- Нүүр
- Сайдын тушаал
- БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалахын сайдын 2001 оны 299 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЖУРМЫН ЗОРИЛГО
1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн өмчлөх эрхийг батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлж, зэвсэг, галт хэрэглэл, иргэний зориулалтаар ашиглаж болохгүй байлдааны техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын объектоос бусад барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгө /цаашид "эд хөрөнгө" гэх/-ийг түрээслэгчид зохих болзол, хугацаа, төлбөртэйгөөр түрээсээр хэрэглүүлэх харилцааг зохицуулахад оршино.
ХОЁР. ЖУРМЫН НЭР ТОМЬЁО
2.1 "Түрээслүүлэх эд хөрөнгө" гэсэн ойлголтод Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр тухайн агентлаг, анги байгууллага, аж ахуйн нэгжийн саналд тулгуурлан түр ашиглалтгүй байгаа боловч цаашид зориулалтаар нь ашиглах эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах зорилгоор бусдад түрээслүүлэхийг хэлнэ.
2.2 Эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Батлан хамгаалах яам болон түүний харъяа агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн анги, салбар /цаашид "түрээслүүлэгч" гэнэ/ байна.
2.3 Үндсэн хөрөнгө, материал хэрэгслийг түрээсээр эзэмшигч, ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд /цаашид "түрээслэгч"гэнэ/ байна.
ГУРАВ. ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ
3.1 Түрээслүүлэгч нь эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ.
3.2 Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.
3.3 Эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг Төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
3.4 Эд хөрөнгийн түрээсийн гэрээний жишиг үнийг тохирохдоо уг эд хөрөнгийн үнэ, элэгдэл, эрэлт хэрэгцээ, ашиглах хугацаа, ашиглах зориулалт, байршил, ач холбогдол зэргийг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага тухайн бүр шинэчлэн тогтоож өгнө.
3.5 Иргэний зориулалтаар ашиглаж болох байлдааны зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжийг түрээслэхдээ холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авч, түрээсийн төлбөрийг 100 хувь Төрийн захиргааны төв байгууллагад төвлөрүүлнэ. Төвлөрсөн хөрөнгийг зэвсэглэл, техникийн шинэчлэлд зарцуулна.
3.6 Түрээслүүлэх эд хөрөнгө нь цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, бэлэн байдал, нууцлал, харуул хамгаалалт, байлдааны болон тайван цагийн үндсэн зорилго, үүргийг хангахад нөлөөлөхгүй байна.
3.7 Эд хөрөнгийн түрээсийн гэрээг "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлж бичгээр байгуулна.
3.8 Түрээсийн гэрээний хугацаа 1 жил хүртэл байх бөгөөд үндсэн хөрөнгө, материал хэрэгслийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож сунгаж болно.
3.9 Эд хөрөнгийг түрээслэх эрх, гэрээг түрээслүүлэгч байгууллагын дээд шатны байгууллага баталж, биелэлтэд хяналт тавина.
3.10 Түрээслэгч нь батлан хамгаалах салбарын эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслүүлэх, эрх залгамжлан түрээслэх, Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.
3.11 Түрээсийн гэрээнд батлан хамгаалах салбарын онцлог байдлыг харгалзан эд хөрөнгийн түрээсийн нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл зэргийг түрээслүүлэгчийн санал болгосноор тусгана.
3.12 Түрээслэгч нь эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцна.
3.13 Түрээслүүлэгч түрээсийн гэрээний гүйцэтгэл, биелэлтийг улирал тутам дүгнэн, дээд шатны байгууллагад бичгээр тайлагнана.
ДӨРӨВ. ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ
4.1. Түрээслэгч эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.
TAB. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
5.1 Эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
5.2 Талууд харилцан шийдвэрлэж чадахгүй тохиолдолд зохих шатны шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A