A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛС ХООРОНДЫН АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

Дэд бүтцийн сайдын 2002 оны 293 тоот тушаалын хавсралт
 
Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг олгох журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.            Монгол Улсын Засгийн газраас холбогдох улсуудын Засгийн газартай байгуулсан олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр, түүнийг мөрдөх тухай протокол, хэрэгжүүлэх нарийвчилсан журам, өөрийн орны болон хөрш зэргэлдээ орны хууль дүрэм, журмыг хүндэтгэн сахих, тээврийн үйлчилгээний соёл, зохион байгуулалтыг сайжруулах, хөрш орнуудад улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичиг олгох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.            Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг "БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээр"-ийн Гурав, Тавдугаар зүйл, "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн Дөрөв, Зургадугаар зүйл, түүнчлэн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр гаргасан нарийвчилсан журам, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 229 дүгээр тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм", энэхүү журмын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр олгоно.
3.            Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг нь хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийн ангилал бүрээр дор дурьдсан ялгаатай байна.
а/. БНХАУ-д тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг нь:
•         "С" төрлийн-ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг
•         "В" төрлийн-албан ажлаар явах суудлын автомашины зөвшөөрлийн бичиг
•         "А" төрлийн-нийтийн зорчигч тээврийн байнгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн бичиг
•          "СМТ" төрлийн-албан ажлын зориулалттай автомашин улсын хилээр олон дахин орж, гарах тусгай зөвшөөрлийн бичиг
б/. ОХУ-д тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл нь:
•         Хоёр талын ачаа тээвэрлэх гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг
•         Гуравдагч оронд буюу гуравдагч орноос ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичиг
•          Зорчигчдын байнгын бус тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг
Хоёр. Зөвшөөрлийн бичиг олгоход тавигдах шаардлага
4.            Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг дараах шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгоно. Үүнд:
а/ улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл, техникийн улсын үзлэгт хамрагдсан, албан татвар, даатгалыг бүрэн төлсөн байх;
б/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь зорчигчдыг ая тухтай, осол зөрчилгүй зорчих нөхцөл бүрдүүлсэн, "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS4598-98", "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Тодорхойлолт, Ангилал, Ерөнхий шаардлага MNS5012:2001" стандартуудын шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэлтэй байх;
в/ улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл хүссэн албан бичиг, хамт явах хүмүүсийн нэрсийг бичгээр гаргасан байх;
г/ тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, итгэмжлэх, жолоочийн үнэмлэх, талонтай байх.
5.           Зөвшөөрлийн бичгийг тээвэрлэлт гүйцэтгэх явалт бүрт нэг удаа хэрэглэхээр олгох ба нэг тээврийн хэрэгсэлд бөөнөөр олгохгүй. "А" ба "СМТ" төрлийн зөвшөөрлийн бичгийг Дэд бүтцийн яамтай тохирсны дагуу нэг жилийн хугацаатай олгоно.
6.           Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг авахдаа тээврийн төлөөлөгчдийн жил бүрийн уулзалтаар харилцан тохиролцсон тариф, Автотээврийн газрын даргын тушаалаар батлагдсан үйлчилгээний хөлс төлнө.
Гурав. Аймаг, орон нутгийн Тээвэр зохицуулалтын албадад зөвшөөрлийн бичиг олгоход тавигдах шаардлага
7.            Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг Тээврийн газар, аймгуудын Засаг даргаас эрх олгосон Тээвэр зохицуулалтын албад болон орон нутагт тээвэр зохицуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн төлөөлөгчийн газарт Автотээврийн газрын даргын баталсан cap, улирлын хуваарийн дагуу олгоно.
8.            Тээвэр зохицуулалтын албад болон өөрийн төлөөлөгчийн газар нь cap, улирлын хуваарийн дагуу авсан зөвшөөрлийн бичгийн зарцуулалт, түүгээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг гаргаж өгч, дараа cap, улирлын хуваарьт зөвшөөрлийн бичгийг авна. Тайлан өгөөгүй Тээвэр зохицуулалтын албадад дараа cap, улирлын зөвшөөрлийн бичгийг олгох асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулна. Үүнээс учирсан хохирол, гомдлыг тухайн Тээвэр зохицуулалтын алба хариуцна.
9.            Зөвшөөрөл олгогч алба зөвшөөрлийн бичгийн асуулт бүрийг үнэн зөв, гаргацтай, тодорхой бичиж олгох ба тээвэрлэлт гүйцэтгэсний дараа хураан авч тайланд хавсарган Автотээврийн газарт буцаан тушаана.
Дөрөв. Зөвшөөрлийн бичиг солилцох
10.       Зөвшөөрлийн бичгийг Хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээрээр харилцан тохиролцсон эрх бүхий байгууллагууд жил бүр тэнцүү тоогоор солилцоно.
11.       Солилцох зөвшөөрлийн бичгийн тоог Засгийн газар хоорондын тээврийн асуудлаарх ажлын хэсэг, төлөөлөгчдийн уулзалт, хуралдаанаар жил бүр харилцан тохиролцоно.
12.       Зөвшөөрлийн бичгүүд нь зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагуудын тамга, тэмдэг, хариуцлагатны гарын үсэгтэй байна.
Тав. Хүлээх хариуцлага
13.       Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн ашиглалтад засвартай, сэжиг бүхий хуурамч байвал хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, гэм бурууг тогтоолгож, хариуцлага тооцон ажиллахыг харьяалах хууль хяналтын байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагч хариуцна.
14.       Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг хуурамч мэдүүлэг бүрдүүлэн удаа дараа авахыг оролдсон буюу авсан нь нотлогдвол хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба шаардлагатай гэж үзвэл зөвшөөрлийн бичиг олгох асуудлыг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн, түүнд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллана.
15.       "А" ба "СМТ" төрлийн зөвшөөрлийн бичгийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд хураан авна. Дахин олгох асуудлыг Тээврийн газар шийдвэрлэх ба энэ хугацаанд гарсан хохирол, гомдлыг тухайн зөрчил бүхий зөвшөөрлийн бичиг эзэмшигч хариуцна.