A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ НХХС-ын 2005 оны 15-р тушаалаар 2-р хавсралт хүчингүй болсон
Бүлэг: 1979
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны
            27 дугаар тушаалын 2 дугаар  хавсралт
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
 

НХХС-ын 2005 оны 15-р тушаалаар 2-р хавсралт хүчингүй болсон

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1. Мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийг хангасан төгсөгч, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад ажиллаж тухайн мэргэжлийн шаардлагыг хангасан гэж ажил олгогчийн тодорхойлсон ажилтан, түүнчлэн үйлдвэрлэл дээр болон бие даан мэргэжилд суралцсан иргэний мэргэжлийн ур чадварыг шалгаж, улсын хэмжээнд баталгаажуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Мэргэжлийн түр сургалт төгсөгч болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад ажиллаж тухайн мэргэжлийн шаардлагыг хангасан гэж ажил ологогчийн тодорхойлсон ажилтан, мэргэжилд үйлдвэрлэл дээр болон бие даан суралцсан иргэнд зориулсан улсын хэмжээний ур чадварын шалгалтыг зохион байгуулах, мэргэжлийн гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.3. Улсын хэмжээний мэргэжлийн ур чадварын шалгалтыг  /цаашид ур чадварын шалгалт гэх/ зарлан зохион байгуулах, дүнг нийтэд мэдээлэх ажлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны хэрэгжүүлэгч байгууллага- Хөдөлмөр эрхлэлтийн газар зохион байгуулна.
1.4. Ур чадварын шалгалтанд тэнцсэн иргэнд тухайн мэргэжлийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадал эзэмшснийг баталгаажуулсан мэргэжлийн гэрчилгээ олгоно.
 

Хоёр. Мэргэжлийн ур чадварын шалгалтыг зохион байгуулах

 
2.1. Ур чадварын шалгалтанд орох иргэн доорхи бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
2.1.1.мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийг хангасан төгсөгч бол мэргэжлийн сургалтын байгууллагаас олгосон түр сургалтын хөтөлбөрийг хангасаныг тодорхойлсон баримт бичиг;
2.1.2.ажил олгогчийн тодорхойлсон ажилтан бол тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэнийг гэрчилж, дүгнэлт өгсөн тодорхойлолт;
2.1.3.үйлдвэрлэл дээр болон бие даан мэргэжилд суралцсан иргэн бол орон нутгийн Засаг даргаас тухайн иргэний ажилласан жил, дадлага, туршлага, эрхэлж буй ажил үйлчилгээний талаар дүгнэлт өгсөн тодорхойлолт.
2.2. Ур чадварын шалгалт зохион байгуулахыг хүссэн салбарын мэргэжлийн холбоод, мэргэжлийн түр сургалтын байгууллагууд, ажил олгогч нь шалгалт зохион байгуулах санал, хүсэлтээ Хөдөлмөр эрхлэлтийн газарт шалгалт зохион байгуулахаас 3  сарын өмнө тавина. Хөдөлмөр эрхлэлтийн газар ирүүлсэн санал, хүсэлтийг судалж шалгалт зохион байгуулахад тавигдах шаардлагыг хангасан байгууллагатай  гэрээ байгуулна. Гэрээний үлгэрчилсэн загварыг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга батална.
2.3. Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах байгууллагыг сонгохдоо тухайн мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр агуулгын хүрээнд боловсруулагдсан онолын болон дадлагын сорилын сан /хувилбарууд/ бүрдсэн байдал, шалгалт зохион байгуулах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, материаллаг бааз, хүн хүчний нөөц боломж зэргийг харгалзана.
2.4. Мэргэжлийн ур чадварын шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах байгууллага, шалгалтын хугацаа, байршлын талаархи мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн газраас улирал бүр мэргэжлийн чиглэл, төрлөөр гаргаж олон нийтийн хэвлэл, мэдээллээр зарлана.
2.5. Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд орон тооны бус мэргэжлийн ур чадварын шалгалтын Төв комисс /цаашид төв комисс гэх/ ажиллана. Төв комисс боловсрол, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллага, үндэсний хэмжээний ажил олгогчдын болон ажилтны төв байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдэнэ. Төв комиссын дарга нь Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга байх бөгөөд Төв комиссын дүрэм, бүрэлдэхүүнийг батална. Төв комисс орон тооны нарийн бичгийн даргатай байж болно.
 2.6. Төв комисс доорхи үйл ажиллагааг хэрэгжүүлэн зохион байгуулна:
2.6.1. ур чадварын шалгалтын дотоод дүрмийг батлах, мөрдүүлэх;
2.6.2.ур чадварын шалгалт зохион байгуулахтай холбогдсон зардлын төлбөрийн жишгийг мэргэжлийн төрөл, чиглэлээр ялгавартай тогтоох;
2.6.3. мэргэжлийн чиглэл, онолын болон дадлагын сорилын хувилбаруудыг сонгоход оролцох;
2.6.4.ур чадварын шалгалт зохион байгуулах явцтай тухай бүр танилцах, хяналт үнэлгээ өгөх;
2.6.5. ур чадварын шалгалт зохион байгуулах байгууллагын гэрээний биелэлтэд хяналт тавих;
2.6.6. ур чадварын шалгалт зохион байгуулахтай холбогдон гарсан санал, гомдлыг шийдвэрлэх;
2.6.7. ур чадварын шалгалт зохион байгуулахтай холбогдсон маргааныг Улсын мэргэжлийн хяналтын газар тавьж шийдвэрлүүлнэ.
 

Гурав. Мэргэжлийн ур чадварын шалгалтын сорилыг

 боловсруулах, сонгох
 
3.1.Тухайн мэргэжлийг эзэмшихэд тавигдах анхан шатны мэдлэг, чадвар, дадлын үндсэн шаардлагыг мэргэжлийн холбоод, ажил олгогч  болон ажилтны үндсэн төлөөллийн байгууллага, мэргэжсэн судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор Хөдөлмөр эрхлэлтийн газар тогтооно.
3.2. Тухайн мэргэжлийг эзэмшихэд тавигдах үндсэн шаардлагыг хангасныг тогтоох мэргэжлийн ур чадварын шалгалтын онол болон дадлагын сорилгын хувилбаруудыг боловсруулах даалгаврыг Хөдөлмөр эрхлэлтийн газрын захиалгаар мэргэжлийн холбоод, ажил олгогч, мэргэжсэн судалгаа, шинжилгээний байгууллага гэрээгээр гүйцэтгэж болно.
Хөдөлмөр эрхлэлтийн газрын захиалгаар онолын болон дадлагын сорил боловсруулах даалгавар гүйцэтгэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн  Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжлийн түр сургалтын зардалд тусган санхүүжүүлнэ.
3.3. Онолын болон сорилыг боловсруулахдаа Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил арга зүйн төвөөс баталсан ур чадварын шалгалтын сорил боловсруулах стандартыг мөрдлөг болгоно. Тухайн  мэргэжлийн чиглэлээр боловсрогдсон онолын болон дадлагын сорилын стандартын байдалд Мэргэжлийн боловсрол, сургалтын арга зүйн төв үнэлгээ өгч, мэргэжлийн ур чадварын шалгалт авахад нийцэх эсэхэд дүгнэлт гаргана.
3.4. Мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах төв комисс мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, ажил олгогчийн оролцоотойгоор тухайн мэргэжлийн чиглэлээр боловсрогдож, дүгнэлт гаргуулсан сорилын хувилбаруудаас шалгалтын сорилыг сонгоно. Сонгон тогтоосон сорилын нууцлалыг чандлан хадгалах, шалгалт зохион байгуулах байгууллагад бие төлөөлөгчөөр хүргүүлэх, нэгдсэн цаг хугацаанд задлан шалгалтыг эхлүүлэх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн газар хариуцна.
 

Дөрөв. Мэргэжлийн ур чадварыг үнэлэх

 
4.1.Ур чадварын шалгалт нь онолын болон дадлагын хэсгээс бүрдэнэ. Онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд дадлагын шалгалтанд үргэлжлэн орох эрхтэй болно.
4.2. Улсын хэмжээний мэргэжлийн ур чадварын шалгалтын онолын болон дадлагын шалгалтын үнэлгээг доорхи нийтлэг жишгийг баримтлан дүгнэнэ:
100-81 оноо авсан бол бүрэн хангалттай;
80-61 оноо авсан бол хангалттай;
60-аас доош оноо авсан бол хангалтгүй.