A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААХ ДҮРЭМ
Бүлэг: 1979
Монгол улсын Батлан хамгаалахын сайдын
1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 03 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүнд орж цэргийн жинхэнэ алба хаах журмыг энэхүү дүрмээр тодорхойлно. Монгол Улсын хуулиар тогтоосон офицерын цэргийн цол авсан Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүнд хамаарна. Зэвсэгт хүчний офицер нь төрийн онцгой албан хаагч бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн тангараг, дүрэмд заасан үүрэг, хариуцлагыг хүлээж, эрх хангамжийг эдэлнэ. Зэвсэгт хүчний офицерт цэргийн цол олгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс баталсан дүрмийг баримтална.
Хоёр. Монгол Улсын иргэнийг офицерын албанд авах, гэрээ байгуулах
Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын албанд дор дурьдсан хүмүүсийг авч ажиллуулна.
•         цэргийн дээд, дунд сургууль төгсөгч;
•         иргэний их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль, коллеж төгссөн 40 хүртэл насны иргэн;
•         иргэний их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн офицерын албанд ажиллахыг хүссэн цэрэг, түрүүч, ахлагч;
•         дайчилгаагаар буюу өөрийнхөө хүсэлтээр офицерын албанд ирсэн 40 хүртэл настай дунд, 45 хүртэл настай ахлах бэлтгэл офицерууд;
•         ахлагчийн сургууль төгссөн, цэргийн мэргэжлийн өндөр зэрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 5-аас доошгүй жил цэргийн алба хаасан ахлагч нар;
офицерын албанд анх орж ажиллах иргэн нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна.
•         цэргийн хэргийн мэдлэгээр мотобуудлагын салааны тактикийн ажиллагааг удирдан зохион байгуулах онолын мэдлэгтэй байх;
•         үндсэн мэргэжлээрээ мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй байх;
•         цэргийн хууль, тангараг, дүрмийг бүрэн судалж мэдсэн байх;
•         зан суртахууны хувьд төлөвшсөн, элдэв гаж буруу зуршилгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байх;
•         биеийн тамир, буудлагын зэвсгийн болон бусад тогтоосон нормативыг биелүүлж чаддаг байх;
•         биеийн эрүүл мэндээр офицерын албанд бүрэн тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр батлагдсан, өндөр нь 160 см-ээс доошгүй байх;
Офицерын албанд анх орж байгаа, цэргийн сургууль төгсөөгүй иргэнтэй цэргийн бэлтгэлээр 4 долоо хонон хүртэл хугацаагаар сургалт явуулж шалгалт авч, тэнцвэл офицерын албанд ажиллуулна.
Офицерын албанд ажиллах бүх иргэдтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд дараах зүйлийг тусгана:
а/  алба хаах хугацаа
б/  гэрээний хугацаанд ажиллах анги, салбар, албан тушаал, хугацаа, мэргэжил эзэмшүүлэх сургууль, мэргэшүүлэх түр сургалт;
в/ гэрээ байгуулсан талуудын хүлээх үүрэг;
г/   гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талуудын хүлээх хариуцлага;
Цэргийн сургуульд орж байгаа хүмүүстэй уг сургуульд суралцах, төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил Зэвсэгт хүчний анги, байгууллагад ажиллах хугацааны гэрээг элсэхэд нь байгуулна.
Бэлтгэлээс болон иргэний сургууль төгсөөд офицерын албанд ажиллах иргэнтэй 5-аас доошгүй жил ажиллах, цэргийн академид суралцах офицертой Зэвсэгт хүчинд нийтдээ 25-аас доошгүй жил ажиллах гэрээг сургуульд элсэх үед нь байгуулна.
Харин сургууль, дамжаа төгссөн үед офицертой байгуулсан гэрээг шинэчилж болно.
Боловсон хүчний байгууллага, мэргэжлийн газар, хэлтэс, албад, хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулах бөгөөд тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий сайд, дарга нар уг гэрээг батална. Гэрээг нэг хувь үйлдэж, тухайн офицерын хувийн хэрэгт хадгална. Шаардлагатай гэж үзвэл гэрээг нотариатаар батлуулж болно.
Гурав. Офицерыг томилох, дэвшүүлэх, шилжүүлэх
Иргэнийг офицерын албанд авах, офицерыг томилох, шилжүүлэх, офицерын албанаас халах асуудлыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар гүйцэтгэнэ. Батлан хамгаалахын сайд нь эрх бүхий албан тушаалтнуудад тэдний харьяаны анги байгууллагын офицерыг дотроо нэгээс нөгөөд томилох, шилжүүлэх, халах эрх олгож болно. Офицерыг албан тушаал дэвшүүлэхдээ, гэрээний биелэлт, ажлын үр дүн, сахилга хариуцлагын байдлыг харгалзан, томилох албан тушаалын шаардлагыг хэрхэн хангаж байгааг дараах үндсэн асуудлаар шалган шалгаруулах замаар томилно:
•         тухайн албан тушаалд ажиллахад шаардагдах мэргэжил боловсролын түвшин;
•         томилох албан тушаалын ажил үүргийн мэдлэг, түүнийг хэрэгжүүлэх, бүрэн хариуцаж явуулах чадвар, дадлага туршлага;
•         сахилга хариуцлага, гүйцэтгэгч чанар, хувийн үлгэр жишээч байдал
Анги, байгууллага нь албан тушаал дэвшүүлэн томилох, офицерыг захирагч дарга нарынхаа зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гэрээнд заасан үүрэг, албан тушаал дэвшүүлэх үндсэн шаардлагыг хэрхэн ханга байгаа талаар тодорхойлолт гарган БХЯ-ны боловсон хүчний байгууллагад уламжилна. Боловсон хүчний байгууллага дэвшүүлэх хүмүүсийн тодорхойлолтыг нэгтгэн судалж, шаардлагатай бол газар дээр нь шалгалт авч, санал дүгнэлт гаргана. Шалгалтыг боловсон хүчний хэлтэс, мэргэжлийн газар хэлтэстэй хамтран зохион байгуулна. Дэвшин томилогдож байгаа офицеруудыг тухайн албан тушаалд ажиллахад шаардагдах цэргийн хэргийн болон мэргэжлийн бэлтгэл олгох зорилгоор томилогдохын өмнө албан тушаалын дамжаанд заавал сургана. Тусгай батальоны захирагч, байгууллагын дарга, түүнээс дээш албан тушаалд томилох офицерыг мэргэжлийн газар, хэлтэс, хариуцсан дэд сайдад танилцуулан санал авч, Батлан хамгаалахын сайдын зөвлөлд биеэр оруулж, бусад офицерыг холбогдох сайд, дарга нарт танилцуулан шийдвэрлүүлнэ. Цэргийн сургууль төгсөж ирсэн иргэнийг сайдын зөвлөлд биеэр оруулж, зохих албан тушаалд томилно. Харин цэргийн сургууль төгсөөгүй буюу бэлтгэлээс авч байгаа иргэнийг офицерын албан тушаалд томилохдоо энэ дүрмийн 6 дугаар зүйл болон шалгуур үзүүлэлтийн шаардлагын дагуу шалгалт авч, тэнцвэл сайдын зөвлөлд танилцуулан томилно. Офицерыг зөвхөн орон тооны өөрчлөлт, ажлын зайлшгүй шаардлага, ар гэрийн онцгой гачигдлын улмаас ижил албан тушаалд шилжүүлэн томилж болно. Тухайн албан тушаалд ажиллах хугацаа дууссан боловч дэвшин томилогдож чадаагүй офицерыг цэргийн албанаас халах буюу ажлын үр дүн үзүүлэлт, хувийн хүсэлтийг харгалзан гэрээг 3 хүртэл жил сунган уг албан тушаалд ажиллуулж болно. Гэрээнд заасан хугацааг дуусгасан, цаашид гэрээг сунган ажиллах хүсэлгүй офицерыг цэргийн албанаас бэлтгэлээр хална.
Дөрөв. Офицерт амралт, чөлөө олгох
Офицеруудад Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу дор дурьдсан амралт чөлөө олгоно:
•         ээлжийн амралт;
•         өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөө;
•         ар гэрийн гачигдлын түр чөлөө;
•         орой эчнээ сургуульд элсэх, суралцах, анги дэвших, төгсөх чөлөө;
•         сургуульд суралцах хугацааны өвөл, зуны амралт;
•         эмэгтэй офицерт жирэмсний болон амаржсаны, хүүхдээ 2 нас хүртэл асрах түр чөлөө;
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т заасны дагуу офицеруудад ээлжийн болон нэмэгдэл амралт олгоно. Амралтаараа орон нутагтаа ирж очиход зайлшгүй шаардагдах хоногийг анги, байгууллага хүн нэг бүрт тогтоож, амралтын хоног дээр нь нэмж олгох бөгөөд тэр нь ажлын 10 өдрөөс ихгүй байна. Өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөөг цэргийн болон орон нутгийн эмнэлгийн эмч нарын магадалгаа, дүгнэлтийг үндэслэн анги, байгууллагын захирагч дарга нар олгох бөгөөд эмчлүүлэх хугацаа 13 долоо хоногоос ихгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх удаа өвчлөхөд эмчлүүлэх хугацаа 26 долоо хоногоос ихгүй байна. Энд зааснаас илүү хугацаагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд уг офицерыг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлнө. Офицерт ар гэрийн гачигдлын учир 7 хүртэл хоногийн цалинтай, 26 хүртэл хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа анги, байгууллагын захирагч дарга нар тушаал гарган олгож болно.
Тав. Офицерыг цэргийн жинхэнэ албанаас халах
Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн офицерыг цэргийн жинхэнэ албанаас Батлан хамгаалахын сайдын тушаалаар халж, бэлтгэл, чөлөөнд гаргана. Цэргийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтээр тайван цагт цэргийн жинхэнэ албанд тэнцэхгүй нотолгоо гарсан, группт орсон офицерыг цэргийн албанаас өвчний учир хална. Группийн хугацаа дууссан офицер дахин офицерын албанд ажиллах хүсэлт гаргавал түүнийг цэргийн эмч нарын үзлэгт оруулж, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх тухай дүгнэлт гарсан тохиолдолд гэрээ байгуулан авч ажиллуулна. Мэргэжил, чадвар, сахилга хариуцлагын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй, гэрээгээр хүлээсэн үүрэг, цэргийн дүрэм, сахилгыг удаа дараалан зөрчсөн офицерыг анги, байгууллагын захирагч, дарга, мэргэжлийн газар, хэлтсийн албан ёсны тодорхойлолт, дүгнэлтийг үндэслэн цэргийн албанаас хална.
Офицерын албанд мэргэжил чадвар, сахилга хариуцлагаар тэнцэхгүй халагдаж байгаа офицероор гэрээнд заасан төлбөрийг төлүүлнэ.
Гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн офицерыг шүүхийн тогтоол гарсан өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас хална. Гэмт хэрэг үйлдсэний улмаас мөрдөгдөж ажил хийгээгүй хугацааны цалин бусад хангамжийг офицерт олгохгүй. офицерыг ар гэрийн зайлшгүй гэж үзэх гачигдал, өөрийн хүсэлтээр зөвхөн гэрээний хугацаа дуусах үед хална. Гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр халагдах тохиолдолд гэрээнд заасны дагуу материалын хариуцлага хүлээлгэсний дараа халах асуудлыг шийдвэрлэнэ. Офицер нь энгийн их, дээд сургууль, коллежийн өдрийн үндсэн ангид элсэн суралцвал түүнийг цэргийн албанаас халах бөгөөд уг сургуулиа төгссөний дараа офицерын албанд авч ажиллуулна. Офицерыг цэргийн жинхэнэ албанаас халахдаа албан ёсны тодорхойлолт буюу өргөдлийг авч боловсон хүчний байгууллага биечлэн уулзаж шийдвэрлэнэ. Халагдаж байгаа офицерт тооцоо дууссан тухай анги, байгууллагаас албан тодорхойлолт ирүүлсний дараа хөдөлмөрийн дэвтэр, бэлтгэл офицерын үнэмлэхийг бичиж олгоно. Офицер нь халагдах, тэтгэвэрт гарах хүсэлтээ анги, байгууллагынхаа захирагч, даргаар уламжлуулан харъяалах дээд шатны боловсон хүчний байгууллагад бичгээр гаргана. Боловсон хүчний байгууллага уг өргөдөл, хүсэлтийг мэргэжлийн газар, хэлтэс, хариуцсан дэд сайдад танилцуулан санал авч хариуг ажлын 26 хоногийн дотор дотор өгнө.
Зургаа. Бэлтгэл болон чөлөөнд байгаа офицерын бүрэлдэхүүний цэргийн алба
Бэлтгэлд байгаа офицерын бүрэлдэхүүний цэргийн бэлтгэл, мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу сургуулийн цугларалт явуулна.
Батлан хамгаалах яам сургуулийн цугларалтад оролцох хүмүүсийн тухай цугларалт эхлэхээс 14 хоногийн өмнө холбогдох аймаг, хотын засаг даргын Тамгын газар, үйлдвэр, албан байгууллагад мэдэгдэнэ. Уг байгууллага бэлтгэл офицерыг сургуулийн цугларалтад саадгүй оруулах үүрэг хүлээнэ.
Сургуулийн цугларалтад орох бэлтгэл офицер өөрөө буюу шууд асрамжид байгаа хүн өвчилснөөс бусад тохиолдолд цугларалтаас чөлөөлөгдөхгүй. Хэрэв чөлөөлөх шаардлага гарвал зөвхөн Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын тушаалаар чөлөөлнө. Сургуулийн цугларалтад татагдсан бэлтгэл офицерт хууль тогтоомжид заасны дагуу зохих хангалт олгоно. Цэргийн жинхэнэ албыг 25 жилээс дээш хугацаагаар үр бүтээлтэй хааж, бэлтгэл, чөлөөнд гарсан офицерт алба хааж байх үедээ хэрэглэж байсан цэргийн дүрэмт хувцсаа хэрэглэхийг зөвшөөрнө. Бэлтгэлд болон чөлөөнд байгаа офицер цэргийн цолны өндөр нэр хүндийг гутаавал тэдний дүрэмт хувцас хэрэглэх эрхийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар хасна.