A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АХЛАГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААХ ДҮРЭМ
Бүлэг: 1979
Монгол улсын Батлан хамгаалахын сайдын
 1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн
03 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АХЛАГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААХ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчинд гэрээгээр ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах журмыг энэхүү дүрмээр тодорхойлно. Монгол Улсын хуулиар тогтоосон цэргийн цолыг авсан Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнд хамаарна. Зэвсэгт хүчний ахлагч нь Монгол Улсын хууль, тогтоомж, цэргийн тангараг, дүрмүүдэд заасан үүрэг хариуцлагыг хүлээж, эрх хангамжийг эдэлнэ. Зэвсэгт хүчний ахлагчийн албан тушаалд томилогдсон хүмүүст ахлагчийн анхны болон ээлжит цолыг олгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан дүрмийг баримтална.
Хоёр. Ахлагчийн алба хаалгах, гэрээ байгуулах
Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн албанд дор дурьдсан хүмүүсийг авч ажиллуулж алба хаалгана.
а/  ахлагчийн болон хөгжмийн сургууль, мэргэжлийн дамжаа төгссөн иргэн;
б/  цэргийн их сургуулийн шаталсан сургалтаар зохих анги төгсөж мэргэжил эзэмшиж ахлагчийн албанд ажиллахыг хүссэн сонсогч;
в/  иргэний их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль, коллеж төгссөн 35 хүртэл насны иргэн;
г/   цэргийн жинхэнэ албыг 8 сараас дээш хугацаагаар хааж, цэргийн мэргэжил эзэмшсэн байлдагч, түрүүч;
д/  40 хүртэл настай бэлтгэл дунд офицер;
е/  35 хүртэл настай, 1 дүгээр зэргийн цэргийн үүрэгтэй;
ж/  30 хүртэл настай албан тушаалын зохих мэргэжилтэй эмэгтэйчүүд;
Ахлагчийн албанд орж ажиллах хүмүүс нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна:
а/  цэргийн жинхэнэ албыг хаасан буюу цэргийн зохих мэргэжил эзэмшсэн байх;
б/  Зэвсэгт хүчний талаар гарсан Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэр, цэргийн тангараг, дүрэм, тухайн албан тушаалынхаа ажил үүргийг бүрэн судалж мэдсэн байх;
в/  үндсэн мэргэжлээрээ 3-аас дээш зэрэгтэй байх;
г/   биеийн тамир, буудлага, зэвсгийн болон бусад тогтоосон нормативыг биелүүлж чаддаг байх;
д/  биеийн эрүүл мэндээр ахлагчийн албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр батлагдсан, биеийн өндөр 160 см-ээс доошгүй байх;
е/  ахлагчийн албыг гэрээний дагуу тогтвор суурьшилтай хаах үнэнхүү хүсэл эрмэлзэлтэйн дээр цэргийн албаны онцлогт хувийн ажил амьдралаа зохицуулан ажиллаж чадах;
ж/  иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу цэргийн албан хаагчийн давуу эрх, хөнгөлөлт эдэлж, эрх зүйн зарим хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсөн байх;
з/  Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал, анги, байгууллагын зохион байгуулалт, мэргэжлийн онцлогийг харгалзан эзэмшсэн мэргэжлээрээ цэргийн аль ч хүрээ, хотхон ангид ажиллах;
и/  зан суртахууны хувьд төлөвшсөн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байх;
Ахлагчийн албанд анх орж алба хаахыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлж, боловсон хүчний байгууллага, мэргэжлийн газар, хэлтэс, албанд танилцуулж шийдвэрлүүлнэ. Үүнд: иргэний паспорт, өргөдөл, хөдөлмөрийн дэвтэр, мэргэжил, боловсролын үнэмлэх, эрүүл мэндээр ахлагчийн албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт, 3х4 хэмжээний гэрэл зураг 4 ширхэг, ажил байдлын тодорхойлолт. Боловсон хүчний байгууллага энэ дүрмийн 6 дугаар зүйлд заасан үндсэн шаардлагуудыг хангаж, ахлагчийн албан тушаалд томилогдох иргэнтэй гэрээ байгуулж, алба хаах бүртгэл хөтөлж, хувийн хэрэг бүрдүүлэн зохих шийдвэр гаргаж, хувийн үнэмлэх олгоно. Ахлагчийн албанд ажиллах иргэнтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд дараах үндсэн зүйлүүдийг тусгана.
•         алба хаах хугацаа;
•         гэрээний хугацаанд ажиллах анги, албан тушаал;
•         олгох цалин, хангамж;
•         суралцах сургууль, дамжаа;
•         гэрээ байгуулсан талуудын хүлээх үүрэг;
•         гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд талуудын хүлээх хариуцлага;
Ахлагчийн болон цэргийн мэргэжлийн сургууль, дамжаанд элсэн суралцаж байгаа иргэнтэй суралцах, төгсөөд алба хаах талаар гэрээ байгуулна. Гэрээний анхны хугацаа нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 5-аас доошгүй жил байна. Сургууль төгсөх, албан тушаал дэвших, буурах, шилжин томилогдоход гэрээг шинэчлэн байгуулж болно. Боловсон хүчний байгууллага, мэргэжлийн газар, хэлтэс, албад, анги, байгууллага нь ахлагчаар алба хаах иргэнтэй биечлэн уулзаж, судлан харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулах бөгөөд тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан батална. гэрээний заалтууд батлагдсан өдрөөс хүчинтэй байна. Гэрээг 2 хувь үйлдэж, боловсон хүчний байгууллага, томилогдсон ангийн штаб тус тус хадгалж, биелэлтийг жил бүр дүгнэж байна. Гэрээг захиргааны болон гэрээ байгуулагч хувь хүний санаачилгаар хугацааны өмнө цуцалж болно. Гэрээг цуцлахдаа талуудын үүргийн биелэлтийг дүгнэж хүлээх хариуцлагыг тооцно.
Гурав. Ахлагчийн сургалт, нөхөн хангалт
Зэвсэгт хүчний ахлагчийн орон тооны нөхөн хангалтын байдлыг харгалзан төрөл мэргэжлийн газар, хэлтэс, ахлагчийг бэлтгэх, нөхөн хангах ойрын болон хэтийн төлөвлөгөө мөрдөж ажиллана. Боловсон хүчний байгууллага нь мэргэжлийн газар, хэлтсийн төлөвлөгөө, захиалгыг үндэслэн Зэвсэгт хүчний анги, байгууллагын мэргэжлийн ахлагчийг бэлтгэж, нөхөн хангах төлөвлөгөөг яамны хэмжээнд боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Ахлагч нарыг бэлтгэх тогтолцоо, ахлагчийн сургуульд иргэдийг элсүүлэн сургах журам, боловсон хүчний байгууллагын захиалгыг үндэслэн мэргэжлийн газар, хэлтсээс боловсруулж батлуулсан мэргэжлийн тодорхойлолт, хөтөлбөрийн дагуу элсэлт, сургалтыг зохион байгуулж, ахлагч нарыг бэлтгэх, давтан сургах ажлыг Цэргийн их сургууль хариуцна. Гэрээнд хүлээсэн үүргийн биелэлт, ажлын шаардлага, хувь хүний хүсэлт зэргийг харгалзан гэрээний анхны хугацаа дууссан үед буюу цаашид 5 жил тутамд ахлагчийг мэргэжлийн анги, ахлагчийн сургуульд мэргэжил дээшлүүлэх зэрэг ахиулах сургалтаар давтан бэлтгэнэ. Мэргэжил дээшлүүлэх сургалт, сургуулийн жилийн төгсгөлийн болон мэргэжлийн зэрэг ахиулах шалгалт, ажил мэргэжлийн түвшин тогтоох үзлэг, мэргэжлийн уралдаан тэмцээний дүн зэргийг харгалзан мэргэжлийн зэргийг ахиулж болно. Батлан хамгаалахын сайдын баталсан цэргийн мэргэжлийн зэрэг, мөнгөн шагнал, олгох зааврыг үндэслэн ахлагчид мэргэжлийн зэрэг, мөнгөн шагналыг олгоно. ЦИС, Ахлагчийн сургууль болон цэргийн мэргэжлийн сургуульд элсэн суралцсан ахлагчид сонсогчийн тэтгэлэг олгож, цолны болон удаан жилийн нэмэгдэл, хувцасны хангалтыг хэвээр эдлүүлнэ. Мэргэжил дээшлүүлэх, хос мэргэжил эзэмших дамжаанд суралцах хугацаанд албан тушаалын цалин, хангамжийг үндсэн ангиас нь бүрэн олгоно. Анги, байгууллагын нэр дээр суралцаж байгаа ахлагчийн сургалтын зардлыг тухайн анги төлнө.
Дөрөв. Ахлагчийг томилох, дэвшүүлэх, шилжүүлэх
Ахлагчийн албанд гэрээгээр авч ажиллуулах, өөр албан тушаалд шилжүүлэх, ахлагчийн албанаас халах асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын дэд сайд, Улсын Иргэний хамгаалалтын газрын болон Барилгын цэргийг удирдах газрын дарга, эрх олгосон бусад албан тушаалтан шийдвэрлэнэ. Ахлагчийг албан тушаал дэвшүүлэхдээ тэдэнтэй байгуулсан гэрээний биелэлт, ажил, мэргэжлийн байдал, дэвшин ажиллах үндсэн шаардлагыг хангаж байгаа зэргийг харгалзан шалгаруулах замаар томилно. Гэрээнд заагдсан үүргээ биелүүлж, 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан ахлагчийг зохих албан тушаалд дэвшүүлнэ. Харин Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний алба хаах дүрмийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан ахлагчийг албан тушаалын зохих дамжаанд сургасны дараа офицерын албанд дэвшүүлж болно. Албан тушаал дэвшүүлэн томилох ахлагчийг анги, байгууллага нь захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гэрээний биелэлт, албан тушаал дэвшүүлэх үндэслэл, шаардлагыг хэрхэн хангасан тухай ажил байдлын тодорхойлолтыг гаргаж боловсон хүчний байгууллагад уламжилна. Боловсон хүчний байгууллага, ахлагчийн тодорхойлолтыг судлан хэлэлцэж, зохих шалгуур үзүүлэлтээр шалгалт авч санал, дүгнэлт, шийдвэр гаргана. Цэргийн сургууль, төгсөгчдийг мэргэжлийн газар, хэлтэстэй харилцан боловсон хүчний байгууллага ахлагчийн албан тушаалд шууд томилно. Харин цэргийн сургууль төгсөөгүй буюу бэлтгэлээс ахлагчийн албан тушаалд томилохдоо энэ дүрмийн 6 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийн шаардлагын дагуу шалгалт авч тэнцсэн иргэнийг албан тушаалд томилно. Мэргэжилд нь дадлагажуулах, ажил хэрэгч байдлыг нь судлах зорилгоор тухайн анги, байгууллагын захирагч, даргын тушаалаар зарим иргэдийг ахлагчийн орон тоонд энгийнээр 3 сараас нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулж болно. Гэрээний хугацаа дуусгаад зохих шаардлагыг хангаж тэнцсэн бол ахлагчаар алба хаалгана. Шаардлага хангаагүй бол ажлаас нь хална. Ахлагчийг эзэмшсэн мэргэжлийн дагуу анги, салбарт нь гэрээг сунгаж аль болох тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого баримтална. Ахлагчийг зөвхөн орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, ажил мэргэжлийн шаардлага, эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдлын улмаас ижил албан тушаалд шилжүүлэн томилж болно.
Тав. Ахлагчид амралт, чөлөө олгох
Ахлагчид Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу дор дурьдсан амралт чөлөө олгоно:
•   ээлжийн болон нэмэгдэл амралт
•   өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөө
•   ар гэрийн гачигдлын түр чөлөө
•   орой эчнээ сургуульд элсэх, анги дэвших, төгсөх шалгалт өгөх чөлөө
•   сургуульд суралцах хугацааны өвөл, зуны амралт
•   эмэгтэй ахлагч нарт жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө.
Ахлагчид Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т заасны дагуу ээлжийн болон нэмэгдэл амралт олгоно. Амралтаараа орон нутагтаа очиж, ирэхэд зайлшгүй шаардагдах, хоногийг анги, байгууллага, хүн нэг бүрт тогтоож, амралтын хоног дээр нь нэмж олгоно. Тэр нь ажлын 10 өдрөөс ихгүй байх бөгөөд цалинтай байна. Өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөөг цэргийн их эмч нарын комиссын магадалгаа, дүгнэлтийг үндэслэн анги, байгууллагын захирагч, дарга нар олгох бөгөөд эмчлүүлж сувилуулах нийт хугацаа нь 13 долоо хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчилбөл 26 долоо хоног байж болно. Ахлагчид ар гэрийн гачигдлын учир 7 хүртэл хоногийн цалинтай, 26 хүртэл хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа ажлын өдрөөр тооцон анги, байгууллагын захирагч дарга нар тушаал гарган олгож болно.
Зургаа. Ахлагчийг цэргийн албанаас халах
Гэрээний хугацаа дууссан ахлагчийг Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 5 дах заалтыг үндэслэн томилолтын эрх бүхий дарга нар цэргийн жинхэнэ албанаас халж, бэлтгэл чөлөөнд гаргана. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д заасан ахлагчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон мөн зүйлийн 2-т заасны дагуу цэргийн жинхэнэ албыг хаалгахаар сунгасан хугацаа дууссан тохиолдолд захиргааны санаачилгаар гэрээг цуцалж, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр хална. Цэргийн их эмч нарын комиссын дүгнэлтээр тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй болсон буюу тахир дутуугийн группт орсон ахлагчийг биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас бэлтгэлээр хална. Эмчилгээ хийлгэж, эдгэрч группийн хугацаа дууссан ахлагч дахин ахлагчийн албанд ажиллах хүсэлт гаргавал түүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, цэргийн албанд тэнцэх тухай дүгнэлт, хуульд заасан насны хязгаарыг харгалзан гэрээ байгуулан авч ажиллуулна. Орон тоо нь хасагдсан тохиолдолд мэргэжлийн, тэнцэх албан тушаалын ажилд шилжүүлэн томилох боломжгүй бол орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийн учир бэлтгэлээр халж болно. Мэргэжил, чадвар, сахилга хариуцлагын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болон цэргийн сахилгыг удаа дараалан зөрчсөн ахлагчийг мэргэжлийн газар, хэлтэс, албад болон анги% байгууллагын захирагч даргын санал, ажил байдлын тодорхойлолтыг үндэслэн цэргийн албанаас хална. Гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ахлагчийг шүүх хурлын тогтоол гарсан өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас хална. Гэмт хэрэг үйлдсэний улмаас мөрдөгдөж ажил хийгээгүй хугацааны цалин бусад хангамжийг олгохгүй. Ахлагчийг ар гэрийн гачигдал, өөрийн хүсэлтээр гэрээний хугацаа дууссан үед хална. Гэрээний хугацаа дуусахаас өмнө энэ шалтгаанаар халагдахыг хүсвэл гэрээнд заасны дагуу материалын хариуцлага хүлээлгэсний дараа халах асуудлыг шийдвэрлэнэ. Цэргийн их сургуульд элсэн суралцвал ахлагчид цол, удаан жилийн нэмэгдэл бусад хангамжийг эдлүүлнэ. Харин зохих журам, байгууллагын зөвшөөрснөөр иргэний их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид элсэн суралцвал цэргийн албанаас бэлтгэлээр хална. Цэргийн албыг 25-аас дээш жил хаасан ахлагчийг ажлын байдал, санал хүсэлтийг нь харгалзан тухайн оны ээлжийн амралтбг нь эдлүүлж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, цэргийн албанаас бэлтгэлээр хална. Амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд ажилласан хугацааны амралтын цалинг бодож олгоно. Ахлагчийг цэргийн жинхэнэ албанаас халахдаа анги, байгууллагаас гаргасан ажил байдлын тодорхойлолт, хувийн өргөдөл, хүсэлт, холбогдох бусад бичиг баримтыг үндэслэн боловсон хүчний байгууллагаас тухайн хүнтэй биечлэн уулзаж шийдвэрлэнэ. Халагдаж байгаа ахлагчийн ажлыг хүлээлцүүлэн тооцоо дуусгасан тухай анги, байгууллагаас албан тодорхойлолт боловсон хүчний байгууллагад ирүүлсний дараа түүнд хөдөлмөрийн дэвтэр, бусад баримт бичгийг олгоно. Ахлагч нь халагдах, тэтгэвэр тогтоолгох тухайгаа тодорхой илэрхийлсэн өргөдлөө анги, байгууллагынхаа захирагч, даргаар уламжлан боловсон хүчний байгууллагад бичгээр гаргана. Боловсон хүчний байгууллага уг өргөдөл, хүсэлтийг судлан үзэж, мэргэжлийн газар, хэлтэс, албадтай харилцан танилцуулж, санал шийдвэрээ тохиролцож хариуг ажлын 26 хоногийн дотор эзэнд нь өгнө. Цэргийн мэргэжлийн мастерын зэрэгтэй ахлагчийг энэ дүрмийн 38, 39, 40, 45 дугаар зүйлд заасан шалтгаанаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдах үед нь офицерын анхны цол олгож, дайчилгааны даалгавраар офицерын албан тушаалд оногдуулан данслах эрхийг Батлан хамгаалахын сайд эдэлнэ.
Долоо. Ахлагчийн бэлтгэл алба
Ахлагч 50 нас хүртэл бэлтгэлд байж болно. Бэлтгэлд байх нас хэтэрсэн, биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй тухай эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл ахлагчийг чөлөөнд гаргаж, бүртгэлээс хасна. Бэлтгэл ахлагчийн цэргийн жинхэнэ алба, хаасан бүртгэл, хувийн хэргийг Зэвсэгт хүчний ерөнхий штабт хадгална. Ахлагч нь орон нутгийн цэрэг иргэний хамгаалалтын штабт бэлтгэлээр халагдсан тухайгаа 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд цаашид жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлж байна. Дайчилгааны болон хээрийн сургууль цугларалтад ахлагчийн цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу оролцуулах бөгөөд мэргэжлийн газар, хэлтсээс Зэвсэгт хүчний ерөнхий штабын жил бүрийн төлөвлөгөөнд тусган зохион байгуулна. Дайчилгааны болон хээрийн сургууль цугларалтад үүргээ онц дүнтэй биелүүлсэн бэлтгэл ахлагчид Батлан хамгаалахын сайдын тушаалаар офицерын анхны цол олгож, бэлтгэлээр халж болно. Бэлтгэлээр халагдсан ахлагчийн иргэний паспортод ахлагчийн алба хаасан тухай тэмдэглэл хийж, бүртгэл хөтлөх, чөлөөнд гаргах ажлыг боловсон хүчний байгууллага гүйцэтгэнэ.