A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайд, ХААҮ-ийн сайдын 1998 оны
А/70, 147 дугаар тушаалын  хавсралт
 
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
"Ургамал хамгааллын тухай хууль" , "Байгалийн ургамлын тухай" хуулийн  холбогдох заалтыг мөрдлөг болгон  бэлчээр, хадлан, таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж,  мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс  урьдчилан сэргийлэх, хамгаалах, зайлшгүй устгалт хийх  голомт газруудад тэмцэх арга хэмжээг / цаашид "Ургамал хамгааллын арга хэмжээ" гэнэ/  шуурхай зохион байгуулахад Хөдөө аж ахуйн газар, иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад  энэхүү журмыг мөрдөнө.
 
Хоёр. Ургамал хамгааллын арга хэмжээний төлөвлөгөөний төсөл зохиох, хянах
 
1. Сумдын Засаг даргын тамгын газар нь "Ургамал хамгааллын тухай"  хуулийн 4 дүгээр зүйлийн тав, "Байгалийн ургамлын тухай" хуулийн  7 дугаар зүйлийн нэгд заасны дагуу ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан хог ургамлын тархалт, олшролт,  хөнөөлийн мэдээ, баримт, тэмцэх талбайн хэмжээ, санал хүсэлтээ  батлагдсан зааврын дагуу жил бүрийн 6 дүгаар сарын 1-ний дотор гаргаж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.
 
2. Аймгийн Засаг даргын тамгын газар нь  сумдын  Засаг даргын тамгын газраас ирүүлсэн  мэдээ, баримт, санал хүсэлтийг нэгтгэж, аймгийнхаа хэмжээнд ургамал хамгааллын  талаар  авах арга хэмжээг төлөвлөн  Хөдөө аж ахуйн газарт жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор  хүргүүлнэ.  
 
3. Хөдөө аж ахуйн газар нь  аймгуудын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн ургамал хамгааллын  талаар  авах арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж  тухайн орон нутагт нь тодотгох судалгаа, тооцоог хийсний дараа  мэргэжлийн дүгнэлт гарган энэхүү журмын 1 дүгээр хавсралт маягтаар  нэгтгэж улсын хэмжээнд ургамал хамгааллын  талаар  авах арга хэмжээний төлөвлөгөө, зардлын төсвийн төслийг  зохиож жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор ХХААЯ, Сангийн яаманд хүргүүлнэ.  
 
4. Сангийн яам нь  дээрхи арга хэмжээний төсвийн төслийг  хянан үзэж улсын төвлөрсөн төсвийн төсөлд  тусган батлуулна.
 
Гурав. Ургамал хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэх
 
1. Ургамал хамгааллын   арга хэмжээний дараах зардлуудыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ.  Үүнд:   
 
1.1. Бэлчээр хадлангийн онц хөнөөлт үлийн цагаан оготно,  царцаатай тэмцэх ажилд шаардагдах хими, биологийн бодис, ургамлын тос, будаа бусад техник тоног төхөөрөмж худалдан авах, тэдгээрийн тээврийн зардал, авиахимийн нислэгийн төлбөр, газрын техникийн шатахууны зардал, технологич-мэргэжилтний албан томилолт, түр ажилчдын цалин,  хөдөлмөр хамгааллын зардал.
 
1.2. Бэлчээр хадлангийн онц хөнөөлт  үлийн цагаан оготно,  царцааны тархалт, олшролт, хөнөөлийн судалгааг улсын хэмжээнд 2-3 жилд, тодотгох судалгааг жил бүрийн хавар, намар, шаардлагатай  аймаг, суманд хийж мэргэжлийн дүгнэлт гаргах зардал:
 
1.3. Ургамлын онц хөнөөлтэй өвчин, шавьж,  мэрэгч  амьтан, хог ургамлын гэнэтийн олшролын  үед тэмцэх арга хэмжээг  шуурхай зохион байгуулахад  шаардлагатай хими, биологийн бодис, техник төхөөрөмжийн  нөөц бүрдүүлэх зардал:  
 
1.4. Ургамал хамгааллын талаарх бусад арга хэмжээний зардал: 
 
Дөрөв.  Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавих
 
1.  Хөдөө аж ахуйн газрын хэрэгжүүлэх үүрэг: 
 
1.1.Ургамал хамгааллын арга хэмжээний зардлыг  улсын төвлөрсөн төсөвт тусгасны  дараа энэхүү журмын 2 дугаар хавсралт маягтаар  төлөвлөн хуваарилж ХААҮ-ийн сайдаар батлуулан холбогдох аймгийн Засаг даргын тамгын газарт  мэдэгдэнэ.
 
1.2. Төлөвлөгөө, хуваарь, гэрээний дагуу  ургамал хамгааллын арга хэмжээг  зохион явуулах орон нутагт  шаардагдах хими, биологийн бодис, ургамлын тос, будаа, техник, төхөөрөмжийг  хүргүүлнэ.     
 
1.3. Ургамал хамгааллын арга хэмжээний зардлын зориулалтын явц,  гүйцэтгэл, үр дүнг Сангийн яаманд танилцуулан батлагдсан төсвийн хэмжээнд багтаан  шаардагдах санхүүжилтийг жил бүр хийлгэнэ.    
 
1.4. Ургамал хамгааллын арга хэмжээнд зориулан  улсын төвлөрсөн төсвөөс олгосон  хөрөнгийг гэрээ, хэлцэл, ажлын акт,  санхүүгийн бичиг баримтыг үндэслэн зориулалтын дагуу зарцуулна.            
 
1.5. Ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд шаардагдах материал /хими, биологийн бодис, ургамлын тос, будаа г.м./, техник төхөөрөмжийг төвлөрсөн  журмаар бэлтгэж  агуулахын бүртгэлд авч зарцуулалт болон үлдэгдлийг  нягтлан бодох бүртгэлийн холбогдох данс, тайлан тэнцэлд  тусгана.   
 
1.6. Ургамал хамгааллын арга хэмжээний зардлын гүйцэтгэлийн  улирлын тайланг дараа сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор  энэхүү журмын 5, 6- дугаар хавсралт маягтаар гаргаж Сангийн яаманд хүргүүлнэ.    
 
1.7. Ургамал хамгааллын арга хэмжээний тухайн жилийн төсөвт тусгагдсан  арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, төсвийн норм, норматив, үнэ, тарифт өөрчлөлт орсноос  хэмнэгдсэн төсвийн хөрөнгийг  улсын  төсөвт буцаан оруулна.
 
1.8. Ургамал хамгааллын арга хэмжээний ажлын  нэгдсэн гүйцэтгэл, үр дүнгийн тайланг ХААҮЯ,  Сангийн яаманд хагас, бүтэн жилээр  гаргаж хүргүүлнэ.  
 
1.9.  Бэлчээрт хөнөөл учруулж байгаа үлийн цагаан оготно,  царцаатай тэмцэх ажлыг  химийн болон биологийн аргаар зохион байгуулна.
 
1.10. Ургамал хамгааллын  талаар гарсан  төр засгийн бодлого, шийдвэрийг  хэрэгжүүлэх үүрэгтэй тус газрын Газар тариалан, ургамал хамгааллын алба ургамал хамгааллын арга хэмжээг  улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэнэ.
 
2.  Хөдөө аж ахуйн газраас томилолтоор ажиллаж байгаа технологич-мэргэжилтний  гүйцэтгэх үүрэг:  
 
2.1.   Авиахимийн нислэг гүйцэтгэж буй нисэх баг  уг ажлыг зохион явуулах үүрэгтэй аймаг, сумын комисстой хамтран ургамал хамгааллын арга хэмжээг зохих хугацаанд нь технологийн дагуу зохион байгуулж ажлын үр дүнг хамтран гаргана.  
 
2.2.   Авиахимийн нислэг гүйцэтгэж буй  онгоц, газрын техникийн ажилласан цаг,  шатахуун зарцуулалт, хор найруулж буй ажлын чанар материалын орцын норм,  ажилчдын цагийн бүртгэл,  ажлын үр дүнд өдөр тутам хяналт тавьж  технологи,  хөдөлмөр хамгаалал,  аюулгүй ажиллагааг удирдлага, зааварчлагаар хангах үйл ажиллагааг бүрэн хариуцна.  
 
2.3. Ургамал хамгааллын арга хэмжээг дууссаны дараа   тухайн ажлын бэлтгэл, явц, үр дүнгийн талаар аймаг, сумын Засаг даргын тамгын газарт  танилцуулан аж ахуйн гэрээгээ дүгнэн, ажил гүйцэтгэсэн тухай актыг  энэхүү журмын 3,4 дүгээр хавсралт маягтаар  уг ажлыг зохион байгуулсан сумын  комисс, нисэх багтай хамтран  4 хувь үйлдэн гарын үсэг зуруулан  холбогдох байгууллагын тамга, тэмдэг дарж баталгаажуулна.   Баталгаажуулсан актын 1 хувийг сумын Засаг  даргын тамгын газарт, 1 хувийг Нисэх багт, 2 хувийг Хөдөө аж ахуйн газарт өгнө.   
 
2.4.   Орон нутагт томилолтоор ажиллах   ургамал хамгааллын арга хэмжээг  зохион байгуулсан технологич мэргэжилтэн нар 7 хоногийн дотор ажлын тайлан, зардлын тооцоог Хөдөө аж ахуйн газартай хийж дуусгана.    
 
3. Ургамал хамгааллын арга хэмжээний ажлын явц, үр дүн, гүйцэтгэл, хөрөнгийн зарцуулалт,  материалын хадгалалтад  Хөдөө аж ахуйн улсын хяналтын болон  санхүүгийн хяналтын байгууллага шууд хяналт тавьж  уг арга хэмжээний зардал, хими, биологийн бодис, техник хэрэгслийг зориулалт бусаар зарцуулах, чанар байдлыг алдагдуулсан нөхцөлд  холбогдох байгууллага, албан тушаалтан нараар хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.   
 
4. Ургамал хамгаалах технологийн горим зөрчсөн албан тушаалтанд зохих хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.