- Нүүр
- Сайдын тушаал
- ҮРЖЛИЙН МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ҮНЭ ХАЯЛЦАХ ХУДАЛДАА ЯВУУЛАХ ЖУРАМ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын
1998 оны А/46 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
ҮРЖЛИЙН МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ҮНЭ ХАЯЛЦАХ ХУДАЛДАА ЯВУУЛАХ ЖУРАМ
1.1. Үржлийн шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдаа зохион байгуулахад энэ журмыг баримтлана.
1.2. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааны зорилго нь ашиг шимийн гарц, чанар эрүүл мэндээр баталгаажсан шилмэл малын үр төлийг өсгөн бойжуулж, шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгчийг аж ахуйн нэгж, иргэдэд худалдаж мал сүргийн чанарыг сайжруулахад оршино.
2.1. Үржлийн малын үзэсгэлэнд дараах чиглэлээр малыг тавьж сурталчилна:
- үр төлийг нь үнэ хаялцуулан худалдаж байгаа хээлтэгч, хээлтүүлэгч мал
- Улс, аймаг, суманд шалгарсан гойд ашиг шимт мал
- жороо, хатирч, хурдан удамтай адуу
- онцгойлж үзэх ажил эдэлгээний мал
- сургуулийн насны хүүхдийн зүслэн авч өөрөө сургаж малласан ашиг шим ихтэй мал
2.2. Үзэсгэлэнд тавигдсан малыг гарваль, ашиг шимийн гарц, чанар, бие цогцос эрүүл мэндийн үзүүлэлтийг харгалзан мэргэжлийн шүүгчид шалгаруулна.
2.3. Үзэсгэлэнд тавигдсан малаас шалгарч байр эзэлсэн малын эзэд болон уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон иргэн аж ахуйн нэгжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, мал эмнэлэг, үржлийн алба, ивээн тэтгэгчид шагнаж урамшуулна.
2.4. Сумын мал үржүүлэгчдийг мал сүргийнх нь чанар, ашиг шимийн гарцаар шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажил хийнэ.
2.5. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааг мал эмнэлэг, үржлийн албаны гол ажил болгон сум бүхэнд 8 дугаар сард зохион явуулна. Тухайн үеийн шаардлагаас хамааран үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааг өөр өөр хугацаанд зохион байгуулж болно.
2.6. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухайн сумын засаг дарга томилж ажиллуулна.
2.7. Үнэ хаялцуулах худалдаанд орох малын тоо, ашиг шимийн гол үзүүлэлт, багцлалт, дуудах анхны үнэ зэргийг худалдаа явуулах өдрөөс 30 хоногийн өмнө уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг мал үржүүлэгчид хамтран тохиролцож хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
2.8. Үнэ хаялцах худалдааг сумын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлэг үржлийн алба /УЭҮГ/ болон аж ахуйн нэгжийн мэргэжилтэн нар эрхлэн явуулах бөгөөд хашаа байр, оролцогчдын суудал, үнэ дуудах тавцан бусад шаардлагатай бэлтгэлийг хангана.
2.9. Үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаанд оролцох малын гарваль мэдэгдэж байхын зэрэгцээ ашиг шимийн гарц, чанар урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүний үнэн зөвийн баталгааг сум, дүүргийн мал аж ахуйн мэргэжлийн алба хариуцна.
2.10. Үзэсгэлэнд тавигдсан малын ашиг шимийн үзүүлэлтийг энэ зааврын 3-ын 6-д заасан дагуу гаргаж, үнэ хаялцуулах худалдаа зохион явуулсан дүнгийн хамт тухайн жилийн 9 дүгээр сарын 15-ны дотор Улсын мал үржлийн албанд ирүүлнэ.
3.1. Үнэ хаялцуулж худалдах үржлийн мал нь мэргэжлийн аргачлалаар хийсэн ангиллаар дархан, торгон ангид орсон хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төл эсвэл улс, аймаг, суманд шалгарч байр эзэлсэн гойд ашиг шимт малын үр төл байна.
3.2. Амьдын жин, өсөлт, ноос, ноолуурын гарц, чанар, сүүн ашиг шимийг мэргэжлийн арга зүйн дагуу зохих хугацаанд нь хэмжиж тодорхойлсон байна.
3.3. Тухайн малын хувийн дугаарыг биеийн тодорхой хэсэгт үзэгдэхүйц тавьсан байна.
3.4. Үнэ хаялцуулж худалдах малын гарваль, өсөлтийн эрчим зэргийг харуулах үржлийн бүртгэлийг мал үржүүлэгч өөрөө буюу мал зүйч мэргэжилтнээр хөтлүүлсэн байх
3.5. Үнэ хаялцуулж худалдах мал нь ажил эдэлгээнд сургагдсан, гаж буруу зан авиргүй, дундаас дээш тарга хүчтэй, эрүүл мал байна.
3.6. Үнэ хаялцах худалдааны явцад үржлийн малд дор дурьдсан үзүүлэлтээр мал зүйч мэргэжилтэн үнэлгээ өгнө:
- Бие цогцос, галбирын 100 баллын үнэлгээ
- Ноос, ноолуур зэрэг ашиг шимийн гарц, чанарын үзүүлэлтийг үржлийн бүртгэл болон хяналтын хэмжилт хийсэн материалыг үндэслэн тодорхойлох
- Тодорхой насанд нь хийгдсэн саалийн хугацааны сар бүрийн саамын гарц, сүүний тослог
- Төрөх үеийн болон 6, 18 сартай үеийн жин зэрэг өсөлтийн эрчмийг харуулах үзүүлэлт
- каракуль арьсны чанар
Дөрөв. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааг аймаг, нийслэлд 2-3 жил тутамд зохион байгуулах бөгөөд явуулах хугацааг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. Мөн аймаг, нийслэлд малыг үнэ хаялцуулах байнгын ажиллагаатай зах ажиллуулж болно.
Тав. Улсын болон бүс нутгийн хэмжээнд малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаа зохион явуулах ажлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны шийдвэрийг үндэслэн шаардлагатай үед хийнэ. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааг улсын хэмжээнд сум бүрээр зохион байгуулах бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх, ашиг шим ихтэй малыг шалгаруулж үржилд ашиглах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж мал үржүүлэгчдэд мэдээлэх ажлыг Хөдөө аж ахуйн газар хариуцан хэрэгжүүлнэ.
6.1. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаа зохион байгуулахад шаардагдах зардлыг уг арга хэмжээг ивээн тэтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, орон нутгийн мал аж ахуйн үржлийн албаны үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.
6.2. Үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдаанд оролцогчид нь мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний төлбөрийг Монгол Улсын Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1997 оныц "Жишиг үнэлгээний жагсаалт батлах тухай" хамтарсан 392/а.216 тоот тушаалд зааснаар сумын мал эмнэлэг үржлийн албанд төлнө.
6.3. Үржлийн баримт бичгийн үнэ, тэжээл маллагааны зардлыг уг арга хэмжээнд оролцогчид зохих үнэлгээний дагуу төлнө.
Текст томруулах
A
A
A