- Нүүр
- Сайдын тушаал
- ХИМИЙН ХОРТ БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ, ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын
1998 оны 86/А/120 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
ХИМИЙН ХОРТ БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ, ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. "Химийн хорт бодисоос хамгаалах тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 1, 13 дугаар зүйлд заасан химийн хорт бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэнэ/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох, тэдгээрт тавих шаардлага, эрх зүйн хэм хэмжээг тогтоон зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
3. Олон улсын гэрээнд өрөөр тусгагдаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад энэ журам нэгэн адил хамаарна.
4. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн химийн бодисын шинж чанарыг аюулын чадавх бүхий химийн хорт бодисын олон улсын бүртгэлийн системд хэрэглэдэг дор дурдсан нийтлэг үзүүлэлтүүдээр тодорхойлсон байвал зохино. Үүнд:
4.1. Нэршил /химийн, техникийн болон олон улсын нийтлэг нэр/;
4.2. Олон улсын бүртгэлийн дугаар (CAS ¹) болон "Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн дагуу ангилсан код;
4.3. Физик, химийн гол, өвөрмөц шинж чанар;
4.4. Хаана үйлдвэрлэсэн, яаж худалдаалагддаг;
4.5. Ямар аргаар үйлдвэрлэсэн /технологийн ямар аргаар/;
4.6. Хэрэглэгдэх зориулалт
4.7. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх
4.8. Агаар, хөрс, усанд байвал зохих хүлцэх хэмжээ
4.9. Дэгдэмхий чанар /тогтворжилт/
4.10. Хэрэглээний концентрацийн хэмжээ
4.11. Хүн, амьтны биед ямар гаж нөлөө үзүүлэх /хорт хавдар үүсгэх эд эс, дархлалын систем, үр хөврөлд нөлөөлөх, түлэх, идэх, цочроох гэх мэт/
4.12. Бусад бодистой хэрхэн урвалд орох, үйлчлэх
4.13. Тухайн бодисыг яаж таних, дээж авах, түүний шинжилгээний арга
4.14. Аюул, эрсдэл үүссэн үед авах арга хэмжээ
4.15. Тухайн бодис болон түүний хольц бүхий хаягдлыг устгах арга
4.16. Тухайн бодисын тухай олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсан онцгой нөхцөл гэх зэрэг болно.
5. Ургамал хамгаалалт, ахуйн хортон шавьжтай тэмцэх болон бордоо бусад зориулалтаар хөдөө аж ахуйд хэрэглэх химийн хорт бодисууд энэ журмаар зохицуулагдахгүй.
Хоёр. Үйлдвэрлэх зөвшөөрөл олгох
6. Химийн хорт бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:
а/ тухайн үйлдвэрлэлийг явуулахад хэрэглэх химийн бодис болон шинээр гарган авах бодисын хордуулах чанарын ангилал, шинж чанар, тэдгээрийн хүн, амьтан, байгаль орчинд үзүүлэх болох хортой нөлөөлөл, эрсдэлийг тодорхойлж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хамгаалах боломжтой тухай үндэслэл боловсруулж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулах;
б/ зохих хууль тогтоомжийн дагуу тухайн үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж дүгнэлт, шийдвэрийг хавсаргасан байх;
7. Хортой, бага хортой химийн бодисыг үйлдвэрлэх зөвшөөрлийг нийслэл, аймгийн Засаг даргын дэргэдэх химийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэнэ/-ийн дүгнэлтийг үндэслэн нийслэл, аймгийн Засаг дарга олгоно.
8. Онцгой хортой химийн бодис үйлдвэрлэх зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх химийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн /цаашид "зөвлөл" гэнэ/ дүгнэлт болон гамшиг, осолтой тэмцэх ба химийн аж үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно.
9. Химийн хортой бодисын жагсаалтад ороогүй идэмхий; галд тэсвэргүй; тэсэрч дэлбэрэх аюултай; цочроох үйлчлэлтэй болон шинэ химийн бодисыг үйлдвэрлэх бол эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хорын зэргийн тогтоолгосны үндсэн дээр зохих байгууллагаас зөвшөөрөл авна.
Гурав. Экспортлох зөвшөөрөл олгох
10. Химийн хорт бодис экспортлох зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:
а/ тухайн бодисыг олон улсын хэмжээнд болон хоёр талын хооронд худалдаалж болох эрх зүйн үндэслэл; хортой, аюултай бүтээгдэхүүнийг хил дамжуулан тээвэрлэх олон улсын Конвенци, гэрээ, хэлэлцээрийн шаардлага, түүнчлэн тухайн бодисыг экспортлоход баримтлах бусад гадаад, дотоод хүчин зүйлийг хангасан байдлын тухай үндэслэлээ боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах;
б/ нийлүүлэгч, хүлээн авагч талуудын гэрээ,хэлэлцээрийн эх буюу нотариатаар батлуулсан хувь, холбогдох бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх.
11. Хортой, бага хортой химийн бодисыг экспортлох зөвшөөрлийг зохих шатны Засаг даргын дэргэдэх салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нийслэл, аймгийн Засаг дарга олгоно.
12. Онцгой хортой химийн бодис экспортлох зөвшөөрлийг зөвлөл, гамшиг осолтой тэмцэх асуудал хариуцсан төрийн захиргааны болон гадаад худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно.
13. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухай бодисыг экспортлох үйл ажиллагаатай холбогдон гарах олон улсын болон дотоодын аливаа маргаантай асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
14. Химийн хорт бодисыг экспортлох олон улсын гэрээ, хэлэлцээрийн зарчмыг экспортлогч бүр баримтлан ажиллана.
Дөрөв. Импортлох зөвшөөрөл олгох
15. Химийн хорт бодис импортлох зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь шаардлагыг биелүүлнэ. Үүнд:
а/ энэ журмын нэгийн 4 дэх хэсэгт заасан тодорхойлолтыг бүрдүүлэх
б/ нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн албан ёсны хувь буюу нотариатаар батлуулсан хувь болон нийлүүлэгч орны тодорхой мэдээллийг бүрдүүлсэн байх.
в/ тухайн бодисыг олон улсын бүртгэлд бүртгэж, худалдаанд нийлүүлэхийг зөвшөөрсөн баримт бичигт тусгасан эрх зүйн баримт бичиг, үндэслэлийг тодруулсан байх.
16. Хортой, бага хортой химийн бодисыг импортлох зөвшөөрлийг зохих шатны Засаг даргын дэргэдэх салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нийслэл, аймгийн Засаг дарга олгоно.
17. Онцгой хортой химийн бодис импортлох зөвшөөрлийг зөвлөл, гамшиг осолтой тэмцэх болон импортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно.
18. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн бодисыг импортлох үйл ажиллагаатай холбогдон гарах олон улсын болон дотоодын аливаа маргаантай асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
19. Химийн хорт бодисыг импортлогч нь энэ талаар гарсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг биелүүлэх бөгөөд тухайн импортын бүтээгдэхүүнээс үүдэн гарах осол, эрсдэлийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх, аливаа осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Тав. Ашиглах, худалдах зөвшөөрөл олгох
20. Хортой, бага хортой химийн бодис үйлдвэрлэх, экспортлох, импортлох зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөл авсан нэр төрлийн бодисыг ашиглах буюу дотоодын хэрэглэгчдэд худалдаж болно.
21. Зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт бодисыг худалдах, ашиглуулахыг хатуу хориглоно.
22. Хортой, бага хортой химийн бодисыг ашиглах, худалдах шаардлага, үндэслэлээ боловсруулж, зохих шатны Засаг даргын дэргэдэх салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нийслэл, аймгийн Засаг дарга зөвшөөрөл олгоно.
23. Онцгой хортой химийн бодисыг ашиглах зөвшөөрлийг уг бодисыг ашиглах шаардлага, үндэслэлээ боловсруулан энэ журмын нэгийн 4 дэх хэсэгт заасан тодорхойлолт болон хүний эрүүл мэнд, амьтан байгаль орчинд хор нөлөөлөлгүйгээр ашиглах нөхцөл бүрдүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжид зөвлөл болон гамшиг осолтой тэмцэх асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санал дүгнэлтүүдийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
24. Онцгой хортой химийн бодис үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өөртөө илүүдэлтэй ямар нэр төрлийн бодисыг хэнд, ямар зориулалтаар, хичнээн хэмжээгээр худалдах тухай өргөдөл, үндэслэлээ гаргах бөгөөд шаардлага хангасан нөхцөлд төрийн захиргааны төв байгууллага тодорхой хугацаагаар тусгай зөвшөөрөл олгоно.
25. Тусгай зөвшөөрлөөр худалдах химийн онцгой хортой бодисыг байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчийн шууд хяналтын дор худалдаална.
26. Улс орныг батлан хамгаалах зориулалтаар сургууль, дадлага, судалгаа шинжилгээ хийх ажилд хэрэглэж байгаа онцгой хортой, хортой, бага хортой химийн бодисын ашиглалт, химийн зэвсэг үйлдвэрлэх, нөөцлөх, хэрэглэхийг хориглох, тэдгээрийг устгах тухай олон улсын Конвенцийн хяналтад орсон химийн бодисын холбогдолтой асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохицуулна.
………………….о О о……………….
Текст томруулах
A
A
A