- Нүүр
- Сайдын тушаал
- ГАХАЙН АЖ АХУЙД МӨРДӨХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын
1998 оны 6 сарын 30 ны өдрийн А| 127
Нэг. Нийтлэг үндэслэл
тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ГАХАЙН АЖ АХУЙД МӨРДӨХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ
1.1. Энэ журмын зорилт нь гахайн арчилгаа, маллагаа, тэжээллэгийн горимыг чанд сахиулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээнд сүргийг бүрэн хамруулах, улмаар мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагыг хангуулахтай холбогдуулан гарсан хууль тогтоомжийг биелүүлэх, хүн амын хэрэгцээ, үйлдвэрлэлийг чанар сайтай, аюулгүй болохыг баталгаажуулсан бүтээгдэхүүнээр хангахтай холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
1.2. Монгол улсын нутаг дэвсгэр дээр гахайн аж ахуй эрхэлдэг өөрийн орны болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллага, иргэд энэ журмын дагаж мөрдөнө.
1.3. Улсын мал эмнэлгийн хяналтын байгууллага нь гахайн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэлийн байр, техникийн нөхцөл, үйл ажиллагаа нь зохих журманд заасан мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хэрхэн хангаж байгааг магадлан шалгаж, үйлдвэрлэл эрхлэх талаар дүгнэлт гаргаж эрхийн бичиг олгоно.
Хоёр. Барилга, байгууламж, тоног төхөөрөмжид тавих мал эмнэлэг,
ариун цэврийн шаардлага
2.1. Гахайн аж ахуйн барилга байгууламжийн зураг зохиох, барих газрыг сонгон авах, барилга байгууламжийг ашиглалтанд оруулахдаа мал эмнэлгийн хяналтын байгууллагаас албан ёсны санал дүгнэлтийг гаргуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2.2. Гахайн аж ахуйн нэвтрэн өнгөрүүлэх цэгийг гол хаалганы дэргэд мал эмнэлэг ариун цэврийн нэвтрэн өнгөрүүлэх цэгийг улирлын байдлыг харгалзан хуурай, шингэн бодисоор ариутгах ариутгалын төхөөрөмжтэйгээр байгуулан 24 цагийн турш байнгын ажиллагаатай жижүүрийн болгон, үйлдвэрлэлийн бүсэд зайлшгүй нэвтрэх хүн, тээврийн хэрэгсэл бүрд ариутгал хийнэ.
2.3. Мал эмнэлэг ариун цэврийн нэвтрэх цэг нь хувцас солих, усанд орох, гар нуур угаах өрөө, угаалга, ариутгалын хэрэгсэл зэргээс бүрдэнэ.
2.4. Гахайн аж ахуй нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад шаардагдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг бүрэн хангасан, технологийн дагуу баригдсан, ажлын байр, талбай, бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
2.5. Гахайн аж ахуйн барилга, байгууламжийг өндөрлөг хуурай газрыг сонгон төв суурин газар, авто болон тууврын замаас 0.5 км ээс ойргүй зайд барьж байгуулах бөгөөд эргэн тойрондоо хамгаалалтын хашаатай, үйлдвэрлэл, аж ахуй гэсэн 2 үндсэн хэсэгтэй байна.
2.6. Үйлдвэрлэлийн бүсэд гахайн байр, тэжээх, зугаацуулах, цардмал талбай, мал эмнэлэг, ариун цэврийн нэвтрэх цэг, ажилчдын болон мал эмнэлгийн байр, ариун цэврийн нядалгааны газар байх бөгөөд харин гахайн жинлэх, ачих, буулгах төхөөрөмж нь үйлдвэрлэлийн бүсийн хязгаар дээр байрлана.
2.7. Аж ахуйн бүсэд тэжээлийн агуулах, тэжээл бэлтгэх байр, бусад аж ахуйн холбогдолтой барилга байгууламжууд байна.
2.8. Гахайн томоохон аж ахуй нь мал эмнэлгийн байр, эмч нарын өрөө, үзлэг, оношлогооны лаборатори, эм урвалж, ариутгалын бодисын агуулах, эмийн сангийн өрөөтэй байна.
2.9. Гахайн аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээнд гаднаас өвчний халдвар орох, тархах дэлгэрэхээс сэргийлж, мал эмнэлэг, ариун цэврийн хорио цээртэй горимд ажиллана. Үүнтэй уялдуулан доорх зүйлийг хориглоно:
2.9.1. Үйлдвэрлэлийн бүсэд үйлчилгээнд хамрагдахгүй гадны хүн, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх
2.9.2. Ажлын тусгай хувцастай үйлдвэрлэлийн бүсээс гадагш гарах, багаж хэрэгслийг бусдад дамжуулах
2.9.3. Эрүүл мэндийн магадлагаагүй буюу бруцеллёз, сүрьеэ зэрэг зооантропоноз өвчинтэй хүнийг ажиллуулах
2.9.4. Мал, амьтан бүхий ажиглагдсан халдварт өвчин гарвал тухайн мал, амьтан эрүүлжсэн тухай албан ёсны магадлагаа гартал уг ажилчныг ажиллуулах
2.9.5. Мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй гахайг аж ахуйд хүлээн авах
2.9.6. Хөгцөрч ялзарсан, чанар муудсан тэжээл, ариутгаагүй хүнсний хаягдал бүтээгдэхүүнийг тэжээлд хэрэглэх
2.9.7. Үйлдвэрлэлийн орчин тойронд мал, амьтан байлгах
2.10. Нядалгааны газарт ариун цэврийн шаардлагаар болон тусгай нөхцлийн дагуу гахайг нядлах, мах, дайвар бүтээгдэхүүнийг түр хадгалах, сэврээх, хүнсэнд тэнцэхгүй бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, арьс давслах, хадгалах өрөөтэй байна.
2.11. Нядалгааны байр нь халуун, хүйтэн устай, хана, шал, хаалга нь угааж, цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн, шал нь бохир ус зайлуулах сувагтай байна.
2.12. Гахайн байр нь ердийн ба зохиомол гэрэлтүүлэгээр бүрэн тоноглогдсон, дулаацуулах болон агаарын солилцооны системтэй, шал нь дулаан бага дамжуулдаг, ус нэвтэрдэггүй, ариутгалын бодист тэсвэртэй материалаар 2-3 хэмийн налуу хийгдсэн байна.
2.13. Ахуйн хэрэглээний усны системтэй байхаас гадна ажилчдад зориулсан халуун, хүйтэн усны гоожуур, шүршүүр бүхий өрөөтэй байна.
2.14. Гахайн хүүр нядалсан гахайн гэдэс дотор, бусад хаягдлыг булж устгах, битүү таглаатай бекарын нүхтэй байна.
Гурав. Гахай хүлээн авахад тавих мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл
3.1. Өвчнөөр тайван улс орон, бүс нутаг, үйлдвэр аж ахуйн газрын эрүүл гахайгаар сүрэг сэлбэж үржүүлнэ.
3.2. Гахай хүлээн авахдаа тухай улс, нутаг дэвсгэрийн халдварт өвчний эпизоотологийн байдлыг нарийвчлан судалж, шаардлагатай /гахайн ёлом, цусан халдварт/ вакцин, шинжилгээ бүрэн хийсэн эсэхийг Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч газар дээр нь очиж шалган, мал эмнэлгийн үзлэгийг толгой дараалан хийж, мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэйгээр хүлээн авна.
3.3. Хүлээн авсан гахайг 30 хоног тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтанд байлган шаардлагатай тарилга, шинжилгээ, боловсруулалтыг зохих арга зүйн дагуу бүрэн хийж, уг хугацаанд өвчний шинж тэмдэг илрээгүй нөхцөлд эх сүрэгт нийлүүлнэ.
3.4. Аж ахуйн дотроо нэг байрнаас нөгөөд гахайг шилжүүлэхдээ эрүүл мэндийн үзлэг хийж малын эмчийн хяналтан дор гүйцэтгэнэ.
3.5. Шинээр гахай хүлээн авах байранд механик цэвэрлэгээг хийж, ариутган халдваргүйжүүлж, энэ тухай хяналтын албанд мэдэгдэнэ.
Дөрөв. Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг
4.1. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон хууль, тогтоомж, тэдгээрт нийцүүлэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас гаргасан шийдвэр, мал эмнэлгийн заавар, журам, стандарт дүрмийн биелэлтийг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, биелэлтийг хангуулах үүрэгтэй.
4.2. Гахайг мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт толгой дараалан хамруулж байхын дээр үржлийн бодон, мэгжинд бруцеллёз, сүрьеэ, лептоспироз, листериоз, салмонеллёз, гельминтийн өндөг илрүүлэх шинжилгээг тогтмол явуулж, халдварт, паразиттах өвчнөөс сэргийлэх /мялзан, ёлом, цусан халдварт/ тарилга, туулгалтыг графикийн дагуу гүйцэтгэнэ.
4.3. Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтанд байх хугацаанд гахайд хийсэн оношлогоо, шинжилгээгээр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлгийн байгууллагад хууль тогтоомжид заасан хугацаанд мэдэгдэж, эх сүрэгт нийлүүлэхийг бүрмөсөн хориглоно.
4.4. Гахайн аж ахуйд үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч мал эмнэлгийн ариутгалын хэсэг байгуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг сэргийлэх болон халдварын голомтыг устгах зорилгоор ажиллуулж, гахайн байрны хана, таславчийг сайтар ариутгаж шавьж мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
4.5. Гахайг зайлшгүй шаардлагаар нядлах бол ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг хангасан зориулалтын газарт гүйцэтгэх ба мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн тогтоосон журмын дагуу дахин боловсруулах буюу устгуулж, шинжилгээний хүчин төгөлдөр хариу гартал уг гулууз мах, бусад бүтээгдэхүүнийг ариун цэврийн нядалгааны газрын хөргөгчид хадгална.
4.6. Гахайн арчилгаа, маллагааны байдал тэжээллэгийн технологийн мөрдөлт, хэрэгжилтэд хяналт тавина.
4.7. Бордоонд шилжүүлэх гахай /торой/-г мялзан, ёлом, бусад өвчнөөс сэргийлэх тарилгаар тарьснаас хойш 10 хоногийн дараа шилжүүлж, мал эмнэлгийн хяналтанд байлгана.
4.8. Гахайн байр, түүний орчны ариун цэвэр, эрүүл ахуйн байдалд тогтмол үзлэг хийж, хяналт тавин цэвэрлэгээ, ариутгалыг байнга хийлгэнэ.
4.9. Гахайн тэжээлийн үлдэгдэл, ялгадас, шивх, бусад бүтээгдэхүүнийг биотермийн аргаар халдваргүйжүүлэх буюу шатааж устгуулна.
4.10. байранд цэвэрлэгээ, ариутгал хийснээс хойш 3 хоногийн дараа гахайг эргүүлэн оруулна.
4.11. Өвчтэй гахайн эмчилгээг цаг алдалгүй тогтмол хийнэ.
4.12. Өвчтэй буюу үхсэн гахай, тэдгээрийн ялгадас, шивх, бусад бүтээгдэхүүнийг зайлуулсан, ачиж тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг заавал ариутгуулна.
4.13. Тэжээлд хэрэглэх хүнсний хаягдлыг хэрэглэхийн өмнө 100 хэмд нэг цаг чанаж боловсруулсан байна.
Тав. Гахайн аж ахуйн эрхлэгчийн хүлээх үүрэг
5.1. Тухайн аж ахуйд шаардлагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ, оношлогоо, ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ хийх мэргэжлийн алба, лабораторийг зохион байгуулан ажиллуулж санхүүжүүлэх.
5.2. Гахайн барилга, байгууламж, байрыг зохих зураг технологийн дагуу мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад тохируулсан байх
5.3. "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуульд болон тэдгээрт нийцүүлэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас гаргасан заавар, журам, стандарт, дүрмийг хэрэгжүүлэх
5.4. Гахайн аж ахуйн байр, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, арчилгаа маллагаа, тэжээллэг нь технологийн шаардлага хангасан байх.
5.5. Аж ахуйн сүргийн ашиг, шим, чиглэлийг өөрчлөх, үржлийн гахай, түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах, гадаадаас авахдаа Улсын мал эмнэлгийн хорио цээр, хяналтын албанаас зөвшөөрөл авах
5.6. Үржлийн гахай, бодон, мэгж, торойн нас, хүйсэнд тохирсон төгс чанарын бүрэн найрлагатай тэжээлээр хангах
5.7. Мал эмнэлгийн байгууллагаар баталгаажуулсан эрүүл гахайг үржилд ашиглах
5.8. Ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах эм бодисоор хангах
5.9. Ариун цэвэр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, аюулгүй байдлын жишигт тэнцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Зургаа. Хяналт шалгалт, хариуцлага
6.1. Гахайн аж ахуйн үйл ажиллагааг орон нутгийн засаг, захиргаа, төрийн хууль хяналтын байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, улсын байцаагч нар эрхийн дагуу шалгана.
6.2. Гахайн аж ахуй нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмийг хангаагүй нөхцөлд үйл ажиллагааг нь түр зогсоох, түдгэлзүүлэх асуудлыг төв, орон нутгийн хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нар шийдвэрлэж, орон нутгийн засаг захиргаа, татварын албанд мэдэгдэнэ.
6.3. Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд Монгол улсын "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
…………………..о О о………………….
Текст томруулах
A
A
A