.
 
Дөрөв. Гэрчилгээ, үнэмлэхэд бичилт хийх, олгох
 
4.1.Анги удирдсан багш нь гэрчилгээ, үнэмлэхэд бичилт хийхийн өмнө суралцагчдын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ангийн журнал, сурлагын дэвтэр, улсын болон төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн дүнгийн жагсаалт гаргаж, суралцагчдад танилцуулан, гарын үсэг зуруулсан байна.
4.2.Гэрчилгээ, үнэмлэхийн бичилтийг анги удирдсан багш хариуцан гүйцэтгэж, хичээлийн эрхлэгч, улсын ба төгсөлтийн шалгалтын комиссын дарга хяналт тавина.
4.3.Гэрчилгээ, үнэмлэхэд бичилтийг хар өнгөөр, цэвэр нямбай хийх бөгөөд товчилсон үг, үсэг хэрэглэхгүй. Сургуулийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр бичнэ.
4.4.Засвартай гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүйд тооцно.
4.5.Гэрчилгээ, үнэмлэхийг буруу бичсэн, засвар хийсэн, хүчингүй болгосон буруутай этгээд хэвлэсэн үнийг гурав нугалан төлнө.
4.6.Боловсролын гэрчилгээ үнэмлэх олгосон тухай боловсрол эзэмшигчийн хувийн хэрэгт тэмдэглэж, сургуулийн тэмдэг дарна.
4.7.Гэрчилгээ, үнэмлэх хүчингүй болсон, үрэгдсэн тохиолдолд дор дурдсан баримтыг бүрдүүлж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгнө.
-үнэмлэхийг нөхөн олгохыг хүссэн этгээдийн өргөдөл;
-төгссөн сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар;
-мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсийн тодорхойлолт;
-гэрчилгээний үнэ төлсөн баримт;
-үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй болгосон тухай зарлуулсан баримт.
4.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 4.7-д заасан баримт бичгийг үндэслэн гэрчилгээ, үнэмлэхийг дахин олгоно.
 
Тав. Гэрчилгээ, үнэмлэхийг хадгалах
 
5.1.Гэрчилгээ, үнэмлэхийг хэвлүүлээд олгох хүртэл хугацаанд түүнийг хуваарилах эрх бүхий албан тушаалтан шаардлага хангасан төмөр шүүгээнд битүүмжлэн хадгална.
5.2.Тухайн жилдээ олгогдоогүй үлдсэн болон хүчингүй болсон гэрчилгээ, үнэмлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага татан авна.
 
Зургаа. Гэрчилгээ, үнэмлэх олгосон тухай тайлан, мэдээ гаргах
 
6.1.Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд нь улсын ба төгсөлтийн шалгалт дууссаны дараах 7 хоногт багтаан гэрчилгээ, үнэмлэх олгосон тухай тайланг гурван хувь гаргаж, хоёр хувийг сургуульдаа байнга хадгална.
6.2.Боловсрол, соёлын газар нь гэрчилгээ, үнэмлэх олгосон тайлангийн нэг хувийг төгсөлтийн мэдээний хамт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
 
Долоо. Бусад
 
          7.1. Дээрх баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.