- Нүүр
- Сайдын тушаал
- ХИЛИЙН ЦЭРЭГТ ТУСЛАХ ХҮЧИНД ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ДҮРЭМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалахын сайдын 1998 оны
94 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
ХИЛИЙН ЦЭРЭГТ ТУСЛАХ ХҮЧИНД ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын иргэн "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хил хамгаалахад туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хаахад энэ дүрмийг баримтална.
2. Хилийн цэрэгт туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн улсын хилийн бүс, зурвас, хил хамгаалалтын заагт хил хамгаалах байгууллагын шийдвэрээр үүрэг гүйцэтгэнэ.
3. Цэргийн албыг дүйцүүлэн хаагч иргэдэд Монгол Улсын Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан 1994 оны 7/8 дугаар сарын 8/17-ны өдрийн №131/ 428 тоот тушаалын дагуу үзүүлэх хөнгөлөлт, урамшуулалт үл хамаарна.
Хоёр. Хил хамгаалалтад туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хаах
4. Хил хамгаалалтад туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хаах хүний тооны тухай саналаа хилийн хороодын удирдлага жил бүр ХЦУГ болон тухайн аймгийн цэрэг татлагын товчоонд өгнө.
5. Аймгийн цэрэг татлагын товчоо батлагдсан тоо, нэрсийг баримтлан хилийн хороодод цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг хуваарилна.
6. Хилийн хороо цэрэг татлагын товчооны шийдвэр, хуваарийн дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг хүлээн авч бүртгэн, уг албыг хаалгах ажлыг зохион байгуулна.
7. Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэнийг хилийн бүс, зурваст тодорхой чиглэлд хилийн хэсэг хариуцуулан хилийн болон хил орчмын дэглэмд хяналт тавих үүрэг гүйцэтгүүлж болно.
8. Цэргийн албыг хааж буй иргэн нь хилийн хороо, сумангийн удирдлагаас тогтоож өгсөн газарт нутаглаж албан үүргээ гүйцэтгэнэ.
9. Хилийн хороо, хилийн сумангийн удирдлага, цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэнд албан үүрэг гүйцэтгэн нутаглах газрыг зааж өгөхдөө албаны хугацааны 5 сарыг хилийн дэглэмийн биелэлтэд бусад үед хил орчмын дэглэмд хяналт тавих байдлаар зохицуулна.
10. Хилийн хорооны удирдлага цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэнд хил хамгаалахад туслах хүчний гишүүний үнэмлэх олгон, холбоо дохионы хэрэгслээр хангана.
11. Цэргийн албыг дүйцүүлэн хаагч иргэнээр гол төлөв цэрэг халах, татах үед болон хилийн зөрчил гардаг үеүдэд хилийн дэглэмийн биелэлтэд хяналт тавих үүргийг гүйцэтгүүлнэ.
12. Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэд нь 5 сарын хугацаагаар оногдолт үүргийг биеэр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хил хамгаалалтын зохих нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор албаны хугацаанд нь ХЦАХ-ын гүйцэтгэдэг аж ахуйн чанартай тодорхой чиг үүрэг гүйцэтгүүлж болно.
Гурав. Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэний үүрэг
13. Хилийн цэрэгт туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журмын 3, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын 23 дугаарт заасан үүргүүдээс гадна дараах үүргийг хүлээнэ.
а/ албаны нууцыг чанд хадгалах;
б/ албаны зориулалттай техник хэрэгслийг ашиглаж чаддаг байх;
в/ хилийн албаны аюулгүйн арга хэмжээг сайн мэдэж, дагаж мөрдөх;
г/ томилгоот үүргээ мадаггүй мэдэж биелүүлэх;
д/ хилийн цагийн байдал өөрчлөгдсөн үед холбоо барих, харилцан ажиллах журмыг сайтар эзэмшсэн байх;
е/ хилийн цагийн байдлын өрнөлтийн үед бие дааж зориг самбаа, санаачилгатай ажиллан хилийн болон хил орчмын дэглэм зөрчигсөдтэй шударгаар тэмцэх;
ж/ хилийн албаны анхан шатны бэлтгэлийг зохих түвшинд эзэмшин цаашид бие даан суралцан хилийн болон хил орчмын дэглэм сахиулах, хилийн эрэлд оролцох чадвартай байх;
Дөрөв. Цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа иргэний сургалт
14. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэнд оногдсон үүргээ биелүүлэх хилийн албаны анхан шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэх, алба хааж буй анги, салбарын үүрэг зорилго, хилийн цагийн байдал зэргийг ойлгуулахын тулд уг албанд авсан өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай тусгай сургалт (цугларалт) зохион байгуулна.
15. Тусгай сургалт (цугларалт)-ыг хилийн хороодын удирдлага нэгдсэн байдлаар зохион байгуулж цаашид жилд хоёроос доошгүй удаа бүсчилсэн байдлаар хилийн сумангуудын удирдлага 14 хоногийн хугацаатайгаар гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх зорилгоор сургалт явуулна.
16. Сургалтын хөтөлбөрийг БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас гаргах бөгөөд тухайн хилийн хэсгийн цагийн байдал, байгаль цаг уурын онцлогтой уялдуулан ХЦУГ - зохих өөрчлөлт тодотгол хийж болно.
Тав. Мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
17. Хилийн хорооны дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ:
1/ цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэнийг улсын хил хамгаалалтад татан оролцуулах асуудлыг хил хамгаалах шийдвэртээ тусгах;
2/ хил хамгаалахад туслах хүчинд цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийн сургалтыг зохион байгуулах, албан үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавих;
3/ албан үүргээ идэвхтэй биелүүлэгсдийг шагнаж урамшуулах, орон нутгийн захиргаанд албан бичгээр мэдэгдэх;
4/ цэргийн албыг дүйцүүлэн хаасан иргэдийн алба хаасан тухай баримт бичгийг шуурхай бүрдүүлэх;
5/ сахилга хариуцлага алдсан, гэмт хэрэг үйлдсэн нь хууль тогтоомжийн дагуу тогтоогдсон иргэнийг уг албанаас хаг.ах санал тавих, хуулийн байгууллагад шилжүүлэх.
18. Хилийн сумангийн дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ:
1/ цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийн үүрэг гүйцэтгэлд байнга хяналт тавих, үүрэг гүйцэтгэхэд нь туслах;
2/ цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэнд хилийн дэглэмийг сахиулах үүрэг биечлэн гүйцэтгэх үед нь хилийн албаны аюулгүйн арга хэмжээний талаар зааварчилгаа өгөх;
3/ цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэд тодорхой чиглэлд хэсэг хариуцан үүрэг гүйцэтгэж байгаа үед холбоо барих бусад манаа харуултай хэрхэн харилцан ажиллахыг зохион байгуулах;
4/ цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдэд үүрэг гүйцэтгэх график төлөвлөгөө өгч, энэ тухай хоногийн төлөвлөгөө хилийн албаны дэвтэрт хөтлөлт тэмдэглэл хийх;
5/ цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдэд албаны бэлтгэлийн хичээл заах, хилийн цагийн байдал, хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг мэдээлэх, хилийн хууль дүрмийг сурталчлах болон хилийн албаны аюулгүй арга хэмжээний талаар зааварчилгаа зөвлөмж системтэй өгч байх;
6/ цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийн үүрэг гүйцэтгэлийг шалгаж, сахилга хариуцлага алдсан болон дүйцүүлэх албыг хаах боломжгүй бусад шалтгааныг нарийвчлан тогтоож саналаа зохих байгууллагад уламжлах;
7/ албан нэр төртэй хааж буй иргэдийг шагнаж урамшуулах саналаа дээш нь уламжлах, сурталчлах ажлыг хариуцсан хэсгийн хэмжээнд зохион байгуулах.
Зургаа. Чөлөө олгох тухай
19. Цэргийн албыг дүйцүүлэн хаагч нь таваас дээш хоногийн хугацаагаар тухайн орон нутгаас гадагш явах тохиолдолд сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөл авч явна. Сум, дүүргийн Засаг дарга алба хаагчийг тухайн орон нутгаас таваас дээш хоногийн хугацаагаар гадагш явах зөвшөөрлийг баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн олгоно.
20. Дүйцүүлэх алба хаагчид өөрийн биеэр дүйцүүлэх албаны үүрэг гүйцэтгэхээс дор дурдсан тохиолдолд ар гэрийн гачигдлын болон өвчний учир чөлөө олгож болно. Үүнд:
а/ дүйцүүлэх алба хаагчийн төрсөн ба үрчлэн авсан эцэг, эх, баталгаатай гэр бүл, хүүхэд нь хүнд өвчтэй буюу нас барвал;
б/ ар гэр нь байгалийн гэнэтийн аюул (гал, ус)-д нэрвэгдвэл;
в/ алба хаагч нь өөрөө хүнд өвдвөл;
21. Алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэж байгаад ар гэрийн гачигдлын болон өвчний учир авсан чөлөөний хугацааг дүйцүүлэх албыг биеэр хаасан хугацаанд оруулж тооцохгүй.
Долоо. Алба хаагчдын хангалтын тухай
22. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн зардлыг сум, Дүүргийн Засаг дарга хариуцаж төсвөөс гаргана.
23. Дүйцүүлэх алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэх газар очих, буцах, сургалт явуулах болон үүрэг гүйцэтгэх хугацаанд ажлын хувцас, багаж хэрэгсэл, хоол хүнсээр Хилийн хороо дарга хангана.
24. Хилийн хороо дарга нь алба хаагчдын сургалт, бэлтгэл, цугларалт, дайчилгаа, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж шаардагдах материал, техник хэрэгслээр хангана.
25. Алба хаагчдын сургалт, дадлагын ном, сурах бичиг, үзүүлэн таниулах материал буюу гарын авлага, дадлагын төхөөрөмж, багаж техник хэрэгслийг Хилийн хороо дарга хангана.
26. Алба хаагч нь алба хааж байгаа байгууллагаас дуудсан үед хувийн бүрэн бэлтгэлтэй ирж үүрэг гүйцэтгэнэ.
Хувийн бэлтгэлийн нормативт тухайн цаг уурын нөхцөлд тохирсон хувцас, 3 хоногийн хүнсний нөөц, солих дотуур хувцас нэг ээлж, аяга, таваг, халбага, сэрээ, хувийн ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз болон бусад шаардлагатай эд хэрэглэл орно.
Найм. Дүрэм зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27. Дүйцүүлэх алба хаагчийн гаргасан зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрдэлгүй бол захиргааны хариуцлага ноогдуулна.
28. Дүйцүүлэх алба хаагч нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдвол сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн дүйцүүлэх албанаас хасна.
29. Харин оногдсон ялын хугацаа дууссан буюу цагаатгагдсан тохиолдолд зөвхөн Засаг даргын шийдвэрээр дүйцүүлэх албыг үргэлжлүүлэн хааж болно.
Ес. Дүйцүүлэх албанаас халах
30. Дүйцүүлэх албыг 2 жилийн хугацаагаар хааж үүнд 5 сараас доошгүй хугацаагаар дүйцүүлэх албаны оногдуулсан үүргийг биечлэн гүйцэтгэсэн дүйцүүлэх алба хаагчийг дүйцүүлэх албыг бүрэн хаасан гэж үзнэ.
31. Алба хаасан сум, дүүргийн тодорхойлолтыг үндэслэн дүйцүүлэх алба хаагчийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр хална.
32. Дүйцүүлэх алба хаагчид ар гэрийн гачигдал гарч өөрөө хүсэлт тавьсан тохиолдолд алба хааж байгаа байгууллага, сумын Засаг даргын саналыг үндэслэн аймаг, дүүргийн Засаг даргын шийдвэрээр дүйцүүлэх албанаас чөлөөлж болно.
33. Цэргийн дүйцүүлэн хаах албанаас чөлөөлөгдсөн, хасагдсан иргэн цэргийн жинхэнэ алба хаах үүргээс чөлөөлөгдөхгүй.
34. Цэрэг татлагын товчоо нь дүйцүүлэх алба хаах хугацаа дууссан иргэнийг халж бичиг баримтад нь тэмдэглэл хийнэ.
Арав. Бусад зүйл
35. Хилийн цэргийн хэмжээнд цэргийн албыг дүйцүүлэн хаагчдын асуудлыг Хилийн цэргийн штаб хариуцна.
36. Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн нь Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журмын дагуу хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн нэгэн адил эрх үүргийг эдэлнэ.
Текст томруулах
A
A
A