A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ, БАЙГАЛИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ САЛБАРТ ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ДҮРЭМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Батлан хамгаалахын сайдын 1998 оны
94 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ, БАЙГАЛИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ САЛБАРТ ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.        "Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ын дагуу иргэний хамгаалалтын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, байгалийн гамшигтай тэмцэх салбар, аврах отрядад цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний оногдуулсан үүрэг, түүнийг гүйцэтгэх үеийн харилцааг энэхүү дүрмээр зохицуулж мөрдөнө.
2.        Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэд өөрийн хүсэлтээр аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн иргэний хамгаалалтын мэргэжлийн ангиудаас зөвхөн ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, байгалийн гамшигтай тэмцэх салбар (БГТС), аврах отрядад (отряд) цэргийн албыг дүйцүүлэн хаана.
3.        Иргэний хамгаалалтын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, БГТС, отрядад цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг сум, дүүргийн Засаг дарга (иргэний хамгаалалтын дарга), штаб албан тушаалд томилно.
4.        Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослын үед ажилласан, иргэний хамгаалалтын сургууль, дадлагад оролцсон, цаг үеийн чанартай ажил, үүрэг гүйцэтгэсэн хугацааг цэргийн дүйцүүлэх албаны  оногдуулсан үүрэг гүйцэтгэсэн хугацаанд оруулан тооцно.
5.        Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн иргэний хамгаалалтын мэргэжлийн ангийн дүрмийг удирдлага болгон ажиллана.
6.        Байгалийн гамшиг, үйлдвэрийн ослыг арилгах, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажил гүйцэтгэх үедээ цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэд иргэний хамгаалалтын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдлөг болгоно.
7.        Аж ахуйн нэгж, байгууллага (алба)-ын мэргэжлийн ангид цэргийн дүйцүүлэх алба хаахыг хориглоно.
 
Хоёр. Дүйцүүлэх албанд томилох, шилжүүлэх
8.        Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн цэрэг татлагын товчоогоор дамжин иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид цэргийн дүйцүүлэх алба хаахаар ирэгсдийг хувийн анкет, тооцооны хуудасны хамт сум, дүүргийн иргэний хамгаалалтын штаб хүлээн авч бүртгэнэ.
9.        Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн Засаг даргын тушаалаар ерөнхий зориулалттай мэргэжлийн анги болон байгалийн гамшигтай тэмцэх салбарт иргэнийг цэргийн албыг дүйцүүлэн хаах бүртгэлд авсан өдрөөс эхлэн түүнийг дүйцүүлэх албан хаагчаар тооцно.
10.    Цэргийн албыг дүйцүүлэн хаагчдын сургалт,  ажил үүргийн тухай мэдээ, тайланг сум, дүүргийн Засаг дарга улиралд нэг удаа гаргаж аймаг, нийслэлийн иргэний хамгаалалтын штабт ирүүлнэ.
11.    Орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, ажил төрлийн зайлшгүй шаардлагыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын тушаалаар үүрэг зориулалтаар адил төстэй мэргэжлийн анги, салбарт шилжүүлэн томилж болно.
12.    Сахилга бат, ажлын хариуцлага алдсан болон бусад шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжгүй болсон иргэдийг аймаг, нийслэлийн Засаг даргын тушаалаар уг албанаас хасаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
13.    Дүйцүүлэх алба хаагчдад цэргийн албыг дүйцүүлэн хаасан тухай хуудсыг аймаг, нийслэлийн иргэний хамгаалалтын штабаас олгоно.
 
Гурав. Цэргийн албыг дүйцүүлэн хаах
14.   Цэргийн албыг дүйцүүлэн хаагч нь орчин үеийн хөнөөх хэрэгсэл, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн томоохон ослоос хүн ам, эд хөрөнгийг хамгаалах, хор уршгийг арилгах, аврах болон бусад ажил үүрэг гүйцэтгэгч иргэний хамгаалалтын албан тушаалтан мөн.
15.   Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангийн дарга, салбарын захирагч, бүлэг хэсгийн дарга нь дүйцүүлэх албан хаагчдын захирах дарга нь байна. Мөн дүйцүүлэх албан хаагчид нь албан тушаалын хувьд нэг нь нөгөөдөө дарга буюу захирагдагч байж болно.
16.   Дарга нь захирагдагчиддаа тушаал өгөх эрхтэй бөгөөд биелэлтийг нь шалгах ёстой. Захирагдагч нь даргадаа үг дуугүй захирагдах үүрэгтэй.
17.   Дүйцүүлэх албан хаагч нь ахлах буюу бага тушаалтан байж болно. Ахлахыг нь дүйцүүлэх албан хаагчийн албан тушаалаар тодорхойлно. Нэг нь нөгөөдөө захирагддаггүй дүйцүүлэх албан хаагчид хамт албан үүрэг гүйцэтгэх үед ахлагчаар томилогдсон нь даргална.
18.   Дүйцүүлэх алба хаагчид нь нэг нь нөгөөтэйгээ болон ахлах даргатай харьцахдаа "Дүйцүүлэх алба хаагч Бат" гэж харьцаж, танилцуулж мэдэгдэнэ.
19.   Дүйцүүлэх алба хааж байгаа иргэн дараах эрх эдэлнэ:
а/ хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэгслээр хангагдах;
б/ аврах ажил үүрэг гүйцэтгэхдээ амь насаа даатгуулах;
в/ хүндэтгэх шалтгаанаар чөлөө, зөвшөөрөл авах;
г/ аврах ажил явуулахад шаардагдах зориулалтын багаж хэрэгслээр хангагдах;
д/ сайшаал шагнал, урамшил авах;
е/ албан ажилд томилогдон ажил үүрэг гүйцэтгэх газартаа тээврийн хэрэгслээр хүргүүлэх, хоол, хүнс, байраар хангагдах;
ё/ дүйцүүлэх алба хаах хугацаандаа эрхэлж байсан ажил, албан тушаалаа хэвээр хадгалуулах, дундаж цалин хөлсөө авах;
ж/ өргөдөл, санал, гомдол гаргах;
з/ суралцах, эмчлүүлэх.
20.   Дүйцүүлэх алба хааж байгаа иргэн "Монгол Улсын иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ын 23 дугаарт заасан нийтлэг үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ:
а/ өөрийн мэргэжлийн ангийн үүргийг мэдэх;
б/ өөрийн албан тушаал (мэргэжил)-ын дагуу томилгоот үүргээ мадаггүй мэдэж, биелүүлэх;
в/ хөнөөх хэрэгслийн хөнөөл, гамшиг, ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах учирсан хохирлыг арилгах арга ажиллагаанд суралцсан байх;
г/ зарлан мэдээллийн дохиогоор тогтоосон хугацаанд заасан газар хувийн бүрэн бэлтгэлтэй ирэх;
д/ дарга нарынхаа тушаал, захирамжийг цаг хугацаанд нь ёсчлон биелүүлэх;
е/ ард иргэдийг аврах болон гамшиг, ослын үр дагаврыг арилгахад иргэний хамгаалалтын зориулалтын техник, тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх;
ж/ өөрт нь хариуцуулж өгсөн техник, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, бусад эд хэрэгслийг ариг гамтай хадгалж, ажиллагаанд бэлэн байлгах;
з/ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, эргүүл хяналтын ажлыг өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгуулж, түймэр унтраах арга, техникийг эзэмшсэн байх;
к/ сахилга, дэг журмыг хатуу мөрдөж хүн амыг аврах, эд хөрөнгийг хамгаалах бүх талын арга хэмжээ авах;
л/ үнэнч шударга, зориг самбаа, санаачилгатай ажиллаж, даргадаа болон нөхөртөө туслахад байнга бэлэн байх;
м/ иргэний хамгаалалтын аюулгүй ажиллагааны дүрмийг сайн мэдэж, дагаж мөрдөх
21.   Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн нь тухайн иргэний хамгаалалтын болон байнгын онцгой комиссын дарга, штаб, БГТС-ын даргын шийдвэрийн дагуу дараах үүрэг гүйцэтгэнэ:
байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, осол (ой, хээрийн түймэр, усны үер, ган, зуд, хүчтэй цасан ба шороон шуурга, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдах зэрэг)-ын аюулаас хүн ам, эд хөрөнгийг хамгаалах, тэдгээртэй тэмцэх, хор уршгийг арилгах; гамшиг, осолд нэрвэгдэгсдийг аврах, хамгаалах; байгалийн гамшиг, ослоос сэргийлэхтэй холбогдсон цаг үеийн чанартай ажил гүйцэтгэх.
22.   Албан ажилд томилогдож байгаа дүйцүүлэх албан хаагчдад тухайн мэргэжлийн ангийн дарга, БГТС-ын дарга, сумын Засаг дарга үүрэг тавьж ажилд нь оруулна.
23.   Албан ажилд томилогдогч нь ахлах даргын хяналтын дор заасан газарт, тогтоосон хугацаанд оногдсон үүргээ гүйцэтгэнэ.
24.   Албан ажилд томилогдогч нь ахлах даргын өгсөн үүрэг даалгаврыг өөрчлөх, тогтоосон хугацаанаас хожимдох, оногдсон үүргээ үл биелүүлэхийг хориглоно.
25.   Албан ажилд томилогдогч нь гүйцэтгэсэн ажил үүргийнхээ талаар тухайн шатны иргэний хамгаалалтын штаб, байнгын онцгой комиссын дарга, аж ахуйн нэгж байгууллагын даргаар баталгаа гаргуулна.
Албан ажилд томилогдогч нь ажил үүргээ гүйцэтгэх явцад ямар нэгэн саатал, ажил үүргийн өөрчлөлт гарвал тухайн ажил үүрэг өгсөн ахлах даргад энэ тухай мэдэгдэнэ.
26.   Томилсон ажил үүргээс буцаж ирээгүй албан ажилд томилогдогчийг эрэн хайх, аврах туслах ажлыг мэргэжлийн ангийн удирдлага зохион байгуулна.
 
Дөрөв. Бэлэн байдлын тухай
27.   Дүйцүүлэх алба хаагч нь алба хааж байгаа анги, байгууллагаас үүрэг гүйцэтгүүлэхээр дуудсан цагт очиход байнга бэлэн байна.
28.   Анги, байгууллага нь иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжиж, сургалт, цугларалт, дадлага, гамшиг, ослын үед болон томилгоот үүрэг гүйцэтгүүлэхээр дүйцүүлэх алба хаагчдыг зарлан мэдээлж цуглуулна.
29.   Анги, байгууллага нь дүйцүүлэх алба хаагчдыг цуглуулах журам, зарлан мэдээлэх дохио зэргийг тогтоож, тэднийг дохиогоор цуглуулахад сургаж дадлагажуулсан байна.
30.   Дүйцүүлэх алба хаагч цугларах дохио авмагц хувийн бэлтгэлээ ханган заасан газар тогтоосон хугацаанд очно.
31.   Хүндэтгэх шалтгаангүйгээр цуглах дохиогоор ирээгүй иргэнд дүйцүүлэх албанаас хасах хүртэл сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
 
Тав. Албанд ирэгчдийг сургах
32.   Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэнд албан тушаалын дагуу олгогдсон үүргээ биелүүлэх анхан шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэх.алба хааж буй мэргэжлийн анги, байгалийн гамшигтай тэмцэх салбарынх нь үүрэг зорилтыг ойлгуулахын тулд уг албанд авсан өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар тусгай сургалт (цугларалт) зохион байгуулна.
33.   Тусгай сургалт (цугларалт)-ыг иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, салбар, аймаг, дүүргийн цэрэг-иргэний хамгаалалтын штабыг түшиглэн сум, дүүргийн Засаг дарга удирдан явуулна.
34.   Анхан шатны мэдлэг олгох тусгай сургалтын дараа цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаанд жилд хоёроос доошгүй удаа тус бүр 14 хоногийн хугацаагаар гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх, цэргийн зарим мэргэжилд дадлагажуулах зорилгоор цугларалт явуулна.
35.   Сургалтын хөтөлбөрийг БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, УИХГ-ын штабаас гаргах бөгөөд тухайн сум, дүүргийн үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан зохих өөрчлөлт тодотгол хийж болно.
36.   Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэн аймаг, дүүргийн иргэний хамгаалалтын тактик тусгай бэлтгэлийн дадлага сургуульд хамрагдана.
37.   Цэргийн албыг дүйцүүлж хааж байгаа иргэний сургалт (цугларалт)-д шаардагдах зардлыг сум, дүүргийн жил бүрийн төсөвт тусгана.
 
Зургаа. Чөлөө олгох тухай
38.   Цэргийн албыг дүйцүүлэн хаагч нь таваас дээш хоногийн хугацаагаар тухайн орон нутгаас гадагш явах тохиолдолд сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөл авч явна. Сум, дүүргийн Засаг дарга алба хаагчийг тухайн орон нутгаас таваас дээш хоногийн хугацаагаар гадагш явах зөвшөөрлийг баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн олгоно.
39.   Дүйцүүлэх алба хаагчид өөрийн биеэр дүйцүүлэх албаны үүрэг гүйцэтгэхээс дор дурдсан тохиолдолд ар гэрийн гачигдлын болон өвчний учир чөлөө олгож болно. Үүнд:
а/ дүйцүүлэх алба хаагчийн төрсөн ба үрчлэн авсан эцэг, эх, баталгаатай гэр бүл, хүүхэд нь хүнд өвчтэй буюу нас барвал;
б/ ар гэр нь байгалийн гэнэтийн аюул (гал, ус)-д нэрвэгдвэл;
в/ алба хаагч нь өөрөө хүнд өвдвөл;
40.   Алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэж байгаад ар гэрийн гачигдлын болон өвчний учир авсан чөлөөний хугацааг дүйцүүлэх албыг биеэр хаасан хугацаанд оруулж тооцохгүй.
 
Долоо. Алба хаагчдын хангалтын тухай
41.   Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн зардлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцаж төсвөөс гаргана.
42.   Дүйцүүлэх алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэх газар очих, буцах, сургалт явуулах болон үүрэг гүйцэтгэх хугацаанд орон байр, дүрэмт болон ажлын хувцас, багаж хэрэгсэл, хоол хүнсээр сум, дүүргийн Засаг дарга хангана.
43.   Сум, дүүргийн Засаг дарга нь алба хаагчдын сургалт, бэлтгэл, цугларалт, дайчилгаа, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж шаардагдах материал, техник хэрэгслээр хангана.
44.   Алба хаагчдын сургалт, дадлагын ном, сурах бичиг, үзүүлэн таниулах материал буюу гарын авлага, дадлагын төхөөрөмж, багаж техник хэрэгслийг сум, дүүргийн захиалгаар аймаг, нийслэлийн Засаг дарга хангана.
45.   Алба хаагч нь сум, дүүргийн Засаг дарга, алба хааж байгаа байгууллагаас дуудсан үед хувийн бүрэн бэлтгэлтэй ирж үүрэг гүйцэтгэнэ.
Хувийн бэлтгэлийн нормативт тухайн цаг уурын нөхцөлд тохирсон хувцас, 3 хоногийн хүнсний нөөц, солих дотуур хувцас нэг ээлж, аяга, таваг, халбага, сэрээ, хувийн ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз болон бусад шаардлагатай эд хэрэглэл орно.
 
Найм. Дүрэм зөрчигчид хүлээлгэх хариуцлага
46.   Дүйцүүлэх алба хаагчийн гаргасан зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрдэлгүй бол захиргааны хариуцлага ноогдуулна.
47.   Дүйцүүлэх алба хаагч нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдвол сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн дүйцүүлэх албанаас хасна.
48.   Харин оногдсон ялын хугацаа дууссан буюу цагаатгагдсан тохиолдолд зөвхөн Засаг даргын шийдвэрээр дүйцүүлэх албыг үргэлжлүүлэн хааж болно.
 
Ес. Дүйцүүлэх албанаас халах
49.   Дүйцүүлэх албыг 2 жилийн хугацаагаар хааж үүнд 5 сараас доошгүй хугацаагаар дүйцүүлэх албаны оногдуулсан үүргийг биечлэн гүйцэтгэсэн дүйцүүлэх алба хаагчийг дүйцүүлэх албыг бүрэн хаасан гэж үзнэ.
50.   Алба хаасан сум, дүүргийн тодорхойлолтыг үндэслэн дүйцүүлэх алба хаагчийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр хална.
51.   Дүйцүүлэх алба хаагчид ар гэрийн гачигдал гарч өөрөө хүсэлт тавьсан тохиолдолд алба хааж байгаа байгууллага, сумын Засаг даргын саналыг үндэслэн аймаг, дүүргийн Засаг даргын шийдвэрээр дүйцүүлэх албанаас чөлөөлж болно.
52.   Цэргийн дүйцүүлэн хаах албанаас чөлөөлөгдсөн, хасагдсан иргэн цэргийн жинхэнэ алба хаах үүргээс чөлөөлөгдөхгүй.
53.   Цэрэг татлагын товчоо нь дүйцүүлэх алба хаах хугацаа дууссан иргэнийг халж бичиг баримтад нь тэмдэглэл хийнэ.