A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧААС АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦАД ГАРСАН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Батлан хамгаалахын сайдын 2001 оны 46 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧААС АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦАД ГАРСАН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.      Энэ дүрмийн зорилго нь Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгааныг судалж  акт тогтоох, бүртгэх, тайлан гаргах, мэдээлэх, осол, хурц хордлого дахин давтан гарахаас урьдчилан сэргийлэх, анги, байгууллагаас түүний мөрөөр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.      Цэргийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судалж  бүртгэхдээ Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хууль", энэ дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомж  эдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг удирдлага болгоно.
1.3.      Энэ дүрмийг цэргийн удирдах байгууллага, нэгтгэл анги, салбар, цэргийн сургууль, эмнэлэг, тээвэр, үйлдвэр, барилга аж  ахуйн нэгж байгууллагад /цаашид "анги, байгууллага" гэж нэрлэнэ/ дагаж мөрдөнө.
1.4.      Энэ дүрэм нь цэргийн албан хаагчид, цэргийн сургуулийн сонсогчдын албан үүргээ гүйцэтгэх явцад тохиолдсон ослыг судалж бүртгэх журмыг тогтооно.
1.5.      Зэвсэгт хүчний анги, байгууллагын энгийн ажилчин албан хаагчдад тохиолдсон ослыг Монгол улсын Засгийн газрын 2000 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"–ийн дагуу судлан бүртгэнэ.
1.6.      Цэргийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно.
1.7.      Албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлогыг судлан бүртгэхтэй холбогдон гарах бүх зардал / бичиг хэрэг, тээвэр, судалгаа шинжилгээний түүнчлэн шинжээчийн болон комиссын үйл ажиллагааны/-ыг осол, хурц хордлого бүртгэгдсэн тухайн анги, байгууллага хариуцна.
Хоёр. Цэргийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх
2.1.      Цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад цэргийн хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж, эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг "Албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол гэж нэрлэнэ".
2.2.      Цэргийн хөдөлмөрийн явцад үүссэн цэргийн албаны сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг "Мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэж нэрлэнэ.
2.3.      Цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад богино хугацаанд цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөгөөр хордож эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг "хурц хордлого" гэж нэрлэнэ.
2.4.      Дараах нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлогыг судлан бүртгэж ослын акт тогтоож цэргийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон осолд оруулан тооцно.
а. хээрийн сургууль, буудлага, дадлага, цугларалт явуулах, пуужин харвалт, байлдааны нислэг жолоодлого, шүхрийн буулт, тэсэлгээ хийх, байлдааны зэвсэг, техник, сум галт хэрэглэл, цацраг идэвхт болон хорт бодистой харьцан ажиллах, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, барилгын болон аж ахуйн бусад ажил гүйцэтгэх үед амь нас нь хохирсон буюу хүнд, хөнгөн гэмтэл авч осол, хордлогод  өртөх;
б. Очиж үйлчлэх объектуудын хооронд байнга явж ажил гүйцэтгэдэг цэргийн албан хаагчид /шуудан зөөгч, түгээгч, нярав, бэлтгэгч, цахилгаанчин, сантехникийн слесарь, сургалтын төв, талбайн болон хадгалалтын тасгийн бие бүрэлдэхүүн гэх мэт/ албан үүргээ гүйцэтгэж байхдаа эсвэл ажлын байр, цэг салбарын хооронд ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад осол, хордлогод өртөх,
в. Байлдааны болон тээврийн хэрэгслээ / ажлын байраа/ орхих боломжгүй механик жолооч, цэргийн тээврийн жолооч зэрэг цэргийн албан хаагчид нь ажлын байрандаа амарч байхдаа, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж  хэрэгслээ эмхлэн цэгцлэх, ажлын хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед осолдох
г. Анги байгууллага /ажил/-даа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа осол, хордлогод өртөх /энэ ослыг тогтоохдоо тухайн цэргийн албан хаагчийн гэр, ажлын байр хоорондын маршрут, цаг, хугацаа, анги, байгууллагын байрлалыг үндэс болгоно.
д. Албан үүргээ гүйцэтгэх явцад байгаль, цаг уур, гал усны гэнэтийн аюулд өртөх, түүнчлэн хорхой шавьж, мал амьтны халдлагад өртсөнөөс осолдох
е. Цацраг идэвхт болон химийн хортой бодисын нөлөөнд нэрвэгдэх, цэргийн хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл болон түүхий эд материалын бохирдолтоос үүдэн гарсан хурц хордлогыг мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ.
2.5.      Гүйцэтгэж буй ажил үүрэг нь цэргийн албан хаагчийн архаг өвчинд шууд нөлөөлсний улмаас осол, хурц хордлогод өртсөн болох нь мэргэжлийн эмчийн дүгнэлтээр батлагдсан бол ослын акт тогтооно.
2.6.      Цэргийн албан хаагчид анги, байгууллагын захирагч / дарга/ нарын тушаал шийдвэргүйгээр ямар нэг зүйлийг хувийн хэрэгцээнд зориулж хийх , дур мэдэн өөр бусад ажил гүйцэтгэх, анги байрлалаа орхиж явах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ноцтой зөрчих, гэмт хэрэг үйлдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас өөрийн биедээ гэмтэл учруулж осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд анги, байгууллагаас томилогдсон комисс осол хордлогыг судлан бүртгэж ослын акт тогтоох боловч ослын актын баруун дээд буланд "Осолдогчийн буруугаас гарсан" гэсэн тэмдэглэгээ хийж комиссын даргын гарын үсэг зурж, анги, байгууллагын тэмдэг дарна. Тухайн тохиолдолд цэргийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осолд тооцож  осолдогчид нөхөн төлбөр олгохгүй.
2.7.      Цэргийн албан хаагчийн үндсэн ажил үүрэгт үл хамаарах боловч анги, байгууллагын болон улс, нийгмийн эрх ашиг, өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор байгалийн гамшиг, гал, усны аюулыг арилгах түүнчлэн гоц халдварт өвчний голомтод ажиллаж байхад гарсан осол, хурц хордлогыг энэ дүрмийн дагуу судлан бүртгэнэ.
2.8.      Дээд байгууллагын тушаал, шийдвэрээр буюу гэрээний дагуу өөр анги байгууллагад ирж уг анги байгууллагын удирдлагад түр хугацаагаар ажиллаж байгаа цэргийн албан хаагч осол, хурц хордлогод өртвөл түүнийг ажиллуулж байгаа анги, байгууллага осол, хурц хордлогыг судалж өөрийн анги, байгууллагад хамааруулан бүртгэнэ. Осол, хурц хордлогыг судлахдаа осолдогчийн харьяалах анги, байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
            Анги, байгууллагаас тусгайлан гаргаж өгсөн ажлын байр буюу үйлдвэрлэлийн талбайд өөр анги, байгууллагын цэргийн албан хаагч өөрийн албан тушаалтны удирдлагад ажил үүрэг гүйцэтгэж байх үед осол, хурц хордлогод өртвөл уг осол, хурц хордлогыг ажил гүйцэтгэж байгаа анги, байгууллага судалж бүртгэнэ.
2.9.      Тухайн анги, байгууллагын албан тушаалтны удирдлагад цэргийн албаны болон үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа дотоод, гадаадын цэргийн сургуулийн сонсогч албан үүргээ гүйцэтгэх явцад осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд анги, байгууллагаас томилогдсон комисс холбогдох сургуулийн төлөөлөгчийн оролцоотойгоор судалж тухайн анги, байгууллагад хамааруулан бүртгэнэ.
Цэргийн сургуулийн сонсогч өөрийн сургуулийн албан тушаалтны удирдлагад анги, байгууллагаас тусгайлан гаргасан ажлын талбай, объектод бие даан дадлага, сургууль хийж байгаа үед осол, хурц хордлогод өртвөл тухайн сургуулиас томилогдсон ослыг судлан тогтоох комисс дадлага хийгдэж байгаа анги, байгууллагын төлөөлөгчтэй хамтран судлах бөгөөд өөрийн цэргийн сургуульд хамааруулж бүртгэнэ.
2.10.  Анги, байгууллага нь цэргийн дээд байгууллагын шийдвэрээр болон энгийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцсоны / аль ч тохиолдолд 2 байгууллагын захиргаа харилцан хүлээх үүрэг, хариуцлага, болзошгүй ослын үед авах арга хэмжээг тодорхойлсон гэрээ буюу хэлэлцээрийн/ үндсэн дээр өөр байгууллагад түр хугацаагаар ажиллаж байгаа цэргийн албан хаагч осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага судлан бүртгэх бөгөөд осолдогчийн харьяалах анги, байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
Гурав. Осол, мэргэжлээс шалтгаалсан  өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын ажиллах журам, эрх үүрэг
1.1.       Албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан  осол, хурц хордлогыг судлан бүртгэх, орон тооны бус байнгын комиссыг тухайн анги байгууллагын захирагч /дарга/-ийн тушаалаар комиссын дарга, ажилтны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр томилсон байна.
Комиссын бүрэлдэхүүнд анги, байгууллагын захирагч /дарга/-ийн орлогч, штабын албадын офицер, хөдөлмөр хамгааллын болон эмнэлэг, эрүүл ахуйн мэргэжлийн албан тушаалтныг оруулсан байвал зохино. Албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан ослын онцлог, бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно.
1.2.       Комисс нь осолдогч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг үл харгалзан осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэж цэргийн албаны ослын акт тогтооно.
1.3.       Комисс нь осол, хурц хордлого гарсан тухай мэдээг хүлээн авмагц 24 цагийн дотор газар дээр нь хүрэлцэн очиж осол, хурц хордлогын шалтгааныг судлан ослын акт тогтоох ажлыг 7 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ. Зайлшгүй шаардлагаар шинжилгээ, судалгаа хийх бол осол, хурц хордлогыг судлан тогтоох ажлыг нэг сарын хугацаанд гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулна.
1.4.       Осол, хурц хордлогыг тогтоосон акт, холбогдох баримт бичгүүдийг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар хянуулж баталгаажуулна. Хурц хордлоготой холбогдсон актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч хянаж баталгаажуулна.
1.5.       Осол, хурц хордлогын талаар комиссын тогтоосон ослын акттай санал зөрүүтэй байвал хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дүгнэлтээ тусад нь гаргана.
1.6.       Осол, хурц хордлогыг судалсан акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж осолдогч буюу гэр бүлийн хүмүүс, нийгмийн даатгалын байгууллага, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид өгч, үлдэх хувийг тухайн анги, байгууллагын архивт хадгална.
1.7.       Анги, байгууллага нь осол, хурц хордлогыг судалж дууссанаас хойш 3 хоногийн дотор ослын актын хувийг тухайн осолдогч буюу гэр бүлийн хүмүүст өгөх үүрэгтэй.
1.8.       Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн хянаж баталгаажуулаагүй актаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмж, нөхөн төлбөр олгогдохгүй.
1.9.       Осол, хурц хордлогыг судлан тогтоох орон тооны бус байнгын комисс дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а. осол, хурц хордлогын талаарх гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч хянан шалгаж шийдвэрлэх
б. осол, хурц хордлогод хүргэсэн шалтгааныг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах
в. осол, хурц хордлогын шалтгааныг судлан тогтоосон акт, дүгнэлтийг үндэслэн бие бүрэлдэхүүний дунд сурталчилгааны болон сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгөх
г. осол, хурц хордлогын талаар мэдээлэх, ослын актыг осолд өртсөн хүн бүрээр тогтоох
1.10.  Комисс нь дор дурдсан эрх эдэлнэ:
а. Комиссын бүрэлдэхүүн анги, байгууллагын объект, ажлын байранд нэвтрэн орж осол, хурц хордлого гарсан нөхцөл байдалтай биечлэн танилцах
б. Осол, хурц хордлогын шинж байдлаас хамарч мэргэжилтэн, шинжээч оролцуулах зөвлөгөө тусламж авах, техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ туршилт хийлгүүлж дүгнэлт гаргуулах
в. осолдогч болон осол гарах үед байсан гэрчийн этгээд, мэргэжлийн хүмүүс, удирдах албан тушаалтнуудаас осол, хурц хордлогын талаар холбогдох мэдээлэл, санал дүгнэлт гаргуулах
г. Осол, хурц хордлогыг судлахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, ажлын байр холбооны болон тээврийн хэрэгслээр хангуулах
 
1.11.  Цэргийн албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлогын талаар эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүүлэх, мэргэжлийн холбогдох байгууллагаар судалгаа, дүгнэлт гаргуулахаар хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас тавьсан хүсэлтийг холбогдох анги, байгууллага түргэн шуурхай барагдуулах үүрэгтэй.
1.12.  Осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ:
а. Осолдогч тус бүрийн осол, хурц хордлогын акт
б. Осол, хурц хордлого гарсан ажлын байр, талбайн фото ба гар зураг, схем
в. осол, хурц хордлогын талаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, тайлбар тодорхойлолт
г. Осол, хурц хордлогын шалтгааны талаарх эмнэлгийн болон мэргэжилтэн, шинжээч лабораторийн шинжилгээ, туршилтын дүгнэлт
д. осол, хурц хордлогод өртсөн ажилтныг аюулгүйн ажиллагааны арга барилд сургаж зааварчилсан барим бичгийн хуулбар
е. Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон баримт
ё. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалтны болон осол, хурц хордлогод өртсөн ажилтны эрх үүргийг тодорхойлсон дүрэм, заавар, хууль эрхийн бусад актаас хэсэгчлэн авсан хуулбар
ж. Осол, хурц хордлогыг яаралтай мэдээлэх хуудас
з. Эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт
и. осол, хурц хордлогыг судлан тогтоосон комиссын акт
к. хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /тусдаа дүгнэлт гаргасан тохиолдолд/
1.13.  Ноцтой, их хэмжээний хор аюул, хохирол учруулсан осол, хурц хордлогын хүнд хэлбэрт ослын акт тогтоох ажлыг ЗХЖШ-аас томилогдсон комисс бүртгэнэ.
1.14.  Энэ бүлгийн 3.13-т заасан комиссын бүрэлдэхүүнд тухайн төрөл мэргэжлийн цэргийн албан тушаалтан, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг татан оролцуулж болно.
1.15.  ЗХЖШ-аас томилогдсон комисс дор дурдсан арга хэмжээ авахыг осол, хурц хордлого гарсан анги, байгууллага, холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлнэ.
а. Осол, хурц хордлогын нөхцөл шалтгааныг судлахад мэргэжилтэн шинжээчийг оролцуулах
б. Зэвсэг техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ туршилт болон холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах
в. Эвдэрч гэмтсэн объект, байлдааны зэвсэг техник, тоног төхөөрөмж, осол, хурц хордлого гарсан ажлын байр, түүний нөхцөл байдлын фото зураг авах, шаардлагатай материалуудыг гаргуулах
г. Осол, хурц хордлогыг судлахад, шаардагдах зардал гаргуулах, тээвэр холбооны хэрэгслээр хангуулах
д. Комиссын баримт бичгүүдийг олшруулах
е. комисс осол, хурц хордлогыг судлах явцад анги, байгууллага түүний нэгж хэсгийн цэргийн болон энгийн ажилчин албан хаагчид осол, хурц хордлого гарсныг үзэж мэдсэн холбогдох албан тушаалтнаас бичгээр тайлбар, тодорхойлолт гаргуулах
1.16.  ЗХЖШ-аас томилогдсон комисс дор дурдсан баримт бичгүүдийг бүрдэл болгоно.
а. Осол, хурц хордлого гарсан ажлын байр, талбайн байрлалын фото ба гар зураг схем
б. Осол, хурц хордлого гарах үед байсан хүмүүс, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмын мөрдөлтөд хяналт тавих албан тушаалтны тайлбар, тодорхойлолтууд
в. Осолдогчийг аюулгүй ажиллагааны арга барилд сургаж зааварчилсан мэдлэгийг шалгасан нотломж, тодорхойлолт
г. Учирсан гэмтлийн шинж, хүнд хөнгөн хэрэв осолдогч нас барсан бол үхэлд хүргэсэн шалтгааны талаар мэргэжилтэн, шинжээчид, техник лабораторийн болон бусад шинжилгээ туршилт хийсэн хүмүүсийн дүгнэлт
д. Осол, хурц хордлогын улмаас анги, байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлын тухай тодорхойлолт
е. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалтны эрх үүргийг тодорхойлсон дүрэм, заавар, хууль эрх зүйн бусад актаас хэсэгчлэн авсан хуулбар
ё. Ажил үүрэг гүйцэтгүүлэх тухай анги, байгууллагын захирагч /дарга/ -ийн тушаал, шийдвэрийн баталгаат хуулбар
1.17.  Анги, байгууллага, объект, хэсэг, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хөдөлмөрийн болон бусад мэргэжлийн хяналтын байгууллага, ажилтнаас өгсөн албан шаардлага, дүгнэлт бусад холбогдох баримт бичгийг ЗХЖШ-аас томилогдсон комиссын актад хавсаргана.
1.18.  Комисс нь осол, хурц хордлогыг 15 хоногоос хэтрүүлэлгүй судалж ослын шалтгааныг тогтоосны үндсэн дээр цэргийн албаны ослыг тогтоосон актыг үйлдэнэ. Зайлшгүй шинжилгээ, судалгаа хийх шаардлагатай бол нэг сарын дотор актыг тогтооно.
Дөрөв. Осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг мэдээлэх, тайлан гаргах
4.1.      Цэргийн албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлогыг осолдогч өөрөө буюу осол, хордлого гарсныг анх үзэж мэдсэн ажилтан тухайн анги, байгууллагад яаралтай мэдэгдэж осолдогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга хэмжээг авна
4.2.      Осол, хурц хордлого гарсан тухайгаа анги, байгууллага нь дор дурдсан байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй /хавсралт-2/
а. Эмнэлгийн байгууллага
б. ЗХЖШ-ын мэргэжлийн хяналтын алба
в. Анги, байгууллагын харъяалах дээд байгууллага
г. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн цагдаагийн болон иргэний хамгаалалтын байгууллага
4.3.      Анги, байгууллага нь осол, хурц хордлогын улмаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг эрх бүхий комисс ирж судалгаа, шинжилгээ хийх хүртэл хугацаанд осол, хурц хордлого гарсан тухайн үеийн байдлаар байлгах үүрэгтэй. Ажлын байр, тоног төхөөрөмжийг осол, хурц хордлого гарсан тухайн үеийн байдлаар байлгах нь бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, осол, хурц хордлогын уршгийг арилгахад саад бэрхшээл учруулах, цэргийн хөдөлмөрийн тасралтгүй үйл ажиллагааг зогсооход хүргэж болзошгүй нөхцөлд анги, байгууллага холбогдох арга хэмжээг авч осол, хурц хордлогын анхны байдлын тухай тэмдэглэл үйлдэн фото болон гар зураг, схемийг бүрдүүлсэн байна.
4.4.      Анги, байгууллага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалтан нь гарсан осол, хурц хордлогын тайлан мэдээг нэгтгэж дүгнэх ба мэдээг хагас, бүтэн жилээр /хавсралт 3,4-т заасны дагуу/ гаргаж ЗХЖШ-ын ХШҮГ-т ирүүлнэ.
4.5.      Мэргэжлээс шалтгаалсан өвчинг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр онош нь батлагдсан тохиолдолд бүртгэлд авна.
4.6.      Мэргэжлээс шалтгаалсан өвчний тайлан мэдээ гаргах дүгнэх ажлыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмээр Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталь хариуцаж зохицуулна.
4.7.      Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тайлан мэдээг хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.
Тав. Осол, хурц хордлоготой холбогдсон маргааныг шийдвэрлэх
5.1.      Цэргийн албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлогын талаар гарсан тухайн анги, байгууллагаас томилогдсон комиссын тогтоосон актыг зөвшөөрөхгүй тохиолдолд осолдогч гомдлоо ЗХЖШ-ын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид гаргана.
5.2.      Улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргах эрхтэй. Уг байгууллагаас гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гаргаж болно.
5.3.      Цэргийн албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол цэргийн албаны ослын актыг нөхөн тогтоохгүй.
5.4.      Цэргийн албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан, осол, хурц хордлого гарахад нөлөөлсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.