A

A

A

Бүлэг: 1979
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын
1998 оны 6 сарын 30 – ний өдрийн  А/127 тоот
 тушаалын 2 дугаар хавсралт
 
 
 
 
ШУВУУНЫ АЖ АХУЙД МӨРДӨХ МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
                1.1. Энэ журмын зорилт нь шувууны арчилгаа, маллагаа, тэжээллэгийн горимыг чанд сахиулах, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд бүрэн хамруулах, зах зээлд чанартай түүхий эд нийлүүлэхтэй холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
                1.2. Шувууны аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд / цаашид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид гэнэ/, зохих зөвшөөрөл бүхий жижиглэн худалдаалах үйлчилгээ явуулдаг хүнсний зах, дэлгүүр, хоолны газар /цаашид жижиглэн худалдаалах цэг гэх/ - ын захиргаа, болон хэрэглэгчид уг журмыг дагаж мөрдөнө.
                1.3. Монгол улсын нутаг дэвсгэр дээр шувууны аж ахуй эрхлэн явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, Олон улсын болон гадаадын үйлдвэрийн газар, иргэдэд энэ журам нэгэн адил хамаарна.
                1.4. Шувууны аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд нь  дэргэдээ мал эмнэлгийн салбар, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээний байр, ариун цэврийн нэвтрэн өнгөрүүлэх цэгтэй байхаас гадна нутаг дэвсгэрийнхээ мал эмнэлгийн алба, ариун цэврийн лабораторитой харилцан тохирч гэрээ, түрээсээр ажиллуулж болно.
                1.5. Шувууны аж ахуйн үйлдвэрлэл , үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэлийн байр, техникийн нөхцөл болон бусад үйл ажиллагаа нь энэхүү нийтлэг журамд заасны дагуу мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хэрхэн хангаж байгааг мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид магадлан шалгаж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж болох, эсэх талаар дүгнэлт гарган шийдвэрлэнэ. Хэрвээ мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг бүрэн хангасан байвал үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх эрхийн бичгийг мал эмнэлгийн хяналтын улсын албанаас олгоно.
 
 
Хоёр. Барилга байгууламжид тавих мал эмнэлэг,
Ариун цэврийн шаардлага
 
                2.1. Шувууны аж ахуйг шинээр барьж байгуулах, өргөтгөх, засварлахдаа мал эмнэлгийн хяналтын албаны дүгнэлт саналын дагуу гүйцэтгэхийн хамт барилга байгууламжийг хүлээн авахдаа улсын байцаагч, мал зүйч, малын эмч нарыг заавал оролцуулж байна.
                2.2. Шувууны аж ахуйн барилгын тухайн үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаалан мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийн дагуу зөвшөөрөгдсөн төслөөр намаг шалбааггүй (хөрсний өнгөц усгүй), хуурай, авто хэсгийн болон төмөр замаас зайдуу, дуу чимээгүй, салхины нөлөө багатай газрыг сонгон авч байгуулна.
                2.3 Шувууны аж ахуйг сүргийн тоо, үйлдвэрлэлийн хүчин чадлаас нь хамааруулан өрхийн, жижиг дунд, фермийн гэсэн үндсэн гурван хэлбэртэй байна.
                2.3.1 Онц хортой, акултай үйлдвэр, төмөр замын зангилаа, үрийн аж ахүйгаас өрхийн, жижиг дунд болон фермийн аж ахуйг арваас хорин километр хол газар байрлуулна.
                2.4 Шувууны жижиг дунд болон фермийн аж ахуйн таваарын, дэгдээхэйн, өсвөр шувуу бойжуулах, инбукаторын, нядалгааны, бордооны зэрэг үйлдвэрлэлийн хэсэгтэй, мал эмнэлэг, захиргаа, аж ахуй, тэжээлийн үйлдвэр, түүний туслах аж ахуй, уурын зуух усан сантай байна. Эдгээр нь хоорондоо гурван зуун метрээс доошгүй зайтай байрласан байвал зохино.
                2.5 Аж ахуйн эргэн тойрны хэсгүүд бүр нь хоорондоо авто машин явган хүний цардмал замаар холбогдсон байна.
                2.6 Аж ахуй агуулах, захиргааны байр, гаражын үйлдвэрлэлийн бүсээс метрийн зайд мал эмнэлэгийн салбар, тэжээлийн болон өндөг агуулах ахуйн бусад барилгыг доод хэсэгт барьж байгуулна.
                2.7 Шувууны жижиг дунд болон фермийн аж ахуй мал эмнэлгийн ариун цэврийн дамжин өнгөрүүлэх цэгийг батлагдсан зураг төслийн дагуу үйлдвэрлэлийн хэсгийг ерөнхий хаалганы орох хэсэгт ариутгах төхөөрөмжтэйгөөр байрлуулна.
 
 
 
Гурав. Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй,
тэжээллэгийн ерөнхий шаардлага
 
3.1     Мал эмнэлэг ариун цэврийн нөхцлийг хангах талаар
 
                3.1.1 Шувууны аж ахуй нь халдварт, паразит болон бусад өвчин нэвтрэн орж тархан дэлгэрэхээс сэргийлж үйлдвэрлэлийн бүсэд хамаарагдах хэсгийн хязгаарлалыг тогтоож хашаа хамгаалалт хийж мал эмнэлгийн хяналтын дүрмийн дагуу байж хаалттай горимд ажиллана. Үйлдвэрлэлийн бүсэд зайлшгүй нэвтрэх хүн тээврийн хэрэгслийг тухай бүрд нь ариутгал хийсний дараа оруулна.
                3.1.2 Аж ахуйд орох, гарах хөдөлгөөнийг зөвхөн ариун цэврийн нэвтрүүлэх цэгээр дамжуулна.
                3.1.3 Шувууны томоохон фермийн аж ахуйн бар нь бичил уур амьсгалын хэвийн нөхцлийг хангаж чадахуйц дулаацуулах болон агаарын солилцооны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, цэвэр, бохир усны нэгдсэн сувгийн системд холбогдсон байна. Байранд ариутгалыг тогтмол хийж байвал зохино.
                3.1.4 Шувууны төрөлжсөн аж ахуйн ажилчид нь үйлдвэрлэлийн хэсэгт орохдоо гадуур хувцсаа  сольж ажлын ариутгасан цэвэр хувцас өмсөж мал эмнэлгийн нэвтрүүлэх цэгээр дамжин нэвтрэх ба ажлаас тарахдаа хувцсаа ариутгал цэвэрлэгээнд өгнө. Хүн бүр хувцасны зориулалтын тусгай шүүгээтэй байна.
                3.1.5 Үйлдвэрлэлийн дэвсгэрт авто болон ердийн хөсөг нэвтрэхэд ариутгал хийх зориулалтын төхөөрөмжийг мал эмнэлгийн нэвтрүүлэх цэгийн дэргэд байрлуулна.
                3.1.6 Шувууны аж ахуйн үйлдвэрлэлийн хэсгийн байрны ор хаалганы дэргэд ариутгах уусмалаар норгосон гутал, ариутгах гишгүүр бүхий 12 х 60 см хэмжээтэй хашлагыг босгоноос10-20 см зайд байрлуулсан байна. Ариутгалын бодистой хашлага нь үртэстэй байж болно.
                3.1.7 Шувууны байр, тэжээлийн агуулах, тэжээл бэлтгэх цехийн хаалга, салхивчны нүхийг зэрлэг шувуу орохоос сэргийлж торон хамгаалалттай хийнэ.
                3.1.8 Аж ахуй нь өөр хоорондоо шувуу солилцох болон сүргийг шилжүүлж хөдөлгөөн хийхдээ заавар цэвэрлэгээ ариутгал хийсний дараа гүйцэтгэнэ. Цайлшгүй шаардлага(халдварт өвчин) гарсан тохиолдолд нийт байр төхөөрөмжийг сайтар ариутгана.
3.1.9 Шувууны байрны дотор тал (таац, хана, таславч, хаалга) нь тэгш гадаргуутай байхаас гадна цайвар өнгийн будгаар будсан байна. Хүүр задлах, нядлагааны өрөө, угаалгын өрөөний ханыг угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийвэл зохино.
3.1.10 Өндөг даруулах байр, тэжээлийн цех, угаалга, цэвэрлэгээний ханыг цайвар өнгийн будгаар 1.8 метр өндөр будаж, шалыг ус, чийг, ариутгах бодист тэсвэртэй цэвэрлэж ариутгахад хялбар материалаар хийвэл зохино.
3.1.11 Шувууны аж ахуйд ариутгалыг шаардлагатай үед өдөр бүр хэрэгсэл, тэжээлийн онгоц зэрэгт долоо хоногт нэг удаа хийнэ.
3.1.12 Шувуучид шинээр шувуу хүлээн авах, дэгдээхэйг шилж инкубаторид өндөг хүлээн авах, ангилсан дэгдээхэйг зөөвөрлөхдөө угааж ариутгах ажлын тусгай хувцас (халад, хормогч, алчуур, маск) өмсөж, гар, гутлаа ариун байлгана.
 
3.2 Шувууны тэжээллэг- эрүүл ахуйн нөхцлийг хангах талаар
 
3.2.1 Шувууг бичил, үлэмж язгуур махбодь агуулсан тусгай жороор боловсруулсан хөгзөрч муудаж чанараа алдаагүй, гадны элдэв хольц, бохирдолгүй төгс сайн чанарын тэжээлээр тэжээнэ.
3.2.2  Шувууны байнгын болон шинээр авч хэрэглэж байгаа тэжээлээс дээж авч мал эмнэлэгийн лаборториор үзлэг, шинжилгээ хийлгүүлсний дараа хэрэглэнэ.
3.2.3 Шувууны ердийн тэжээлийг хуурай сэрүүн байранд нэг сарын хугацаагаар хадгалж болохоос гадна тэжээлд хортон шавьж, өт хорхой, мэргэчид орохоос сайтар хамгаалсан байна.
3.2.4 Шувууны тэжээлийн жоронд байвал зохих бичил, үлэмж язгуур махбодь, амин дэмийн хэмжээ нь тухайн шувууны хоног тутмын хэрэгцээний шаардлагыг бүрэн хангаж чадахуйцаар тооцоолсон байвал зохино.
3.2.5  Нэг грамм тэжээлд байх эрдэс бодисын хэмжээг доорхи хүснэгтэнд харуулав.
Үүнд:
 
Өндөглөгчид
Өсвөр шувуунд
Дэгдээхэйнд
Кальц 3000-4000мг
Фосфор 1100-1300мг
Натри 600-700мг
2200-2500мг
910-1000мг
5000мг
1400-1500мг
750-800мг
500мг
 
3.2.6 Тэжээлийн найрлагад байх эрдэс бодис нь дээрхи шаардлагыг хангаж чадахгүй байвал  амин дэмийг зохих хэмжээгээр нэмж өгнө.
3.2.7 Дэгдээхэйд элбэг тохиолддог бодис солилцооны эмгэгээс сэргийлэх зорилгоор эрдсийн бодисоос гадна Д.В.С амин дэмийн цэврээр нь болон тэжээл устай хольж өгнө. Тэжээлийн жоронд кальци, фосфорын харьцаа нь 1:3.2 байвал зохимжтой.
3.2.8 Шувууг цэвэр ундааны усаар тогтмол услаж мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээ хийж үнэлэлт өгсөн байх ёстой. Ундны усыг үе үе хлоржуулах нь зүйтэй
3.2.9 Шувууны байрны халуун хүйтэн, харьцангуй чийглэг нь тодорхой түвшинд  байвал зохино. Өвлийн улиралд гадна орчны хүйтэн дөчин хэмээс дээш гарсан үед шувууны байрны дулааныг нэмэгдүүлж 18 хэмд хүргэнэ.
3.2.10 Шувууны байрны доторхи агаарын урсгал нь байр тус бүрд харилцан адилгүй байна. Дулааны улиралд бүх төрлийн том шувууны байрны агаарын урсгал 1.2 метр сек, 30 хүртлэх хоногийн настай дэгдээхэйний байрных 0.6 м секунд байна. Ердийн байранд гадаад орчны хүйтэн 33 хэмээс илүү үед том шувууных 2 м секунд, дэгдээхэйнийх 1.85 м секунд байна.
3.2.11 Шувууны байранд агааржуулагч, салхивчыг зохих шаардлагын дагуу тооцоолон хийсэн байхаас гадна байран дахь нүүрс хүчлийн хий 0.18-0.20 хувь, аммиак 0.015 мг л, хүхэрт устөрөгч 0.005 мг л-ээс илүүгүй байна.
3.2.12 Шувууны зугаалгын болон зуны байрны хэсэг бүрийн хананд шувуу орж гарах цонхтой байвал зохино. Шувууны байрны цонхны тоо, хэмжээ нь шувууны нас, төрлийн байдлаас хамаарч дор дурьдсан нормыг баримтлана. Үүнд:
 
Шувууны төрөл
Нэг цонхонд ноогдох шувууны тоо
Цонхны хэмжээ (м-ээр)
өргөн
өндөр
шалнаас дээш байх өндөр
Тахианы
Нугасны
Галууны
300
30-50
50
0.4
0.4
0.6
0.4
0.4
0.5
0.2
0.1
0.1
 
*Орж гарах цонх нь шал болон түүний дээрхи дэвсгэрийн өндөртэй нэг түвшинд байгуулах агаад зузаан дэвсгэртэй байрны орох, гарах цонхыг дээрхи хэмжээнээс 0.2-0.4 м-ийн өндөрт байрлуулна.
3.2.13 Нэг шувуунд ноогдох тэжээл, усны онгоцны уртын хэмжээ нь шувууны төрлөөс хамаарч харилцан адилгүй байна.
 
                3.3 Өндөг даруулалтын үеийн мал эмнэлэг ариун цэврийн шаардлага
 
3.3.1 Даруулалтанд авах өндөгийг өдөрт  гурван удаа цуглуулж, ариутгаж цэвэрлэн   ямар  дугаартай өндөглөгчөөс бэлтгэснийг нь тодорхойлон хүйтний улиралд дулаалгатай тээвэрлэнэ.
3.3.2 Даруулалтанд мал, өндөгний чиглэлийн тахианаас 54, нугас галуунаас 120 гр-аас багагүй жинтэй өндгийг сонгож авна.
3.3.3 Даруулалтанд зөвхөн биологийн чанар бүрэн бүрдсэн зургаан хоногоос илүүгүй хадгалсан, шохойн бүрхүүл нь бүтэн, цэвэр, гөлгөр гадаргуутай, овоскопын шинжилгээ хийсэн, (хийн зай нь бүтэн, зохих хэмжээтэй, шар бие нь голдоо байрласан) өндгийг шилж авна.
3.3.4 Даруулалтанд бэлтгэсэн өндгөний хэсэг бүрийг мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээнд хамруулж халдварт өвчнөөр тайван хэсэг, сүргээр бэлтгэсэн мал эмнэлэг ариун цэврийн зохих шаардлага хангасан тухай мал эмнэлэгийн байгууллагын албан ёсны дүгнэлт гаргуулж өндөгөнд таних тэмдэг дарсан байна.
3.3.5 Инкубаторыг хооронд нь зохих хэмжээний зайтайгаар байрлуулж уг байранд өндөг ариутгах камер, угаалгын болон өндөгөнд үзлэг хийх тусгай өрөөтэй байна.
3.3.6 Өндөгийг инкубаторид дарахын өмнө өндөгний хоёр талаас кварцын чийдэнгээр нэг м-ийн зайнаас  2-3 минут шарна.
 
                Дөрөв. Мал эмнэлэгийн байгууллагын эрх үүрэг
 
4.1 Тухайн аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас гаргасан шийдвэр, мал эмнэлэгийн заавар, журам, стандарт, дүрмийн хэрэгжилтэнд дотоодын хяналт тавих, шалгалтаар илэрсэн зөрчлийн таслан зогсоох, биелэлтийг хангуулах үүрэгтэй.
4.2 Шувууг мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт толгой дараалан хамруулж байхын дээр халдварт өвчин гарахаас сэргийлж ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх.
4.3 Шувуунд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлгийн байгууллагад хууль тогтоомжид заасан хугацаанд мэдэгдэж, эх сүрэгт нийлүүлэхийг бүр мөсөн хориглох;
4.4 Шувууны арчилгаа, маллагааны байдал, тэжээллэгийн технологийн мөрдөх хэрэгжилтэнд хяналт тавих;
4.5 Өндөг нэг бүрд овоскопийн шинжилгээ хийж, өндөгний савлалт, хадгалалт тээвэрлэлтийн байдалд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн хяналт тавих;
 
                Тав. Шувууны аж ахуйн захиргааны хүлээх үүрэг
 
5.1 Тухайн аж ахуйд шаардлагатай мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ оношлогоо, ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ хийх мэргэжлийн алба, лабораторийг зохион байгуулан ажиллуулж санхүүжүүлэх;
5.2 Шувууны барилга, байгууламж, байрыг зохих зураг, технологийн мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулан мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад тохируулсан байх;
5.3 Аж ахуйн сүргийн ашиг шим, чиглэлийг өөрчлөх, үржлийн шувууг хилээр нэвтрүүлэхдээ Мал эмнэлэгийг хяналтын улсын ерөнхий байцаагчаас зөвшөөрөл авах.
5.4 Ариун цэвэр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, аюулгүй байдлын жишигт тэнцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
5.5 "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуульд болон түүнд нийцүүлэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас гаргасан заавар, стандарт, дүрмийг хэрэгжүүлэх;
5.6 Мал эмнэлэгийн байгууллагаар баталгаажуулсан эрүүл шувууг үйлдвэрт ашиглах, ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах эм, бодис, дэгдээхэйн хөгжилтийг сайжруулах төгс чанарын бүрэн найрлагатай тэжээлээр хангах;
 
Зургаа. Хяналт, шалгалт, хариуцлага
 
                6.1 Шувууны аж ахуйн үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаа, төрийн хяналтын байгууллага, тэдгээрийн албан тушаалтан улсын байцаагч нар эрхийн дагуу шалгана.
                6.2 Шувууны аж ахуйн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмийг хангаагүй нөхцөлд үйл ажиллагааг нь түр зогсоох, түдгэлзүүлэх асуудлыг төв, орон нутгийн хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч нар шийдвэрлэж, орон нутгийн засаг захиргаа, татварын албанд мэдэгдэнэ.
                6.3 Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагаа хариуцлага хүлээлгэнэ.