- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН ХАНГАЛТЫН ЗААВАР /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдын 1991 оны 7 дугаар сарын
3-ны өдрийн 421 тоот тушаалын хавсралт
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН ХАНГАЛТЫН ЗААВАР
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий заалт
1. Цэргийн албан хаагчдыг хувцас хэрэглэлээр хангахдаа энэхүү заавар, бусад эрхийн актуудыг баримтална.
2. Цэргийн хувцас хэрэглэлд дараах хувцас, эд хэрэглэл багтана.
• цэргийн дүрэмт хувцас
• цэргийн дотуур хувцас
• тусгай зориулалтын хувцас, гутал
• ажил /хөдөлмөр хамгаалалт/-ын хувцас
• ангийн байлдааны туг, түүний чимэг хэрэглэл
• ор дэрний хэрэглэл
• цэргийн халуун ус, угаалга /цэвэрлэгээ/-ын болон хувцас засварын тоног төхөөрөмж
• салбарын ахуй үйлчилгээний тасалгааны эд хогшил
• цэргийн асар, майхан
• бичгийн хэрэглэл, бичиг, тооны машин
• хугацаат цэргийн албан хаагчдын өдөр тутмын ахуйн хэрэгцээний зүйлс /зүү, утас, шүдний оо, сойз, гутлын тос, сахлын хутга г.м/
3. Цэргийн ангийн байлдааны туг, түүний чимэг хэрэглэлийг Зэвсэгт хүчний ерөнхий штабын захиалгаар хийж хангана.
4. Цэргийн албан хаагчдын цэргийн дүрэмт хувцас, улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах болон байлдааны онгоц, нисдэг тэрэгний нисгэгч, инженер, техникч, механикчдаас бусад албан тушаалтны тусгай зориулалтын хувцасны нормыг БНМАУ-ын Засгийн газрын тогтоолоор баталсан нормын дагуу хийнэ.
5. Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах болон байлдааны онгоц, нисдэг тэрэгний нисгэгч, инженер, техникч, механикчдаас бусад албан тушаалтны тусгай зориулалтын хувцасны нормыг БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар тогтоож, хэрэглэгчдийн албан тушаалын жагсаалтыг мэргэжлийн газар, хэлтсүүд гаргаж Ардын цэргийн ар талын даргын тушаалаар батална.
6. Хөдөлмөр хамгаалалтын хувцасны хангалтыг БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан нормоор хийнэ. Нормд тусгагдаагүйг улсын хэмжээгээр мөрдөж байгаа ажлын хувцас, бие хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтыг баримтлан хийж, дээрх норм, жагсаалтад дурдсан хувцас хэрэглэлийг давхардуулан олгохгүй.
7. Хувцас хэрэглэлийн хангалтад хувцасны нөөцийг бүрдүүлэн, сольж шинэтгэх арга хэмжээ хамаарагдана.
8. Хувцас хэрэглэлийн нөөцийг:
• байлдааны
• дайчилгааны
• түр цугларалтын гэж ангилна. Үүнээс гадна цэргийн анги, байгууллага бүр хувцас хэрэглэлийн хангалтын тогтоосон тооны шилжих үлдэгдлийг хадгалж байна.
9. Хувцас хэрэглэлийн байлдааны болон дайчилгааны нөөцийн хэмжээ, цувраажилтыг Батлан хамгаалахын сайд тогтооно.
10. Хувцас хэрэглэлийн хангалтын шилжих үлдэгдлийн хэмжээ, цэргийн бэлтгэл үүрэгтний түр цугларалтын хэрэгцээг хангах хувцасны нөөцийн нормыг ардын цэргийн ар талын даргын тушаалаар цэргийн анги, байгууллага нэг бүрээр тогтооно.
11. Хувцас хэрэглэлийн хангалтыг жилд 2 удаа хийнэ. Дулааны улирлын хувцасны хангалтыг 4 дүгээр сарын 25-ны дотор, хүйтний улирлынхыг 10 дугаар сарын 25-ны дотор хийж дууссан байна.
12. Цэргийн анги /байгууллага/-ийн захирагч /дарга/ нь бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэлийн хангалт, хувцасны нөөцийн бүрдүүлэлтийг удирдан зохион байгуулж, ашиглалт, хадгалалтад хяналт тавих үүрэгтэй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цэргийн хувцас хэрэглэлийг бэлтгэх журам:
1. Бие бүрэлдэхүүнийг нормт хувцас хэрэглэлээр хангах, анги /байгууллага/-д тогтоосон хувцас нөөцийг бүрдүүлж, сольж шинэчлэх шаардлагыг харгалзан хувцас хэрэглэлийн жилийн хэрэгцээг тодорхойлно.
2. Хувцас хэрэглэлийн жилийн хэрэгцээг тодорхойлохдоо дараах үзүүлэлтүүдийг үндэслэл болгоно.
а/ анги /байгууллага/-ийн орон тоо, нөхөн хангалтын байдал
б/ хувцасны байлдааны болон дайчилгааны нөөцийг бүрдүүлж, сольж шинэчлэх талаар тухайн жилд авах арга хэмжээ
в/ сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөө
г/ бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэлийн хангалтын байдал, шилжих үлдэгдлийн хэмжээ
д/ ардын цэргийн ар талаас тогтоосон түр цугларалтын хувцасны нөөцийн болон шилжих үлдэгдлийн хэмжээ.
3. Хувцас хэрэглэлийн жилийн хэрэгцээг үндэслэн анги /байгууллага/ бүр хувцасны хангалтын төлөвлөгөө боловсруулна.
Жилийн хэрэгцээт хувцас хэрэглэлийн захиалгыг төлөвлөгөөт жилийн урьд оны 1 дүгээр улиралд багтааж Ардын цэргийн ар талд ирүүлнэ.
4. Цэргийн дүрэмт хувцасны жилийн хэрэгцээний захиалгад хувцасны тоог, чац, хэмжээ тус бүрээр тодорхойлсон байна.
5. Цэргийн анги /байгууллага/-ийн орон тоонд өөрчлөлт орсон болон тухайн жилд хувцас хэрэглэлийн төлөвлөгдөөгүй хэрэгцээ гарсан тохиолдолд нэмэгдэл захиалгыг хийж болно.
6. Хувцасны жилийн хэрэгцээт захиалгыг Ардын армийн ар тал хянан нэгтгэж бэлтгэн нийлүүлэгч үйлдвэр, аж ахуйн байгууллага, цэргийн хангалтын бааз /агуулах/-ыг тогтооно.
7. Цэргийн анги /байгууллага/ нь хувцас хэрэглэлийг бэлтгэн нийлүүлэх талаар аж ахуйн гэрээг үйлдвэр, аж ахуйн байгууллага, цэргийн хангалтын бааз /агуулах/-тай төлөвлөгөөт жилийн урьд орны эхний хагас жилд багтаан байгуулна.
8. Хувцас хэрэглэлийг бэлтгэн нийлүүлэх үйлдвэр, аж ахуйн байгууллага, цэргийн хангалтын бааз /агуулах/-тай байгуулсан аж ахуйн гэрээгээр хүлээсэн үүргээ цэргийн анги /байгууллага/ бүрэн хариуцна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Офицер, ахлагчдыг хувцас хэрэглэлээр хангах журам
1. Офицер, ахлагчид цэргийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын болон хөдөлмөр хамгааллын хувцсаар энэхүү зааврын нэгдүгээр бүлгийн 4, 5, 6 дугаар заалтуудын дагуу хангагдана.
2. Цэргийн нэг ангиас нөгөө ангид шилжин томилогдож байгаа офицер, ахлагчдыг хувцасны хангалтад авах үндсэн баримт бичиг нь хувцасны шилжүүлэг байна.
3. Офицер, ахлагч нарын хувцасны картыг анги /байгууллага/-ийн хувцас /аж ахуйн/-ны албаны дарга гардан хөтөлнө.
4. Офицер, ахлагч нарт цэргийн дүрэмт хувцсыг захиалгаар оёх, эрхийн бичгийг анги /байгууллага/-ийн хувцас /аж ахуйн/-ны албанаас ирүүлсэн захиалгад тусгасан тоогоор олгоно.
5. Захиалгаар хийлгэх хувцасны эрхийн бичиг нь бичигдсэн өдрөөс эхлэн 3 сарын дотор хүчинтэй байна.
Түүнийг үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай Ардын цэргийн ар талд 1 сарын дотор мэдэгдэж уул хувцасны үнийн 5 хувьтай тэнцэх шимтгэл төлж дахин бичүүлж авна.
6. Офицер, ахлагчид цэргийн дүрэмт хувцсаа захиалгаар оёулсан тохиолдолд захиалгын үйлчилгээний хөлсийг өөрсдөө төлнө.
7. Төрийн ёслолын хүндэт харуул, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, цэргийн дуу бүжгийн чуулгын бие бүрэлдэхүүний ёслол, тоглолтын хувцасны захиалгаар оёулсан үйлчилгээний хөлсийг тухайн анги байгууллага төлнө.
8. Зэвсэгт хүчний ерөнхий штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүний тоглолтын хувцасны хангалтыг цэргийн дүрэмт хувцасны 6 дугаар нормд хамруулна.
9. Офицер, ахлагч нар нормт хувцсаа хугацаанаас нь өмнө авахыг хүсвэл тухайн хувцасны эдлэгдээгүй хугацааны үнийг тооцож олгож болно. Харин хувцасны эдэлгээний хугацааг урьд олгосон хувцасны хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцно.
10. Офицер, ахлагч нарыг тэтгэвэр /чөлөө/-т гарсан буюу бэлтгэлээр халагдсан өдрөөс эхлэн ээлжит хангалтын хувцас хэрэглэл /түүний үнэ/-ийг олгохгүй.
11. Ахлах, дунд офицер, ахлагч нарт цолны болон таних тэмдгийг ээлжийн цол шагнагдах бүрт бүх дүрэмт хувцасны тоогоор олгоно.
12. Генерал, хурандаа цол шагнагдагсдын урьд хэрэглэж байсан өнгө, загвар ижил хувцсыг давхардуулан олгохгүйгээр эдэлгээний хугацааг үргэлжлүүлэн тооцно. Харин дээрх цолоор шагнагдагсдын дүрэмт хувцасны өнгө, загвар өөрчлөгдөх тохиолдолд тэдгээрийг тогтоол, тушаал гарсан өдрөөс эхлэн тооцож шинээр олгоно.
Хурандаа цол шагнагдагсдын дулаан пальтоны захыг каракулиар сольж өгнө.
13. Офицер цол шагнагдсан ахлагч нарт дулаан пальто, гуталтай өмсдөг ёслолын өмд, саан бүс, цагаан бээлий, цүнх, цолны тэмдгийг шинээр олгоно.
14. Генерал, офицер, ахлагч нарт аяны үүргэвч /аранз/-ийг үнээр олгоно.
15. Цэргийн нэг анги /байгууллага/-аас нөгөөд шилжин томилогдсон офицер, ахлагч нарын цэргийн дүрэмт хувцасны өнгө өөрчлөгдвөл тэдний хуучин эдэлж байсан хувцасны эдэлгээний хугацаа дууссаны дараа өнгө тохирсон дүрэмт хувцсаар хангана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хугацаат албаны бага дарга, байлдагчдыг хувцас хэрэглэлээр хангах журам
1. Хугацаат албаны бага дарга, байлдагчдыг хувцас хэрэглэлээр энэхүү заавар, удирдлагыг бусад баримт бичгийг үндэс болгон хангана.
2. Хугацаат албаны бага дарга, байлдагчид нь цэргийн жинхэнэ албанд татагдсан өдрөөс эхлэн хувцас хэрэглэлээр хангагдах эрх эдэлнэ.
3. Бага дарга, байлдагчдыг хувцас хэрэглэлээр тогтоосон хугацаанд бүрэн хангах үүргийг анги /байгууллага/ хүлээнэ.
4. Бага дарга, байлдагчдад хэрэглэж байгаа хувцас хэрэглэлийн карт эд аж ахуйн дансыг салбарын жагсаалын дарга /тусгай салааны захирагчийн орлогч/ хөтөлнө.
5. Хувцас хэрэглэлээ алдаж, үрэгдүүлсэн бага дарга, байлдагчдад хувцасны эдлэгдээгүй хугацааны үнийг харгалзан /буруутай хүнд/ материалын хариуцлага хүлээлгэж 2, 3 дугаар зэргийн хувцас хэрэглэлээр нөхөн хангана. Эсвэл шинэ хувцас хэрэглэлээр хангаж үнийг төлүүлнэ.
6. Дулааны улиралд халагдаж байгаа дайчдад хувцасны хангалтаар майхан малгай, китель өмд, ажлын гутал шинээр олгохгүй.
7. Хугацаат албаны бага дарга, байлдагч нараас ахлагч /офицер/-ийн цолоор шагнагдвал тэд хэрэглэж байсан хувцсаа салбартаа хураалган ахлагч /офицер/-ийн хувцасны хангалтад шилжинэ.
8. Бага дарга, байлдагчид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирэхдээ тухайн улирлын бүрэн хувцас, гар нүүрний алчуур, ариун цэврийн хэрэглэлтэй байна.
9. Бага дарга, байлдагчдыг цэргийн нэг ангиас нөгөөд шилжүүлэхдээ урьд олгосон бүх хувцас хэрэглэлийг өгч явуулах бөгөөд үүнийг баталгаажуулсан хувцасны шилжүүлгийг дагалдах бичгийн хамт ахалж яваа захирагч /дарга/-аас хүргүүлнэ.
10. Ээлжит цэрэг татлагын үеэр шинэ дайчдыг хувцас хэрэглэлээр хангах ажлыг БХЯ-ны удирдамж /заавар/-аар зохион байгуулна.
11. Говийн бүсэд алба хааж буй хугацаат албаны бага дарга байлдагчдад зуны улиралд майхан малгайн оронд нарнаас хамгаалах малгайгаар хангалт хийхийг зөвшөөрнө.
ТАВДУГААР БҮЛЭГ
Цэргийн сургуулийн сонсогчдыг хувцас хэрэглэлээр хангах журам
1. Цэргийн сургуулийн сонсогчдыг дүрэмт хувцасны 4 дүгээр нормын дагуу хангана. Суралцаж байхдаа хангалтаар авсан офицер цүнх, дотортой болон нөмрөг цувыг офицер цол шагнагдахад эдэлгээний хугацааг үргэлжлүүлэн тооцно.
2. Гадаадын цэргийн сургуульд суралцагсдад хувцасны хангалтыг зуны амралтын хугацаанд картын дагуу хийж, дотуур цамц, өмд, майк, трусы, хөлийн ороолтын үнийг жилд нэг удаа олгоно.
3. Сурагч, сонсогчдод цэргийн дүрэмт хувцсыг захиалгаар оёж хангах тохиолдолд, захиалгын үйлчилгээний хөлсийг тухайн сургууль /анги/ хариуцна.
4. Сонсогчид нь суралцаж байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж сургуулиас хасагдах тохиолдолд хэрэглэж байсан хувцасны эдлэгдээгүй хугацааны үнийг бэлтгэх үнээр төлж тооцоо дуусгана.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Түр цугларалтад оролцож байгаа бэлтгэл офицер, бага дарга, байлдагчдыг хувцас хэрэглэлээр хангах журам
1. Бэлтгэлд байгаа офицер, ахлагч, бага дарга, байлдагчдад цугларалтын анхны өдрөөс эхлэн түр цугларалтын хувцас хэрэглэлээр хангалт хийнэ.
2. Цугларалт /сургууль/-ийн төгсгөлд дүрэмт хувцас хэрэглэлээ хураан авч, өмсөж ирсэн энгийн хувцсыг тавьж олгоно.
3. Цугларалт /сургууль/-аар олгосон дүрэмт хувцсыг алдаж үрэгдүүлбэл буруутай этгээдэд материалын хариуцлага хүлээлгэнэ.
4. Хураан авсан түр цугларалтын хувцсанд ариутгал, цэвэрлэгээ хийсний дараа чанар байдлаар нь ялгаж, шаардагдах засвар хийж, цаашид ашиглахад бэлэн болгож хадгална.
5. Түр цугларалтын хувцсыг зориулалт бусаар ашиглаж, сольж өөрчлөхийг хориглоно.
6. Цугларалтын хувцсыг цаашид ашиглах бололцоогүй болсон нөхцөлд цэргийн анги /байгууллага/ бие дааж шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A